Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 674

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                

  

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч З.У, түүний өмгөөлөгч Ц.Амар

хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч М.Батмөнх

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805023690638 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Бүрэг Хангай сум 4 дүгээр баг 2-0 5 тоотод хаягийн бүртгэлтэй, Булган аймгийн Булган сум, Барилгын 36 дугаар байр, 4 тоотод оршин суух, ялгүй, УК91031034 дугаарын регистртэй, Их Дулаан овогт З У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч З.У 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Тэргэл” зочид буудлын 01 тоот өрөөнд хохирогч Б.Ныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч З.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярихгүй. Тухайн үед бид нар дөрвүүлээ байсан. Баатарчулуун намайг дуудаад очиход Н нэг эмэгтэйтээ 00-ын өрөөнд байсан. Тэд нар 2 том пиво, 3 шил архи уучихсан байсан. Баатарчулуун надад нэг шил архи авч өгснийг бид хоёр хувааж уусан, харин хувьд пиво уугаагүй. Хохирогчийг таньдаггүй байж байгаад тэр өдөр танилцсан. Хохирогчийн гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байна. Хохиролд гэж 500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Уг нь би эхлээд 1.000.000 төгрөг, 10 хоногийн дараагаас дахин 1.000.000 төгрөг өгье гэсэн саналыг тухайн үед хохирогч Нт хэлсэн боловч зөвшөөрөөгүй гэв.

Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед Баатарчулуун намайг хорооллын Тэргэл зочид буудалд дуудаад очиход Баатарчулуун 2 залуутай хамт байсан ба нэг нь намайг очиход явсан. Тэгээд бид нар 2 том пиво уусан. Би ажлын эгчийг гаргаж өгөөд ирэхэд У ирсэн байсан. У Баатарчулуун нар 0.75 литрийн нэг шил архи ууж байсан. Баатарчулууны найз нөгөө тасалгаанд унтаж байсан. Би өглөө нь ажилтай байсан учраас архинаас уугаагүй нөгөө тасалгаанд орж унтсан. Намайг унтаж байхад У ирээд намайг цохисон. Би Уд ямар нэгэн юм яриагүй. Баатарчулуунд ярьсан зүйлийг түүнээс сонссон байх.

Эмчилгээний мөнгө гэж мөрдөн байцаалтын явцад 500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. 6.900.000 төгрөгийн баримт бол хагалгаанд ороход ийм хэмжээний зардал гарна гэсэн. Мөнгөгүй учраас хагалгаанд орж чадахгүй байна. Хэрэв эмчилгээний зардлаа авчих юм бол гомдол гээд байх зүйлгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Б Н “... 2018  оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Жижгээ ах Томод 2.000.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд Жижгээгийн ах нь утсаа авахгүй болохоор Жижгээ Facebook-д таараад Жижгээтэй уулзаад түүний дугаараас ах руу нь залгаад уулзахаар болоод Тэргэл зочид буудлын 01 тоот өрөөнд ороход Цогоо, Жижгээ хоёр энэ буудалд 3 хонож байна гээд байж байсан. Би Жижгээгийн утаснаас түүний ах Томоотой яриад 22 цагийн үед Цогоо, Жижгээ бид гурав 0.5 литрийн сархад, 2.5 литрийн сэрүүн пиво хувааж уугаад байж байхад манай ажлын эгч ирсэн байсан. Тэгтэл У орж ирчихээд Жижгээтэй гараад явсан удалгүй манай ажлын эгч гараад явсан. Би эгчийгээ гаргаж өгчихөөд орж ирэхэд Цогоо унтаж байсан тэгэхээр нь замын урд байдаг Файр гээд бааранд Цогтоо гээд найзтайгаа уулзчихаад буцаад буудалдаа ирэхэд У Жижгээ бид 2 хажуу талын өрөөнд 0.75 литрийн Улаанбаатар гээд архи уугаад сууж байсан. Тэгэхэд би Утай танилцаад гар баричихаад Цогоогийн хажуур ороод унтсан. Тэгээд намайг унтаж байхад Жижгээ намайг татаж босгож ирээд миний толгойн зулай хэсэгт стаканаар нэг удаа цохиход би яаж байгаа юм бэ гэхэд У миний нүдний зүүн талруу нэг удаа цохьсон. Тэгээд намайг доошоо тонгойчихсон байхад буудлын ресепшиний текнээс зуураад намайг гадагшаа авч гарах гээд татаад байсан. Тэгэхээр нь би ресепшиний текнээс зуураад байж байтал цагдаа орж ирсэн.

Жижгээ гэдэг нь Баатарчулууныг хэлж байгаа юм. Тэр өрөөнд харанхуй би өөрөө согтуу байсан болохоор Баатарчулууныг гэж бодсон тэгэхэд У байсан. Эхлээд стаканаар толгой руу цохиод дараа нь гараараа зүүн нүдний доод яс руу цохьсон. Эмчилгээний зардал баримтаар бүрдүүлсэн 500.000 төгрөгөө авсан. Одоо нүдний доод талын ясыг цөмөрсөн ясыг нөхөх хагалгаанд орох 3.500.000 төгрөг хувийн эмнэлэгт ороход тийм болох юм байна лээ. Хагалгаанд орох хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй” /хх-н 19, 40-41/ гэж,

гэрч Ч Б “... би Н У хоёрыг салгасан. Миний хувьд Ныг цохиогүй. Намайг Жижгээ гэж хүмүүс дууддаг. Тэр өдөр намайг цохьсон гэж ойлгосон юм шиг байна лээ. Намайг хажуу талын өрөөнөөс орж ирэхэд У Нын нүдийг цохьсон гээд цус гарсан барьцалдаад байж байхаар нь би орж салгасан. Буудлын ресепшн нь цагдаа дуусан байсан. Цагдаа ирээд Уыг ирээд аваад явсан” /хх-н 43/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Нын гэмтэлтэй холбоотой “... Нын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд зүсэгдсэн шарх, зулай, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 5089 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотлох бөгөөд

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Их Дулаан овогт З Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Уд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч З.У нь хохирогч Б.Нд эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгчээ. Хохирогч Б.Н мэс заслын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэх бөгөөд үүнтэй холбоотойгоор “Орбита” эмнэлгийн гаргасан “... мэс заслын төлбөр 6.900.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолтыг шүүхэд өгсөн боловч энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Гэвч хохирогч Б.Нын эмчилгээний зардлаа цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Учир нь; гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол /гэмтэл/ учирч, үүнээс улбаатайгаар эмчилгээ, сувилгаа хийлгэх нөхцөл байдал үүснэ.

Өөрөөр хэлбэл иргэн Б.Н гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол түүний эрүүл мэндэд хохирол /гэмтэл/ учрахгүй байсан, зохих хэмжээний зардлыг эмчилгээнд зарцуулахгүй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч З.У цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Их Дулаан овогт З Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. З.У торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. З.У цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч З.У хохирогч Б.Нд 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Уд урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ