| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408037651951 |
| Дугаар | 2025/ДШМ/403 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/403
2025 04 03 2025/ДШМ/403
А.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг үндэслэн А.Мд холбогдох эрүүгийн 2408037651951 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А.М, 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, Хөтөл туслах аж ахуй гудамжны 0 тоотод оршин суух,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 02 cap хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, /РД: ......../;
Шүүгдэгч А.М нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Б” ХХК-ийн байранд иргэн Т.М-г хутгалж “цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Т.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Мгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см урттай, бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг дээр “Bass” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхтуулд даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлт хийсэн асуудалд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч хянуулахаар эсэргүүцэл бичив. Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг “Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасныг үндэслэл болгон хохирогч Т.М-г Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан гэх 499.544 төгрөгийг тус санд олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Шийдвэрийн үндэслэлээ: Иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах учиртай. Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.М-г эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 499.544 төгрөгийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна....гэж дүгнэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад зааснаар /шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох/ хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих тухай заасан атлаа мөн хуулийн 36.8 дугаар зүйл /шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт/ -ийн 1 дэх хэсгийн 1.7-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлээ заахаар хуульчилсан байхад орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалт хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан мөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор төрд учирсан дээрх иргэний нэхэмжлэлтэй холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт тусгаагүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь хуульд нийцэхээр байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 499.544 төгрөгийг прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх талаар нэхэмжилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь буюу шийдвэр хэсэгт дан ганц хохирогчид учирсан хохирлыг шийдвэрлэж, прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь ойлгомжгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэж, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч А.М нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Б” ХХК-ийн байранд иргэн Т.М-г хутгалж “цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 3-4/,
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн цэцэгтэй хөнжил байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш өрөөний баруун хэсэгт байх ширээний хэсэгт үргэлжлүүлэхэд хүрэн өнгийн иштэй болон бор шаргал өнгийн иштэй хутга байсныг масштабын шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл /хх 6-7/,
хохирогч Т.М-г “...би “Б” ХХК-д гагнуурчнаар ажилд орсон ба ороод удаагүй байсан юм. Уг ажлын байр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22-ын товчоо өнгөрөөд зам дагуу байдаг бөгөөд би гэр хол тул ажлын байран дээрээ ажиллаж амьдардаг юм. Тухайн үед намайг байрлаж байхад надтай хамт А.М гэх залуу цуг байрлаж байсан бөгөөд ажлын байранд бид хоёр цуг байдаг байсан. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажлын залуу А.Мн хамтаар хүнсээ цуглуулахаар Сансар супермаркет руу явсан ба хүнс ойр зуурын юмаа авсан, би 1 шил архи уух уу гэхэд А.М зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр 1 шил архи аваад 21 цагийн үед буцаад гэртээ ирсэн. Түүний дараа бид хоёр хоолоо хийж идсэн бөгөөд дараа нь архиа хувааж уусан. Бид хоёр тухайн архиа ууж дуусаад дахин 1 шил архи худалдан авахаар болсон бөгөөд бид хоёр дэлгүүрээс 1 шил архи болон 1 лааз пиво худалдан авсан ба тухайн архи, пивоо хувааж уусан. ...тэгээд би буруу хараад хэвтэж байгаад унтаад өгсөн ба төд удалгүй сэрэхэд А.М миний хажууд сууж байсан ба гартаа хутга барьчихсан миний чихэн дээр дарчихсан байсан. Тэгэхээр нь би айгаад А.Мгаас юу болсон талаар асуухад “Би чамайг хутгаар хатгачихсан юм шиг байна, чи хүнд хэлэхгүй биз дээ хэнд ч битгий хэлээрэй хөгшөөн" гэхээр нь би биеэ хартал миний зүүн суга хэсгээс цус гарч байхаар нь би зүгээр дүр эсгэж “зүгээр зүгээр хөгшөөн, би яах ч үгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл А.М орон дээрээ очоод хэвтээд өгсөн. Би өөрийнхөө биеийн гэмтлийг харахад миний зүүн суга руу хутгаар дүрсэн, зүүн чихний ар талд 2 удаа зүссэн байсан бөгөөд амьсгаа давчдаад сонин болсон. Түүний дараа А.М өөртэйгөө ганцаараа яриад “хөдлөөд байхын нэг мөсөн гүйцээчихдэг юм бил үү” гээд байсан. Тэгэхээр нь би буруу хараад хэвтсэн ба А.Мг унттал нь хүлээж хөдөлгөөнгүй хэвтсэн. Тэгээд би А.Мг унтангуут нь 03 цагийн үед цагдаа дуудсан. Уг гэмтлийг надад А.М учруулсан, би гомдолтой байна, эмнэлгээр явсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. ...тус өдөр би ажлын залуу А.Мн хамт байсан, өөр хүн цуг байгаагүй. Намайг эмнэлэгт хэвтсэний дараа А.М над руу яриад “би эмчилгээний зардлыг чинь төлнө, аав ээжээс мөнгө асууж л байна” гэж хэлж байсан. Надад гаргаж өгөх эмчилгээний зарлагын баримт байхгүй, сэтгэцийн хор уршгаа нэхэмжилж байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /хх 22, 24/,
гэрч Ц.М-ын “...би “Б” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд манай компани ёмкость хийж зах зээлд борлуулдаг юм. А.М нь 2024 оны 07 дугаар сараас манай байгууллагад гагнуурчнаар ажилд орсон ба Т.М нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагад мөн гагнуурчнаар ажилд орсон. Т.М, А.М нар нь манай компанид байрлаж ажилладаг бөгөөд өөрсдөө хэлэхдээ Улаанбаатар хотод очих айлгүй гэж хэлж байсан. ...би Т.М, А.М хоёрт “та хоёр архи дарс ууж болохгүй шүү” гэж хэлээд захиад явсан. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө над руу Т.Мын эхнэр 95020247 дугаараас залгаж “манай нөхөр хамт ажилладаг залуудаа хутгалуулсан эмнэлэгт байна” гэсэн ба би цэргийн эмнэлэг рүү очиж Т.Мтой уулзахад “би орон дээр хэвтэж байтал А.М согтуу намайг хутгалсан, би айгаад унтахыг нь хүлээж байгаад цагдаа дуудсан” гэж хэлсэн” /хх 43/,
гэрч Б.Н-н “...Манай нөхөр Т.М 2024 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн компанид гагнуурчнаар ажилд орсон ба уг ажлын газар нь хол байсан тул тухайн ажлын байрандаа байрлаж ажиллах болсон. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай нөхөр Т.М над руу 03 цаг 40 минутын үед бага зэрэг согтолттой ярьж “цуг ажилладаг А.М гэх хүнд хутгалуулчихлаа, хэвтэж байсан чинь зүүн талын суга хэсэг рүү хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, цагдаа дуудаарай” гэсэн бөгөөд манай нөхөр цагдаа руу өөрөө дуудлага өгсөн байсан. Тэгээд манай нөхөр 05 цагийн үед цэргийн төв эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн ба би эмнэлэг дээр очиж уулзахад манай нөхрийн зүүн талын суга хэсгээс цус гарсан байсан ба уг шархыг боосон байдалтай байсан. Тэгээд би нөхөр Т.Моос юу болсон асуудлыг нарийвчлан асуухад “цуг ажиллаж байсан залуу хамт архи уугаад намайг хутгалчихсан, яг юунаас болж хутгалсныг мэдэхгүй байна, би айгаад унтахыг нь хүлээж байгаад ажлын байрнаас гараад цагдаа дуудсан” гэж надад хэлсэн” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 12261 дугаартай: “...Т.М-г биед цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 79-80/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Прокуророос “...Гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардал эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 499,544 төгрөгийг прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх талаар нэхэмжилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох нь буюу шийдвэр хэсэгт дан ганц хохирогчид учирсан хохирлыг шийдвэрлэж, прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь ойлгомжгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан хэдий ч Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тодруулбал, иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба хэлэлцэхгүй орхисон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал дурдах шаардлагагүй юм.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/227 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ