Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02095

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2018/02095

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2018/02201 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68 038 818,89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дэлгэрцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Худалдаа Хөгжлийн банк нь иргэн Д.Сайнбаяр, Х.Солонго нартай 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-BCC2014041744-1 тоот Орон сууцны зээл-ийн гэрээ байгуулж 70 600 000 төгрөгийг 1 жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн  барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлдөггүй байсан. Банкны зүгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгааг байнга сануулж, үүссэн зөрчлийг арилгах талаар сануулж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан үндэслэлээр банкны зүгээс гэрээг цуцлах үндэслэлтэй юм. Хариуцагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 614 000 төгрөгийн зөрчил, үндсэн хүүгийн төлбөр 1 940 411.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1561,17 төгрөг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж, банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөр 65 164 918.41 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2 261 162.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 743,91 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 17 000 төгрөг, нийт 68 038 818.89 төгрөг нэхэмжилж байна. Уг зээлийн төлбөрийг нэхэмжлэхээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576 992 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолддолд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оролцуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Бид 2014 оны 5 сард Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зээл авсан. Байгууллага санхүүгийн хямралаас шалтгаалан цалингаа цаг хугацаанд олгоогүйгээс 2017 оны 11 сараас бид төлбөрөө хуваарийн дагуу төлж чадаагүй. Уг зөрчлөө арилгаад зээлээ хугацаанд нь төлөх хүсэл байгаа боловч тодорхой хугацаа шаардлагатай байх тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хүртэл хугацаа олгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нараас үндсэн зээлд 65 164 918.41 төгрөг, үндсэн хүүнд 2 261 162.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 743.93 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардалд буюу нотариатын зардалд 17 000 төгрөг, нийт 67 443 824.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-BCC2014041744-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56.52 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 576,992.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 576,992.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Халдвар судлалын үндэсний төвийн сүрьеэгийн 2 дугаар тасагт төрсөн дүүгээ сахиж байсан бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлаа нотолсон баримт болон хүсэлтээ хариуцагч Д.Сайнбаяраар дамжуулан шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хариуцагч талыг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд тэгш эрхтэй оролцоно гэсэн заалтыг тус тус зөрчиж, намайг мэтгэлцэх эрхээр хангаагүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68 038 818,89 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч ...ажиллаж байгаа байгууллага нь санхүүгийн хямралд орсноос цалингаа хугацаандаа өгөхгүй байгаа байдлыг харгалзан төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай тайлбар гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч буюу зээлдэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч буюу зээлдэгч Д.Сайнбаяр, Х.Солонго нартай 2014 оны 5 дугаар сарын 17-ны Орон сууцны зээл-ийн гэрээ байгуулан уг гэрээгээр 70 600 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, 1 жилийн 8 хувийн хүүтэй зээлүүлсэн, зохигчид мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод байрлах 56,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 8-13 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч нарт хандан 2015 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 30, 2016 оны 5 дугаар сарын 25, 10 дугаар сарын 25, 12 дугаар сарын 20, 2017 оны 5 дугаар сарын 8, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зээл төлөх хугацаа хэтэрсэн болон зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлж байжээ. /хх-ийн 20-23 тал/

Мөн хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нар нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д хандан 2014 оны 4 дүгээр сарын 19, 2017 оны 1 дүгээр сарын 20, 2 дугаар сарын 17, 20, 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргаж, Худалдаа Хөгжлийн банк ХХК нь зээлдэгч буюу хариуцагч нарын дээрх хүсэлтийг үндэслэн, зохигчид 2017 оны 5 дугаар сарын 15, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд, зээлийн төлбөрийг хэрхэн төлөх талаар уулзалт зохион байгуулж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 27-34 тал/

Анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс Худалдаа хөгжлийн банк ХХК нь гэрээг цуцалж, үндсэн зээлийг буцаан татаж, хохирлоо нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалттай нийцжээ.

Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн гэрээг цуцлахаас өмнө үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар биелүүлэх ёстой.

Анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхийн зардал зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүх хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.Сайнбаярын өмгөөлөгч авах, 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайн өвчтэй, 5 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, 6 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг албадан ирүүлэх арга хэмжээ авах, 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайн хэргийн материалтай танилцах, 7 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайн эмнэлэгт дүүгээ сахиж байгаа гэх үндэслэлүүдээр тус тус хойшлогдож байжээ. /хх-ийн 56, 63, 70, 75, 84, 91 тал/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай нь шүүхэд өөрийн төрсөн дүүгийн бие муу байгаа талаарх эмчийн магадлагааг шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлсэн байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэл болохгүй тул энэ талаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд нотариатын зардал, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2018/02201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1... гэсний дараа ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1... гэж,

 

2 дахь заалтын ...талуудын хооронд гэсний өмнө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1... гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Сайнбаяр, Х.Солонго нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО