| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0174/э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 96
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох 1730001860141 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн харьяат, 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эгч дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Г.Б
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудлын 2 дугаар давхарын 00-н өрөөнд Э.Аийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Бийн шүүх хуралдаанд өгсөн: Тэр өдөр болсон бүх зүйл миний буруугаас болсон. Бид хоёр тухайн үед маргалдаад “ явдаг газраар чинь явна “ гэхээр нь миний уур хүрээд цохисон. Би хамрын чихээс гаргасан төлбөр 80.000 төгрөг өгсөн. Намайг явсны дараа замын зардал гэж 160.000 төгрөг ээж өгсөн. Нийт 245.000 төгрөг төлсөн. Би зүгээр байсан хүнийг гэмтээсэндээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Би шүүхээс гаргасан бодит хохирлыг төлнө. Ээж маань хотод хөл нь муу эмчлүүлж байгаа. Би эгч дүү нарын хамт амьдардаг. Одоо эрхэлсэн ажилгүй болсон. Надад холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...гэв.
- Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Аын шүүх хуралдаанд өгсөн: 2017 оны 12 сарын 18-ны орой нөхрөө сахиж байгаад хүү, охин хоёроо буудалдаа очоод байж бай гээд явуулсан. Манай хүү буудалдаа очоод 00 руу ороод Бтэй хамт явж байсан хүүхэдтэй үг яриад зогсож байхад Б ирээд юм ярихаар нь манай хүү “би чамайг танихгүй, юу ярихав дээ” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Б манай хүүг цохисон гэсэн. Намайг эмнэлэгт байхад манай хүү хамраа цохиулчихлаа гэж ирсэн. Эмчид үзүүлэхэд маргааш 10 цагт цохисон хүнтэйгээ ирж үзүүл гэсэн. Тэгээд маргааш нь 10 цагт очиж эмчид үзүүлж хамрын чихээс гаргуулсан. Б эмчилгээний 80.000 төгрөг төлсөн. Эм тариа 5000 төгрөгөөр авсан. Манай сургалт 12 сарын 18-нд дууссан учраас бид буудлаасаа гарах шаардлагатай болсон. Тэгээд хамраа үзүүлэх шаардлагатай болсон учраас 2 хоног буудалдаа байсан. 12 сарын 19-ний өдөр цаг агаарын онц байдал зарласан, бид нарыг явуулахгүй, Онцгой байдлынхан хянаж байсан. Цагдаа нар нь энэ асуудлын талаар 14 хоног чимээгүй болсон. Би цагдаагийн байгууллагаас асуухад Манлайбаяр гэдэг цагдаа дээр очсон гэж байсан. Бид баасан гарагт хот руу явж эмчлүүлсэн. Би Б, түүний ээжид хот руу явж хүүхдээ эрүүл болтол нь эмчилгээ хийлгэнэ, хамрын гэмтэл бол чихээс гаргаад зүгээр болчихдог зүйл биш, эмчилгээний төлбөр, зардлын мөнгө төгрөг өгөх үү гэж хэлэхэд ээж нь 160.000 төгрөг буудалд авчирч өгсөн. Хотод очоод бид аль болох үнэ багатай газраар эмчилгээ хийлгэсэн. Бийн ээж нь манай хүүхэд Оюу толгойд хамгаалалтын газар ажилладаг, энэ асуудлаас болж хүү маань ажилгүй болчих байх, ганцаараа манайхыг тэжээдэг хүн гэж хэлсэн. Би энэ байдлыг нь ойлгож байсан. Ээж нь нотариатаар ороод 3.000.000 төгрөг өгнө гэж бичиг хийж өгсөн. Энэ бичгийг Б хийж өгөөгүй болохоор энэ бичгийг би хэрэгт өгөх шаардлагагүй гэж бодож байгаа. 2018 оны 01 сарын 21-ний өдөр би хүүгээ цагдаа руу яв гэж байгаад явуулсан. 01 сарын 25-ны өдөр хотод хүүгээ хагалгаанд оруулах гэж байхад 7051-тэй дугаараас шүүх хуралдаанд одоо болох гэж байна, орох боломжтой юу гэж асуусан. Би одоо орох боломжгүй гэж хэлсэн. Боломжгүй гэж хэлэхээр шүүх хуралдаанаа хийчихнэ гэж бодоогүй. Би олон жил ардын төлөөлөгч хийж байсан шүүх хуралдааныг мэднэ. Шүүх хуралдааны товыг 72 цагийн өмнө мэдэгдэх ёстой гэж хуульд байсан. Гэтэл шүүх хуралдаан хийгээд Бийг 500.000 төгрөгөөр торгосон байсан. Би энэ хүнтэй шүүх дээр л нүүр нүүрээ харж уулзахгүй бол өөр газар уулзахгүй юм байна гэж бодож давсан.
Би Бэс 4.516.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс зарим нэг төлбөрөө хасъя. Миний нэхэмжилж байгаа зарим зардлууд баримтгүй байгаа. Нэхэмжилж байгаа зардлаасаа такси, буудал, хоолны зардлаасаа татгалзаж байна. Таксигаар явсан нь үнэн боловч такси баримтаа өгдөггүй. Баримтгүй учраас татгалзаж байна. Хоолны зардлыг хасъя гэж бодож байна. Энэ ажилгүй, хоолгүй хүнээс хоол авна гэж болохгүй байх. Бид хувийн унаагаар явсан учраас хувийн унаа баримт өгдөггүй юм байна лээ. Тиймээс замын зардлаа хасна. Мөн бариа заслын 60.000 төгрөгийг хасна. Эдгээр зардал нь гарсан нь үнэн боловч баримт байхгүй.
Бусад зардлыг Бэс нэхэмжилж байна. Манай хүүхэд цэргээс халагдаж ирээд амарч байгаад орон нутгийн төслийн ажил хийж байсан. Ажил хийж байгаад ийм болсон. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Буудлын 210.000 төгрөг бол бид 12 сарын 18-ны өдөр буудлаас гарах ёстой байсан боловч онц байдал зарласан байсан учраас сум руугаа явж чадаагүй, 12 сарын 19-ний өглөө буудлаас гарсан. Бид буудалд байрлаж байсан. Гэтэл Б С зочид буудал өрөө гаргаж өгсөн байсан. С зочид буудал яагаад шөнийн 02 цаг хүртэл архидуулаад байлгаад байдаг юм бэ гэж С зочид буудалд хэлсэн. Би цагдаа дээр очвол танай буудлыг хэлэх байсан. Яалт ч үгүй танай буудал буруутай. Би энэ мөнгийг төлөхгүй гэж хэлээд төлөөгүй. С зочид буудлаас “тэгвэл танд шүүхээс нэхэмжлэх явуулна” гэж 99093981 дугаараас мессеж ирүүлсэн. Би энэ мөнгийг анхнаасаа төлөхгүй гэж хэлсэн. Үүнийг Б өгвөл би буудалд өгнө, иймээс Бэс нэхэмжилж байгаа. Манай хүү Амит ХХК-д агрономич ажилтай. 2016 онд цэргийн албанд яваад 2017 онд халагдаж ирсэн. Газар тариалангийн ажил эхлээгүй байсан болохоор амарч байсан. Төслийн сургалтанд хамрагдаж байсан. 845.000 төгрөгийн хувьд хөдөлмөрийн чадвартай залуу хүн зүгээр байсан бол ажил хийх байсан. Би ажилгүй байсан хугацааг 03 сарын 15 буюу эмчлүүлж дууслаа гэж үзээд зогсоосон. Бид аль болох бага зардалтай газраар явж эмчлүүлсэн. Чи залуу хүн чи сайхан хүмүүжээрэй, би чамайг бодож гомдолгүй гэж хэлж байна...гэв.
- Хохирогч Э.Аийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудалд ирж байрлаж байсан юм. Учир нь миний бие төслийн сургалтанд суух ажлаар Түмэнцогт сумаас ирчихсэн байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ний шилжих шөнө буюу 19-ний 02 цагийн үед “С” буудалд байх өрөө рүүгээ орох зорилгоор гаднаас орж ирсэн бөгөөд 2 дугаар давхарын 00-н өрөө рүү орсон чинь зүс таних залуу надтай мэндлээд өнгөрсөн чинь намайг цохьсон. Б гэх залуу нь нөгөө залуугаа “ чи гарч бай, би энэ залуутай ярих юм байна” гэхээр нь миний хувьд “ би чамайг танихгүй, чи намайг танихгүй, миний хувьд чамтай яриад байх зүйл байхгүй “ гээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байсан бөгөөд үйлчлэгч эмэгтэй 00-н өрөө рүү орж ирээд боль гээд байсан.Энэ байдлаар 2-3 удаа орж ирээд хамгийн сүүлд түлхээд үйлчлэгч эмэгтэй гаргахаар нь би завсараар нь гарах гэсэн чинь миний нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Энэ цохилт миний хамрыг онож хугалсан, би хамраа дараад шууд өрөө рүүгээ орж төрсөн эгч Ад хандаж “ хамар руугаа цохиулчихлаа” гэж хэлэхэд хамар чинь хугарчихсан байна гээд шууд эмнэлэг явж үзүүлсэн. Хамар хугарсан байна гээд хамрын чихээс хийлгэж гаргуулж, одоо эмчилгээг хийлгэж байна. Б гэх залуу нь намайг өдөж хоргоогоод дээрэлхээд хоёулаа сайхан зодолдох уу гээд л байсан. Б нь нилээн согтуу байсан. Урьд нь уг хүнийг харж байгаагүй ямар нэгэн маргаж муудах шалтгаан байхгүй. Миний хувьд шөнийн 02 цагт буудал руугаа ордог учир нь манай аав эмнэлэгт бие нь муу хэвтэж байсан бөгөөд хажууд нь сахиж байгаад ирж байсан юм. Миний хамар хугарч эрүүл мэнд гоо сайханд хохирол учирсан тул эмчилгээний бүхий л зардалыг гаргуулна... гэх мэдүүлэг/хх-04-05 /,
- Яллагдагч Г.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах “С” нэртэй зочид буудалд найзуудын хамт ороод пиво ууцгаасан юм. Пиво уух газар байхгүй байсан учраас уг буудалд орж пиво уухаар болсон юм. Ингээд шөнийн 00 цаг өнгөрч байх үед би 2 дугаар давхарын 00-н өрөөнд орж бие засчихаад гарч байтал 00-н өрөөнд танихгүй залуу орж ирээд зөрөх үедээ мөргөлдөж үүнээс болж хэрүүл үүссэн. Чи зүгээр явалдаа гэж хэлсэн чинь хариуд “ аятайхан яваарай, хатаадаг газарт чинь хатаагаад өгч чадна шүү” гэхээр нь миний бие баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон чинь тухайн залуугийн хамар руу нь цохьчихсон. Би 00-н өрөөнөөс гараад шууд өрөө рүүгээ орчихоод байж байтал надад цохиулсан гэх залуугийн эгч нь орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан ...гэх мэдүүлэг /хх-13/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 420 тоот дүгнэлтэд: 1.Э.Аийн биед хамрын ясны шинэ хугарал бүхий гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-10/,
- Яаралтай тусламжийн хуудас.2017.11.19 /хх-09/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-27/
- Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол.2017.11.19 /хх-16/
- Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14 /
- Г.Бийн иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-15 /
- Г.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах С зочид буудлын 2 давхарын ариун цэврийн өрөөнд иргэн Э.Атэй үл ялих зүйлээр маргаан үүсгэн, түүний хамран тус газарт цохиж эрүүл мэндэд нь “ хамрын ясны шинэ хугарал “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.Аийн мэдүүлэг, 2017.11.19-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ “ хохирогч Э.Аийг өөртэй нь ярьсангүй “ гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэн, улмаар Э.Аийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Г.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-ийн гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Э.А нийт 4.516.100 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А замын зардлын 420.000 төгрөг, бариа заслын 60.000 төгрөг, байрын түрээс 700.000 төгрөг, такси унааны 226.000 төгрөг, эмийн зардлын 100.000 төгрөг, хоол хүнсний 300.000 төгрөг, нийт 1.806.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, хамарт мэс засал хийлгэсний 1.500.000 төгрөг, С зочид буудалд байрласны төлбөр 210.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 840.000 төгрөг, эмчилгээ, оношлогоотой холбоотой зардал 325.100 төгрөг, нийт 2.875.100 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хамарт мэс засал хийлгэсний 1.500.000 төгрөг, С зочид буудалд байрласны төлбөр 210.000 төгрөг, эмчилгээ, оношлогоотой холбоотой зардал 325.100 төгрөг, нийт 2.035.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Э.Ад олгож, ажилгүй байсан хугацааны цалин 840.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээж, хамрын хугарал гаргасны төлбөр 80.000 төгрөг, нотлох баримтгүй 595.000 төгрөг, нийт 675.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, хохирогч Э.А 2017 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө бусдад зодуулан гэмтэл авч тухайн өдөртөө цагдаагийн байгууллагад гомдол гарган, 11 дүгээр сарын 25-ныг хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, С зочид буудалд байрлаж байсан нь хэрэгт авагдсан 2017.11.19-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2017.11.22-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоол, Түвшинмөнх ХХК-ын С зочид буудлын 168 дугаартай тооцооны хуудас зэргээр нотлогдоно.
Мөн Э.А нь дээрх гэмтлийн улмаас 2018.01.10-ны өдөр 1.500.000 төгрөгийн төлбөртэй мэс засалд орсон түүний Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримдуудаар хэрэгт тогтоогдож байна.
Хохирогч нь бусдад зодуулж гэмтэл авах үедээ Амит ХХК-нд агрономчоор ажилладаг, тухайн үед тариалан эхлээгүй ажилгүй байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 3 сар 15 хоногийн хугацааны цалинд 840.000 төгрөг нэхэмжлэх боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ тогтоолоор шууд хангах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь хэрэгт хохирогчийн ажиллах байгууллагын тодорхойлолт байхгүй, түүний 0661538 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тэмдэглэгээ хийгдэж, баталгаажаагүй, мөн сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлснийг тодорхойлох баримтууд үгүй байгааг дурдая.
Харин хамрын хугарал гаргасны төлбөр 80.000 төгрөг нь шүүгдэгч Г.Бийн хохирогчийн эмчилгээнд өмнө өгсөн 245.000 төгрөгөнд орсон, үлдэгдэл 595.000 төгрөгийн нэхэмжлэл нь ямар нэгэн нотлох баримтгүй байгаа болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Бийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, шүүхээс гаргуулах төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Харин Г.Бийн өмнө эрхэлж байсан ажилаасаа гарсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, шүүх түүнээс хохиролтой холбоотойгоор төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа зэрэг түүний хөрөнгийн байдал, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ад хөнгөн хохирол учирсан боловч бүрэн эдгээгүйг үндэслэн цаашид гарах гэм хор, хор уршигтай холбоотой зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдая.
Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Бд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Бд шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Бэс 2.035.100 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Э.Ад олгож, 675.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.А ажилгүй байсан хугацааны цалин 840.000 төгрөгийн, мөн цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН