Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00827

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00827

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ды нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/00421 дугаар шийдвэртэй Л.Ды хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: 2014 оны 03 сарын 18-ны өдөр Т ХХК-тай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж 103300524433 тоот дансанд 4 000 000 төгрөг байршуулсан. 2019 оны 09 сарын 22-ны өдрийн байдлаар хуримтлал 54 461 000 төгрөг болсон бөгөөд 2019 оны 11 сарын 05-ны өдөр хуримтлалын мөнгөө авахаар Т ХХК-ийн Тээврийн товчоо салбарт хандахад таны мөнгө байхгүй, эхнэр Ө.Хандаа 48 902 990 төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Энэ талаар Ө.Хандаагаас асуухад ямар нэгэн зээл болон мөнгө аваагүй гэсэн. Иймд Т ХХК-аас хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хадгаламжийн мөнгөний тооцооны хувьд маргах зүйлгүй. Т ХХК-ийн харилцагч Л.Ды эхнэр Ө.Хандаагийн Төрийн банкны 103300524433 тоот данснаас 54 461 000 төгрөг алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан, одоо Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн 1809046760956 тоот хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Иймд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсгийг баримтлан Т ХХК-аас 48 902 990 төгрөг гаргуулан Л.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 402 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 402 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... гэрээний 4.2.6-д банк өөрийн буруутай уйлдлийн улмаас данс эзэмшигчид учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр харилцагчид нөхөн төлөх уүрэгтэйг заасан байна. Ийнхүү хариуцагч гэрээний дагуу үүргээ зөрчсөн, түунчлэн хадгалуулагчийн хүссэн цагт хадгалуулсан мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул 48 902 990 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй" гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудын ач холбогдолтой байдлыг үнэлээгүй. Нэхэмжлэгч Л.Ды эхнэр Ө.Хандаагийн гаргасан гомдлын дагуу Эрүүгийн Цагдаагийн албанаас эрүүгийн 1809046760956 тоот хэрэг үүсгэн яллагдагч н.Ариунгэрэлд холбогдуулан шалгаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан болно. Тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчиж хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48 902 990 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 54 450 933 төгрөг хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, нэхэмжлэгч Л.Ды хадгаламжийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 4-7/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ... нэхэмжлэгч Л.Ды 103300524433 тоот данснаас 54 461 000 төгрөг алдсан гэх гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул уг баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. /хх 22, 23-24/

 

Шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримтууд нь талуудын маргаанд хамааралтай эсэх талаар харьцуулсан дүгнэлт өгөхийн тулд дээрх баримтууд хуульд заасан нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан байх учиртай. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байх бөгөөд уг шаардлагыг хангаагүй баримт нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхээс гаргасан шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн бичгийн нотлох баримтууд нь хуулбар байх бөгөөд тэдгээрт үнэн зөвийг гэрчилсэн хуулбар үнэн дардас тэмдэглэгээ байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа эсэх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй. Нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй баримтыг шүүн үнэлэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангуулан авах үүрэгтэй. Энэ нь шүүхийн хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа бүрдүүлж оролцох, мэтгэлцэх эрхийг хангахад чиглэгдсэн ажиллагаа болно.

 

Түүнчлэн хариуцагч Т ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, хэргийн 21 дүгээр талд Т ХХК-ийг төлөөлөх эрхийг А.Мөнхбаатарт олгосон итгэмжлэл авагдсан байна. Уг итгэмжлэлийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гэх этгээд олгосон байх боловч түүнийг хариуцагч банкийг төлөөлөх бүрэн эрхтэй болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/00421 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ