Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 125

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Хохирогч Ө.М, Л.Ч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нт холбогдох эрүүгийн 183000220083 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн харьяат, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баруун-Урт сумын 8 дугаар баг З гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

мөн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 35А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, Г.Н. 

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Г.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 12-31 тоот хашаанд оршин суух иргэн Т.Эын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 

           Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Ш” гэх газраас 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ө.Мын 6 тооны адууг хулгайлж 3.400.000 төгрөгийн, Л.Чы 1 тооны адууг хулгайлж 700.000 төгрөгийн, нийт 7 тооны бод мал хулгайлж, 4.100.000 төгрөгийн,

            Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Зэ” гэх газраас Д.Дийн 4 тооны үхрийг хулгайлж, 4.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын 11 тооны бод мал буюу олон тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манайх “Ш” гэх газар отроор нүүж очсон юм. Манай тэнд зээрд азаргатай адуу эзэнгүй нэлээн удаан байсан. Би Мөнххаан сумын хүргэн гэх Архангай аймгийн нэг залуутай танилцсан юм. Тэр залуу Архангай аймгаас оргож явсан оргодол байсан. Би тэр хүнд 4-5 сая төгрөгийн эд зүйл хүнээс зээлээд аваад өгчихсөн юм. Зээл авсан хүмүүс “өрөө өгөхгүй бол цагдаад хэллээ” гээд өдөр болгон залгаж дарамталдаг байсан. Гэхдээ тэр өрийг би хийгээгүй. Хүнд юм аваад өгчихсөн юм. Аймгийн Цагдаагийн газраас намайг өрөө дар үгүй бол чамд эрүү үүсгэнэ гэж байнга залгаж байсан учраас би энэ өрийг дарж, хэл амнаас салъя гэсэн зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Д” нэртэй бойнд 3.000.000 төгрөгөөр эдгээр адууг зарсан юм. Энэ мөнгөөр мотоциклийн өрөө дараад Улаанбаатар хот руу явж ажил хийсэн.  2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дэнжид явж байгаад айлын хашаанаас мотоциклийг нь аваад 4-5 хоног унаж байгаад гэрийнх нь гадаа буцааж тавьсан. Мөрдөн байцаалтад намайг 4 үхрийг авсан гэж хэлбэл батлан даалтад гаргая гэж хэлэхээр нь би тэр үхрийг аваад айлд тавьсан гэж хэлсэн. Би тэр 4 үхрийг аваагүй ... гэв. 

 

  - Яллагдагч Г.Нын: Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар сумын нутаг “Ш” нэртэй газраас зөв талын гуян дээрээ зуузай тамгатай зээрд азаргатай 11 тооны адуунаас 7 тооны бага насны адууг тасдаж хөөж Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулах Дө ХХК-ны мал нядалгааны газар авчирч 3.000.000 төгрөгөөр худалдсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 25-ны орчим Баруун-Урт, Түмэнцогт чиглэлийн төв зам, Баруун-Урт сумаас 50 км-т байдаг овооны урд дороос хөх соёолон эр үхэр, эрээн нүүртэй хүрэн эр үхэр, хүрэн эр үхэр нийт 3 тооны үхрийг хулгайлж хөөж яваад Мөнххаан сумын нутаг “Т” гэдэг газар нутаглах Увс аймгийн гаралтай нэрийг мэдэхгүй айлд аваачиж, “манай үхэр танай үхэрт байж байг, би ирж авна” гэж хэлээд орхисон. Би тэр айлд 2 хоносон тэр үед тэр айлын 20 гаруй үхэртэй цуг алга болсон болоод тэр айлын ахтай хамт хайж яваад олоогүй 04 дүгээр сарын 10-ны орчим мөн очиход үхрээ олоогүй байсан. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос Баруун-Урт суманд ирээд тэр шөнөдөө Дэнжийн 12-31 тоот хашаанаас цагаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикл хулгайлж Мөнххаан сумын нутаг Т гэдэг газар 3 тооны үхэр орхисон айл руугаа очиж хоносон. Би тэр мотоциклийг 10 гаруй хоног хөдөөгүүр унаж яваад өчигдөр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тэр айлын хашааны гадна талд нь орхиж явсан. Би дээрх хэргүүдийг ганцаараа үйлдсэн... гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

  - Хохирогч Л.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай адуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн цасан шуурганаар “Таван толгой” гэх газраас гарсан. Шүүгдэгч 2017 оны 12 дугаар сард “Ш” гэх газар байсан гэж ярьж байна. 2018 оны 02 дугаар сарын 02-нд “Салхит” гэх газар манай адуу байсан. Миний саарал морь азарганаасаа огт салдаггүй юм. Харин 02 дугаар сарын 02-нд намайг үзэхэд Ө.Мын адуутай нийлсэн байсан. Би тэр саарал мориноос өөр адуугүй. Тэр мориороо бүх ажлаа хийдэг байсан. Би Наас 1 адууны хохиролд 700.000 төгрөг нэхэмжилж байна ... гэв.

 

  - Хохирогч Л.Чы мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Г”, Ч гэх газар нутагладаг бөгөөд би хүрэн зээрд зүсмийн азаргатай, хонгор зүсмийн гүү, зээрд цавьдар гүүтэй унагануудтайгаа мөн саарал зүсмийн их насны нийтдээ 6 тооны адуутай юм. Харин манай саахалт айлынх болох Ө.Мын 6-8 орчим тооны дан сартай зуузай тамгатай морь болон үрээнүүд нь манай адуутай нийлчихсэн бэлчээрлээд байсан юм. Дээрх адуунууд нь нэг усанд байдаг учир ижилсчихсэн байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны орчимд байх, манай адуу одоо нутаглаж байгаа газраа ирэхдээ азарга, 2 гүү, 2 унагатай нийтдээ 5 тооны адуу ирж саарал морь нь дутуу ирсэн. Би бодохдоо миний саарал морь Мөнхжаргалын морьдтой хамт явж байгаа гэж бодоод хайгаагүй. Мөнхжаргал нь мотоциклтой хайгаад л байсан. Миний саарал морь одоо болтол олдохгүй байгаа юм. Миний алдсан морь бол 8 настай нас гүйцсэн морь. Би өөрөө унадаг учир маш номхон морь байсан. Зөв талынхаа хаа гуяндаа чандмань тамгатай бөгөөд хүмүүс “бундан тамгатай” гэж хардаг юм, гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна”... гэх мэдүүлэг /хх-67/,

 

  - Хохирогч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай адууг морьтой хөөж ирсэн гэж байна. Энд өгсөн “бой”-ны газраас асуухаар машинтай ачиж ирсэн гэж хэлсэн. Тэр морьдонд бага насны үрээ байсан. Тэр үрээнүүдийг ядаж авахгүй орхисон бол бидэнд хэрэгтэй байсан юм. Учирсан хохирлоо төлүүлэхийг хүсэж байна. Би Наас 6 адууны хохиролд 3.400.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэв.

 

  - Хохирогч Ө.Мын мөрдөн байцаалтад өгсөн: Манай хөдөө гэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Г” газар нутагладаг юм. Манайх нийтдээ 9 тооны үрээ, морьд нийлсэн адуутай байсан бөгөөд манай адуу энэ өвөл Баруун-Урт сумын төвөөс зүүн хойд зүгт 30 орчим км-т “Д”, “Ш” гэх газраар бэлчээрлэж байсан юм. Би болон манай дүү Түвшинжаргал нь 7 хоног бүр уг газар нь очиж адуугаа харж бүртгэдэг байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 15-ны орчимд адуугаа авчрахаар очсон чинь манай адуу байхгүй байсан. Манай адуутай хамт хажуу айлын Зээрд зүсмийн адуутай хамт байсан бөгөөд уг адуу нь үлдчихсэн манай адуу байхгүй байсан. Ингээд өдөр бүр ойр орчимд нь хайсан боловч олохгүй байж байгаад “Б” гэх газраас 2018 оны 03 дугаар сарын 20-дын орчимд зээрд зүсмийн шүдлэн насны үрээ ганцаараа явж байхад нь олсон. Манай адуунаас алдагдсан адуу гэвэл халтар зүсмийн их насны морь /сартай зуузай тамгатай / 1.500.000 төгрөг, хээр зүсмийн их насны морь /сартай зуузай тамгатай / 1.500.000 төгрөг, хээр зүсмийн хязаалан насны үрээ /сартай зуузай тамгатай /1.000.000 төгрөг,  шар хээр зүсмийн хязаалан насны үрээ /сартай зуузай тамгатай / 1.000.000 төгрөг, хүрэн зээрд зүсмийн шүдлэн үрээ /сартай зуузай тамгатай / 1.000.000 төгрөг, хар бор зүсмийн хязаалан насны үрээ /сартай зуузай тамгатай / 1.000.000 төгрөгөөр үнэлнэ, Харин саахалт нутаглах Чулуун гэх хүний саарал зүсмийн их насны морь хамт явсан бөгөөд уг морь алга болсон. Дээрх адуунууд маань бэлчээрээр алга болоогүй хулгайд л алдагдсан гэж бодоод цагдаад бүртгүүлэх гэхэд цагдаагаас манай адууг хүн хулгайлсан байсныг тогтоочихсон эзнийг нь хайж байсан ингээд л мэдсэн юм. Нийтдээ 7.000.000 төгрөгийн хохирол учраад байгаа тул 7.000.000 төгрөг нэхэмжилнэ”... гэх мэдүүлэг /хх-65/,

 

  -   Гэрч Б.Гы өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Дө нэртэй мал нядлагааны газрыг ажиллуулдаг бөгөөд Г.Н гэх  ЛЮ86062077 регистрийн дугаартай хүн 7 тооны адууг амьдаар нь хөөж ирээд нийтэд нь 3,000,000 төгрөгөнд зарсан. Тухайн адуунууд нь ихэнх нь бага насны адуунаад байсан юм. Тухайн хүнд нядлаад махыг нь кг-р тооцож авъя гэхэд би Улаанбаатар хот руу яаралтай ажилтай болчихоод байгаа юм тэгээд л энэ хэдэн адуугаа зарж байгаа юм гэхээр нь амьдаар нь худалдаж авсан. Худалдаж авсан адууны зүс нь гэвэл: саарал, халтар, хээр, зээрд, хүрэн, хар, бор зүстэй байсан. Нас хүйсийг нь тэмдэглэж аваагүй бүгдээрээ зөв талынхаа гэр гуян дээрээ сартай зуузай тамгатай байсан. Харин саарал адуу нь арай өөр тамгатай байсан шиг санаж байна. Тухайн үедээ бүгд нэг айлын тамгатай юм байна гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг /хх- 70/,

 

- Хохирогч Т.Эын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Жамъяндоржид мотоциклио засуулах гээд өгсөн юм. Тэгсэн маргааш нь 05 цагийн үед над руу гадаа байсан мотоцикл хулгайд алдагдсан байна гэж мэдэгдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед манай хашааны гадаа миний мотоциклийг авчирч тавиад явсан байна. Хоёр толь, хянах, гинжний хамгаалалт, ачаа, бөгсний хамгаалалт зэрэг нь эвдэрсэн, хөдөө унаж байсан бололтой шавар их болсон байна. Нийтдээ 350.000 орчим төгрөгийн хохирол учраад байна... гэх мэдүүлэг /хх-06-09/,

 

  - Хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг, “Зэгэстэй” гэх газар нутагладаг юм. Манайх нийтдээ 37 тооны үхэртэй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр услаад гэрээсээ зүүн зүгт бэлчээрт гаргасан юм. Энэ үед манай үхрийн тоо бүрэн байсан юм. 03 дугаар сарын 26-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд 4 тооны үхэр эр үхэр алга байхаар нь ойр орчмоороо хайсан боловч олдоогүй. 1.Улаан алаг зүсмийн нас гүйцсэн эр үхэр, 2.Ягаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, 3. Хүрэн зүсмийн нас гүйцсэн эр үхэр, 4.Эрээн нүүртэй хүрэн зүсмийн эр үхэр тус тус алга болсон. Би 1 үхрийг 1.500.000 төгрөгөөр үнэлэх бөгөөд 4 үхэр 6.000.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх 4 тооны эр үхэр нь бусад үхрүүдээсээ огт салдаггүй юм. Үхэр алга болсныг мэдсэнээс хойш бүх зүгт 20 км-с дээш зайд хайсан боловч дээрх 4 тооны үхэр огт олдоогүй юм. Алга болсон 4 тооны үхрээс 2 тооны үхэр нь одоо манай нутаглаж буй гэрээс баруун хойд зүгээс ирсэн. Ягаан зүсмийн эр үхэр, хүрэн зүсмийн эр үхэр ирсэн”... гэх мэдүүлэг /хх-49-50/,

 

- Гэрч З.Бгийн өгсөн: 2018.03.25-аас 26-нд шилжих хооронд Зэ гэх газраас манай бэлчээрт байсан үхрээс 4 үхэр алга болсон тул цагдаад хандаж байна. Тэр орчмын айлуудаас асуусан чинь цагаан морь унасан залуу яваад байсан, нэрийг нь Н гэсэн. Тэр залуу адуундаа явж байна гээд яваад байсан гэсэн. Тэр залууг явж байх үеэр манай үхрүүд алга болсон. Манайхаас урагш Баяраа гэдэг айлаар ороод гарсан, явахдаа гар утас, уургыг нь хулгайлсан гэж байсан гэх мэдүүлэг /хх- 37-38/

 

            - Гэрч Ш.Нын өгсөн: 2018.03.29-нд Зэ гэх газар гэртээ байхад цагаан зүсний морь унасан Н гэдэг залуу орж ирсэн. Энэ зуур явж байна, гэр энэ зүүнтэй гээд гэрт нэг орж нэг гараад байсан. Тэр залуугийн сууж байсан орны ард өлгөсөн цүнхэнд байсан Самсунг Эс 5 маркийн гар утас алга болсон байсан. Араас нь Эрдэнэцогт, Ренчиндорж гэдэг малчин залуугаа явуулсан чинь“ би хүний юм авдаг хүн биш” гээд хувцсаа тайлаад байсан гэсэн. Тэгээд тэр миний уурга байна гээд уургаа авсан гэсэн. Тэр залуу манай орчмоор хэд хоног явсан гэсэн. Манай малчинд болохоор морь зогслоо гээд байсан гэсэн, тэр хүний морь зогсоогүй, манай гаднаас явахдаа зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

-  Гэрч Т.Иы өгсөн: ”...Миний хувьд Н гэх хүнийг танихгүй. Харин 2018 оны 04 дүгээр сарын эхээр Баатар гэдэг залуу машинаа малын эрэлд явж байгаад эвдчихээд одоо авч явж байна гээд манайхаар орж ирээд гарсан. Уг хүн нь өмнө 2018 оны цагаан сарын үеэр Баатараа гэх залуу нь цагаан мотоцикль уначихаад ардаа 1 хүн суулгачихсан мотоциклийн хөтлөгч араа эвдэрчихлээ гээд явж байна гэхэд анх танилцаж байсан. Манайд 3 тооны үхэр өгсөн хүн байхгүй, мөн манайх үхэр худалдаж авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-51-52/,

 

- Гэрч Г.Иын өгсөн: “ Баруун-Урт сумаас хойд зүгт байх Зэ гэх газраас үхэр алдагдлаа гэх гомдол мэдээлэл цагдаагийн газарт ирсэн бөгөөд уг үхэр алдагдсан гэх газрын орчимд Г.Н айлын уурга хулгайлаад Баруун-Урт сумын чиглэлд цагаан морьтой явж байгаад айлын эзэнд нь баригдсан байдаг бөгөөд энэ талаар түүнээс хаанаас үхэр хулгайлсан талаар тодруулж асуухад би Зэ гэх газраас бэлчээрээс нь 3 тооны үхэр хулгайлаад И гэх айлын үхэрт нь нийлүүлээд уг айлд хоночихоод буцаж явахдаа айлын хотноос уурга хулгайлаад явж байхдаа баригдсан талаар мэдүүлдэг. Ингээд Баруун-Урт сумын төвд ирээд мотоцикл хулгайлж буцаад айлын үхэрт нийлүүлсэн үхэр рүүгээ явсан талаар мэдүүлдэг. Энэ үед өмгөөлөгч Т.Хүдэр мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Ныг хуурсан ямар нэгэн зүйл байхгүй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар огт яриагүй, шууд өөр мөрдөн байцаагчид хэргийг шилжүүлсэн ” гэх мэдүүлэг /хх-103/

 

  • Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх-26, 55, 75 /,

 

  • Эрүүгийн 1830001220083 тоот хэргийн хохирлын тооцоо /хх- 76/,

 

  -  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 03-04/,

 

           -  Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/,

 

  -  Г.Нын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/,

 

  - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-82/,

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 35А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-85-86/,

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-87-88/,

 

            - Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-89-92/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнжийн 12-31 тоот хашаанаас иргэн Т.Эын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “ Ш ” гэх газраас Ө.Мын сартай зуузай тамгатай халтар зүсмийн их насны морь, хээр зүсмийн их насны морь, хээр зүсмийн хязаалан насны үрээ, шар хээр зүсмийн хязаалан насны үрээ, хар бор зүсмийн хязаалан насны үрээ, хүрэн зээрд зүсмийн шүдлэн насны үрээ, нийт 6 адууг хулгайлж 3.400.000 төгрөгийн, Л.Чы саарал зүсмийн их насны морийг авч 700.000 төгрөгийн, нийт 7 тооны бод мал хулгайлж, 4.100.000 төгрөгийн,

             2018 оны 03 дугаар сарын 25-26-ны орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Зэ” гэх газраас иргэн Д.Дийн улаан алаг зүсмийн нас гүйцсэн эр үхэр, ягаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, хүрэн зүсмийн нас гүйцсэн эрх үхэр, эрээн нүүртэй эр үхэр, нийт 4 тооны үхрийг хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Г.Н, хохирогч Т.Э, гэрч Т.Урансүх нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04/, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 2018.04.10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-26/, 01385456 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч Ө.М, Л.Ч, гэрч Б.Г нарын мэдүүлгүүд, Баруун- Урт сумын 2018.05.01-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-75/, хохирогч Д.Д, гэрч З.Б, Ш.Н, Т.И, Г.И нарын мэдүүлгүүд, Баруун- Урт сумын 2018.04.30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-55/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Г.Н бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах, зарж борлуулан ашиг олох зорилгоор бусдын мотоцикл, малыг хулгайлсан хийгээд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

  Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мөн мал хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

            Г.Н нь “ Д.Дийн 4 үхрийг аваагүй, Идэрбат байцаагч батлан даалтад гаргана гэхээр нь авсан гэж хэлсэн “ гэж дээрх үйлдлийн гэм буруугийн талаар мэтгэлцэх боловч энэ нь түүний 2018.04.26-ны өдөр өмгөөлөгч Т.Хүдэрийн байлцуулан гэрчээр өгсөн “ 2018 оны 03 дугаар сарын 25-ны орчим Түмэнцогт чиглэлийн төв зам Баруун- Урт сумаас 50 км-т байдаг овооны урд дороос хөх соёолон эр үхэр, эрээн нүүртэй хүрэн эр үхэр, хүрэн эр үхэр нийт 3 үхрийг хөөж яваад Мөнххаан сумын нутаг Т гэдэг газарт нэрийг нь мэдэхгүй айлд аваачиж орхисон. Тэр айлын 20 гаруй үхэртэй цуг алга болсон, тэр айлын ахтай хамт хайгаад олоогүй ”, 

            “ 2018.03.25-ны орчим 50-ийн Овооны урд дороос 3 үхэр морьтой хөөж Т гэх газар И гэх айлд орхисон. Тэр үхрүүд хөх эр үхэр, хүрэн эр үхэр, хар хүрэн зүсний эрээн нүүртэй халзан эр үхэр байсан. Дандаа соёолон насны үхэр байсан” гэх,

            гэрч З.Бгийн “ 2018.03.25-аас 26-нд шилжих хооронд Зэ гэх газраас манай бэлчээрт байсан үхрээс 4 үхэр алга болсон тул цагдаад хандаж байна. Тэр орчмын айлуудаас асуусан чинь цагаан морь унасан залуу яваад байсан, нэрийг нь Н гэсэн. Тэр залуу адуундаа явж байна гээд яваад байсан гэсэн. Тэр залууг явж байх үеэр манай үхрүүд алга болсон. Манайхаас урагш Баяраа гэдэг айлаар ороод гарсан, явахдаа гар утас, уургыг нь хулгайлсан гэж байсан” гэх,

            гэрч Ш.Нын “ 2018.03.29-нд Зэ гэх газар гэртээ байхад цагаан зүсний морь унасан Н гэдэг залуу орж ирсэн. Энэ зуур явж байна, гэр энэ зүүнтэй гээд гэрт нэг орж нэг гараад байсан. Тэр залуугийн сууж байсан орны ард өлгөсөн цүнхэнд байсан Самсунг Эс 5 маркийн гар утас алга болсон байсан. Араас нь Эрдэнэцогт, Ренчиндорж гэдэг малчин залуугаа явуулсан чинь“ би хүний юм авдаг хүн биш” гээд хувцсаа тайлаад байсан гэсэн. Тэгээд тэр миний уурга байна гээд уургаа авсан гэсэн. Тэр залуу манай орчмоор хэд хоног явсан гэсэн. Манай малчинд болохоор морь зогслоо гээд байсан гэсэн, тэр хүний морь зогсоогүй, манай гаднаас явахдаа зүгээр байсан ” гэх,

гэрч Г.Иын “ Баруун-Урт сумаас хойд зүгт байх Зэ гэх газраас үхэр алдагдлаа гэх гомдол мэдээлэл цагдаагийн газарт ирсэн бөгөөд уг үхэр алдагдсан гэх газрын орчимд Г.Н айлын уурга хулгайлаад Баруун-Урт сумын чиглэлд цагаан морьтой явж байгаад айлын эзэнд нь баригдсан байдаг бөгөөд энэ талаар түүнээс хаанаас үхэр хулгайлсан талаар тодруулж асуухад би Зэ гэх газраас бэлчээрээс нь 3 тооны үхэр хулгайлаад И гэх айлын үхэрт нь нийлүүлээд уг айлд хоночихоод буцаж явахдаа айлын хотноос уурга хулгайлаад явж байхдаа баригдсан талаар мэдүүлдэг. Ингээд Баруун-Урт сумын төвд ирээд мотоцикл хулгайлж буцаад айлын үхэрт нийлүүлсэн үхэр рүүгээ явсан талаар мэдүүлдэг. Энэ үед өмгөөлөгч Т.Хүдэр мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Ныг хуурсан ямар нэгэн зүйл байхгүй. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар огт яриагүй, шууд өөр мөрдөн байцаагчид хэргийг шилжүүлсэн ” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

            Тодруулбал, Д.Дийн 4 үхэр алдагдсан хугацаа нь Г.Нын тухайн газарт явсан цаг хугацаа, түүний гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн үхрийн зүс, нас нь Д.Дийн алдагдсан үхрийн зүстэй тус тус таарах бөгөөд тэрээр гэрчээр удаа дараа мэдүүлэхдээ уг газраас үхэр авсан гэдгээ өмгөөлөгчийн дэргэд тодорхой мэдүүлсэн, энэ мэдүүлэг нь үнэн, байцаагчийн зүгээс дарамталсан зүйлгүй гэдгийг өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлжээ.

 

          Мөн тэрээр иргэн Т.Эын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг авсан үйлдлийн талаар “ Би мотоциклийг авч яваад -5 хоног унаад буцааж гэрийнх нь гадаа тавьсан” гэж хэргийн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

          Тухайлбал, Г.Н нь тухайн мотоциклийн эзнийг огт танихгүй бөгөөд өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авч явсан талаарх баримт хэрэгт авагдаагүй хийгээд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл буюу Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

          Харин тэрээр бусдын мотоциклийг шөнийн цагаар, хашаанаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд түүний хулгайлсан мотоциклийг буцаан тавьсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж буй явдал биш юм.

          Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцогддог бөгөөд Г.Нын хувьд мотоциклийг авч унаж явснаар, түүний үйлдсэн уг хулгайн гэмт хэрэг төгссөн байна.

         

          Шүүгдэгч Г.Нын, хохирогч Т.Эын Даюун маркийн мотоциклийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/ буюу хулгайлах, хохирогч Ө.Мын 6 адуу, Л.Ч 1 адуу, Д.Дийн 4 үхрийг авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг/ олон тооны мал/ буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

  Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эт учирсан 1.700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн буюу Даюун маркийн мотоцикл биетээр буцаан олгогдсон, мөн хохирогч Д.Дид учирсан 4.000.000 төгрөгийн хохирлоос ягаан зүсмийн нас гүйцсэн эр үхэр, хүрэн зүсмийн нас гүйцсэн эр үхрийн хохирол төлөгдсөн буюу уг үхрүүд буцаж ирсэн байна.

  Иймд шүүгдэгч Г.Наас хохирогч Д.Дийн улаан алаг зүсмийн нас гүйцсэн эр үхэр, эрээн нүүртэй эр үхрийн хохиролд 2.000.000 төгрөг, Ө.Мын 6 адууны хохиролд 3.400.000 төгрөг, Л.Чы 1 адууны төлбөрт 700.000 төгрөг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

  Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын Үнэлгээний комиссоос хохирогч Д.Дийн 4 эр үхрийг тус бүрийг 1.000.000 төгрөгөөр/хх-55/, хохирогч Ө.Мын их нас 2 морийг тус бүрийг 700.000 төгрөгөөр, хязаалан насны 4 морийг тус бүрийг 500.000 төгрөгөөр, хохирогч Л.Чы их насны 1 морийг 700.000 төгрөгөөр/ хх-75/ хохирогч Т.Эын мотоциклийг 1.700.000 төгрөгөөр/ хх- 26/ тус тус үнэлжээ.

         

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин түүний Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт заасан хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2.1-д “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

          Шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл түүний үйлдсэн дээрх хэргүүдэд хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Г.Нын энэ хэргийн улмаас 54 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Ныг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах/, мөн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ олон тооны мал хулгайлах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Нт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Нын цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Наас 3.400.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогч Ө.Мд, 2.000.000 төгрөгийг гаргуулж Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогч Д.Дид, 700.000 төгрөгийг гаргуулж Баруун-Урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогч Л.Ч нарт тус тус олгосугай.

 

 7. Ялтан Г.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН