Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 672

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805022810652 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 26-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; охин, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны 13 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, ялгүй, ЙЗ68032611 дугаарын регистртэй, Оожоо овогт Жын О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.О 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хохирогч Д.Бын эзэмшлийн хашаанаас баллон, обуд, нум, гупер, лифтэн зам, барилгын төмөр тулаас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 7.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар надад маргах зүйл байхгүй. Гэхдээ би эхлээд хулгай хийе гэж бодоогүй. Намайг 100.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулна гэсэн боловч 2, 3 сар өгөх ёстой мөнгөө өгөөгүй. Тэгээд мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. Олсон мөнгөөрөө хоол унд авсан. Хохирлыг яаж ийгээд төлөх болно. Харин тэд нар миний гэрийг хашаандаа барьцаалаад авч үлдсэн. Одоо би охин, зээ нарынхаа хамт орох орон гэргүй, гадуур айлаар хоноглож байна гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч  Б “... 2017 оны 11 дүгээр сарын дундуур байгууллагын хашаанд сахиул ажилд авна гэж зар тавьсан, тэр үед олон хүмүүс над руу холбогдож ярьсан. Тэр дундаас нэг настай хөгшин надтай холбогдохоор нь би цаг товлоод ажил дээрээ уулзсан, тэгэхэд тэр хөгшин манай охин нялх хүүхэдтэй танай хашаан дотор манайх буувал, байнгын хүнтэй харуул хамгаалалттай байна манай хүүхэд цагдаад ажилладаг, би өөрөө аймгийн алдарт уяач надад итгэж болно гэж хэлэхээр нь би тэр хүнийг ажилд авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Ж.О гэж 45-50 орчим насны эрэгтэйг байгууллагынхаа хашаанд сахиулаар авч тэдний гэрийг хашаандаа буулгасан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын эхээр манай ажилтан Батбаатар над руу залгаад, 2 хоногийн өмнө хашаанд буулгасан машины обуд алга болсон байна, та авсан уу гэж асуусан. Батбаатар 4 цагийн дараа над руу дахиж залгаад, хашаан дотор байсан баллон алга болсон байна гэхээр нь хулгайд эд зүйлээ алдсан байна гэж бодоод, Батбаатарыг харуултай уулз гэж хэлсэн. Батбаатар Отай уулзахад би мэдэхгүй хашаанаас эд аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Батбаатар байгууллагын ойр хавьд байрлах хоёрдогч түүхий эд авах цэгүүдээр явж үзэхэд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Нягт хөөс хувьцаат компаний урд талд байрлах хоёрдогч түүхий эд авах цэг дээр манай баллон төмрийн хаягдал дунд байсан гэж надад утсаар хэлсэн. Би түүхий эд авдаг газар очиж уулзаад хэн танайд авчирч өгсөн юм бэ гэхэд хог түүдэг хүн авчирсан гэж хэлэхээр би танайх манай хашаанд байсан эд зүйлийг авсан байна, тийм болохоор одоо цагдаад мэдэгдлээ гэхэд тэр хүн үнэнээ хэлж 50 орчим насны, туранхай, шар царайтай, ногоон нүдтэй нэг хүн энэ баллонуудыг авчирж өгсөн гэж хэлсэн. Би тэр үед хашаа руугаа очиж Отай уулзаад та хашаанд байсан эд зүйлийг хулгайлж зарсан байна гэхэд би аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оыг дагуулаад хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очиход энэ хүн хэд хэдэн удаа төмөр эдлэл авчирж өгсөн гэж хэлсэн. Би тэр үед Оыг хулгайлсан эд зүйлээ тоо ширхэгээр нь буцааж өг, тэгэх юм бол чамд ямар нэг асуудал үүсгэхгүй гэж хэлээд цагдаа хүүхэдтэй нь ярьсан. Цагдаа хүүхэд нь ямар сонин юм бэ асуудлыг тогтоогоод тань руу эргээд ярье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь О хоёрдогч түүхий эдийн цэг дээр очоод 10 ширхэг баллон, 2 Хино машины обудыг авчирч өгсөн. Одоо тоормозны накладны төмөр 1 ширхэг, газяалын обуд 1 ширхэг, Хино машины хойд ком нум 2 ширхэг зэрэг эд зүйлийг авчирч өгөөгүй байсан. Би Отай уулзаад үлдэгдэл эд зүйлийг хэзээ хүлээлгэж өгөх юм бэ гэж асуухад, төмрийн хогны доод хэсэгт орсон байна, удахгүй авчирч өгнө гэж хэлэхээр нь би чамайг олон хоног хүлээхгүй чи, хурдан өг гэж хэлээд утсаа салгаад, дахиж нөгөө хүүхэд рүү нь хэд хэдэн удаа залгахад утсаа салгасан. Тэгээд хэд хоногийн дараа 88-тай утаснаас нэг залуу залгаад чи ямар баян хүний шинжгүй хулгайч бэ, чамайг ална шүү гэж намайг заналхийлсэн. Тэгэхээр нь чи надад нэрээ хэл гэж хэлэхэд хэлэхгүй утсаа салгахаар нь би Оын цагдаа хүү Цэнд рүү залгахад утсаа авахгүй байхаар нь өөрийнхөө хөндөгдсөн эрх ашгийг хангуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. 12 ширхэг баллон, нэг бүрийн үнэ нь 100.000 төгрөгийн үнэтэй, Хино машины 2 ширхэг обуд, нэг бүрийн үнэ нь 150.000 төгрөг, Хино машины хойд ком нум 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 550.000 төгрөг, Газел машины обуд 1 ширхэг, нэг бүрийн үнэ нь 100.000 төгрөг, накладны ком нум 2 ширхэг, нэг бүрийн үнэ нь 110.000 төгрөг.

2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би байгууллагынхаа хашаан дээр очиж эд зүйлийнхээ нийт тоог гаргахаар ажилчиддаа үүрэг өгөхөд Норд бенз машины арын хамгаалалтын гупер 8 ширхэг, нэг бүрийн үнэ нь 300.000 төгрөг сунадаг 14 ширхэг, нэг бүрийн үнэ нь 90.000 төгрөг, лифтний 4 ширхэг зам, 100 доллар, барилгын тулаас төмөр 45 ширхэг, бүрийн үнэ 25.000 төгрөг, бусад арматур төмөр, турба, ялтсан төмөр ялтсан бойлур зэрэг бусад олон эд зүйлүүд хулгайд алдагдсан тэрийг үнэлэх боломж байхгүй. Үнэлгээг бол би хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. О нь хулгайлж зарсан зүйлээсээ 10 ширхэг баллоныг надад өгсөн. 1 нь бол гадаа гудамжинд байсан баллон. Тэр баллон алдсан 12 баллонд ороогүй. Тэгэхээр 9 баллоны үнэ 60.000*9=540.000 төгрөг, Хино маркийн автомашин 2 ширхэг обуд тус бүр нь 100.000*2=200.000 төгрөг үүнээс өөр зүйлийг аваагүй. Надад учирсан 7.070.000 төгрөгийн хохирлоос 740.000 төгрөгийн хохирол барагдуулсан, одоо 6.330.000 төгрөгийн хохиролтой” /хх-н 8-10/ гэж,

гэрч Д Б “… би Бын төрсөн дүү нь юм. Энэ байгууллагад ороод 20 жил ажиллаж байна. Манай ах хашаандаа сахиулаар О гэх айлыг буулгасан. 2018 оны 3 дугаар сард яг өдрөө сайн санахгүй байна, би хашаанд очиж Газель машины обудаа аваачиж орхичихоод маргааш нь иртэл миний обуд алга болсон байхаар нь Оаас асуухад мэдэхгүй гэхээр нь хайгаад явж байтал Хино маркийн машины обуд бас алга болсон байхаар нь О аваад байгаа юм байна гэж бодоод тэр хэвийн хоёрдогч түүхий эд авдаг газар очтол Хино маркийн 2 ширхэг обуд, 10 ширхэг баллон байсан. Тэгэхээр нь төмрийн цэгийн хүнээс эдгээр зүйлийг ямар хүн авчирч өгсөн талаар асуухад 50 орчим насны, ногоо нүдтэй, хярс шиг хөгшин байсан гэсэн. Маргааш нь захиралтайгаа хамт очоод хашаанаас юм авч зарсан уу гэхэд үгүй гээд байхаар нь Оыг дагуулаад нөгөө төмрийн цэг дээр очиж төмрийн цэгийн хүнтэй нүүрэлдүүлж төмрийн цэгийн хүн энэ эд нарыг авчирч өгсөн хүн мөн байна гэхэд О би үнэнгээ хэлье, би эд нарыг авчираад зарчихсан юм гэж байсан. Тэгээд л цагдаад хандсан” /хх-н 15/ гэж,

гэрч Ч С “… 2017 оны 12 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байж байхад сэжигтэй этгээд тамхины мөнгөггүй болчихлоо гэж хэлээд усны тэрэг түрсэн, тэрэг нь дээр 2 ширхэг гислородын баллон ачсан барьж ирсэн. Тэгэхээр нь хилийг нь шалгаж үзээд мөнгийг нь өгөөд авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 5 удаа, ирж 10 ширхэг баллон, 2 обуд зэрэг зүйлүүд авчирж өгдөг байсан. 2018 оны 3 сард нэг ах ирээд манай төмөрнүүдийг үзээд, манай хулгайд алдсан төмөр болон баллонууд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн эд зүйлийг зарсан өвгөний царай болон онцлох шинжийг нь хэлж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө төмөр болон баллоныг зарсан нөхрийг дагуулаад ирэхээр нь би мөн гэж хэлж өгсөн. Уг баллонуудын эзэнд нь 11 ширхэг баллон, 2 ширхэг обудыг хүлээлгэж өгсөн” /хх-н 16-17/ гэж,

гэрч Ч “… 2018 оны 2 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байхад, уг хүн усны тэрэг түрээд тэргэн дээрээ тайрсан жижиг төмөрнүүд ачаад, 35 кг төмөр тушаагаад надаас мөнгө авч байсан. Тэр ах надад хэлэхдээ ах нь хашаагаа цэвэрлэж байгаад хаягдал төмөрнүүд авч ирлээ гэж хэлдэг байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдэхгүй худалдаж авсан” /хх-н 18-19/ тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирогч Д.Бын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 3/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 21-22/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Прокуророос шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүх түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Ж.Оад холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Оад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “хорих” гэсэн ялын санкцуудтай бөгөөд үүнээс шүүх “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг сонгох нь тохиромжтой гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ж.О хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Бт нийт 7.070.000 төгрөгийн хохирол учруулснаас 740.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, одоо 6.330.000 төгрөгийн төлбөртэй байна. Дээрх мөнгийг шүүгдэгч Ж.Оаас гаргуулж хохирогч Д.Бт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Оожоо овогт Жын Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.О 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Оаас 6.330.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Оад урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ