Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210

 

Л.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Л.Э-д холбогдох эрүүгийн 1826005090302 дугаартай хэрэг,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 395 дугаар захирамж, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр магадлалтай, Л.Э, О.Д нарт холбогдох 1826005340116 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Э-н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зам барилгын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Э-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, Ц овогт Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Л.Э-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Л.Э-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хори ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Э-оос хохирогч Д.Э-д 1,668,600 төгрөгийг, хохирогч Д.Д-д 500,000 төгрөгийг, хохирогч Ж.И-д 360,000 төгрөгийг, хохирогч Ч.Ц-т 501,600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Н-д 500,000 төгрөгийг, А.Т-д 200,000 төгрөгийг, С.О-д 145,000 төгрөгийг тус тус гаргуулж” шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Л.Э-д холбогдох эрүүгийн 1826005090302 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Э гаргасан гомдолдоо “Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 30-11 тоотод байрлах өөрийн эзэмшлийн хувийн орон сууцанд Л.Э нь хууль бусаар нэвтрэн орж, хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл 3 ширхэг, цүнх 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, суурин дриль 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, түрдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, тасдагч 3 ширхэг эд хөрөнгийг хулгайлж надад 2,988,600 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 1,132,000  төгрөгийн эд зүйлийг буцаан өгч, үлдэгдэл 1,668,600 төгрөгийн хохирлыг одоо хүртэл төлөөгүй байна. Гэтэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 395 дугаартай шүүгчийн захирамж нь хохирогчдыг хохирсон дээр нь улам хохирох шийдвэрийг гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан зүйл заалтыг буруу хэрэглэж хохирогчдыг хохироож байна. Тиймээс Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 395 дугаартай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай магадлал, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар 2020/ДШМ/02 магадлалуудыг хүчингүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өнгө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 02 дугаартай магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Дүгнэлтийг хүлээн авснаар хохирогч Д.Э-н эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 30-11 тоотод оршин суух иргэн Д.Э-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 2,988,600 /хоёр сая есөн зуун наян найман мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 24-08 тоотод оршин суух иргэн Ц.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 2,710,000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 22-10 тоотод оршин суух иргэн Д.Д-н хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 660,000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 08-03 тоотод оршин суух иргэн С.Л-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1,016,500 /сая арван зургаан мянга таван зуун мянган/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13-15 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 10-07А тоотод оршин суух иргэн Ж.И-н эзэмшлийн хувийн сууцанд /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1,405,800 /нэг сая дөрвөн зуун таван мянга найман зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөес 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 12-21 тоот хашааны гадна байрлуулсан иргэн Ц.Ц-н өмчлөлийн хашааны хаалганы төмөр материалыг машин механизм ашиглан хулгайлж 501,600 /таван зуун нэг мянга зургаан зуун/ төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-наас 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 36-06 тоотод байрлах иргэн Г.Г-н эзэмшлийн гэрт /орон байранд/ нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 1,105,000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийн буюу бусдад нийт 10,387,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэвч Л.Э нь дээрх үйлдэлд шүүхээр шийтгүүлэхээс өмнө буюу яллах дүгнэлт үйлдэх үед 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүлэглэж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 60 тоотод оршин суух иргэн Д.Ц-н орон сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалгаар нь нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,240,000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09-10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 10-09 тоотод оршин суух иргэн Ч.О-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хаалганы цоожийг нь эвдэлж нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох 1 метр урттай хулсан ташуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух иргэн Д.Ц-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,740,000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 30-09 тоотод оршин суух иргэн Д.Г-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,250,000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын дунд үед 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 39-08 тоотод оршин суух иргэн Т.Г-н гэрт орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14,000,000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09-18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25-04 тоотод оршин суух иргэн Ч.П-н хувийн сууц буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нь нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 110,000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төвийн орчимд иргэн С.Т-н 3 ширхэг гуулин цагаан аягыг 500,000 төгрөг, 1 тооны үхрээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, уг аягануудыг 100,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 100,000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 25,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1826008340116 дугаартай хэрэгт эрүүгийн холбогдон шалгагдаж, улмаар түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 395 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 34 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байна.

Улмаар Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Л.Э-д холбогдох эрүүгийн 1826509032 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал, ач холбогдлыг эргэн хөнддөгөөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд бүрэн нийцсэн байхыг шаардахын зэрэгцээ мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмыг чанд баримтлахыг шаардсан онцгой ажиллагаа байдаг.

Түүнчлэн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа болон шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл тогтоогдвол тогтоол гаргаж, ажиллагааг сэргээх тухай санал, дүгнэлтээ давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар анх гомдол, хүсэлт, санаачлага гаргасан субьект нь прокурор, дээд шатны прокурор, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг хянуулах гомдол, хүсэлтээ гаргах эрхтэйгээр зохицуулсан.

Л.Э-д холбогдох хэргийн тухайд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх гомдол, хүсэлтийг анх хохирогч Д.Э бус прокурорын байгууллага давж заалдах шатны шүүхэд гаргасан байх тул хяналтын шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахтай холбоотойгоор хохирогчийн зүгээс гомдол гаргах нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал байна.

Хэрэв гомдол гаргагч нь хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш бол хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай захирамж эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих тухай шийдвэрийг тус тус гаргадаг болно.

Иймд хохирогч Д.Э-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь гомдол гаргах эрхт бүхий субъект гаргасан байх шаардлагыг хангахгүй байх тул гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Д.Э-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                   Ч.ХОСБАЯР