Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

   О.Х-т холбогдох эрүүгийн

    хэргийн талаар

         

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                     Ч.Б

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Э

          Хохирогчийн өмгөөлөгч                                           Б.Б /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                     Д.Н /цахимаар/

                                                                                                               

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарын давж заалдах гомдлоор О.Х-т холбогдох 2224001020002 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн .... сумын .... багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .... овогт ...-ын Х, /регистрийн дугаар ............../    

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн .... сумын ..... багийн нутаг .... гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 0000 улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” мөн дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийг зам чөлөөлөхгүй зогсоосны улмаас араас нь 0000 улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ...... маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б зорчигч Г.Т нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ируулснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т гэж өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч … овогт О-ын Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч … овогт О-ын Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хорих ялын биелэлтийг тоолж, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, амь хохирогч Г.Т-ны хууль ёсны төлөөлөгч Д.Н нь эд хөрөнгөд учирсан хохирол 10,000,000 /арван сая төгрөгөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн хайрцагтай ослын зогсолтын тэмдгийг шүүгдэгч О.Х-т буцаан олгож, О.Х-ын 000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөөс 10 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02-р сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 03-р сарын 11-ний өдөр шууданд хийснийг 2025 оны 03-р сарын 17-ны өдөр хүлээж аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын 14-р талд "... 1. 0000 дугаартай автомашины жолооч О.Х нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй автомашинаа зогсоосон, ослын дохионы гэрлээ асааж автомашинаа эзэнгүй орхиод ойр байрлаж байсан айл руу явсан үед осол гарсан үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрч Н.Н, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мэдүүлэг болон техникийн шинжээч нарын дүгнэлтээр, 2. 0000 автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Л.Э, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн …. дугаартай дүгнэлт, амь хохирогч О.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, техникийн шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар, 3. 0000 автомашины эзэмшигч нь Г.Т бөгөөд насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б-д жолоогоо шилжүүлсэн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Л.Э, Л.Л, шүүгдэгч О.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ….. дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна" гэжээ. Мөн шийтгэх тогтоолд О.Х-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. 14.10-т заасныг зөрчиж тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байрлуулаагуй, нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж, 0000 автомашиныг жолоодож явсан О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а буюу насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /1 заалтын хэд хэдэн зөрчил гаргасан/, 14.4-т заасан замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн гэж, 0000 автомашины эзэмшигч Г.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.76 буюу насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн О.Б-д жолоогоо шилжүүлсэн /1 заалтын хэд хэдэн зөрчил гарсан/ гэж гэм буруутайд тооцсон.

Миний үйлчлүүлэгч О.Х-ыг тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байрлуулаагүй, нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явсан гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд машины эвдрэлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй зогсолт болох нь тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдалд өөрт байгаа бүх боломжоороо зам чөлөөлөх талаар арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Нөгөө талаар О.Х-ын машин эвдэрч зорчих хэсэг дээр зогссон үйлдлийг шинжээч нарын дүгнэлт болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар зайлшгүй зогсолт тул буруутгах боломжгүй, харин зам чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ биелүүлж чадаагүй байна гэж үзсэн. Харин амь хохирогч О.Б, Г.Т нарын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон хэм хэмжээ буюу насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх, замын хөдөлгөөнд оролцох дээд хурдыг хэтрүүлэхийг тус тус хориглосон заалтуудыг зөрчсөн байдаг. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих байдлаар хуульд тусгагдсан бөгөөд амь хохирогч О.Б, Г.Т нар нь Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон хориглолтыг зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байсан байна гэж үзэж байна. Амь хохирогч О.Б, Г.Т нарыг гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02-р сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоос О.Х-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н миний бие анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Нэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан "гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааr ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх; 1.7-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл;" гэж хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоолын бүх хэсэг харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл болох учиртай байхад дээрх зүйлд заасан амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой хохирол, хор уршгийг яаж шийдвэрлэсэн талаар тогтоох хэсэгт тусгаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр байна. Мөн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг амь хохирогч Г.Т-ийн хууль ёсны төлөөлөгч хүүгээ алдсан ээж Д.Н-ийн хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Х-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, 2 хүний амь насыг хохироосон учруулсан хохирол, хор уршгийн хэм хэмжээнд тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж маш их гомдолтой байна. Хоёр. Шүүгдэгч О.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон байхад амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдөөс шүүхэд баримтаар гаргаж өгсөн оршуулгын зардлын 50 хувийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гурав. Эд хөрөнгөнд учирсан хохирол 10,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь … аймагт оршин суудаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүндрэл, чирэгдэл учруулж байх тул эрүүгийн хэрэг шийдвэрлэхдээ нэг мөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны 17 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хуулийн шаардлагыг хангахгүй байна үндэслэлээр хэргийг, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлтэй байна. Тухайн гомдлын үндэслэл нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, ямар нөхцөл байдлыг тусгах ёстой вэ гэдгийг хуульчилж өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах эсэх асуудлыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэснийг, анхан шатны шүүх тогтоолдоо тусгаагүй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын зорилго нь алдагдсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзээгүй байна. Тухайн гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хор уршиг өндөртэй, хэзээ ч дахин төлөгдөх боломжгүй хор уршиг учирчхаад байгаа. Нөгөө талаар шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай үйлдэл дээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрдөггүй байгаа. Өөрийн үйлдэл нь хохирогч нарыг буруутгасан шинжтэй байдлаар анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан, одоо ч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол нь ийм агуулгатай байна. Гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй нь хувийн байдалд нь орно гэж үзэж байна. Өөрт оногдох хариуцлагаа хөнгөрүүлэх үүднээс гэм буруугийн шүүх хуралдаан дээр 18.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргангуут хохирлыг төлөөд, надад хөнгөн ял оногдуулж өгөөч ээ гэдэг. Шүүгдэгчийн хувьд хөнгөн ял авах гэсэн санаа зорилготой байна. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос харагдаж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргаад байгаа гомдол үндэслэлтэй юм. Нөгөө талаар амь хохирогчийн тээврийн хэрэгслийн үнэлгээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гэдэг нь үнэлэгдсэн байхад шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь үндэслэлгүй буюу эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой байсан. Б.Э өмгөөлөгч болон О.Х нарын гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн юм уу? гэдэг асуудал үүргээ биелүүлээгүй юм уу?, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байгаа юм уу?, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас осол аваар гарсан юм уу?, үгүй юм уу? гэдэг дээр маргадаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үндэслэл бүхий дүгнэлт хийх үүднээс 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаад, нэг өдөр мэтгэлцсэн, асуулт хариулт явагдсан байгаа. Гэтэл энэ чагтан гол гэдэг зүйл хэрхэн яаж эвдэрдэг гэхээр тосгүй болсноос болоод чагтан гол эвдэрсэн талаар шинжээч асуултад хариулдаг. Чагтан гол эвдэрснээс болоод дуу чимээ үүснэ. Жолоочийн тухайд чагтан голоо байнга тосолж явах ёстой, эвдрэл гэмтэл эхний ээлжид жолоочид мэдэгдэнэ. Дараа нь маш хүчтэй цохилттой дуу чимээ гарна. Энэ тохиолдолд хүн яах уу? гэхээр энэ хэмжээнд хүргэхгүйгээр машинаа засах боломжтой байсан. Зайлшгүй зогсолт хийх шаардлагатай бол зогсохоосоо өмнө, замын зогсох хэсгийг чөлөөлөх боломж нь О.Х-т байсан гэдгийг шинжээч нар мэдүүлдэг. Энэ нь ямар үр дагаврыг үүсгэчхээд байна гэхээр О.Х Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн юм уу? гээд үзэхээр, зорчих гэдэг нь машин байнга зорчдог хэсгийн хэлдэг. Ийм учраас зогсож болохгүй байхаар хориглосон юм аа гэдэг байдлаар шинжээч нар тодорхой хариулсан. О.Х нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, О.Х-т холбогдох үйлдлийг цагаатгаж өгөөч ээ гэдэг агуулгаар гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэхээр О.Х гэмт хэрэг үйлдээгүй бол хохирол 18.000.000 төгрөгийн хохирлыг яагаад төлөөд байгаа юм бэ? гэдэгт асуудал байгаа. Тэгэхээр шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргаад байгаа гомдол нь үндэслэлгүй байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

5. Прокурор Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх дээр нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Дүгнэлтээр ….. маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч О.Х-ыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ нь зам тээрийн осолд нөлөөлжээ гэдгийг 4 удаагийн шинжээч нарын дүгнэлт ямар ч зөрүүгүй гаргасан. Зайлшгүй зогссон тохиолдолд, нэн даруй замыг чөлөөлөх арга хэмжээг аваагүй гэж дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, ослын тэмдгийг зохих зайд байрлуулаагүй, ослын гурвалжин буюу түр зогссоныг илтгэх тэмдэг, машинаас 6 метрийн зайтай олдсон. Дүрмээрээ хөдөөгийн замд 30 метрийн зайд ослын тэмдгийг байршуулах ёстой. Гэтэл байрлуулаагүй гэдэг дээр шинжээч нар О.Х-ыг буруутгасан. Дээр нь аваарын гэрэл асаагүй байна гэдэгт анх шинжээчийн дүгнэлтээр буруутгагдаж байсан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад, гэрч аваарын гэрлийг харсан гэдэг мэдүүлэг өгсөн учраас шинжээчийн дүгнэлтүүд дээр энэ талаар буруутгагдаагүй байгаа. Шинжээчийн 4 удаагийн дүгнэлтээр шинжээч нар тээврийн хэрэгслийг зайлшгүй зогсоосон тохиолдолд нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах ёстой, энэ үүргээ биелүүлээгүй байна гэдэг. Шүүх хуралдаан дээр 5 шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Хамгийн сүүлд ШУТИС-ын инженерийн сургуулийн багш нар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан. Энэ 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь О.Х-ыг замаа чөлөөлж зогсоогүй байна гэдэг үндэслэлээр буруутгасан. Мөн дээрээс нь шинжээч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэг авахад, яагаад ингэж буруутгаж байгаа юм бэ? гэдгийг тайлбарлахад, зам гэдэг зүйл, тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан. Машинаа зам дээр байрлуулсан, удаан хугацаанд холдуулах арга хэмжээ аваагүй байгаа нь хүний амь насанд заналхийлэх хэмжээний ноцтой, аюултай байдлыг бий болгосон учраас замын тээврийн осол гарах шалтгаан болсон. Тийм учраас Б.Э өмгөөлөгчийн гаргасан О.Х-ыг цагаатгаж өгнө үү гэсэн гомдол, үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирлын асуудал дээр шүүх хуралдаан дээр шийдвэрлэх боломжгүй асуудлыг, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж өгсөн байгаа. Дараагийн асуудал нь шинжээч нарын дүгнэлтүүд дээр амь хохирогч тээврийн хэрэгсэл жолоодож явсан, араас ирж мөргөсөн .... маркийн тээврийн хэрэгслийг, амь хохирогчийн буруутай үйлдэл гэж зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гэх дүгнэлтүүд гарсан. Энэтэй холбоотой асуудал шийдвэр дээр байгаа. Миний хувьд шийтгэх тогтоолыг буруутгах боломжгүй байна. Хохирол, нөхөн төлүүлэхтэй холбоотой заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөг ямар учраас гаргаж байгаа гэдгээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ оруулж өгсөн байгаа гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг .... гэх газарт хатуу хучилттай засмал зам дээр 0000 улсын дугаартай “....“ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийг зам чөлөөлөхгүй зогсоосны улмаас 0000 улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэл араас нь очиж мөргөж, улмаар  ..... маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б, зорчигч Г.Т нарын амь насыг хохирсон гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар, Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн ...2022 оны 11 дүгээр сард сургуульд явахаар явсан. Нэг ярьсан чинь явж байна гээд салгасан. Өглөө босоод залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан.Тэгээд ажлын газраас хүмүүс ирж ийм юм боллоо гэж хэлсэн. Энэ хэрэг бол зам чөлөөлж тавиагүйгээс үүссэн хэрэг. Хэрэг гараад 3 жил болох хугацаанд шүүгдэгч над руу 2 удаа утсаар ярьсан. Ярихдаа өөрийгөө өмгөөлж ярьсан. Бид нарт эмгэнэл илэрхийлээгүй. Эхний удаа ярихад нь бид нартай ирж уулз, бид нарын байдалтай танилц гэж хэлсэн. Ирж уулзаагүй. Энэ хэрэгт 3 жилийн хугацааг үзэж байна. Одоо хурдан шийдвэрлүүлмээр байна. Нөхөр бид хоёр ээлжлээд 103 дуудаад амьдарч байна. Харж хамгаалж, асарч тойглох хүүхдээ алдаж гал голомт минь тасарлаа. Бид хоёрт юугаар ч нөхөшгүй хохирол учирлаа. Хохирол төлбөрийн тухайд 49.685.414 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг төлүүлэх саналтай байна. Сэтгэл санааны хохирол арилахааргүй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ” ... Би 2 охин, 1 хүүтэй байсан. Улаанбаатар руу эгчдээ 1 хонины мах аваачиж өгье гээд явсан. Хэдний өдөр гэрээсээ явсныг мэдэхгүй, би хөдөө байсан. 11 сарын 13-нд бие нь муу байна гэж сонссон., ирж авахад өнгөрсөн байсан. Тосонцэнгэлээс манай ах очиж авсан байна лээ. Би гомдолтой байна. Нааш цаашаа явсан зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...”гэсэн мэдүүлэг

Гэрч Л.Л-ын”.. Тэр өглөө шүүгдэгч өглөөний 5-6 цагийн үед манайд орж ирсэн. Гэрийн гадаа ирээд нүдэхээр нь онгойлгож өгсөн. Гэрт орж ирээд замын тэнд машин эвдэрчихлээ гэхээр нь хартал замын хажууд гэрэл асаалттай машин байсан. Тэгээд танайд “утас байна уу” гээд утсаар ярьсан. Утсаар яриад эвдэрсэн юмаа захисан. Удаагүй байтал осол гарсан. Тэгээд энэ хүнтэй машин дээр нь очиход цагаан машинаас нэг хүн гарч ирсэн. Шүүгдэгч түүнийг татаж гаргаж ирсэн. Тэр хүнийг дагуулаад гэрт очоод утсаар .... сумын цагдаад дуудлага өгсөн. Эхнэр рүүгээ ахиж залгаад миний машиныг мөргөчихлөө гэсэн. Цагдаа ирээд буцаж машин дээрээ очсон. Тэрнээс хойшихыг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг,

Гэрч Л.Э-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчим ... аймаг .... сумаас Улаанбаатар хот явахаар хамт ажилладаг байсан Т гэх залуу болон бас нэг танихгүй залуугийн хамт Т-ийн ... өнгийн .... маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Т болон хамт явж байсан залуу 2 намайг гэрээс 23 цагийн орчим ирж авсан тэгээд ....-с шууд гарсан. .... аймаг .... сумаас гараад Т машинаа бариад би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад, хамт явж байсан үл таних залуу хойд суудал дээр ганцаараа суугаад явсан. Тэгээд бид нар шөнөжин явсан би замдаа унтаад яваад байсан, Т машинаа бариад явж байсан нэг мэдэхэд осол болсон байсан ба намайг 2 эрэгтэй хүн хаалгаар татаж гаргасан. Тэрнээс өмнө би .... аймгийн .... гэдэг газар өнгөрөөд нэг сэрэхэд Т машинаа бариад явж байсан харин осол болоод намайг машинаас 2 хүн татаж гаргасны дараа хартал нөгөө үл таних залуу машины жолоочийн суудал дээр суусан байсан, харин Т хойд талын суудал дээр байсан, би Т-ыг болон хамт явж байсан залуу нарыг дуудахад дуугарахгүй байсан. Т машин барьж яваад хэзээ тэр залууд машинаа бариулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би машинаас гараад осол болсон газрын ойр байсан нэг айлд ирээд байж байтал эмнэлгийн машин ирж намайг аваад .... сумын эмнэлэгт хүргэсэн, тэнд очоод ойр зуурын эмчилгээ хийлгэсэн...Намайг сэрэхэд машин замын хажуу тал руу орчихсон байсан, тэгээд би гарч ирээд хартал машины баруун тал буюу жолооч тал тэр чигтээ чихэгдээд орчихсон нөгөө танихгүй залуу хавчуулагдчихсан ухаангүй, хойд суудал дээр Т хэвтсэн байдалтай ухаангүй байсан, засмал зам дээр нэг ачааны машин хажуу талаараа уначихсан байсан тэр машины хойд талд мах харагдаж байсан...Осол хэдэн цагийн үед болсон талаар сайн мэдэхгүй байна, намайг машинаас гараад ирэхэд гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан, зам дээр унасан машин харагдаж байсан. Гадаа гэгээ орж байсан байхаа сайн мэдэхгүй байна. Зам дээр ямар нэгэн ослын тэмдэг тэмдэглэгээ байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...Би жолоочийн хажуу талд урд суудал дээр суугаад хамгаалах бүс зүүсэн байсан, намайг унтахаас өмнө Т машин бариад нөгөө залуу ард суугаад явж байсан. Тэд нар хамгаалах бүс зүүсэн эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч М.Б-ын “...0000 дугаартай .... маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг О.Х эзэмшдэг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслийг О.Х гэх хүнд 2019 оны 07 дугаар сарын орчимд зарсан...О.Х бид 2-ын дунд ямар нэгэн тооцоо байхгүй, тооцоо бүрэн дууссан. Машиныхаа нэрийг шилжүүлж өгч чадаагүй байгаа, О.Х хот орохоороо нэрээ шилжүүлнэ гээд амжаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Н.Н-ын “...Би энэ дуудлага мэдээлэлд .... сумын цагдаа ахлагч Л-тэй очсон. Хэргийн талаарх дуудлага өглөө үүрээр 06 цагийн орчим ирсэн байхаа цаг хэд болж байсан талаар одоо сайн санахгүй байна .... сумын хэсгийн төлөөлөгч рүү Х-ын эхнэр ярьж хэлээд тэгээд П над руу залгаж хэлсэн...Намайг хэргийн газар очиход ... маркийн машин зам дээр хажуугаараа уначихсан, харин .... өнгийн .... маркийн тээврийн хэрэгсэл замын зүүн гар тал руу орчихсон, баруун талын хэсэг нэлэнхүйдээ эвдэрсэн, жолооны ард нэг хүн хавчуулагдаад нас барсан, хойд талын суудал дээр нэг хүний хөл цухуйсан байдалтай байсан. Хойд суудал дээр байсан хүн бас нас барсан байсан. Жолооны хажуу талын суудал дээр сууж явсан гэх хүн ойрхон айлд хүргэгдсэн байсан, тэр хүнийг ... сумын эмнэлгээс эмч ирээд аваад явсан. Уг .... маркийн тээврийн хэрэгслийн дугуйны хажууд нэг ширхэг чулуу байсан бас тэр машинаас хойш зам дуу баруун гар талын эгнээнд ослын гурвалжин газар унасан байдалтай байсан. Зам дээгүүр машин эд ангийн эвдэрч хагарсан хэсгүүд хайрцагтай болон хайрцаггүй мах газраар унасан байдалтай байсан. Тэгээд Тосонцэнгэлийн цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. .... сумаас гарахаас өмнө жижүүр рүү залгаад осол гарсан байна, явлаа шүү очоод юу болсон талаар мэдэгдье гэж хэлээд гарсан...Ослын тэмдэг хэдэн метр зайд байсан талаар хэмжиж үзээгүй, их л ойрхон харагдаж байсан, 5-6 орчим метр зайтай байсан байхаа. Ямар нэгэн эвдрэл байсан эсэх талаар мэдээгүй, гурвалжин хэлбэр нь өөрчлөгдсөн байсан. Замын зорчих хэсэг дээр унасан байсан...” гэсэн мэдүүлэг,

  Мөрдөгчийн  2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан .... дугаартай дүгнэлт ,

 Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан .... дугаартай дүгнэлт ,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан .... дугаартай дүгнэлт,

 Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан .... дугаартай дүгнэлт ,

 Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт,

 “....” ТББ-н шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 22/242 дугаартай дүгнэлт,

 “... ” ТББ-н шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 23/13 дугаартай нэмэлт дүгнэлт ,

 ШУТИС-ын Механик, тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын болон ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээч нарын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай   шинжээчийн дүгнэлт ,

 Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл , 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл ,

 Завхан аймгийн ..... ХХК-ийн үнэлгээчин  Н.Э-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой , хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Х-ын 0000 улсын дугаартай “.....” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууж замд 50 м*ээс багагүй зайд байрлуулна.” гэснийг, мөн дүрмийн 14.10 дугаар зүйлд заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас араас нь .... улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ..... маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б, зорчигч Г.Т нарын амь насыг хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Х-ын замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5, 14.10 дугаар зүйл заалтыг зөрчсөн үйлдэл нь, хохирогч О.Б, Г.Т нарын амь хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүх шүүгдэгч О.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалтай тохирсон байна.

Шүүгдэгч О.Х түүний өмгөөлөгч Б.Э нь ...шүүгдэгч О.Х нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй автомашинаа зогсоосон, ослын дохионы гэрлээ асааж автомашинаа эзэнгүй орхиод ойр байрлаж байсан айл руу явсан үед осол гарсан... 0000 автомашиныг жолоодож явсан О.Б нь насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн О.Х-ыг тээврийн хэрэгслээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж байрлуулаагүй, нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авахгүйгээр эзэнгүй орхиж явсан гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд машины эвдрэлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй зогсолт болох нь тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдалд өөрт байгаа бүх боломжоороо зам чөлөөлөх талаар арга хэмжээ авсан болох нь тогтоогддог. Амь хохирогч О.Б, Г.Т нар нь Замын хөдөлгөөний хориглосон заалт зөрчсөн нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон шийтгэх тогтоолоос О.Х-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. 

Хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтаар шүүгдэгч О.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “ ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт  тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс..., суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м*ээс багагүй зайд байрлуулна.” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас араас ирсэн тээврийн хэрэгсэл мөргөж, осол гарч хүний амь хохирох шалтгаан нөхцөл болсон байна.

Хэдийгээр амь хохирогч О.Б, Г.Т нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа хэдий ч энэ нь тухайн осол гарах болсон шалтгаан биш, харин осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх “ Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэсэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, амь хохирогч нарын хууль бус буруутай үйл ажиллагаа нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж, хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн давж заалдах гомдол, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

                                                                                  ШҮҮГЧИД                  Ч.ЭНХТӨР 

                                                                                                                     Б.АРИУНБАЯР