Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 991

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд Б.Адъяасүрэн, А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П*******, нэхэмжлэгч “Ш” ХК-ийн захирал Д.Б, нэхэмжлэгч Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан иргэн Н.Д, “Ш” ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Нгийн Д

 

Нэхэмжлэгч: “Ш” ХК

 

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Гуравдагч этгээд: “” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас “” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээ олгосон 2,94 км.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Д би 2005 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар Цахилгаан станцын зүүн талд байрлах объектыг иргэн Ё.Нээс худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Манай хашаанд байрлах 338 метр урт салаа төмөр замыг “” ХХК хууль бусаар өөрийн өмч болгохоор хуурамч баримт бичиг бүрдүүлэн Төрийн байгууллагуудаар удаа дараа гэрчилгээ гаргуулан авсаар байна.

Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс оролцож буй Н.А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэлэлцэгдэж байсан хэргийн материалтай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр танилцаж байх явцдаа “” ХХК нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээг гаргуулан авсан болохыг мэдлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н.Д миний нэхэмжлэлтэй “...0,338 км төмөр замыг шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй “” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү...” гэсэн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх үед Нийслэлийн иргэний бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээг гаргуулан авч хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байсан.

“” ХХК маргааны гол зүйл болох “*******” нэртэй 338 метр урттай манай эзэмшлийн хашаа руу ордог ******* дүгээр салаа төмөр замыг өөрийн өмч болгох гэж 13Б гэх огт байхгүй хуурамч гэрээ, мөн өмч хувьчлалын эх материалыг өөрт ашигтайгаар засварласан /1ш гэснийг 12 салаа гэж гараар зассан/, гэх мэт хуурамч баримтуудыг ашиглан Төмөр замын газрын даргын 2009 оны 38, 58 дугаар тушаалуудаар төмөр замын тээврийн объект ашиглах 33, 51 тоот гэрчилгээнүүд авсан бөгөөд уг тушаалууд хууль бус байсан тул Төмөр замын газрын дарга 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар тушаалаар дээрх тушаалуудыг хүчингүй болгож байсан удаатай.

“” ХХК Зам тээврийн яамнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 178/******* дугаарын “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г дахин гаргуулсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд миний бие нэхэмжлэл гаргаснаар Зам, тээврийн сайд 2014 оны 4 дүгээр сарын 07-ны 81 дүгээр тушаалаар гэрчилгээг дахин хүчингүй болгоод байна.

Шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн дугаарын гэрчилгээг олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, мөн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэн Н.Д би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пид хандан “...Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/1679 тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Р.Д “Танаас тус газарт хандаж гаргасан өргөдлийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг хянахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1-д заасан нөхцөл байдал үүссэн байх тул маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа Хан-уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана уу” гэсэн хариу ирүүлсэн” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч “Ш” ХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ш” ХК нь 2008 онд УБ өртөөнд байршилтай 243 м замын бүрэн урттай, 186 м ашиглах урттай, 1520 мм царигтай, Р43 зам төмрийн марктай, модон дэр модтой 1 суман шилжүүлэг, 1 суман шилжүүлгийн удирдлагатай иж бүрэн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан улсын комисст дээд үнэлгээтэй хүлээлгэн өгч 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төмөр замын тээврийн объектийн 0-2-3 кодтой 20 тоот гэрчилгээг авч дагнасан хэрэглээний салбар замаар ашиглаж үйлдвэрлэлийн түүхий эд болох модон материалыг уг төмөр замаар тээвэрлэж үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж улсад их хэмжээний татвар төлж туйлдсан эдийн засагтаа зохих хэмжээний хувь нэмэр оруулж байсан.

Манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн төмөр замыг 2013 оны 9 дүгээр сард “” ХХК дур зоргоороо аашилж ямар нэгэн эрхийн актгүйгээр устгаж бидний өмчлөлийн зам төмөр, дэр мод, суман шилжүүлэг, суман шилжүүлгийн удирдлага зэргийг дээрэмдэн авч өөртөө ашигласан. Бусдын эд хөрөнгөд эзэмшигчийн зөвшөөрөлгүй халдсан явдал нь Монгол улсын Эрүүгийн хуулиар Эрүүгийн гэмт хэрэг мөн боловч манай компани маргаантай асуудлаараа иргэний шүүхэд хандсан байгаа.

Гэтэл “” ХХК-д салаа төмөр зам олгосон гэх өмч хувьчлалын материал нь ямар ч тамга тэмдэггүй, үсэг болон тоон үзүүлэлт нь гараар зассан засвартай, засварыг баталгаажуулсан тэмдэг, тамгагүй илт хууль бус бөгөөд уг асуудлын талаар 2009 оноос эхлэн маргаан үүсч Иргэний хэргийн 2 дугаар шүүхэд хянагдаж байгаа үед Улсын бүртгэлийн ерөнхий газар 2014 оны 01 дүгээр сард “” ХХК-д 12 салаа төмөр замыг бүртгэж гэрчилгээ олгосон нь буруу тул хууль бус шийдвэрээ эргэн харж Ү- тоот бүртгэлийг хүчингүй болгохыг шаардахад, ийм хууль бус шийдвэрээ өөрсдөө залруулах боломж байсаар байтал шүүхээр шийдвэрлүүл гэж өөрсдийн буруугаа заавал шүүхээр залруулах гэж оролдож байгаа нь Төрийн байгууллагын албан тушаалтнууд Үндсэн хууль болон Төрийн албаны хууль, ёс зүйгээ зөрчиж, нэг талд үйлчилж иргэд байгууллагыг илт хохироодог буруу зуршлыг таслан зогсоож буруу шийдвэрийг хүчингүй болгоно гэдэгт итгэж байна.

“” ХХК нь хууль бусаар олж авсан гэрчилгээнд дулдуйлан, төмөр замын хязгаарлалтын бүс нэрээр манай компанийн эзэмшлийн газрыг өөрийн болгох гэсэн далд санаагаа хэрэгжүүлэхээр Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд манай компанийг хариуцагчаар татан маргаан үүсгээд явж байна. “” ХХК-ийн энэ мэт хууль ёс, дүрэм журмаас гадуур хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгааг таслан зогсоох шаардлагатай байгаа тул тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна”,

Гурав. Нэхэмжлэгч Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, “Ш” ХК-ийн захирал Д.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Иргэн Н.Д, “Ш” ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэгч С.Оод холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн өөрчилж байна.

Гуравдагч этгээд “” ХХК нь 1 ширхэг 2,94 км замыг 74158 дугаар гэрээний дагуу 391900 рублийн өртгөөр барьж, 1980 оны 12 дугаар сарын *******-ний өдөр онцсайн үнэлгээтэйгээр 1 дүгээр ээлжийн барилгын ажлаар хүлээн авч байсан бөгөөд “” ХХК нь *******,62 га талбайтай зөвхөн БУК-1-ийн жагсаалтад байсан 1 ширхэг 2.94 км төмөр замыг авсан байдаг.

“” ХХК нь Засаг дарын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 358 тоот шийдвэрээр 4048 м.кв газрын 5 жилийн хугацаатай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийн 0173315 дугаар гэрчилгээтэй байна.

Мөн “” ХХК нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөын 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 520 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 4048 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/4233 дугаар албан бичгээр тус Нийслэлийн Засаг даргын 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 520 дугаартай захирамжийн “” ХХК-д /Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 4048 м.кв газар эзэмшүүлэх/ холбогдох хэсгийг Монгол Улсын газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон хүчингүй болгосон байна.

Гуравдагч этгээд “” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол Чингисийн өргөн чөлөө гудамж 60/22 байр, 0 тоот хаягт байршилтай 2,94 км.кв талбайтай төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдэж дугаар Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2016А/145 дугаар шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн 2-т Шинжээчээр томилогдсон ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр “” ХХК-ийн гэх 12 салаа бүхий төмөр замын 10, *******, 12 дугаар замыг хэмжилт хийн нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлтэй давхцуулж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

“” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын 10, 12 дугаар салаа төмөр замуудын доорх газар бүхэлдээ иргэн, хуулийн этгээдийн газарт хамаарахгүй байгаа болно.

“” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын 10 болон 12 дугаар салаа төмөр замуудын доорх газар нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 358 тоот захирамжаар /Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хүснэгтэн мэдээлэлд бүртгэгдсэнээр/ “” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 18640308043813 дугаар бүхий 4048 м.кв талбайтай газартай байршлын хувьд хэсэгчлэн давхцаж байна.

“” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын ******* дүгээр салаа төмөр замын доорх газар нь бүхэлдээ болон хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар /Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн газартай/-т хамаарахгүй байна гэж дүгнэсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэг хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулсан.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийхдээ газар эзэмших, ашиглах эрхийг шалгах, холбогдох баримтыг хавсаргасан байхыг шаардсан байна.

Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин буй газар нь хэний эзэмшил, ашиглалтад байгаа болохыг тодорхойлох, шалгах үүргийг Улсын бүртгэгчид хариуцуулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Улсын бүртгэгч нь иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар буюу хэн ч эзэмшиж аваагүй газарт байрлах төмөр замд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “” ХХК-д олгосон байна.

Энэхүү үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой байх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” гэсэн зарчмууд алдагдаж байх бөгөөд хуурамч баримт бичигт /өмчлөх эрх зүйн үндэслэл байгаагүй/ үндэслэн хийсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээгээр олгосон 2,94 км.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол Чингисийн өргөн чөлөө 60/22 тоот албан ёсны дугаар бүхий 2.94 км урттай, 12 салаа төмөр замыг бүртгэхдээ дараах нотлох баримтуудад үндэслэсэн байна. Үүнд:

1. Тус газарт хандаж гаргасан “” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, 2013 оны №619 тоот гэрчилгээ гаргуулах тухай “” ХК-ийн албан тоот,

2. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “” ББХК-д олгосон 407 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээ, дуудлага худалдаа явуулсан протокол, хүлээлгэн өгсөн акт,

3. ЭЗГХХЯамны харьяа Комплекс импорт хангамжийн нэгдлийн 1991 оны 2/421 тоот Үндсэн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, жагсаалтын хамт,

4. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1996 оны №90 тоот тодорхойлолт,

5. “” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг,

6. Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2013 оны №3/2161 тоот албан бичиг, байршлын схем,

7. 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №2864 дугаартай шинжээчийн дүгнэлт,

8. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны №359 тогтоол, 2012 оны №237 магадлал;

9. План зураг, схем зураг, фото зураг, бусад нотлох баримтуудыг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж өмчлөх эрхийн № тоот гэрчилгээг олгожээ.

Архивын хувийн хэрэг, эх нотлох баримтуудыг хянан үзэхэд уг бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн дагуу хийгдсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмч хувьчлалаар “*******” компани нь 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 40 нэр төрлийн контор үйлдвэрлэлийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг жагсаалтаар хүлээн авсан. Үүнийг хожим 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Н.Д Худалдах худалдан авах гэрээгээр “*******” ХХК-ийн дээрх хөрөнгийг шилжүүлэн авсан бөгөөд анхнаасаа төмөр зам хувьчлагдаагүй нь дээрх 40 нэр төрлийн хөрөнгийг худалдан жагсаалтаар батлагдаж байна.

Н.Д нь 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж улмаар уг гэрээгээр 0,338 метр төмөр зам худалдан авсан гэж мэдүүлээгүй, харин манай хашаанд 0.338 метр төмөр зам байдаг гэж мэдүүлсэн нь өмчилж аваагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэн Н.Д нь 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “*******” ХХК-ийн хөрөнгийг буюу Контор, барилгын материалын үйлдвэрлэлийг худалдан авах гэрээ хийж, актаар хөрөнгөө хүлээж авч гарын үсэг зурж хүлээн авсан байдаг боловч уг хөрөнгөд төмөр зам ороогүйг мэдэж байсан учраас “” ХХК-аас ******* дүгээр салаа 0,338 метр төмөр замыг төлбөртэйгөөр 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглах Э/38 дугаар гэрээ хийсэн нь цаг хугацаа болоод шүүхэд гаргасан тайлбар нь ямар ч авцалдаагүй, зөрүүтэй байгааг шүүх анхааралдаа авах хэрэгтэй.

Иргэн Н.Дгийн 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээний талаар “” ХХК маргаагүй гагцхүү уг гэрээнд төмөр зам худалдаагүй, худалдсан эд хөрөнгөнд байхгүй, байх ч үндэсгүй юм.

Н.Дгийн эрх тэр дундаа ямар эрх ашгийг хэн хэзээ ямар байдлаар зөрчсөн нь баримтаар тогтоогдохгүй хэрэв зөрчигдсөн бол түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй, өгөх баримт байхгүй тул эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

“” ХХК нь 12 салаа төмөр замыг Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос “Байшин үйлдвэрлэх “Гурван нуур” улсын үйлдвэрийн газрын хөрөнгийг дуудлага худалдана” гэсэн зарын дагуу “” ХХК нь 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд оролцож 410 сая төгрөгийн анхны дуудах үнээс 39,08 хувь буюу 570.000.000 төгрөгөөр худалдан авсан.

“” ХХК-д төмөр замыг ямар үнэтэйгээр, ямар баримтаар, ямар арга замаар, хэзээ хувьчилсан бэ гэдгийг шууд хараад мэдэх боломжтой анхдагч нотлох баримт болох “” ХХК-ийн хувьчилсан хөрөнгийн жагсаалт, тоо хэмжээ, анхны үнэ, элэгдэл, үлдэгдэл өртөг, дахин үнэлгээ хийсэн эд хөрөнгийн жагсаалт, өмч хувьчлалын комиссын архивын баримтуудыг үндэслэж 12 салаа төмөр замыг 20 жилийн хугацаанд хууль ёсоор өмчилж, эзэмшиж ашигласаар ирсэн болно.

Иймд өмчлөх эрхийн маргаантай байхад бүртгэлийн байгууллага гэрчилгээ шинээр олгоогүй бөгөөд “” ХХК нь 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхээ бүртгүүлэн 407 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүнийг хожим шинэчилж 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргуулсан байдаг.

“Ш” ХК нь 12 салаа төмөр замын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч биш бөгөөд эдгээр төмөр замууд нь “Ш” ХК-ийн чухам ямар эрх, ашгийг нь зөрчөөд байгааг нь нотолсон баримт гаргаж өгөөгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Н.Д болон “Ш” ХК нь “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д олгосон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ү- улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн, тоот дугаар бүхий 12 салаа төмөр замын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч иргэн Н.Д нь “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д олгосон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээг олгосон нь илт хууль бус акт болохыг тогтоолгох” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13 тоот шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *******7 тоот магадлалаар  “...нотлох баримтыг бүх талаас бүрэн дүүрэн цуглуулж, талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгөх шаардлагатай...” гэх үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн “Өөр өөр мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай” 8414 дүгээр шүүгчийн захирамжаар МХЕГ-ын Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын ахлах байцаагчид, ЗТЯ-ны ХШҮДАГ-ын Төмөр замын тээврийн замын хяналтын улсын байцаагч нарыг шинжээчээр томилж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын аль хэсэгт маргаан бүхий төмөр зам байгаа, талууд төмөр замын чухам аль хэсэгт нь маргаж байгаа, 12 салаа төмөр замын нийт урт болон 1-12 төмөр замын урт тус тусдаа хэдэн метр болох, уг төмөр зам нь бусдын эзэмшил, ашиглалтад олгосон газартай дахцсан эсэх асуудлыг тодруулж, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаан дээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус хэргийг дахин хэлэлцүүлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч иргэн Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон “Ш” ХК-ийн захирал Д.Б нар нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээгээр олгосон 2.94 км.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд хэргийн оролцогчид шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой нэмэлт тайлбарыг шүүх хуралдаан дээр хийгээд мэтгэлцэх боломжтой гэж харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

Нэхэмжлэгч нар улсын бүртгэгчийн бүртгэл хийсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа “...“” ХХК нь өмч хувьчлалын эх материалыг өөрт ашигтайгаар засварласан /1ш гэснийг 12 салаа гэж гараар зассан/...” гэх үйл баримтыг дурддаг боловч энэ талаар “...гар бичмэлийг хуурамчаар үйлдсэн гэх шинж тэмдэг илрээгүй нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2864 дүгээр дүгнэлтээр  тогтоогдсон...” гэж дүгнэсэн иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр  байгаагаас гадна Улсын Дээд шүүхийн 2007 оны 32 дугаар “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” тогтоолын 3.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргааны харьяаллыг хэрхэн зааглахыг тодорхой заажээ. Бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн бүртгэл буруу хийгдсэнтэй холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх, харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг ерөнхий харьяаллын шүүх тус тус харьяалан шийдвэрлэхээр байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-13.5.8-д мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгүүдийг тодорхой заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан  “” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, албан тоот, Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос олгосон 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ, дуудлага худалдаа явуулсан тухай протокол, хүлээлгэн өгсөн акт, ЭЗГХХЯ-ны харьяа Комплекс импорт хангамжийн нэгдлийн 1991 оны 2/421 тоот Үндсэн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, БУК-1-ийн объектуудын жагсаалт, УБ хотын Байшин үйлдвэрлэх 1 комбинатыг 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дуудлага худалдаагаар авсан “” компанид хүлээлгэн өгсөн акт, хавсралтын хамт, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 90 тоот тодорхойлолт, “” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2013 оны 3/2161 тоот албан бичиг, байршлын схем, 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2864 тоот шинжээчийн дүгнэлт, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 359 дүгээр тогтоол, Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 237 дугаар магадлал, түүнчлэн план болон фото зураг зэргийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, тоот гэрчилгээ олгожээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн зүгээс мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ “” ХХК хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгүүдийг хавсаргасан байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Улсын бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтан холбогдох хуульд заасны дагуу бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд тэдгээрийн зөрчигдсөн эрх ашиг хэрхэн сэргээгдэх асуудалд анхаарах нь зүйтэй юм. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн нь “” ХХК-ийн мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн баримт нь үнэн зөв биш байснаас үүдэлтэйгээр нэхэмжлэгчид хохирол учирвал “” ХХК нь тухайн хохирлыг нөхөн төлөх хуулийн зохицуулалттай байна. 

Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос зарласан Байшин үйлдвэрлэх “Гурван нуур” улсын үйлдвэрийн газрын хөрөнгийн дуудлага худалдаанд “” ХХК нь 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр оролцож 570.000.000 төгрөгөөр Байшин үйлдвэрлэх I комбинатыг худалдан авч, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээг авчээ. Тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний хуулийн /1963 оны/ нэгдүгээр бүлэгт зааснаар БНМАУ-д улсын өмч, хоршооллын ба бусад олон нийтийн байгууллагуудын өмч, ард иргэдийн амины өмч гэж байхаар мөн улсын өмчийн объект нь ямар ч эд хөрөнгө байж болохоор заажээ. Мөн хуулийн 63 дугаар зүйлд “...Улсын байгууллага нь өөртөө олгогдсон эд хөрөнгийг ... хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор ... захиран зарцуулах эрх эдэлнэ”, 79 дүгээр зүйлд “Төрийн өмчийн газар дээрх барилга байгууламж, ...өмчлөх эрх шилжихэд тэдгээрийн дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх нэг адил шилжинэ” гэж тус тус зохицуулсан байна. Улмаар дээрх хуулийн заалтыг 1994 онд батлагдаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан Иргэний хуулиар илүү нарийвчлан зохицуулж, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчийн газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгож болно”, 2-т “Энэ хуулийн 105 дугаар зүйлд заасан барилга, байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрх олж авч болно”, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 2-т “Хууль, газар олгох шийдвэр, гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь дэвсгэр газрыг тодорхой бус хугацаагаар ашиглах эрхтэй”, 3-т “Үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх шилжихэд түүний дэвсгэр газрыг ашиглах эрх өмнөх өмчлөгчийн ашиглах эрхийн хэмжээгээр шилжинэ” гэж заасан байна. 

Иймд “” ХХК нь 1994 онд дуудлага худалдаагаар төрийн өмчийг хувьчилж авснаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1963 оны Иргэний хуулийн дагуу түүний дэвсгэр газрыг “” ХХК эзэмших, ашиглах эрхтэй болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Дашрамд дурдахад нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК нь ямар нэгэн салаа төмөр зам хувьчилж авсан нь баримтаар тогтоогддоггүй, талууд энэ талаар маргадаггүй бөгөөд шүүх хуралдаан дээр Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...эзэмшил газар нь төмөр замаас дотогш газар байгааг хүлээн зөвшөөрч байна, ... өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй”, “Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...одоогийн байдлаар төмөр замыг хэрхэн бүртгэж, өмчилдгийг мэдэхгүй байсны улмаас хүсэлт гаргаж байгаагүй...” гэх тайлбарыг хийсэн. 

Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр нэгж талбарын 18639308990870 дугаар бүхий 17545 м.кв талбайтай газар нь иргэн Н.Дгийн нэр дээр эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18640308043813 дугаар бүхий 4048 м.кв талбайтай газар нь “” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18640308022742 дугаар бүхий 13044 м.кв талбайтай газар нь “Ш” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Мөн шинжээчдийн ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр “” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын 10, 12 салаа төмөр замуудын доорх газар бүхэлдээ иргэн, хуулийн этгээдийн газарт хамаарахгүй, харин Нийслэлийн Засаг даргын 2009 оны 358 тоот захирамжаар “” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 18640308043813 дугаар бүхий 4048 м.кв талбайтай газартай байршлын хувьд хэсэгчлэн давхцаж байна. Мөн “” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын ******* дүгээр салаа төмөр замын доорх газар нь бүхэлдээ иргэн, хуулийн этгээдийн газарт хамаарахгүй харин ажлын хэсгийн хэмжилтээр тодорхойлсон нэхэмжлэгч Н.Дгийн хашаалсан гэх бетон хашааны дотор талд “” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын ******* дүгээр төмөр зам нь байх бөгөөд тухайн зам нь 225 м.кв талбайгаар давхцсан байна. 

Маргаан бүхий акт гарах үед буюу 2013 онд мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ зорилт нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаарддаг. Тийм учраас “” ХХК-д дээрх 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчдийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг тогтоох шаардлагатай. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий 12 салаа төмөр зам нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө учраас дээрх хуулийн дагуу “” ХХК-д 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК нь “...“” ХХК-д олгосон ... 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч тухайн 12 салаа төмөр зам нь тус тусдаа үргэлжилсэн урттай бөгөөд бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй газарт байрласан төмөр замыг “” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг буруу гэж үзэж тус 12 салаа төмөр замын уртыг энд тэнд нь хуваах, тасдах хэлбэрээр бусдад өмчлүүлбэл гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн төмөр замыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох юм. 

Нэхэмжлэгчид шүүх хуралдаан дээр “...эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэн нэгний эзэмшил, ашиглалтад хамаарахгүй газар дээр байрлаж буй төмөр замыг “” ХХК-д өмчлүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэдэгт хамаарч байна гэж маргадаг. “Эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэдэгт тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд тодорхой захиргааны акт гаргах боломжтой гэсэн шаардлагыг зөрчиж захиргааны акт гаргасан тохиолдлыг ойлговол зохино. Энэхүү маргааны хувьд Нийслэлийн улсын бүртгэлийн газар болон Улсын бүртгэгч өөрт хуулиар тусгайлан эрх олгогдсоноор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу “” ХХК-д олгосныг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Хэргийн оролцогчдын маргаж буй асуудлыг тодорхой болгох зорилгоор 2015 оны ******* дүгээр сарын 09-ний өдрийн 8414 тоот шүүгчийн захирамжаар томилогдсон өөр өөр мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох шинжээч С.Майдарын шинжилгээний хөлс 850,000 төгрөг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (Геомэп ХХК)-ын шинжилгээний хөлс 1,403,902.50 төгрөг буюу нийт 2,253,902.50 төгрөгийг нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК-аас тус тус хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК-ийн “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээгээр олгосон 2.94 км талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал нийт 2,253,902.5 төгрөгийг нэхэмжлэгч Н.Д, “Ш” ХК-д хувь тэнцүүлэн хариуцуулж, “Геомэп” ХХК-ийн Голомт банкин дахь 1405006459 тоот дансанд 1,126,951.25 төгрөгийг тушаахыг нэхэмжлэгч Н.Дд, 276,951.25 төгрөгийг тушаахыг “Ш” ХК-д, шинжээч С.Майдарын Худалдаа хөгжлийн банкин дахь 405052831 тоот дансанд 850,000 төгрөгийг тушаахыг “Ш” ХК-д даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор зохих гүйлгээг хийж баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, *******4 дүгээр зүйлийн *******4.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДОЛГОРСҮРЭН

                   ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН

                                                             А.САРАНГЭРЭЛ