| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0103/э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 118
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Ж.Да нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Дад холбогдох эрүүгийн 1730001320030 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн харьяат, 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянхонгор сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж.Д.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ж.Да нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух иргэн Г.Бийн гэрээс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нөүтбүүк, модем зэрэг эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 8-134а тоотод оршин суух иргэн Г.Гын итгэмжлэн хариуцуулж өгсөн “Соната 5” маркийн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулан завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Да шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О ахынхаас найз Г.Г руу нь машиныг унаад явсан юм. Тухайн үед мөнгөний хэрэг гараад “Да хүрээ” зах дээр машиныг нь зарчихсан. Зарахдаа эргээд авч болно гэж бодсон. Тухайн мөнгөөрөө Сүхбаатар аймагт найз Г.Бийд ирсэн. Г.Бэ бид хоёр их сургуульд нэг ангид сурч байсан. Улаанбаатар руу буцах зардлын мөнгөгүй болохоор Г.Бийн нөүтбүүк, модемийг нь авсан. Хохирогч нарт хохирлуудыг манай ар гэрээс бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ... гэв.
- Яллагдагч Ж.Дын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О ахынд байж байхад Г ах надад “би архи уусан байгаа болохоор ахын дүү чи миний “Хьюндай Соната-5” маркийн машиныг унаад манай ээжийг эмнэлэгт хүргэж өгөөд машиныг буцаагаад гэр авч ирээрэй” гэхээр нь би за гэж хэлээд түүний ээжийг нь модны хоёрт байх эмнэлэгт хүргэж өгчихөөд машиныг нь буцаагаад Гт аваачиж өгөх гэж байснаа мөнгөний хэрэг гарсан болохоор “Да хүрээ” зах дээр аваачиж 600.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд Сүхбаатар аймаг руу явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г гэдэг хүнд машины үнэ болох 4.500.000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Надад итгэж машинаа итгэмжлэн хариуцуулж өгч явуулсан хугацаанд түүний машиныг зөвшөөрөлгүй зарж борлуулсан нь миний буруу.
Сүхбаатар аймагт ирээд найз Бат-Эрдэнийн гэрт түүнтэй хэд хоног гэрт нь амьдарсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буцахдаа Г.Бийн нөүтбүүк, модем зэргийг хулгайлан авч яваад Улаанбаатар хотод очиж танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувийн зүйлд хэрэглэчихсэн. Бат-Эрдэнийн хохиролд нэг нөүтбүүк, бэлнээр 300.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Бат-Эрдэнийн гэрийн түлхүүр нь надад байсан болохоор онгойлгож ороод гэрт нь хэсэг байж байгаад Улаанбаатар хот руу яаралтай явах ажил гарсан юм. Тэгэхдээ нөүтбүүк, модем зэргийг нь хулгайлаад явчихсан юм. Г.Бэ надад нөүтбүүк, модем зэргийг авч яваарай гэж хэлсэн зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ өрөндөө ав гэхээр нь аваад явсан гэж худлаа хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна”... гэх мэдүүлэг/ хх-148-150/.
- Хохирогч Г.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Ж.Да нь 2017 оны 09 сарын эхээр над руу яриад “Найз нь танай аймаг руу очлоо, миний төрсөн аав Баяндэлгэр суманд байдаг гэж байна” гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайд ирээд надтай хамт Халзан сум руу явж хэд хоночихоод бусад үед нь аймагт манай гэрт байдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед дүүгээ сургуулиас авах гээд явах үед Д нь надтай хамт төв орохоор гарсан. Тэгээд би дүүгээ аваад 12 цаг гээд ирсэн чинь манай гэр цоожтой, Дын утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. Тэгээд цонхоо нээж ороод илүү түлхүүрээ авч гэрээ онгойлгосон. Тэгсэн чинь миний зөөврийн компьютер /нөүтбүүк/, модем байхгүй байсан. Д нь хэд хоногоос буцна гээд ярьж байсан. Миний хувьд Дас мөнгө зээлж байгаагүй мөн миний зөөврийн компьютер /нөүтбүүк/, модем зэргийг авч яв гэж хэлж байгаагүй. Хэрвээ надаас зөвшөөрөл аваад явсан байсан бол өдий болтол утас нь холбогдохгүй байхгүй байсан. Мөн Дын ээж Энхтуяатай утсаар холбогдоод танай хүүхэд чинь манайхаар ирээд явахдаа миний зөөврийн компьютер /нөүтбүүк/, модем зэргийг аваад явсан байна гэхэд “Би хүүхэдтэйгээ холбогдож байгаад хохиролгүй болгоно. Миний дүү битгий цагдаад мэдэгдээрэй” гэсэн боловч удалгүй надтай холбогдоод “Чи манай хүүхдээс сургалтын төлбөр гээд мөнгө зээлсэн юм уу тэрэндээ чиний зөөврийн компьютер /нөүтбүүк/, модемыг авсан гэж байна” гэхээр нь би танай хүүхдээс мөнгө зээлээгүй гэдгээ хэлсэн. Дыг манайхаас эд зүйл аваад явдаг өдөр гэрийн түлхүүрээ Дд өгөөд мартсан байсан. Миний хувьд гомдолтой байна. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан 750.000 төгрөгөө барагдуулж авмаар байна эсвэл зөөврийн компьютер /нөүтбүүк/, модем зэргээ буцааж авмаар байна. Миний бодлоор Д нь буцах зардалгүй болчихоод манайхаас эд зүйл аваад замын зардлаа хийгээд явсан гэж бодож байна.
...Ж.Да нь миний нөүтбүүкний оронд өөр нөүтбүүк өгсөн мөн 300.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/хх-15,133/,
- Хохирогч Г.Гын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлын хамт олонтойгоо гадуур яваад архи, дарс уугаад орой ажил дээрээ хоносон. Маргааш өглөө нь 09 цагт манай ээж эмчилгээнд явах ёстой байсан бөгөөд би ажлаасаа гараад автобусанд суугаад гэртээ ирээд машинаа унах гэтэл надаас илт архи үнэртээд байхаар нь цагдаад баригдаж магадгүй гэж бодоод гэрээсээ гараад найз Оын гэрт очоод “надаас архи үнэртээд байна, чи миний машиныг бариад манай ээжийг эмчилгээнд хүргэж өгчихөөд ирээч” гэтэл О “ажилдаа явах гэж байна, чи манай дүүгээр бариулчих, жолооны үнэмлэхтэй, машин сайн барьдаг юм” гэж хэлсэн. Би Оын гэрт урьд нь хэд хэдэн удаа ирэх үед Д тэдний гэрт байсан болохоор дүү нь гэдгийг мэддэг, зүс таньдаг байсан. Тэгээд Дд “ахын дүү чи хамт явчихаад ирэх үү” гэсэн чинь “тэгье, тэгье” гэж хэлээд хамт гарсан. Дд 87-99 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн соната-5 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөд “ахын дүү ээжийг эмнэлэгт нь хүргэж өгөөд машиныг буцаагаад гэрт аваад ирээрэй" гэж хэлтэл “за ойлголоо, тэгье” гэж хэлээд ээжийг машинд суулгаад аваад явсан. Тэр хоёр явсны дараа би гадуур гарч ойр зуурын ажлаа хөөцөлдөж байгаад орой гэртээ ирээд эхнэрээсээ “машин авчирч өгсөн үү” гэсэн чинь “өгөөгүй” гэсэн. Д руу залгасан чинь утас нь дуудаж байгаа мөртлөө авахгүй байсан. Ирэх байх гэж бодоод 3 хоног хүлээсэн боловч ирээгүй тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний машин 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн, 1800 мотортой, цагаан өнгөтэй, Хьюндай Соната-5 загварын машин байсан. Машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, миний нэр дээр бүртгэлтэй байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д аавтайгаа хамт ирээд Хас банкнаас над руу шууд 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн тухай баримт байгаа. Би өөрт учирсан хохирлоо авсан болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Багажинд машины баруун урд талын дугуйны таван бул нэртэй сэлбэг байсан. ...Гэхдээ би уг мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар ч гомдол санал байхгүй. Бүх тооцоо 4.500.000 төгрөгөндөө багтаад дууссан ... гэх мэдүүлэг / хх-71-72/,
- Гэрч Ч.Дын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 09 билүү 10 дугаар сард Модны хоёрт байрлах “Сэтгэшгүй” эмнэлэгт 10 хоног нурууны шарлага, бариа зэрэг эмчилгээ хийлгэж байсан юм. Тухайн өдөр эмчилгээндээ явах гэтэл хүү Г ажилтай болоод хүн гуйгаад машинаа бариулаад намайг хүргүүлсэн. Тэр хүүхэд замдаа огт хүнтэй утсаар яриагүй, хүнтэй уулзаагүй. Намайг хүргэж өгчихөөд хаашаа явах гэж байгаагаа ч хэлээгүй. Би ч тэр талаар асуугаагүй. Хүүхдийн машин тэрэг аваачиж өгөх юм байх гэж бодоод л машинаас буусан...гэх мэдүүлэг / хх- 80/,
- Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-01/
- Эд зүйлийн үнэлгээ./хх-40, 88/
- DAMNO ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-91/
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2017.10.16-ны өдрийн 1715 дугаартай тодорхойлолт /хх-93/
- Ж.Дын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/
- Ж.Дын Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-95/
- 8799 УНЯ улсын дугаартай автомашины гэрэл зураг /хх-99/
- Ж.Дын хохирол төлсөн тухай Хас банкны төлбөрийн баримт /хх-108/
- Ж.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-118/
- Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл. 2018.06.04 /хх-138/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-140/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018.06.11-ний өдрийн 5/21 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-152/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018.06.11-ний өдрийн 59 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хх-153-154/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ж.Да нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 8-134а тоотод оршин суух иргэн Г.Гын “ эмнэлэгт ээжийгээ хүргүүлэхээр” хариуцуулан өгсөн Соната 5 маркийн, 8799 УНЯ улсын дугаартай машиныг бусдад зарж борлуулан 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух иргэн Г.Бийн гэрээс 650.000 төгрөгийн үнэтэй ISUS маркийн нөүтбүүк, 100.000 төгрөгийн үнэтэй Жи мобайл маркийн модемыг тус тус авч, нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Дын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Г, Г.Бэ, гэрч Ч.Дын нарын мэдүүлгүүд, DAMNO ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан, 8799 УНЯ улсын дугаартай автомашины гэрэл зураг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Үнэ тогтоох комиссын 2017.10.06-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Ж.Да нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Гын ээж Ч.Дыг эмнэлэгт хүргэж хүргүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн 87-99 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 загварын тээврийн хэрэгслийг буцаан өгөлгүй, бусдад 600.000 төгрөгөөр зарж борлуулан завшсан хийгээд энэ нь хохирогч Г.Гын “ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны 09 цагт манай ээж эмчилгээнд явах ёстой байсан бөгөөд надаас илт архи үнэртээд байхаар найз Оын гэрт очоод “надаас архи үнэртээд байна, чи миний машиныг бариад манай ээжийг эмчилгээнд хүргэж өгчихөөд ирээч ” гэтэл О “ажилдаа явах гэж байна, чи манай дүүгээр бариулчих, жолооны үнэмлэхтэй, машин сайн барьдаг юм” гэж хэлсэн. Тэгээд Дд 87-99 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөд “ахын дүү ээжийг эмнэлэгт нь хүргэж өгөөд машиныг буцаагаад гэрт аваад ирээрэй" гэж хэлтэл “за ойлголоо, тэгье” гэж хэлээд ээжийг машинд суулгаад аваад явсан. Орой гэртээ ирээд эхнэрээсээ “машин авчирч өгсөн үү” гэсэн чинь “өгөөгүй” гэсэн. Д руу залгасан чинь утас нь дуудаж байгаа мөртлөө авахгүй байсан. Ирэх байх гэж бодоод 3 хоног хүлээсэн боловч ирээгүй тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх,
гэрч Ч.Дын “ 2017 оны 09 сард Модны хоёрт байрлах “Сэтгэшгүй” эмнэлэгт 10 хоног нурууны шарлага, бариа зэрэг эмчилгээ хийлгэж байсан юм. Тухайн өдөр эмчилгээндээ явах гэтэл хүү Г ажилтай болоод хүн гуйгаад машинаа бариулаад намайг хүргүүлсэн. Тэр хүүхэд замдаа огт хүнтэй утсаар яриагүй, хүнтэй уулзаагүй. Намайг хүргэж өгчихөөд хаашаа явах гэж байгаагаа ч хэлээгүй. Хүүхдийн машин тэрэг аваачиж өгөх юм байх гэж бодоод л машинаас буусан” гэх,
шүүгдэгч Ж.Дын “ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О ахынд байж байхад Г ах надад “би архи уусан байгаа болохоор ахын дүү чи миний “Хьюндай Соната-5” маркийн машиныг унаад манай ээжийг эмнэлэгт хүргэж өгөөд машиныг буцаагаад гэр авч ирээрэй” гэхээр нь би за гэж хэлээд ээжийг нь модны хоёрт байх эмнэлэгт хүргэж өгчихөөд машиныг нь буцаагаад Гт аваачиж өгөх гэж байснаа мөнгөний хэрэг гарсан болохоор “Да хүрээ” зах дээр аваачиж 600.000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд Сүхбаатар аймаг руу явсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.
Мөн тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух иргэн Г.Бийн гэрт түр амьдарч байхдаа Г.Бийг эзгүй үед түүний гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь ISUS маркийн нөүтбүүк, Жи мобайл маркийн модемыг авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох хохирогч Г.Бийн “ Ж.Да 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайд ирээд надтай хамт Халзан сум руу явж хэд хоночихоод бусад үед нь аймагт манай гэрт байдаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед дүүгээ сургуулиас авах гээд явах үед Д нь надтай хамт төв орохоор гарсан. Тэгээд би дүүгээ аваад 12 цаг гээд ирсэн чинь манай гэр цоожтой, Дын утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. Тэгээд цонхоо нээж ороод илүү түлхүүрээ авч гэрээ онгойлгосон. Тэгсэн чинь миний зөөврийн компьютер /нөүтбүүк/, модем байхгүй байсан. Д нь хэд хоногоос буцна гээд ярьж байсан. Миний бодлоор Д нь буцах зардалгүй болчихоод манайхаас эд зүйл аваад замын зардлаа хийгээд явсан гэж бодож байна” гэх,
шүүгдэгч Ж.Дын “ Сүхбаатар аймагт ирээд найз Бат-Эрдэнийн гэрт түүнтэй хэд хоног гэрт нь амьдарсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буцахдаа Г.Бийн нөүтбүүк, модем зэргийг хулгайлан авч яваад Улаанбаатар хотод очиж танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувийн зүйлд хэрэглэчихсэн ”... гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Ж.Да нь дээрх гэмт хэргүүдийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авах, захиран зарцуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж, мөн бусдын эд зүйлийг гэрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ж.Дын иргэн Г.Гын 8799 УНЯ улсын дугаартай “Соната 5” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Завших/, иргэн Г.Бийн гэрээс Нөүтбүүк, модемыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Хулгайлах/ гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гт учирсан 4.500.000 төгрөг, Г.Бэд учирсан 750.000 төгрөгийн хохирлууд тус тус нөхөн төлөгдсөн болно.
Прокуророос холбогдох хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, шүүгдэгчийн холбогдсон хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Дын үйлдсэн хэргүүд нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Г, Г.Бэ нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн ба шүүгдэгч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
Ж.Дын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд болно.
Шүүгдэгч Ж.Дын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлуудыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ж.Да энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж. Дыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ хулгайлах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ж.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Да шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Ж.Да нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Гт учирсан 4.500.000 төгрөгийн, Г.Бэд учирсан 750.000 төгрөгийн хохирлууд төлөгдсөн, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН