Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0333

 

“Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0261 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Улсын бүртгэлийн ерөнхийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ш З” ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9011222070 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, “Ш З” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Ш З” ХХК-ийг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулсан иргэн Д.Баясгалангийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр боллоо. Тухайн үед буюу 2010 онд “Ш З” сонинг эрхлэн гаргадаг байсан байгууллага нь “Ш” гэдэг оноосон нэртэй компани байсан бөгөөд уг компани нь 1995 онд байгуулагдан 2019728 регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ авснаас хойш шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаагүйгээс гадна өөрийн байгууллагын эрхлэн гаргадаг “Ш З” сонинг мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамруулаагүй байгаа нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу татан буугдах нөхцөл нь бүрдчихсэн компанийн зүгээс хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй “Ш З” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь хир үндэслэлтэй байх вэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж иргэн Д.Б-гийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. “Ш З” барааны тэмдгийн нэрийг олон улсын Ниццын гэрээ, Мадридын гэрээ болон “Монгол улсын барааны тэмдэг, газар зүйн байдлын тухай” хуулийн дагуу “Ш” ХХК-д зөвхөн “Ш З” сонинд хадгалагдахаар олгосон байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй байхыг заасан байдаг болохоос сонины нэр хуулийн этгээдийн нэр давхцаж болохгүй гэж заагаагүй болно. Тэгээд ч “Ш З” ХХК-ийн зүгээс Ш З нэртэй сонин, сэтгүүл, брошур зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэн гаргаж байгаагүй, “Ш” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Тиймээс “Ш З” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “ “Ш З” ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, “Ш З” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тус компанийн эрхлэн гаргадаг “Ш З” сонинг улсын бүртгэлд бүртгэж 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон, Хууль зүйн сайдын 1999 оны 292 дугаар шийдвэрийн дагуу “Ш З” сонинд барааны тэмдэгийн онцгой эрхийн анхдагч огноог 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоон гэрчилгээ олгосон атал 2010 онд “Ш З” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тогтоосон хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байгаа нь улсын бүртгэлийн байгууллагаас татан буулгахаар шүүхэд хандах нөхцлийг бүрдүүлсэн тул  2010 онд “Ш З” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно”, 31 дүгээр зүйлийн 31.1 “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна”, 31.3 “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ”, 31.4 “… баримт бичгийг тогтоосон хугацаанд бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг бүртгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх татан буулгана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч нь улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага шүүхэд хандаж тухайн хуулийн этгээдийг татан буулгах хүсэлтээ гаргана гэж ойлгох бөгөөд хариуцагч нь “Ш З” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхээр холбогдох баримтаа ирүүлээгүй ч татан буулгах хүсэлтээ гаргаагүй, шүүх татан буулгасан шийдвэр гараагүй байх тул “Ш З” сонинг татан буугдсан гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн эрхлэн гаргадаг “Ш З” сонинг улсын бүртгэлд бүртгэж 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 673 тоот гэрчилгээ олгосон, улсын бүртгэлийн байгууллагад “Ш З” хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийн хэрэг хадгалагдсаар байхад 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Ш З” ХХК нэрээр өөр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 2 дугаар зүйлийн 2.1 “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Иргэний хуулийн /1994 он/ 24 дүгээр зүйлийн 1-д “Хуулийн этгээд оноосон нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь урьд улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй ижил байж болохгүй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасныг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 391 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.1-д “Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Харин барааны тэмдэг ашиглах онцгой эрхийг зөрчсөн талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Барааны тэмдэг болон аж ахуйн нэгжийн нэр нь тус тусдаа эрх зүйн ойлголт бөгөөд /Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай 1996 оны хууль/ тухайн үед “Ш З” нэрээр барааны тэмдгийн гэрчилгээ олгосноос гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын бүртгэлд бүртгэсэн байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн /1994 он/ 24 дүгээр зүйлийн 2-т “Хуулийн этгээдийн нэрийн улсын нэгдсэн бүртгэлийг бүртгэх байгууллага хөтөлнө” гэж зааснаар хариуцагч байгууллагад “Ш З” гэх оноосон нэр бүртгэлтэй байх учиртай.

Ийнхүү бүртгэлтэй байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй адил ойлголт учраас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй байхыг заасан байдаг болохоос сонины нэр хуулийн этгээдийн нэр давхцаж болохгүй гэж заагаагүй” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг баримталсан байх  тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0261 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэ рлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                   

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР    

                                 ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ 

                                 ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН