| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2202006310014 |
| Дугаар | 2025/ДШМ/391 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/391
2025 04 02 2025/ДШМ/391
И.С, Д.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюунцэцэг,
шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч И.С, Д.А нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.С, Д.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 2202006310014 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И овгийн И.С, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;
2. Б овгийн Д.А, 1982 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../;
Шүүгдэгч И.С нь Нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.13-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлын хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 6.5-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчиж,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан Өлзийбаярын Оийг 2021 оны 12 дугаар сард ажилласан мэт цагийн бүртгэлийн баримтыг Хан- Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн, 12 дугаар сарын цалин 750.621 төгрөгийг бодуулж олгуулсан, уг мөнгөнөөс 600.000 төгрөгийг хэсгийн ахлагч Д.Шын Хаан банкны 5070325725 дугаартай дансаар дамжуулан тус хороонд зохион байгуулагчаар ажилладаг Д.Аад бэлнээр өгүүлж бусдад эдийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Хан-Уул дүүргийн Тамгын газарт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.А нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа тус хорооны Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Стэй бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.13-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ ”, 6.5-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчиж,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан Өлзийбаярын Оийг 2021 оны 12 дугаар сард ажилласан мэт цагийн бүртгэлийн баримтыг Хан- Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн 12 дугаар сарын цалин 750.621 төгрөгийг бодуулж олгуулсан, уг мөнгөнөөс 600.000 төгрөгийг хэсгийн ахлагч Д.Шын Хаан банкны 5070325725 дугаартай дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Хан-Уул дүүргийн Тамгын газарт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: И.С, Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Сийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон”, Д.Аыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Д.Аад нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар түүний оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар И.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зайлсхийвэл ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.С, Д.А нарт тус тус анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Д.А нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт И.С, Д.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.А давж заалдах гомдолдоо: “...би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс бусдад давуу байдал тогтоож албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт гэм буруутайд тогтоосныг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбарыг хийж байна. Үүнд: Миний бие анхан шатны шүүхэд өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй гэх буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно. Шүүхээс миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж Нийтийн албанд орох эрхийг 2 жилээр хасаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй хязгаарлалт тогтоож зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ял шийтгэсэн байна. Эрүүгийн ял нь гэмт хэргийн шинж байдалд тохирсон байхаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуульд хуульчлан заасан байна. Миний бие эрүүл мэндийн байдал, олон жил үргэлжилсэн өвчтэй байнга эмнэлгийн тусламж авах эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах зорилгоор нийслэлийн төв, баруун, зүүн хэсэгт орших эмнэлгийн байгууллагуудаар байнга очих шаардлагатай. Түүнчлэн ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан байнга Төв аймаг руу байнга зорчих шаардлагатай байгааг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв торгох ялыг оногдуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрвэл миний бие төлж торгох ялын биелэлтийг хангах бүрэн боломжтой. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч И.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс бусдад давуу байдал тогтоож албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт гэм буруутайд тооцсоныг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбарыг хийж байна. Үүнд:
Миний бие 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа хэсгийн ахлагч нарын цалинг cap бүр тогтоосон журмын дагуу тогтмол олгодог байсан. Төрийн сан хаагддаг учраас 12 дугаар сарын эхний долоо хоногт багтааж цагийн бүртгэлийг зохих журмын дагуу авч байдаг. Ө.О нь 2021 оны 06 дугаар сараас эхлэн тус хорооны 7 дугаар хэсгийг хариуцсан хэсгийн ахлагчаар ажиллаж байсан ба цагийн бүртгэл өгөх үед үүрэгт ажлаа хийж байсан. Ажил албанаас чөлөөлөгдөөгүй, чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байдаг. Энэ хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөг зохих журмын дагуу авч 1-2 хоног ажилдаа ирээгүй үе байдаг. Гэтэл намайг буруутгаж байгаа яллах дүгнэлтийн үндэслэлд Ө.Оийг 2021 оны 12 дугаар cap буюу нэг cap бүтэн ажиллаагүй гэж буруутгаж байгааг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Ө.О нь 2021 оны 12 дугаар сард ажиллаж өөрийн хариуцсан хэсэгтээ ажилласан болон, гүйцэтгэсэн үүргийнхээ талаар зураг байдлаар надад явуулж хийсэн ажлын мэдээллээ цаг тухайд нь өгч байсан, ажлаас гарч магадгүй гэж ярьж байснаас ажлаасаа халагдсан тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, өөрөө ч ажлаасаа гарах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй, албан хаагчийн цалинг үндэслэлгүйгээр хасах эсвэл бүтэн cap ажлаа хийгээгүй тохиолдолд цалин олгох эрх хэмжээ надад байхгүй юм. Мөн Засаг даргын эрх зүйн байдлын хувьд цалин олгодог эрх хэмжээ, хууль журмаар олгогдоогүй байдаг. Цагийн бүртгэлийг Нийгмийн ажилтан, Хөдөлмөр эрхлэлт халамж хариуцсан мэргэжилтэн, Зохион байгуулагч нар өөрсдийн үнэлгээ дүгнэлтээ хийж нэгтгэн гаргасны дараа хамгийн сүүлд Засаг дарга баталгаажуулан гарын үсэг зурснаар дүүргийн Засаг даргын тамгын газраас цалин олгодог хамтын үйл ажиллагаа, шийдвэр гаргадаг журмаар хэрэгжих зүйлийг ганцхан намайг цалин олгож давуу байдал тогтоож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч И.Сийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч И.Сийн бичгээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо миний өмгөөллийн дүгнэлт, хууль зүйн саналыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг дурдаагүй. Эсрэгээрээ өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг нотолж, баталсан дүгнэлтийг хийсэн юм болов уу гэж бодож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдэл холбогдлын талаар маргаж оролцохдоо шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан санаатай төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна. Харин түүний гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуульд зааснаар санамсар болгоомжгүйгээр хайхрамжгүй хандсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.5 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангасан үйлдэл байсан гэж маргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаахдаа тогтоогдохгүй байна гэсэн боловч эс үйлдэхүйгээр хайнга хандаж үйлдсэн гэмт хэрэг байна гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Хайнга хандаж үйлдэгддэг гэмт хэрэг биш. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо зөрүүтэй байдлаар өмгөөлөгчийн саналыг хүлээж авч байгаа юм шиг дүгнэлт хийсэн. Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар хайнга хандаж буюу болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх юм бол хохирлын шинжээрээ үгүйсгэгдэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. И.С, Д.А нарын холбогдсон гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ 600,000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учирсан. Шүүгдэгч И.Сийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй учраас гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч И.Сийн гомдолд дурдагдаж байгаа баримтууд 3 дугаар хавтаст хэргийн 17, 18, 20 дугаар талд давхардан авагдсан. Анхан шатны шүүх И.С хянаж, шалгах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хэсгийн ахлагч нарын ажил үүргийг анхан шатны журмаар дүгнэлт хийх албан тушаалтнууд нь Э.И.С, Р.Со гэдэг хоёр хүн байгаа. Энэ хүмүүс шүүгдэгч нартай холбоотой гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол гаргасан мөртлөө гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн үндсийг бий болгосон. Өөрсдөө хяналт шалгалт хийхдээ Ө.Оийг хангалттай ажиллаж, гүйцэтгэсэн гэж дүгнэн гарын үсэг зурж баталгаажуулж өгчхөөд И.С нь Ө.Од давуу байдал олгосон гэж гомдол гаргаж байгаа нь хэргийн бодит байдлыг хэрхэн тогтоосон бэ гэдэг дээр эргэлзээ төрүүлж байна. И.С нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр И.С ажил үүргээ зохих ёсны дагуу гүйцэтгэж байсан нь нотлогдоно. Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч И.С, Д.А нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч И.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ө.Оийг ажиллаагүй байхад, 22 хоног ажилласан гэж ажлын үзүүлэлтийг үнэлж, урамшуулал олгосноор төрийн байгууллагад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Ө.О “би ажилласан, хүүхэдтэй болох зорилготой байсан. Гэхдээ н.Б гэдэг хүнээр зарим ажлаа хийлгэдэг байсан” гэж мэдүүлсэн. Ө.Оийн мэдүүлэг н.Бын мэдүүлгээр давхар батлагддаг. н.Б “12 дугаар сард Ө.О ажилласан. Би дутуу ажлыг нь хийж тусалдаг байсан. Эмнэлгээр их явдаг байсан учраас ажилласанд тооцогддог байсан. Хогийн зураг авах, орж, гарах ажлуудыг хийж, 12 дугаар сард Ө.О ажилласан” гэдэг мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр талд авагдсан гэрч н.Оюийн мэдүүлэгт “Ө.О нь 12 дугаар сард бүхэлдээ ажилласан. Гэхдээ дундуур нь эмнэлэг их явдгийг бид нар мэддэг байсан” гэх эх сурвалжаа тодорхой заасан гэрчийн мэдүүлгийг няцааж байгаа үндэслэлээ шүүх дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолд тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй, 3 гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байхад 12 дугаар сард ажиллаагүй хоногийг бодож цалин олгосон гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Ө.О хөдөлмөрийн гэрээгээр биш хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Шууд захирагдах дарга нь хорооны засаг дарга хэдий ч бусад нөхцөл байдал, эрх зүйн хувьд дүүргийн засаг дарга тухайн хэсгийн ахлагчийн цалин, урамшуулал, ажилд авах, чөлөөлөх, чөлөө олгох зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлуудыг хариуцдаг. Засаг даргын Тамгын газрын тушаал 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Хэдийгээр хөлсөөр ажиллаж байгаа ч гэсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарахаас өмнө төрд захирагдах эрх зүйн байдал нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөө албан ёсоор ажлаас гарах хүсэлтээ ирүүлээгүй, хог арилгаж, ажил хийсэн зургаа групп чатад ирүүлж байхад ажлаа хийгээгүй гэж дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол цагийн тооцоо гэж дурдагддаг. Тухайн хороонд 2 зохион байгуулагч, 1 нийгмийн ажилтан, 1 улсын бүртгэгч нар нь хорооны засаг даргын ажлын аппаратад ажиллаж байгаа алба хаагчид хэсгийн ахлагч Ө.Оийн үйл ажиллагаа, ур чадварт үнэлгээ өгснөөр цаг бүртгэл баталгааждаг. Энэ хүмүүс 12 дугаар сард муу ажилласан, ажилдаа ирээгүй, 11 дүгээр сард сайн ажилласан гэх мэт үнэлгээ хийж байж, И.С гарын үсэг зурж, баталгаажуулах ёстой. Тухайн дүгнэлтэд Ө.О сайн ажилласан, цагийн тооцоонд бид ямар нэг гомдол саналгүй гэсэн учраас баталгаажуулж гарын үсэг зурсан. Ө.Оийг ажлаа хийгээгүй гэдгийг мэдсээр байж ингэж дүгнэсэн бол шалгах хэрэгтэй байх. Ажлын ирц, үнэлгээ, цагийн бүртгэлийг засаг дарга гаргадаггүй. Бүх албан хаагч нарт үнэлгээ өгсний дараа ирцийн бүртгэлийг дотоод сүлжээгээр явуулдаг. Засаг даргын Тамгын газраас тушаал гарсны дараа хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болно. Шүүгдэгч Д.А өмгөөлөгч авахаасаа өмнө давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд өөр байр суурьтай оролцож байгаа. Д.А нь “Ө.О 12 дугаар сард ажил хийж, зургаа явуулж байсан” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь дээр дурдсан гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогддог. “н.Ш гэдэг хүний дансаар мөнгө шилжүүлээрэй, эд зүйл авах ёстой” гэж хандаж, мөнгө авсан үйлдэл дээр маргадаггүй. “Хаалга эвдэрхий биш байсан” гэдэг нэг гэрчийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад “манай хороонд ихэвчлэн 60-70 насны хүмүүс ажилладаг” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь н.Ш гэдэг хүний мэдүүлгээр тогтоогддог. Энэ хүмүүстэй гадуур, дотуур явж даарч орж ирдэг. Халуун цай уух боломжийг бүрдүүлье гэдэг байдлаар кофе чанагч, ус буцалгагч, ОО-н суултуур, жигнүүртэй халуун тогоо, пэйч зэргийг худалдаж авсан тухайгаа ярьдаг. Эдгээр зүйлийг авахад хамт явсан гэх гэрчүүд эх сурвалжаа зааж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь өөрт болон бусдад давуу байдал олгох. Давуу байдал олгох гэдгийг нэг мөр тайлбарлаж хэрэглэх дээр учир дутагдалтай байгаа. Урамшууллыг урамшууллаар нь ашиглах ёстой гэдэг журам байгаагүй. И.С, Д.А нарын үйлдэл төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг шууд, санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Нийгмийн аюулын шинж чанар, өөрийн үйлдлийг ухамсарлаж, хүсэж байж хэлбэрийн бүрэлдэхүүний шинж хангагдана. И.С, Д.А нарын хувийн эрх ашиг давамгайлсан уу, нийтийн эрх ашиг давамгайлсан уу гэдэг дэнсэлж үзэх хэрэгтэй. Хувийн эрх ашиг давамгайлсан, бусдад давуу байдал олгосон зүйл тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр миний үйлчлүүлэгч нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.А эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүгдэгчээс өөр байр суурь илэрхийлж байна. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа бол үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж оролцох ёстой байтал өөр байр суурь илэрхийлж байна. Тиймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байна гэж үзэж байна. И.Сийг хайнга хандсан, гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна. Гэхдээ хохирлын шинжээрээ хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэн цагаатгаж өгнө үү гэдэг байр сууринаас шүүгдэгчийн өмгөөлөгч оролцож байна. И.С гэмт хэрэг болсон цаг хугацаанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Засаг дарга ирц, цаг ашиглалтын асуудалд хяналт тавьдаггүй гэж тайлбарласан. Хорооны хэсгийн ахлагч Ө.О ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч үнэлэлт, дүгнэлт өгч байгаа болохоос биш цаг ашиглалтын талаар тодорхойлоогүй. Ажилдаа ирсэн үү, үгүй юу гэдгийг эцсийн байдлаар хянаж, баталгаажуулаад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх албан тушаалтан буюу шууд удирдах албан тушаалтан нь И.С байсан. Энэ хүрээнд зохих ёсоор албан үүргээ гүйцэтгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ө.О нь 2021 оны 12 дугаар сард ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь гэрч н.Бын мэдүүлэг, Ө.Оийн нөхөр н.Ариунбаярын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Ө.О 12 дугаар сард ажиллаагүй нь илэрхий байхад ажилласан мэтээр баримт бүрдүүлж, энэ баримтаа Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, цалин, урамшууллыг бодуулж авч байгаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь И.С, Д.А нарт хууль зүйн туслалцаа үзүүлж, өнөөдрийн давж заалдах шатын шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч И.Сийн тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү, Д.Аын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэдэг байр суурийг илэрхийлж байна. Харилцан эсрэг ашиг сонирхол илэрхийлж байхад нэг өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж шүүх хуралдаанд оролцож байгаа нь хууль ёсонд нийцэж байгаа юу, үгүй юу гэдгийг зайлшгүй хэлэх ёстой байх. Анхан шатны шүүх хуралдаанд Д.А гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт торгох, зорчих эрх хязгаарлах, хорих, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хасах ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх хуралдаанд Д.А шүүгдэгчийн эцсийн үгээ хэлэхдээ ипотекийн зээлтэй, хувийн байдлыг маань харгалзан үзнэ үү гэдэг асуудлыг ярьж, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим, эрүүгийн хариуцлага биелэгдэх агуулгын хүрээнд торгох ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал тавьж, анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэж, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Д.Аад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А нь Ө.Оээс 600.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн, бэлнээр авсан болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр хорооны хаалгыг засах зорилгоор мөнгийг авсан гэх боловч бодит байдал дээр тухайн хорооны хаалга эвдэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ хорооны байранд засвар үйлчилгээг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийдэг. 2021 оны байдлаар ямар нэг байдлаар засвар үйлчилгээ хийгээгүй. 600.000 төгрөгийн эд зүйлийг худалдаж авсан гэж ярьдаг боловч холбогдох баримтыг бүрдүүлж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсний дараа үүссэн нөхцөл байдал байдаг. Эрх мэдэл албан тушаалын байдал урвуулах гэмт үйл баримтын хүрээнд И.С ирцийн хуудаст гарын үсэг зурж, Засаг даргын Тамгын газарт хүргүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатад шүүгдэгч Д.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол 600.000 төгрөгийг төлж барагдуулж, шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Д.А нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.13-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ ”, 6.5-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчиж,
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажилласан мэт цагийн бүртгэлийн баримтыг Хан- Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэн 12 дугаар сарын цалин 750.621 төгрөгийг бодуулж олгуулсан, уг мөнгөнөөс 600.000 төгрөгийг хэсгийн ахлагч Д.Шын Хаан банкны 5070325725 дугаартай дансаар дамжуулан бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Хан-Уул дүүргийн Тамгын газарт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эийн "... Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ө.О 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй байхад хорооны Засаг дарга И.С цагийн бүртгэлийг хянаж, дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлснээр цалинг бодож, Ө.Оийн цалин авдаг Худалдаа хөгжлийн банкны 406143752 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 750.621 төгрөг шилжүүлж өгсөн байна. Ө.Оийн 2021 оны 12 дугаар сарын цалинг бодож олгохдоо олгосон нийгмийн даатгалын шимтгэлд 114.975 төгрөгийн, хувь хүний орлогын албан татварт 63.402 төгрөгийг төлсөн. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 100200155001 Төрийн сангийн данснаас 919.800 төгрөгийг зарлагдаж, хохирол учирсан байна. Хэсгийн ахлагч гэрээгээр ажилладаг учраас цалинг нь урамшуулал гэсэн утгаар олгодог юм. Хэсгийн ахлагч Ө.О 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй бол 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 750.621 төгрөгийг олгохгүй байсан. 1 дүгээр хорооны Засаг даргын хянасан гарын үсэг, тамгатай цагийн бүртгэл ирсэн учраас миний бие тухайн цагийн бүртгэлийг үндэслэн цалинг олгосон. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч Ө.О 2021 оны 11 дүгээр сарыг дуустал ажиллаад 12 дугаар сард ажиллаагүй бол цалин, урамшуулал авахгүй. Хэсгийн ахлагч Ө.О ажиллаагүй байхад олгосон цалинг хорооны Засаг Дарга, зохион байгуулагч нар буцаан авч, оронд нь ажилласан гэх хүмүүст цалинг олгох эрх байхгүй. Төрийн албаны нэгжид хөлсөөр ажиллах гэрээгээр болон үндсэн ажилтнаар ажиллаж байгаа ажилтан нарт цалин урамшуулал олгохдоо Төсвийн тухай хууль, бусад хууль, дүрэм, журмын дагуу олгогдоно. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” /3хх 11-12/,
гэрч Р.С-ын “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Отэй утсаар ярьсан ярианд “...Оээс би цалин чинь бүтэн орсон уу..." гэж асуусан чинь О “тэр мөнгийг чинь С эгчид өгчихсөн шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би яагаад С эгчдээ өгч байгаа юм” гэж асуухад О “миний ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг маань 01 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргана, цалин гэж 750,000 төгрөг орсон байгаа, хорооны хаалга янзална 150,000 төгрөгийг нь өөрөө аваад, үлдсэн 600,000 төгрөгийг нь Ш эгчийн дансанд шилжүүлчих гэхээр нь өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн. О нь миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан гэж бодсон чинь өөрөө утсаар ярихдаа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болоод ажлаасаа гарсан гэж хэлсэн. Тэгэхээр О 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл 2021 оны 12 дугаар 31-ний өдрөөр тушаалыг нь гаргаж, 1 сарын цалинг нь бодож олгоод Д.Ааар дамжуулж буцааж авсан байгаа юм. С гэдэг нь зохион байгуулагч Д.Аыг хэлж байгаа юм. ...Ш эгчийн дансанд шилжүүлсэн гэж ярьсан.” /1хх 36-37/,
гэрч Д.Ш-ын “... Хэсгийн ахлагч О хэзээ ажлаасаа чөлөөлөгдсөн талаар сайн мэдэхгүй байна. Хорооны хурал дээр хэн нэгэн нь хорооны гадна хаалганы цоож гацаад байна, мөн он дуусах гэж байна хорооныхоо байранд жаахан засвар хиймээр байна гэж ярьж байсан. Түүний дараа хэсгийн ахлагчаар ажиллаж байсан О надтай утсаар яриад “та надад дансаа өгчих, би мөнгө шилжүүлэх гэсэн юм, тэр мөнгийг та хороо руу оруулаад өгчхөөрэй” гэж хэлэхээр нь би дансны дугаараа явуулсан. О миний дансанд 2021 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн мөнгийг би данснаасаа АТМ-с бэлнээр аваад хорооны байранд ороход дарга И.С, зохион байгуулагч Д.А нар байгаагүй. Тэгэхээр нь би тухайн өдөр жижүүрт гарч байсан ажилтанд “энэ мөнгийг дарга, зохион байгуулагч Д.А өгчихөөрэй” гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би гараад явчихсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. О мөнгө шилжүүлэхээр нь аваад ир гэж хэн ч надад хэлээгүй байсан. О өөрөө л надтай утсаар ярихдаа “дансаа өгчих танд мөнгө шилжүүлнэ, шилжүүлсэн мөнгийг хороо руу оруулаад өгчих” гэсэн. О надад яг ямар учиртай мөнгө болох талаар тайлбарлаж хэлээгүй. Дарга нарт өгчхөөрэй л гэж хэлсэн. Харин зээлүүлсэн мөнгө бол тусдаа. /1хх 39-40/,
“...О 2021 оны 12 дугаар сард 600.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн байсан. Би тухайн үед шилжүүлснийг ч мэдээгүй. Учир нь би мобайл банк ашигладаггүй дансны мэдээлэл мессежээр ирдэггүй байсан юм. О надтай утсаар ярихдаа “дансанд мөнгө оруулчихлаа, С эгчид өгчхөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юун мөнгө юм, ямар учиртай мөнгө юм бэ" гэж асуугаагүй. Тухайн өдөртөө мөнгийг АТМ-с бэлнээр авч ажил дээрээ очиж зохион байгуулагч Д.Аад “О энэ мөнгийг өгүүлж байна” гэж хэлж өгөөд гараад явсан. Д.А мэдэж байсан мэт “наанаа тавьчих” гэхэд нь би ширээн дээр нь хажууд тавьчихаад гараад явсан.” /1хх 42-43/,
гэрч Ч.С-н “...Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар томилогдсон. Тухайн үед би ажил хайгаад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргатай очиж уулзаад “ажилд орох хүсэлтэй” байгаагаа хэлээд 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажилд орсон. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн. Миний хувьд 1 жил 1 cap ажилласан. Өөрийн хүсэлтээр гарсан. Намайг ажиллаж байхад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргагүй байсан. Харин Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С гэх хүн байсан. Намайг ажлаас чөлөөлөгдөхөд Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй. Би өөрийн хүсэлтээрээ гарсан. Би чинь шилдэг ажилтан байсан. Намайг ажлаа хийж чадахгүй гэж хэн хэлж байгаа юм. Намайг ажлаа хийж чадахгүй гэж дарамталсаар байгаад ажлаас гаргасан зүйл байхгүй. Би Худалдаа хөгжлийн банкны 459004592 тоот дансаар цалингаа авдаг байсан. Тухайн үед би ажилласан цалингаа л авсан. Тухайн үед сард нэг л удаа цалин авдаг байсан ба гар дээр 500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Цалин cap бүрийн 20-ны өдөр буудаг байсан. Би хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цалин авсан. Түүнээс хойш цалин аваагүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо нь тухайн онд шилдэг шалгарч шагнуулсан. Тэгээд шинэ жил тэмдэглэе гэж хамт олноороо ажилтан нар сайн дураараа шинэ жилийн арга хэмжээний мөнгийг хураалгаад жилийн арга хэмжээг Нүхтэд тэмдэглэсэн. Нэг хүнээс 150.000 төгрөгийг цуглуулж байсан... “ /1хх 71/,
гэрч Ө.Оийн “...Намайг ажлаас чөлөөлөгдөхөд Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Сийн зүгээс нөлөөлсөн, дарамталсан зүйл огт байхгүй. Би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 2021 оны 10, 11 дүгээр сард ажиллаж байхдаа их чөлөө авч, эмнэлгээр явсан. Учир нь ковид тусаад түүнээс хойш үзүүлээгүй, шинжилгээ өгөөгүй, хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн байсан учраас биеэ үзүүлж, шинжилгээ өгч эмнэлгээр явсан. Энэ үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С надаас “ямар шалтгаанаар байнга чөлөө авч байгаа, эмнэлгээр яагаад яваад байгаа” талаар асууж байсан. Би өөрийн учир байдлыг хэлээд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн тухайгаа хэлсэн. Мөн дараа нь жирэмсэн болсноо хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. ...Со эгчтэй 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ярьсан ярианы бичлэг байна “...12 сарын цалин бүтнээр нь өгсөн гэсэн авсан уу гэж асуухад нь би “авсан гэхдээ С эгчид өгчихсөн шүү дээ, тушаалыг 01 сарын 01-ний өдрөөс гаргачихъя, чиний оронд өөр хүмүүс ажиллаж байгаа юм чинь, цалин чинь орохоороо өгчихгүй юу, хорооны хаалга солино” гэхээр нь “за” гэсэн Тэгээд “750.000 төгрөг орно 150.000 төгрөгийг нь аваад 600.000 төгрөгийг шилжүүлчихгүй юу” гэхээр нь Ш эгчийн данс руу шилжүүлсэн гэж Со эгч бид хоёр ярьсан. Зохин байгуулагч Д.А “цалин гэж 750.000 мөнгө орсон байгаа 150.000 аваад 600.000 төгрөгийг нь буцааж Шын данс руу шилжүүл” гэж ярьсан. Тэгээд Ш эгчийн дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын дуустал ажилласан. Тэгэхдээ ажлаас чөлөөлөгдсөн тушаал маань 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан байна. Миний хийх ёстой ажлыг 12 дугаар сарыг дуустал Б гэх залуу хийж байсан. Миний хувьд 12 дугаар сард огт ажиллаагүй биш, хааяа дуудахад хогны зураг явуулах гэх мэт ажлуудыг хийж байсан. Саяны яриа бичлэг дээр 12 дугаар сарын 04-ний өдөр хогны зураг явуулсан талаар дурдсан байна. Миний хувьд 2021 оны 10, 11 дүгээр сард эмнэлгээр явж байхдаа мөнгө хэрэг болсон үедээ Ш эгчээс хэд хэдэн удаа мөнгө зээлсэн, нийт 600.000 төгрөгийг зээлж авсан 600.000 төгрөгөө буцааж өгсөн. Миний хувьд хорооны хаалга янзлаарай гэж мөн өгөөгүй. Ш эгчээс эгчээс авсан 600.000 төгрөгөө буцааж өгсөн..." /1хх 73-74/,
гэрч Б.М-ын “...Авлигатай тэмцэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/14721 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/14720 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох баримтуудыг архиваас шүүж хүргүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг Авлигатай тэмцэх газраас дуудан ирүүлж, тухайн хоёр албан тоотын дагуу ирүүлсэн баримтууд гүйцэд эсэхийг асуусан. Тухайн үед албан бичгийн хариуг би явуулаагүй байсан учраас тодорхой хариулт өгч чадахгүй байсан учир буцаж яваад баримтуудаа шүүгээд дахин нягтлаад, нэмэлтээр 5 хүнийг ажилд томилсон, чөлөөлсөн таван хуудас баримтыг авчирлаа. Тухайн 5 хуудас баримт дээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр хуулбар үнэн дарсан байгаа. Үүнээс өөр баримтууд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын архивд байхгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны байр засварласан, тухайн хороонд ямар нэгэн мөнгө санхүүжилттэй холбоотой үйл ажиллагаа хийсэнтэй холбоотой баримт архивд байгаа эсэхийг шүүхэд ямар нэгэн баримт олдоогүй. Хан-Уул дүүргийн хороонууд нь Засаг даргын Тамгын газартаа харьяалагддаг учраас 2023 он хүртэл өөрийн гэсэн төсөв, санхүү байгаагүй. Үйл ажиллагааны зардлыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргадаг байсан. Хорооны байрны хаалга янзлах гэх мэт ажлыг дүүргийн Нийтлэг үйлчилгээний албанаас хийдэг. Мөн хороонд томилогдон ажиллах, чөлөөлөгдөх асуудал нь дүүргийн Тамгын газраас тушаал гарч шийдвэрлэгддэг. 2020, 2021 онуудад хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч, ахлагч нарыг томилж, чөлөөлөх тушаалыг дүүргийн ЗДТГ-ын Тамгын дарга гаргадаг байсан. 2022 оноос хойш хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарыг томилж, чөлөөлөх тушаалыг дүүргийн ЗДТГ-ын Тамгын дарга тушаал гаргадаг. Харин хэсгийн ахлагч нарыг томилж, чөлөөлөх тушаалыг хорооны Засаг дарга гаргадаг...” /1хх 76/,
гэрч Н.Бын “...Ө.О гэж 7 дугаар хэсгийн ахлагчаар томилогдож ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Оийн хувьд нээх удаагүй санагдаж байна. 2021 оны 6 дугаар сард ажилд орж, оны өмнөхөн 12 дугаар сард ажлаасаа гарсан байх. Яагаад ийм сайн санаж байна гэхээр Оийн хувьд их чөлөө авдаг, эмнэлгээр яваад байна гэдэг байсан. Миний хувьд Оийг байхгүйд ажлыг нь орлож хийдэг байсан. 2021 оны сүүлээр О ажлаасаа гарсан гээд 7 дугаар хэсгийн ажлыг би давхар хийж байсан. Ө.О 2021 оны 12 дугаар сард ерөнхийдөө ажилласан. Оийн хувьд ажлаас оны 12 дугаар сарын сүүлээр чөлөөлөгдсөн шиг санаж байна. О ажлаас чөлөөлөгдөхийнхөө өмнө ажилдаа алдаг онон ирэн очдог байсан ба яг 100 хувь ажиллаагүй ч би дутуу ажлыг нь хийж байсан учраас ажилласанд тооцогдож явсан. Дүүргүүдээс судалгаа авах гэх мэтийн ажил орж ирэхэд О хааяа дуудагдан ирж ажиллаж байсан. Байгууллагын удирдлага нь хорооны Засаг дарга байгаа. Хорооны Засаг дарга ажилтан нартаа дарамт шахалт үзүүлдэг зүйл байхгүй. Манай хороо 15 ажилтантай, түүнээс хоёр хүн эрэгтэй, бусад нь бүгд эмэгтэйчүүд байдаг. Залуу хүмүүс их ховор доо, дандаа тэтгэврийн насны эгч нар байдаг юм. Эмэгтэйчүүд байдаг учир янз бүрийн хов жив, хэл ам байж л байдаг. Би тэр болгонд нь ороод байдаггүй, урдах ажлаа хийгээд явж байдаг юм. Сарнай гэх хэсгийн ахлагчийн хувьд өөрөө ажилдаа ирэхгүй хэл чимээгүй алга болсон, харин О нь жирэмсэн болсон, тэгээд ажлаасаа гарсан гэсэн. Хорооны хаалгыг 2021-2022 онуудад янзлаагүй. Хаалга эвдрээгүй. Засвар /бохир, дулаан, цахилгаан, засвар гэх мэт/ үйлчилгээг Нийтлэг үйлчилгээний албанаас ирж хийдэг..." /1хх 78/,
гэрч Э.А-ын “...Манай эхнэр Ө.О 2021 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажилд орсон. ...О жирэмсэн болсон тул ажлаасаа гарах шийдвэр гаргаад, 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс тасалбар болгож ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичиж өгөөд, ажлаасаа гарч байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр cарын 31-ний өдөр ажлаасаа гарсан гэж байсан. Тэгсэн хэдий ч 2021 оны 12 дугаар сард хааяа “ажилдаа явлаа” гээд гэрээс гараад явдаг байсан. Тушаал шийдвэр нь яг хэзээ гарсныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. 12 дугаар сард цалин гэж 750.000 төгрөг орсноос 150.000 төгрөгийг аваад 600.000 төгрөгийг нь С эгчид “хорооны хаалга янзлуулна гээд өгсөн гэж ярьж байсан.” /1хх 83-84/,
гэрч Ж.Э-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн ахлагчаар ажилд орсон. Дарга, зохион байгуулагч хоёр тус тусдаа өрөөнд суудаг бусад нь нэг цэгийн өрөөндөө бөөндөө сууж ажилладаг. Манай дарга залуу хүн байж ажилдаа их гайгүй, хамт олонтойгоо эвтэй, зүгээр л харьцдаг хүн байгаа юм. Ажлын шаардлага тавихын хувьд тавьж л байдаг. Тэгэхдээ ёс бусаар хүнийг хэлж, загнаж дарамталж байхыг нь би хараагүй....хэн нэгэн хүн даргын үүрэг гүйцэтгэгчээр И.С, зохион байгуулагч Д.А нар дарамталсан энэ тэр гэж ярьж байхыг дуулаагүй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр “хүүхдэд маань бэлэг өгнө’ гээд хорооноос дуудсан, бэлгийг авахдаа Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Стэй уулзсан. Надтай уулзаж “за яасан юм бэ" гэж асуухаар нь би амьдралаа ярьсан чинь “та өрх толгойлсон, мөн охинтойгоо хоёулаа амьдардаг хүн юм байна, ажилд орох уу, хэсгийн ахлагчийн ажил байгаа” гэж асуухад нь би анкетаа бөглөөд ажилд орсон... “ /1хх 48-49/,
гэрч Б.О-ийн “...Э ажилд ороод хэсгийн ахлагчийн ажлыг хийж чадахгүй байсан учир би очиж ажилд нь тусалдаг байсан. Сүүлд Э “350.000 төгрөгийн цалинтай энэ ажлыг чинь би хийж чадахгүй юм байна өөр ажилд орно" гэхээр нь би өмнөөс нь ажлыг нь хийгээд цалинг нь аваад явдаг байсан. Тэгээд зөрчил үүсээд байсан учраас 2022 оны 12 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн. 2023 оны 01 дүгээр сараас намайг албан ёсоор томилж ажилд оруулсан. Би хорооны Засаг дарга И.Сд амьдрал ахуйгаа яриад “өр зээлтэй байна, ажил хийе” гэсэн. Намайг буцаагаад ажилд авах гэхээр болохгүй байсан учраас манай бэр охин Эыг ажилд авсан. Э нь уг нь эхэндээ ажиллаж байсан, би их зүйл зааж, зарим ажлыг нь урдуур нь орж хийдэг байсан. Үүнийг хорооны ажилтан, дарга нар мэддэг байсан ба И.С дарга “болохгүй” талаар удаа дараа хэлж байсан. Амьдралд 5 төгрөг хэрэгтэй байсан учраас Эын өмнөөс ажлыг нь хийсээр байгаад хорооны Засаг дарга аргагүй эрхэнд Эын оронд намайг ажиллуулдаг байсан. Би ажлыг нь хийгээд Э тайлан гаргадаг байсан. Хорооны засаг дарга И.С ажилтан нартайгаа харьцаж, дарамталж байсныг би хараагүй. Хүмүүсийг ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаагүй.” /1хх 80-81/,
шүүгдэгч Д.Аын яллагдагчаар өгсөн “...Хорооны аж ахуйн засвар, цэвэрлэгээний хэрэгсэл гэх мэтийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэдэг. Тэгэхдээ тэр болгон бүрэн шийдвэрлээд байдаггүй хогийн шүүр, хутгуур, ус буцалгагч, ус цэвэршүүлэгч, кофе чанагч энэ тэрийг мөнгө гаргаж авах болдог. 2021 оны 12 дугаар сард шинэ жилийн баяр болох гээд бид ярьж байгаад ус буцалгагч, печь үүдний гишгүүр, кофе чанагч аяга угаадаг зүйл зэргийг авъя гэсэн. Тэгээд хэсгийн ахлагч Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй байхад ажилласан гэж 750.000 төгрөгийн цалин орсныг хэсгийн ахлагч Ш эгчийн дансаар дамжуулан 600.000 төгрөгийг авч дээрх эд зүйлсийг авсан юм. Хэсгийн ахлагч Ө.О 2021 оны 12 дугаар сард ажиллагаагүй. Иймд би Ө.Отэй утсаар ярихдаа “чамд 12 сарын цалин гэж 750.000 төгрөг орсон байгаа, 150.000 төгрөгийг нь өөрөө аваад, үлдсэн 600.000 төгрөгийг нь Ш эгчийн дансанд хийчих, бид нар хорооны хаалганы цоож янзлах, хороонд юм авах гэж байгаа юм” гэж хэлсэн. О “за” гэсэн. Тухайн үед би Ш эгчид “дансанд чинь Оээс 600.000 төгрөг орсон байгаа, тэрийг та аваад ир” гэхэд Ш эгч “за” л гэсэн. Ш эгчийн хувьд янз бүрийн юм асуугаад байдаггүй юм. Тэгээд Ш эгч 600.000 төгрөгийг бэлнээр надад авчирч өгсөн. Би хэсгийн ахлагч Ою, Б, Од, бид 4 Баялаг-Ундраа дэлгүүр лүү явж тухайн 600,000 төгрөгөөр ус буцалгагч, печь, гишгүүр, кофе чанагч, шал угаадаг зүйл зэргийг хороондоо авсан. Хороонд ажиллаж байгаа бүх ажилтан нарын ажилласан цагийн тооцоо, бүртгэл бүхий хүснэгт дээр хорооны нийгмийн ажилтан, хоёр зохион байгуулагч, халамжийн мэргэжилтэн, улсын бүртгэгч нар гарын үсэг зураад, дараа нь хорооны Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулаад дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлснээр цалин бодогдож ордог юм. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Сийн хувьд хэсгийн ахлагч Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй байхад нь ажилласан гэж цагийн бүртгэлийг баталгаажуулж дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Тэрнээс биш 600.000 төгрөгийг нь буцааж аваад хороонд эд зүйл авсныг мэдээгүй. Харин дээрх эд зүйлийг авсны хойно “ямар мөнгөөр энэ зүйлсийг авсан юм” гэж асуухад нь хэлэхэд мэдсэн. Хэсгийн ахлагч Ө.О ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сүүлд бичиж өгсөн юм.” /2хх 215-216/,
шүүгдэгч И.Сийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд хэсгийн ахлагч Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй гэдгийг тухайн үед мэдээгүй. Сүүлд нь мэдсэн. Хэзээ мэдсэн гэхээр 2021 оны 12 дугаар шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх үед мэдсэн юм. Хэсгийн ахлагч Ө.Оийн нөхөр А нь их хартай юм шиг байна лээ. Ө.О миний үеийн эмэгтэй учраас би найз нь гэж ярьдаг байсан Ө.О надад хэлэхдээ “ажлаас гардаг юм уу, нөхөр ажил хийлгэхгүй хардаад байна” гэж хэлж байсан. Тэрнээс хүүхэдтэй болсон, ажлаас чөлөөлөгдөнө гэж хэлж байгаагүй. Хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие хэсгийн ахлагч нараас хэн хэн ажиллаж байгааг мэдэж байх ёстой. Тэгэхдээ хэсгийн ахлагч нар гадуур явах ажил ихтэй байдаг ба хорооны байранд байнга сууж ажиллаад байдаггүй. Зарим нь хааяа хороон дээр орж ирсэн байхад, зарим нь хорооны айлуудаар, хариуцсан газруудаас явж ажиллаж байдаг. Хэсгийн ахлагч нарын хувьд төрийн алба хаагч биш, хөлсний гэрээгээр ажилладаг, бага цалин авдаг учраас, төрийн албаны хамгийн эхний анхан шатны ажлыг эд нарын хөлийн улаар хийж байна даа гэж бодож зарим үед өвчтэй чөлөөтэй байсныг харгалзан цалин мөнгийг нь бүтэн өгчих юм сан гээд цагийн бүртгэлийг бичээд явуулдаг байсан. Тухайн 600.000 төгрөгөөр печь, хогийн шүүр, шалавч гэх зүйлийг хороонд авсан байсан. Тэгэхээр нь би “та хэд хаачаад ирж байгаа юм” гэж асуусан чинь “Оийн ажиллаагүй цалин орсон, цагийн бүртгэлийг нь явуулсан чинь цалин нь орчихсон юм билээ, тэрийг буцааж өгснийг аваад юм аваад ирлээ” гэж хариулсан. Яг хэн нь тэгж хариулсныг би мэдэхгүй байна. Тухайн үед нэг их тоохгүй, юм бодохгүй өнгөрсөн. Учир нь, О өвчтэй зовлонтой гээд ажлаа хийхгүй байна гээд бусад нь хэлдэг байсан. Тэгээд нөгөө хэд дээ мөнгө өгч, юм авсан юм байгаа биз гэж л бодсон. Хороонд ажиллаж байгаа бүх ажилтан нарын ажилласан цагийн тооцоо, бүртгэл бүхий хүснэгт дээр хорооны нийгмийн ажилтан, хоёр зохион байгуулагч, 1 халамжийн мэргэжилтэн, 1 улсын бүртгэгч нар гарын үсэг зураад, дараа нь хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний гарын үсэг зурж баталгаажуулагдаад дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр цалин бодогдож ордог. Хэсгийн ахлагч Ө.О ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ бичүүлж, хүлээн авсныг би ёстой санахгүй байна. ...” /2хх 221-222/ гэсэн мэдүүлгүүд,
“Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч Ө.О, зохион байгуулагч Р.Со нар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр утсаар ярьсан гэх ярианы бичлэг бүхий DVD хуурцаг”-ийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 29/,
Гэрч Э.И.Сээс гаргасан Ө.О, Р.Со нар хоорондоо утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-31/,
Хаан банк дахь Д.Шын 5070325725 дугаартай дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ө.Оийн ХХБ дахь 406143752 дугаартай дансны хуулга /2хх 83-87, 3хх 1, 2-3/,
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/374 дүгээр “Хороодын хэсгийн ахлагч нарт урамшуулал олгох тухай” тушаал, түүний хавсралтууд /3хх 16-17, 22-23/,
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч Ө.Оийн 2021 оны 12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт /3хх 14-15/,
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын газраас 2021 оны 1-12 сарын хооронд тус дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарт олгосон цалингийн дэлгэрэнгүй карт /1хх 160/,
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан Хорооны Зохион байгуулагч /туслах түшмэл, ТЗ-З ангилал/ албан тушаалын тодорхойлолт баримт /1хх 196-200/,
Хорооны Засаг даргын /УТ, ахлах түшмэл/ албан тушаалын тодорхойлсон баримт /1хх 13-17/,
Ө.Оийн тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт бичгээр гаргасан өргөдөл болон түүнийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн ажилд томилж, чөлөөлсөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн Б/160 дугаар, 2021 оны 12 сарын 31-ны өдрийн Б/394 дугаар тушаалын хуулбар /1хх 182-183, 201-202, 208/,
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 730 дугаар албан бичиг /1хх 210/,
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаар тушаал, уг тушаалыг 1, 2 дугаар хавсралт, мөн алба хаагчдын цалин, зэрэглэл тогтоосон тушаалын 4 дүгээр хавсралт баримтууд /2хх 38-51/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аын өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна “шүүгдэгч Д.Аыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Тус гэмт хэрэг нь субъектив талын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдгаараа онцлогтой.
Хэргийн материалаас үзэхэд, И.Сийн үйлдэлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэх нотлох баримт авагдаагүй байх тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал олгох гэсэн сэдэл зорилготой, өөрийн хийж буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдэж, хүсэж үйлдсэн байх шинж хангагдсаны эцэст гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үздэг.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч И.С нь хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажилласан гэж цагийн бүртгэлийн баримтыг Хан- Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн, 12 дугаар сарын цалин 750,621 төгрөгийг бодуулж олгуулсан, уг мөнгөнөөс 600,000 төгрөгийг хэсгийн ахлагч Д.Шын Хаан банкны 5070325725 дугаартай дансаар дамжуулан тус хороонд зохион байгуулагчаар ажилладаг Д.Аад бэлнээр өгүүлж, уг мөнгөөр хороондоо эд зүйлс авсан гэх үйл явдлыг мэдэж байсан, санаатайгаар хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин хэсгийн ахлагч нарын ажлыг Д.А, Р.Со, Э.И.С, Г.Д, Т.О нарын 5 хүн дүгнэж гарын үсэг зурсан, уг дүгнэсэн асуудлыг хянаж И.С гарын үсэг зурсан нөхцөл байдал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний хооронд ажилласан хоног, ажлын үзүүлэлтийн хүснэгтээр тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар шүүгдэгч И.С уг цалингийн хүснэгтийг хянаж гарын үсэг зурсан байдлаас өөр түүнийг гэм буруутайд тооцох бичгийн нотлох баримт байхгүй байх бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, уг нөхцөл байдлыг мэдэж байж гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Иймээс хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар буюу хохирогч, гэрч, яллагдагч нарын өөрсдийнх нь дээр дурдсан мэдүүлгүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул И.Сийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин Д.Аын хувьд нийтийн албан тушаалтан мөн бөгөөд тухайн хороонд зохион байгуулагч буюу төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, идэвхтэй үйлдлээр бусадтай харилцаа холбоо тогтоож, 600,000 төгрөгийг бэлнээр авсан нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Учир нь, “Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг хамааруулан ойлгодог.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “...төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон бөгөөд Д.Аын хувьд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагч /ТЗ-3, туслах түшмэл/-ийн албан тушаалд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субъект мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Д.А нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ө.Оийг 2021 оны 12 дугаар сард ажиллаагүй, ажлаасаа гарсан гэдгийг мэдсээр байж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний хооронд ажилласан хоног, ажлын үзүүлэлтийн хүснэгтэд 22 ажилласан гэж Р.Со, Э.И.С, Г.Д, Т.О нарын хамт дүгнэж гарын үсэг зурсан, цалин нь бодогдож орсны дараа Ө.Отэй холбогдож, 600,000 төгрөгийг нь бусдын дансаар дамжуулан авсан үйлдлийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт байсангүй.
Иймд шүүгдэгч Д.Аын өмгөөлөгчийн гаргасан тайлбарт үндэслэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах, эсхүл өөр бусад зүйлчлэлд хамааруулан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.
Анхан шатны шүүхээс дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Аыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул түүнийг нийтийн албан тушаалтан биш гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.С, Д.А нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/849 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Нийслэлийн прокурорын газраас И.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс И.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Д.Аыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,
“Д.Аыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аад нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар түүний оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зайлсхийвэл ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.С, Д.А нарт тус тус анхааруулж, мэдэгдсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Д.А нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ