Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/404

 

 

 

 

 

 

    2025           04             03                                        2025/ДШМ/404

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Д.Б, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403009111127 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн  Д.Б, 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд Toyota Prius маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Н.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Бийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 300,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 49,300 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 төгрөг, нийт 8.629.300 төгрөг гаргуулж хохирогч Н.Эт олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 169,762 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Н.Э нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулмааргүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж өгнө үү. Мөн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Б нэмэгдэл ялыг хасаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зайлшгүй хасаж шийдвэрлэдэг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос баримтаар нэхэмжилсэн 349,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг шүүгдэгч төлж, үлдэх 49,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч сэтгэл санааны 3 зэрэглэл гэсэн баримт дээр гарын үсэг зурж, шүүх хуралдаан дээр сэтгэл санааны хохирлыг энэ хэвээр нь нэхэмжилж байгаагаа илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүхээс тухайн зэрэглэлд хамаарах хамгийн доод үнэ буюу 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр 8,580,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын санд 169,762 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд Toyota Prius маркийн .... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Н.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Эийн "... Би өглөө 8 цаг болж байхад төв зам руу ороод автобусанд суух гэж явснаа болиод гараа өргөөд таксинд суухаар болсон. Тэгэхэд тэр машин ирээд зогссон, тэгээд суугаад явсан. ...Боргил дэлгүүрийн кармаа хэсэгт орж зогсоод би буугаад араар нь тойроод замаар гарах гээд баруун тийшээ машинаа хараад зогсож байтал түс, тас гээд явчихсан. Тэгсэн би газарт унасан. Машин дотор байсан хүн гарч ирээд яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг өргөж босгоод, машины жолооч бууж ирээд яаж байна та гээд асуугаад байсан. Миний малгай өнхрөөд уначихсан байсан” /хх 22/,

Иргэний нэхэмжлэгч С.Сийн “...Н.Э нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 169.762 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан ...болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 169.762 ...зардлыг холбогдогч Д.Боос гаргуулж өгнө үү” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14659 тоот “...Н.Эийн хоёр талын тавдугаар хавирганы хугарал, тархи доргилт, баруун бугалгын гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 40-41/,

Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2034 тоот “...Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна.” гэсэн магадалгаа /хх 52/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-19/, техникийн шинжээчийн 474 тоот дүгнэлт /хх-н 45-49/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Б нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Боос “... тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул түүнийг эрх хасах нэмэгдэл ялаас чөлөөлөх хууль зүйн боломжгүй юм.

Харин Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, дээрх бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй гэж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд хохирогч Н.Эийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Бийн гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 49,300 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 төгрөг, нийт 8.629.300 төгрөг гаргуулж хохирогч Н.Эт олгосугай.” гэснийг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 49,300 төгрөг гаргуулж хохирогч Н.Эт олгосугай.” гэсэн,

 8 дахь заалтад “Хохирогч Н.Э нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг,

“Хохирогч Н.Э нь хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.ЗОРИГ