Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 117

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Х.О /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Од холбогдох 1730000890035 эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн харьяат, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар, 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүйцүүлэн хасч 1 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж сулласан,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Х.О.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Х.О нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн иргэн Д.Өыг хуурч 1.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: БНМАУ-ын иргэн Х.О би Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үзэл бодол, үг яриагаа Монгол Улсын шүүхийн өмнө үнэн шударгаар хэлэхээ батлан тангаргалж байна. Би 2017 оны 09 дүгээр сард Д.Ө гэдэг хүнээс 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тухайн мөнгийг би залилж аваагүй, түр зээлж авсан. Надад мөнгөний хэрэг гарчихлаа, та надад хэд хоногийн хугацаатай зээлүүлээч гэхэд “ тэг тэг, ахад нь одоохондоо мөнгөний хэрэг байхгүй ” гээд зээлүүлсэн. Хүний мөнгийг авсан учраас буцааж өгнө. Мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Д.Ө ахтай банкны гадаа танилцсан. Овог, нэрээ буруу хэлж танилцсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйж байна... гэв.

 

- Шүүгдэгч Х.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Д.Ө гэдэг хүнтэй Асгат суманд очоод 2-3 хонож байгаад танилцсан юм. Би Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод мэргэжлээрээ хятад хэлний орчуулагч хийхээр явж байсан юм. Тэгээр Асгат суман дээрээс боомт руу унаа явдаг гэхээр нь маргааш нь явна гэж үлдсэн юм. ... Д.Ө гэдэг хүнээс 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Би мөнгийг нь удаахгүй буцааж өгнө. Би өөрийн хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуймаар байна” гэх мэдүүлэг /хх-40-41/,

 

- Хохирогч Д.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Асгат сумын цэцэрлэгт галч, жижүүр хийдэг юм. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкнаас цалингийн зээл гэж 1.800.000 төгрөг авсан юм. Цалингийн зээлээ аваад банкнаас гараад явж байтал үл таних залуу /өмнө нь ганц нэг уулзсан/ эхнэр бид бид хоёртой уулзаад би ХААН банкинд ажилд орж байгаа юм. Ахаа надад 1 сая төгрөгөө зээлчих би хүүтэй дансанд хийгээд маргааш гэхэд мөнгийг чинь гаргаад өгөх үү гээд гуйгаад байхаар нь хэд хоногтоо мөнгө хэрэглэхгүй юм чинь гэж бодоод уг хүнд 1.000.000 төгрөг өгсөн юм. Би тэр хүнийг өмнө нь 4 дүгээр багийн Засаг дарга Ц.Б манай найз гээд дагуулаад явж байхад нь харсан. Мөн тэднийд очиход гэрт нь байсан. Тэр залуу нь манай нэг таньдаг ах Э гэдэг айлд амьдарч байгаа гэж байсан. Тухайн үед тэр залуу өөрийгөө Дорнод аймгийн Матад сумын уяач Цын хүү С гэж танилцуулж байсан. Танай сумын ХААН банкинд ажилд орох гэж байгаа гэж ярьж байсан. Мөн суманд байх хугацаандаа Э гэдэг айлд амьдарч байгаа гэж ярьсан болохоор нь Э гэдэг хүнээс утсаар асуусан чинь манайд байгаа банкинд ажилд орохоор ирээд байгаа гэхээр нь би тайвшраад аймаг явсан юм. Тэгээд маргааш нь аймгаас ирээд нөгөө үл таних залууг сумын төвөөр хайгаад явтал алга болсон байсан. Тэгээд би тэр хүнд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр залууг сайн танихгүй. Манай сумын банкинд ажилд орох гэж ирсэн сураг сонссон. Тиймээс тэр хүнд итгэсэн юм. Миний хувьд гомдолтой байна. Энэ хүүхэд миний итгэлийг эвдэж надаас мөнгө аваад алга болсон. Тиймээс би энэ хүүхдэд өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-13/,

 

           - Гэрч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Д.Өын эхнэр нь юм. Бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкнаас нөхрийн цалингийн зээл аваад гарч байтал өөрийгөө С гэж танилцуулсан залуу араас гарч ирээд “Та хоёр мөнгөө надад өгчих, мөнгөө хэзээ хэрэгтэй үедээ хэлээд ав, би хүүтэй дансанд хийгээд байж байна” гэж хэлээд манай нөхрөөс 1 сая төгрөг авсан юм. Манай нөхөр өмнө нь Ц гэдэг айлд очиж хүү нь цэцэрлэгийн нябо тул нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлээд зээл авах гэж байгаа талаараа ярьсан юм байна. Тэр үед С гэдэг залуу тэр айлд байж байсан ба үүний дараа Цын хүү багийн дарга Бгийн хамт манайхаар нэг ирсэн юм. Тэрнээс хойш дахиж ганцаараа орж ирээд би та хоёрт тус болно гэж ярьж байсан. Түүнээс өөр тэр залууг танихгүй. Надад бол өөрийгөө танилцуулаагүй. Намайг гадуур явж байгаад гэрт ирэхэд манай нөхөртэй гэрт сууж байсан. Өмнө нь мөн багийн даргатай ирээд гарч байсан болохоор би нэг их юм бодоогүй юм” гэх мэдүүлэг /хх-16-17/,

 

- Гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би С гэдэг залууг танихгүй. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын төвд явж байтал нэг залуу явж байхаар нь манай захиргаанд ажилладаг Э гэдэг залууг явж байна гэж бодоод хажууд нь зогссон чинь танихгүй хүн байсан. Тэгээд надтай танилцаад “Би танай сумын банкинд ажилд орох гэж байгаа, өөрийгөө С гэдэг аав нь улсын алдарт уяач Ц гэдэг хүний хүүхэд, би Э ахынд амьдарч байгаа” гэсэн. Тэгээд танай сумтай танилцмаар байна гэхээр нь би мотоцикльтой сундалж сумын төвийг нэг тойруулаад Д.Ө гэдэг айлын гадуур гарч байгаад тэр айлаар ороод гарсан юм. Тэндээсээ гараад манай гэрт ороод байж байтал Д.Ө ах араас орж ирээд манай дүүгээр нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлнэ, цалингийн зээл авах гэж байгаа талаар ярьж байсан. Тэгээд тэр залуу манайхаас гараад Э гэдэг айл руу явлаа гээд явсан юм. Тэр оройноо 6 цагийн үед ирж гэрт сууж байгаад гараад явсан ба явахад нь би хамт түүний сууж байсан Э гэдэг айл руу орж цай уугаад ажил руугаа явсан юм. Өөрөө аль банкинд ажилд орох гэж байгаа талаараа яриагүй. Тухайн үед банкинд юугаар орох гэж байгаа юм бэ хүмүүс нь бүгд ажиллаж байгаа талаар асуухад би дээрээ мотортой гэж ярьж байсан. Тэр өдрөөс хойш би тэр залуутай эргэж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-18-19/,

 

- Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: анх 9 сарын эхээр аймгаас Энхмөнх гэдэг хүүхэд С гэгч залууг дагуулж ирээд танай суманд банкинд ажилд орох гэж байгаа юм байна. Тэгээд таньдаг айл байхгүй тул та энэ хүүхдийг хэд хоног гэртээ байлгаач гээд дагуулж ирсэн юм. Тэгэхээр нь би гэр оронгүй байгаа бол манайд хэд хонож болно гэж хэлээд манайд 3 хоносон юм. Би чухам хэдний өдөр ирсэн талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан манайд 3 хоноод явсан. Тухайн үед би аймаг яваад орой нь ирээд эхнэрээсээ нөгөө хүүхэд хаашаа явсан юм бэ? гэж асуутал захиргааны хажууд байранд орж байгаа гээд цүнхтэй хувцсаа аваад гарсан гэж байсан. Тэрнээс хойш ирээгүй. С гэдэг залуу нь өөрийгөө надад 1988 оных гэж хэлж байсан. Биеийн өндөр нь 165 см орчим өндөртэй, шар царайтай, нүүрний хэлбэр зуувандуу, нүдний өнгө бор царайтай онигордуу нүдтэй, хамар нь монхор байсан байх одоо сайн санахгүй байна. Би одоо зургийг нь харвал танина байх. Надад банкинд л ажилд орно гэж ярьж байсан болохоос аль банкинд ямар ажлаар орох гэж байгаа талаар яриагүй. Манайхаас явснаас хойш би уг залуутай эргэж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-20/,  

 

  - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2017.09.25-ны өдрийн 17000089 дугаартай тогтоол / хх-01/

 

  - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хх-11 /

 

          -  Х.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46 /

 

  - Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018.03.09-ний өдрийн тодорхойлолт / хх-44 /,

 

  -  Х.Огийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,

 

  - Зургаар таниж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-25-34/,

 

  - Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-61-62/,

 

- Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-71-74/,

 

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-59/,

 

- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-70/,   

 

- хуулбар /хх-76-80/ зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

           Шүүгдэгч Х.О нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн иргэн Д.Өыг “ өөрийгөө тус сумын Хаан банкинд ажилд орж байгаа “ гэж хуурч түүний 1.000.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүгдэгч Х.О, хохирогч Д.Ө, гэрч Б.А, Ц.Б, Ц.Э, А.А нарын мэдүүлгүүд, 2017 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 09-ний өдрүүдийн Зургаар таниж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

   Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Х.О нь 2017 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд ирж тус сумын иргэн Ц.Б, хохирогч Д.Ө нарт өөрийгөө “ Дорнод аймгийн Мадат сумын уяач Цын хүү С, тус сумын Хаан банкинд ажилд орох гэж байгаа “ гэж танилцуулан, 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Бгийнд байхдаа хохирогч Д.Өын банкнаас зээл авах гэж байгаа асуудлыг мэдэж, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Д.Өыг эхнэр Б.Аын хамт банкнаас зээл аваад гарч байхад нь уулзаж “  Хаан банкинд ажилд орж байгаа юм, нэг сая төгрөг зээлчих, хүүтэй нь дансанд хийгээд маргааш өгнө” гэж хэлэн 1.000.000 төгрөгийг нь авсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

   Тухайлбал, Х.О нь Асгат сумын иргэдэд өөрийн харьяалал, овог, нэрийг худал танилцуулж, мөн өөрийгөө “ сумын Хаан банкинд ажилд орох гэж байгаа, Э ахынд амьдарч байгаа“ гэж ярьж зохиомол байдлыг зориудаар бий болгон, Д.Өын зээл авах асуудлыг мэдсэний дараа, түүнд “ би та хоёрт тус болно“ гэж ярьж, улмаар банкнаас зээл аваад гарч явахад нь зориудаар таарч өмнө танилцсан харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч Д.Өыг хуурч эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан хийгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, зориуд хүсэж үйлдэн хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч Д.Өын “ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкнаас цалингийн зээл гэж 1.800.000 төгрөг банкнаас гараад явж байтал өмнө нь ганц нэг уулзсанзалуу эхнэр бид хоёртой уулзаад “ би ХААН банкинд ажилд орж байгаа юм. Ахаа надад 1 сая төгрөгөө зээлчих би хүүтэй дансанд хийгээд маргааш гэхэд мөнгийг чинь гаргаад өгөх үү “ гээд гуйгаад байхаар нь уг хүнд 1.000.000 төгрөг өгсөн. Би тэр хүнийг өмнө нь 4 дүгээр багийн Засаг дарга Ц.Б манай найз гээд дагуулаад явж байхад нь харсан. Мөн тэднийд очиход гэрт нь байсан. Тэр залуу нь манай нэг таньдаг ах Э гэдэг айлд амьдарч байгаа гэж байсан. Тухайн үед тэр залуу өөрийгөө Дорнод аймгийн Матад сумын уяач Цын хүү С гэж танилцуулж байсан. Танай сумын ХААН банкинд ажилд орох гэж байгаа гэж ярьж байсан ” гэх,

гэрч Б.АынД.Ө бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкнаас зээл аваад гарч байтал өөрийгөө С гэж танилцуулсан залуу ирээд “Та хоёр мөнгөө надад өгчих, мөнгөө хэзээ хэрэгтэй үедээ хэлээд ав, би хүүтэй дансанд хийгээд байж байна” гэж хэлээд манай нөхрөөс 1 сая төгрөг авсан. Манай нөхөр өмнө нь Ц гэдэг айлд очиж хүү нь цэцэрлэгийн нябо тул нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлээд, зээл авах гэж байгаа талаараа ярьсан юм байна. Тэр үед С гэдэг залуу тэр айлд байж байсан ба үүний дараа Цын хүү багийн дарга Бгийн хамт манайхаар нэг ирсэн юм. Тэрнээс хойш дахиж ганцаараа орж ирээд “ би та хоёрт тус болно “ гэж ярьж байсан. Намайг гадуур явж байгаад гэрт ирэхэд манай нөхөртэй гэрт сууж байсан ” гэх,

гэрч Ц.Бгийн “ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын төвд явж байтал нэг залуу надтай танилцаад “Би танай сумын банкинд ажилд орох гэж байгаа, өөрийгөө С гэдэг, аав нь улсын алдарт уяач Ц гэдэг хүний хүүхэд, би Э ахынд амьдарч байгаа ” гэсэн. Тэгээд танай сумтай танилцмаар байна гэхээр нь би мотоцикльтой сундалж сумын төвийг нэг тойруулаад Д.Ө гэдэг айлын гадуур гарч байгаад тэр айлаар ороод гарсан юм. Тэндээсээ гараад манай гэрт ороод байж байтал Д.Ө ах араас орж ирээд манай дүүгээр нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлнэ, цалингийн зээл авах гэж байгаа талаар ярьж байсан ” гэх,

гэрч Ц.Эын ” 9 сарын эхээр Энхмөнх гэдэг хүүхэд С гэгч залууг дагуулж ирээд танай суманд банкинд ажилд орох гэж байгаа юм байна. Тэгээд таньдаг айл байхгүй тул та энэ хүүхдийг хэд хоног гэртээ байлгаач гэсэн. Би гэр оронгүй байгаа бол манайд хэд хонож болно гэж хэлээд манайд 3 хоносон юм”  гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Шүүх түүний гэм буруугийн талаар “ Би 2017 оны 09 дүгээр сард Д.Ө гэдэг хүнээс 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тухайн мөнгийг би залилж аваагүй, түр зээлж авсан “ гэж мэтгэлцэж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

Тодруулбал, Х.О нь Асгат суманд ирсэн шалтгаан, хувийн байдлаа “ танай сумын банкинд ажилд орох гэж байгаа, Дорнод аймгийн Матад сумын уяач Цын хүү С” гэж хүмүүст анхнаасаа худал танилцуулж, гэрч Ц.Бгийнд байхдаа хохирогч Д.Өын зээл авах асуудлыг мэдэж, улмаар гэрт очиж “ би та хоёрт тус болно “ гэж ярьж, зээл авах үед нь зориуд таарч уулзан мөнгийг хуурч авсан нь хохирогч Д.Өын “ Танай сумын ХААН банкинд ажилд орох гэж байгаа гэж ярьж байсан. Мөн суманд байх хугацаандаа Э гэдэг айлд амьдарч байгаа гэж ярьсан болохоор нь Э гэдэг хүнээс утсаар асуусан чинь манайд байгаа банкинд ажилд орохоор ирээд байгаа гэхээр нь би тайвшраад аймаг явсан юм. Тэгээд маргааш нь аймгаас ирээд нөгөө үл таних залууг сумын төвөөр хайгаад явтал алга болсон байсан. Тэгээд би тэр хүнд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр залууг сайн танихгүй. Манай сумын банкинд ажилд орох гэж ирсэн сураг сонссон. Тиймээс тэр хүнд итгэсэн юм “ гэх, гэрч Б.Аын “ Тэр үед С гэдэг залуу Цын хүү багийн дарга Бгийн хамт манайхаар нэг ирсэн юм. Тэрнээс хойш дахиж ганцаараа орж ирээд би та хоёрт тус болно гэж ярьж байсан. Түүнээс өөр тэр залууг танихгүй. Намайг гадуур явж байгаад гэрт ирэхэд манай нөхөртэй гэрт сууж байсан. Өмнө нь мөн багийн даргатай ирээд гарч байсан болохоор би нэг их юм бодоогүй юм” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч Х.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Залилах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Өт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулан хохирочид олгоно.

              

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Х.Огийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээний хохирол учирсан, хохирогчид учирсан 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

 Х.О нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг Хэнтий аймаг дахь ял эдэлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу түүний үйлдсэн энэ хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцнэ.

 

           Х.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Шүүгдэгч Х.О нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 419 дүгээр хорих ангид эдэлж байгаа тул энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х.Ог бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ог 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг,  Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 13 хоногийн хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Од оногдуулсан 2 жил 7 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Х.Огээс 1.000.000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн иргэн хохирогч Ёндон овгийн Дашийн Д.Ө /РД:ЛА64121412/-т олгосугай.

 

  6. Ялтан Х.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН