Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/370

 

 

 

 

 

 

   2025             03            25                                         2025/ДШМ/370

 

Б.Н, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Г.Аийн өмгөөлөгч Б.Сарантуяа,

яллагдагч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам, Ш.Төгсгэрэл,

яллагдагч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/2334 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Н, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1911005860200 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н овгийн  Б.Н, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайн мэргэжилтэй, “Б” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ............ тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ............../;

2. Э  овгийн  Б.Ц, 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Яллагдагч Б.Н нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Бгаас “250.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа, үүний тулд барьцаанд байгаа байр чөлөөлөх хэрэгтэй байна, 2 хоногийн хугацаатай зээлээч” гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банк дотор бэлнээр 88.000.000 төгрөгийг, мөн өдрөө өөрийн нэр дээр Хаан банкны ........ дугаарын данснаас 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд “ээж маань бөөрний хагалгаанд орохоор болчихлоо, эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж хуурч 55.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........ дугаарын дансаар шилжүүлэн авч, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилан, нийт 169.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

хохирогч О.Эд “хямдхан байранд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна 30.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “.....” шөнийн клубын хажууд талын пабад 6.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тү лэ жүр” нэртэй дэлгүүрт 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн хажууд 3.000.000 төгрөгийг хохирогч О.Эгээс тус тус залилан авч, нийт 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудлын баруун талын .....”-д Хаан банкны интернэт банкнаас ...... дугаарын данс руу, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6.200.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг хохирогч Г.Бат-Эрдэнэ нь “Ай ди си ай” ХХК-ийн хүүшийн аманд баригдаж байсан барилга буюу ажил дээрээ байхдаа интернэт банкаар шилжүүлж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөг, нийт 10.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “материал авах гэсэн санхүүжилт орж ирээгүй байна, та мөнгө зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Г.Аийн шилжүүлсэн 75.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны 21 тоотод байрлах 194 мкв байр, уг байрны зоорины давхрын 42 тоот хаягт байрлах 18 мкв авто зогсоолыг тус тус худалдаж өгнө гэж амлан, худалдах худалдан авах гэрээ байгуулж, ББСБ-д барьцаанд байсныг өөрөөсөө 130.000.000 төгрөг төлж чөлөөлөн авах байдлаар өөрийн нэр дээр шилжүүлэн авмагц бусдад 330.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, хохирогч О.Э-гыг хуурч, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсны улмаас 270.000.000 төгрөгийн буюу ноцтой их хэмжээний хохирол санаатай учруулсан,

мөн яллагдагч Б.Н, Б.Ц нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ат “Б” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг хангамж угсралтын тендерт оролцож байгаа, 3.4 тэрбум төгрөгийн тендерийн 10 хувийг байршуулах шаардлагатай байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 01/03 тоот зээлийн гэрээ байгуулан 340.000.000 төгрөгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Н, Б.Ц нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлохоор заажээ. Яллагдагч Б.Нийг ганцаараа болон бусадтай бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 599,250,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлтэд хохирогч Г.Бат-Эрдэнэ 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6.200.000 төгрөгийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 120 мянгат, автобусны буудлын баруун талд “Спарк лоунж”-д байхдаа, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Ай ди си Ай” ХХК-ийн хүүшийн аманд баригдаж байсан барилга буюу ажил дээрээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг хаана байхдаа шилжүүлсэн нь тодорхойгүй, хохирогч Г.Бат-Эрдэнэ 5 удаагийн давтамжтай гүйлгээгээр мөнгөө шилжүүлсэн гэж мэдүүлж, энэ нөхцөл байдал нь түүний болон яллагдагчийн дансны хуулгаар давхар тогтоогддог. Гэтэл тухайн мөнгийг хаана байхдаа шилжүүлснийг тодруулаагүй гэмт хэрэг хаана төгссөн болох нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Нийн холбогдсон дээрх гэмт хэргийн гарсан байдал буюу хэзээ, хаана үйлдэгдсэн талаар мөрдөгч тогтоож чадаагүй, прокурор хяналтаа хэрэгжүүлээгүй байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ гэж, 6 дахь хэсэгт гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд яллагдагч Б.Нийн холбогдсон дээрх үйлдлийг хэзээ, хаана үйлдэгдсэнээс хамаарч хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын асуудал яригдахаар байгааг анхаарах нь зүйтэй. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Нийг нийт 5 удаагийн үйлдлээр нийтдээ 599,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч нэр бүхий 5 хохирогч нарт 905,250,000 төгрөгийн хохирол учирсан байхад хохирлыг хэрхэн, яаж 599.250.000 төгрөг гэж тооцож дүгнэсэн нь учир дутагдалтай, мөн яллах дүгнэлтэд яллагдагч Б.Нийн холбогдсон гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байх бөгөөд хэзээ, ямар тогтоол шийдвэрээр тухайн зүйл ангийг журамласан талаар прокурорын эрхийн акт огт гараагүй байх тул энэ нөхцөл байдлыг тодруулах, шалгах шаардлагатай. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч Б.Н, Б.Ц нарыг бүлэглэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ат “Б” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг хангамж угсралтын тендерт оролцож байгаа, 3,4 тэрбум төгрөгийн тендерийн 10 хувийг байршуулах шаардлагатай байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01\03 тоот зээлийн гэрээ байгуулан 340,000,000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Гэтэл энэ асуудалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж 12 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал дээр авагдсан байх бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн дээрх маргаан энэ хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай бол хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэг маргаан бол иргэний шүүхээр шийдвэрлэгдэж дууссан, эсхүл хэрэгсэхгүй болсон аль болох нь тодорхойгүй, нэг асуудлаар иргэний шүүх дээр болон эрүүгийн энэ хэрэгт хамт шийдвэрлэгдэх гээд байгаа асуудлыг шалгах шаардлагатай, энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр болгож шалгалгүйгээр орхигдуулсан, энэ нөхцөл байдлыг тодруулах, шалгах шаардлагатай гэж шүүх үзэв. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Б.Н “...Дээрх тендертэй холбоотой асуудлаар “МВС” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр “Б” ХХК оролцохоор болж, дэнчингийн 10 хувь буюу 340,000,000 төгрөгийг байршуулах талаар “МВС” ХХК-ийн захирал Билгүүнээс мэдүүлэг авхуулах шаардлагатай...” гэсэн тул энэ асуудлаар тухайн үед “МВС” ХХК-ийн захирал хэн гэж хүн байсан, тухайн хүн яллагдагч Б.Нд дээрх нөхцөл байдлын талаар санал болгосон, дэнчингийн мөнгийг туслан гүйцэтгэгч компани байршуулдаг, байршуулахыг шаардсан, санал болгосон эсэхийг тодруулах, асуух замаар мэдүүлэг, тайлбар авах нь хэрэгт ач холбогдолтой байна. Хэргийг прокурорт буцаалгах талаар гаргасан өмгөөлөгч нарын санал хүсэлтүүд үндэслэлгүй байх тул шүүх хүлээн аваагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй талаар заасан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2109003661648 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Цад холбогдуулан үүсгэж, яллагдагчаар татсан байх /10хх 63-66/ бөгөөд хуулийн дээрх шаардлагад нийцсэн эсэхэд прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийх, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэж, мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Б.Н, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 19110058860200 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Н, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Нандинцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн тогтоол, шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Б.Н нь хохирогч Г.Б-тэй 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудлын баруун талд байрлах “....к” лоунжид уулзаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч төөрөгдүүлэх замаар залилах гэмт хэргийг үйлдэж, тухайн өдрөө 6.200.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн аманд “:::” ХХК-ийн баригдаж байсан барилга буюу ажил дээрээ байхдаа интернэт банкаар шилжүүлж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөг, нийт 10.750.000 төгрөгийг шилжүүлсэн талаараа хохирогч тодорхой мэдүүлсэн байна. Гэмт хэрэг гарсан газрыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болохыг тодорхой дүгнэж, хохирогч энэ талаар тодорхой мэдүүлсэн байхад гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэр тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд хэргийн оролцогч болон улсын яллагчаас хэргийн харьяаллын талаар маргаан гаргаагүй байхад шүүх харьяаллын талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Тус хэргийг урьд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1600 дугаартай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/1982 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэт явуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс удаа дараа өөр үндэслэл заан хэргийг прокурорт буцааж байгаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцэж байна.

2. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Б.Нд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, түүнд танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс “яллагдагч Б.Нийн холбогдсон гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байх бөгөөд хэзээ, ямар тогтоол шийдвэрээр тухайн зүйл ангийг журамласан талаар прокурорын эрхийн акт огт гараагүй” гэж үндэслэлгүй буруу дүгнэсэн байна.

3. Тус хэрэгт 5 жилийн хугацаанд шалгагдаж байхад “М” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр "Б" ХХК оролцохоор болж, дэнчингийн 10 хувь буюу 340,000,000 төгрөгийг байршуулах талаар "М" ХХК-ийн захирал Б-ээс мэдүүлэг авхуулах” гэх үйл баримтыг нэг ч удаа дурдаж, энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй атал тус урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шинээр гаргаж ирсэн хүсэлтийг ямар нотлох баримтад тулгуурлан хүлээн авч, тус ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

4. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2109003661648 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Цад холбогдуулан үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд прокурорын шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу Дээд шатны прокурор хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тус шийдвэрийг яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас эс зөвшөөрч дээд шатны прокурорт нийт 5 удаа хянагдсан бөгөөд тус шийдвэрийг дээд шатны прокуророос үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Иймд хяналтын прокурорын зүгээс яллагдагч Б.Цын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл түүнийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүгчийн захирамжид “хуулийн шаардлагад нийцсэн эсэхэд прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийх, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэж прокурорын хараат бус, бие даасан шийдвэрт хэт нөлөөлсөн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Урьд тус шүүх нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2022/ШЗ/1982 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...Хохирогч Н.А-ийн мэдүүлэгт дурдсанаар яллагдагч Б.Нд холбогдуулан гаргасан гомдол байгаа эсэх, уг гомдол ямар шатандаа байгаа, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэрхэн шийдвэрлэсэн эсэх, хэрэгсэхгүй болгосон, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эсэхийг шалган тогтоож хэргийг нэгтгэх” гэх үндэслэлээр буцааж байсан. Тус заалтын дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогч Н.Аийн 340.000.000 төгрөгөөр хохирсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тус хэрэгт нэгтгэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс “энэ асуудалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "Иргэний хэрэг үүсгэх тухай" захирамж 12 дугаар хавтаст хэргийн 209 дэх тал дээр авагдсан байх бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн дээрх маргаан энэ хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай бол хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэг маргаан бол иргэний шүүхээр шийдвэрлэгдэж дууссан, эсхүл хэрэгсэхгүй болсон алин болох нь тодорхойгүй, нэг асуудлаар иргэний шүүх дээр болон эрүүгийн энэ хэрэгт хамт шийдвэрлэгдэх гээд байгаа асуудлыг шалгах шаардлагатай, энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр болгож шалгалгүйгээр орхигдуулсан, энэ нөхцөл байдлыг тодруулах, шалгах * шаардлагатай” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь тус хэргийг прокурор нь залилах гэмт хэрэг гэж дүгнэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад иргэний шүүхэд хэрэг, маргаан үүсгэсэн нь тус залилах гэмт хэргийн зүйлчлэлд хамаарахгүй, хэрэгт ач холбогдолгүй асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2024/ШЗ/2334 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.Аийн өмгөөлөгч Б.Сарантуяа тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчтой хамт шүүхийн архив дээр очсон. Г.Аийн залилуулсан эрүүгийн хэрэг ганцхан иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж байгаа. Бусад иргэний хэргийн асуудал хамаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Г.Аээс гадна олон хүнийг залилж, хэрэг шийдвэрлэгдэхгүй удсанаас хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна. Өмгөөлөгч Г.Баяржаргал дээд шатны прокурорт 10 гаруй удаа гомдол гаргасан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн бол урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүгчийн захирамжийг архиваас авч өгөх боломжтой байсан. Иргэний хэрэг үүсгэж, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэж асууж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн учраас аргаа барахдаа иргэний шүүхэд хандаж үзсэн. “Б” ХХК, Б.Ц нарыг хариуцагчаар татсан. Хариуцагч хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөнгийг буцааж төлөх чадваргүй байж танил талаа ашиглаж залилсан. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Цын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор яллах дүгнэлтийг засуулах хүсэлт гаргаагүй. Шүүхээс гэмт хэрэг хамгийн хаана сүүлд үйлдэгдсэн болохыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн. Эхний үйлдлүүд нь Богд уулын Хүүшийн аманд, дараагийн 3 мөнгө шилжүүлсэн үйлдэл хаана болсон талаар тодруул гэсэн. Энэ үйлдэл миний үйлчлүүлэгчтэй хамааралгүй. Миний үйлчлүүлэгч найзтайгаа нийлж 2017 оны 8 дугаар сард хүнээс мөнгө зээлсэн. “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлийн хөрөнгөнөөс авч хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Яллагдагчаар 6 жилийн дараа татсан гэдэг үндэслэлээр шат шатанд нь гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй байхад прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хууль зөрчиж байна. ...” гэв. 

Яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...н.Тө-од Б.Н өөрөө мөнгө шилжүүлсэн байхад залилсан гэж байгаад хэрэгсэхгүй болгосон. Г.Аээс 2017 онд мөнгө зээлж, зээлийн барьцаанд байраа тавьсан. Тиймээс залилах гэмт хэрэг гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэн, хэзээ, хаана, яаж гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох талаар зохицуулсан. Хан-Уул дүүрэг, Хүүшийн зоорь гэж Хан-Уул дүүргийн хэддүгээр хороо болохыг бичээгүй, таавар таалгах гэж байгаа юм шиг Хүүшийн зоорь хавьд, Ард кино театрын ойролцоо гэж байгаа нь хэргийг үнэн, зөв шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна. Прокурор хуулийн дагуу шалгах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдэг дээр Улсын Ерөнхий прокурор яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж байна. Хэдий дээд шатны прокурор тийм дүгнэлт хийсэн ч хууль гэдэг зүйл байгаа. Энэ бүхийг засаж, залруулж байж хэргийг шийдвэрлэх ёстой. Прокурор хохирлын тооцоо дээр алдаа гаргаж, үүнийгээ одоог хүртэл засаагүй. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Нийн өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах зорилгоор гэрч асуух хүсэлт гаргасан гэж тайлбар гаргаж байна. Г.Аийн хэрэгт 2024 онд яллагдагчаар татагдсан. Сүхбаатар дүүрэгт хэргийг шалгаж, өөрийн нөхөр дансаар мөнгө оруулж, н.Тд гэдэг хүнийг хохирогчоор оролцуулж байсан боловч хэрэгсэхгүй болсон. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт найзаараа мөнгө шилжүүлсэн болгож, өргөдөл, гомдол гаргасан. “М ” ХХК-ийн тендертэй холбоотой асуудал яригдсан учраас холбогдох хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг тогтоолгочих юм бол хуульд заасан бусад эрхээ эдэлнэ. Одоог хүртэл хохирол төлбөр зөрүүтэй байгаа. Иргэний хэрэгт авсан мөнгөний хэмжээг өөрөөр бичдэг. Яллагдагч нар мөнгө өгөхдөө ярилцаж, бичиг үйлдэхгүй, дансаар авдаггүй байсан учраас нууцаар бичлэг хийсэн. Бичлэгт мөн өөр үнийн дүн байдаг. Энэ бүхнийг дахин шалгаж өгөөч гэхээр огт ажиллагаа хийж өгдөггүй. Компанийн 10 хувийг өгч, байраа барьцаалж хүүтэй мөнгө зээлсэн. Б.Цын барьцаалсан байрыг буцааж өгдөггүй асуудал байгаа. Хүнээр зодуулж, дарамтлуулснаар авч болох бүх зээлийг авсан. Хохирогчоос хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа учраас төлбөрийг төлж чадахгүй байгаа. ...” гэв.

Яллагдагч Б.Ц тус шүүх хуралдаанд “...гаргах тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч Б.Н тус шүүх хуралдаанд “...тайлбаргүй, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүхээс хохирогч Г.Бийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг хаана байхдаа шилжүүлснийг тодруулаагүй, гэмт хэрэг хаана төгссөн нь тодорхойгүй,

яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Нийг нийт 5 удаагийн үйлдлээр нийтдээ 599,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч нэр бүхий 5 хохирогч нарт 905,250,000 төгрөгийн хохирол учирсан байхад хохирлыг хэрхэн, яаж 599,250,000 төгрөг гэж тооцож дүгнэсэн нь учир дутагдалтай,

мөн яллагдагч Б.Нийн холбогдсон гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байх бөгөөд хэзээ, ямар тогтоол шийдвэрээр тухайн зүйл ангийг журамласан талаар прокурорын эрхийн акт огт гараагүй,

 яллагдагч Б.Н, Б.Ц нарыг бүлэглэн хохирогч Г.Аээс 340,000,000 төгрөгийг залилан авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх ба дээрх маргаан энэ хэрэгт хамааралтай эсэх, иргэний шүүхээр шийдвэрлэгдэж дууссан, эсхүл хэрэгсэхгүй болсон аль болох нь тодорхойгүй, баримт авагдаагүй,

“МВС” ХХК-ийн захирал хэн гэж хүн байсан, тухайн хүн дэнчингийн мөнгийг байршуулахыг шаардсан, санал болгосон эсэхийг тодруулах, асуух замаар мэдүүлэг, тайлбар авах,

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй талаар заасан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2109003661648 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Цад холбогдуулан үүсгэж, яллагдагчаар татсан нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн эсэхэд прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийх зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийснээр шүүх шийдвэр гаргахад зайлшгүй ач холбогдолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний дүнд шаардлагатай гэж үзсэн зарим зүйлийг нотлох боломжтой байна гэж үзэв.

Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцаах хуульд заасан шаардлага үүсээгүй байна.

Иймд, яллагдагч Б.Н, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон, хэргийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан зэрэг шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийсэн ба нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж дүгнэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/2334 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хүлээж авахаар шийдвэрлэв.

Яллагдагч Б.Н, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/2334 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Н, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                             ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ