| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2410022551218 |
| Дугаар | 2025/ДШМ/424 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/424
2025 04 08 2025/ДШМ/424
Ж.Мад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Мад холбогдох эрүүгийн 2410022551218 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ж.М, 1962 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ................ тоотод оршин суух,
Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1983 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тэнсэн суллагдсан,
Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн магадлалаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, /РД:................./,
Шүүгдэгч Ж.М нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Баянгол гэх газраас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Таван толгойн пост хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй 23.59м³ нарс модыг “Митсубиши пусо” загварын .......... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мад оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Мад мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвд хадгалагдаж байгаа 112 ширхэг 23.59м³ хэмжээтэй нарс модыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Маас 29.889.086 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Маас “Mitsubishi Supergreat, Fuso” загварын ......... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 30.190.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.М нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудалд маргадгүй болно. Гэтэл анхан шатны шүүх “...Ж.М нь дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн. ...Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ...мод бэлтгэж болно”, 35.3-т “...зөвшөөрөл авсан иргэн... энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”, 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”, 35.4.2-т “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Ж.Мыг тээвэрлэж явсан 112 23.59м³ хэмжээтэй нарс модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн...” гэж гэм буруугийн дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар “тодорхой ойлгомжтой байна” гэж зааснаар бичигдэж чадаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэр хэмжээнээс хэтэрч дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь тус тусдаа хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтууд бөгөөд энэ гэмт хэргийн хувьд бланкет диспозиц байх тул Ойн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэдэг. Ойн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэдэг нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолтоор мод бэлтгэж болно”, 35.1.1-т “мод, бутыг огтлох замаар ой ургах орчныг бий болгоход чиглэсэн”, 1.2-т “өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар”, 1.3-т “нас гүйцсэн модыг огтлох замаар”, 35.2-т “огтлох замаар мод бэлтгэх” гэж ойлгоно. Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2.1.2-т мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг 2.1.3-т “... “Тээвэрлэгч” гэж тухайн мод, модон материалыг тээвэрлэж яваа иргэн, хуулийг этгээдийг”, 2.1.4-т “мод, модон материал гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал /дүнз, дүнзэнцэр, банз, брус, дранк/ түлээг” ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Ж.Мын тээвэрлэсэн гэх 112 ширхэг 23.59м³ хэмжээтэй нарс мод нь шинжээчийн дүгнэлтээр хуурай хэрэглээний бөөрөнхий мод, гуалин гэж тогтоосноос үзэхэд мод, модон материал гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд миний үйлчлүүлэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Баянголын ам гэх нэртэй газарт халиар түүхээр очиход уулын аманд тайрч бэлдсэн улиас модууд байсан... 5 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 26-ны өдөр нөгөө улиас моднуудыг байгаа болов уу? гэж очиж үзэхэд байж байсан. Тэгэхээр нь 100 гаруй нарс модыг ачаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүх хуралдаанд шинжээч дээрх модыг хэзээ тайрсан эсэхийг тогтоох боломжгүй гэж мэдүүлсэн, мөн гэрч нарын мэдүүлэгт “дээрх модыг хэзээ тайрсан, огтолсон талаар огт дурдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт дээрх модыг мөн адил хэзээ огтолсон, тайрагдсаныг тогтоох боломжгүй” гэж хариулсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд миний үйлчлүүлэгч Ж.М нь ургаа мод тайрч бэлтгэсэн буюу 112 ширхэг 23.59м³ хэмжээтэй нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин бусдын бэлтгэсэн байсан модыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон болохоос ойгоос мод бэлтгэсэн, огтолсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй, уг модыг хэн огтолсон, хэзээ бэлтгэсэн талаарх нөхцөл байдлыг шалгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт миний үйлчлүүлэгч Ж.Мыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн үйлдлийг ургаа мод бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж байгаль орчинд хохирол учруулсан гэж 29.889.086 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчмыг зөрчсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 11-д зааснаар “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан байна. Мөн Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан хориглосон үйлдэл хийж Байгаль орчинд ямар нэгэн байдлаар ойн хэвийн өсөлт, хөгжилтөд үзүүлэх нөлөө, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл үзүүлсэн үйлдэл хийж Байгаль орчинд хохирол учруулсан бодит үйлдэл хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд миний үйлчлүүлэгч Ж.М нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн үйлдэл Байгаль орчинд хохирол учруулахгүй бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хориглосон үйлдэлд хамаарахгүй тул тээвэрлэсэн үйлдлийг мод бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж 29.889.086 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан шүүгдэгч Ж.Маас 29.889.086 төгрөгийг гаргуулж гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өнчин хэдэн хүүхдүүдээ тэжээхийн тулд модыг тээвэрлэсэн. Өөр хэлэх тайлбар байхгүй ...” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан авсан хэмээн заасан. Хэдийгээр эдгээр нь дундаа таслалтай боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар тухай зүйлд хууль бусаар мод бэлтгэсэн нь дээрх зүйл, ангид хамаарч байгаа. Улсын яллагчийн зүгээс зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар модыг тээвэрлэсэн гэдгээр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Мыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч би модыг бэлтгээгүй гэдэг боловч энэ нь Байгаль орчинд хохирол учруулдаг үр дагавартай. Хууль бусаар мод тээвэрлэсний улмаас 23.59м³ нарс мод устсан тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах буюу 29.889.086 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ж.М нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Баянгол гэх газраас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Таван толгойн пост хүртэл гарал үүслийн гэрчилгээгүй 23.59м³ нарс модыг “Митсубиши пусо” загварын ..... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “... Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг.” /хх 58-59/,
иргэний нэхэмжлэгч Б.И-ний “... Би Ж.М гэх хүнийг ер нь зүс танина. Дээр үеэс хойш Өндөр Мөнхөө гэх нэртэй хүн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байдаг байсан. Ган нэг удаа уулзаж байсан. Би Ж.М гэх хүнтэй дотно харилцаатай ах, дүү, төрөл садны холбоотой зүйл байхгүй. Би Д.Ганзориг гэх хүнийг танина, миний өөрийн ..... ОРО улсын дугаартай Пусо маркийн автомашиныг засвар үйлчилгээ хийж өгдөг. Би Д.Ганзориг гэх хүнтэй ах, дүү, төрөл садны холбоотой зүйл байхгүй. Д.Ганзориг миний Пусо маркийн тээврийн хэрэгслээр хөдөө орон нутаг явах ажил гарвал хөлсөөр тээвэр хийдэг. Би ..... ОРО улсын дугаартай Пусо маркийн автомашинаар мод тээвэрлэж явж байгаад саатуулагдсан гээд одоогоос хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гээд ярих үед би мэдсэн. Ер нь урьд өмнө миний тээврийн хэрэгслээр мод модон материал тээвэрлэдэггүй байсан. Би өөрийн ..... ОРО улсын дугаартай Пусо маркийн автомашиныг 2021 оны 05 дугаар сарын үед 60 сая орчим төгрөгөөр худалдан авч байсан. Надад одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна.” /хх 63-64/,
гэрч Д.Ганзоригийн “...Миний санаж байгаагаар энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг Орхон аймагт байж байхад Ж.М өөрийнхөө дугаараас над руу залгаад Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын зааг тасгаас цааш яваад мод ачаад Улаанбаатар хот руу оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би модны гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэх талаар асуухад Ж.М одоо гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах гэж байна тээврийн хэрэгслийн улсын дугаар, регистр овог нэрээ алдаагүй бичээд явуулаарай гэсний дагуу би өөрийнхөө дугаараас Ж.Мын руу мессежээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, регистрийн дугаар зэргийг бичээд явуулсан. Маргааш буюу 05 дугаар сарын 29-ний үдээс хойш хүрээд ир гэсний дагуу Ж.Мтай Хялганат тосгонд уулзаж мод хураасан байгаа газарт очиход газрыг нэрийг нь сайн мэдэхүй байна уулын аманд тараах байдалтай гуалин хэлбэртэй 2 метр орчмоор тайрсан моднууд байхаар нь Ж.М бид хоёр тухайн өдрөө миний авч явсан машинд ачаад хөдлөх гэтэл тухайн үед шаварт суугаад нөгөөдөр нь буюу 06 дугаар сарын 30-ны өдөр гаргаад Хялганат тосгонд Ж.М гарал үүслийн гэрчилгээгээ хянуулна, намайг Орхон аймгаас гардаг 3 замын хяналтын пост орчим байж бай гээд түрүүлээд явсан. Удалгүй араас ирээд Ж.М бүх юм болчихлоо шууд Улаанбаатар гаръя гээд явсан. Тэгээд маргааш өглөө 06 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, таван толгойн пост орчим саатуулагдсан. Тухайн үед би мод ачих гэж очихдоо манай эхнэр Б.Э Улаанбаатар орж эмчид үзүүлэх шаардлагатай байсан учир эхнэрийгээ дагуулаад явж байсан. Тэгээд тухайн мод ачих газарт очиход Ж.М болсон гээд нэг гарал үүслийн гэрчилгээ гээд нэг цаас үзүүлж байсан. Тэр цаасыг манай эхнэр Б.Э хажууд харж байсан. Тухайн үед Ж.М мод ачаад Улаанбаатар явах замд ачиж явсан модыг банк болгоод өөрийн хүүхдэдээ хашаа барьж өгөх талаар ярьж байсан. Тухайн үед Ж.М бид хоёр, манай эхнэр Б.Э хамт байсан. Тухайн моднуудыг Ж.М бид хоёр ачсан. Тухайн үед миний жолоодож явсан ..... ОРО улсын дугаартай Пусо маркийн автомашин миний танил Орхон аймгийн харьяат Б.Ишгэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би автомашин засварладаг учраас Б.Ишгэний тээврийн хэрэгслийг засварлах ажлыг хийж өгдөг юм. Тэгээд зарим үед тээврийн хэрэгслийг гуйж Улаанбаатар хот руу хөлсөөр ачаа ачаад олсон ашгийг яг тэнцүү хувааж авдаг. Тэр өдөр Ж.М над руу залгаад бичиг баримт бүрэн мод гэхээр нь очоод ачаад өгсөн...” /хх 75-77/,
“Mitsubishi Supergreat, Fuso” маркийн ..... ОРО урьд нь Ишгэн гэж хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан ба тээврийн ажилд би жолоочоор нь ажиллаж цалин мөнгө авдаг байсан. Ишгэн нь танил Ц гэдэг хүнд тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан. Намайг машинаа сайн унадаг гэж зуучилж өгсөн тул би уг тээврийн хэрэгслээ унаад Ц гэдэг хүнд жолоочоор ажиллаж байна. ..... ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгсэл одоо нь Ц гэдэг хүний эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл. Ишгэн Ц хоёр танил хүмүүс тул хоорондоо машин тэргээ худалдан борлуулахдаа хэдэн төгрөгөөр ямар хэлбэрээр худалдан борлуулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Мөнгөө цувуулж өгсөн гэж дуулсан. Тээврийн хэрэгслийг би одоо унаад тээвэрт явж байгаа.” /хх 198/,
гэрч Б.Эгийн “... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед миний бие өвдөөд Улаанбаатар хот руу явах гэж байсан чинь манай нөхөр хүний машинтай ачаа ачаад Улаанбаатар хот руу явна гэж хэлэхээр нь хамт явсан. Тэгээд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу явсан байх орой бүрэнхий болсон байхад нэг газар очоод мод ачаад байсан. Би нөхрөөсөө ямар учиртай мод ачаад байгаа юм бэ, бичиг баримт байгаа юм уу” гээд асуусан чинь “байгаа, баттай бичиг баримттай” гээд нэг хүн рүү модны бичиг баримт дээр миний регистрийн дугаар хэрэгтэй гэнэ гэж хэлээд хүн рүү регистрийн дугаараа бичээд явуулж байх шиг байсан. Тэгээд тухайн үед мод ачуулж байхад нөгөө мод ачуулсан хүн нь манай нөхөрт бичиг үзүүлэхээр нь харсан чинь манай нөхрийн нэр усыг бичсэн байхаар нь бичиг баримттай юм байна гэж ойлгож байсан. Тэгээд Улаанбаатар хот руу ирээд саатуулагдсан. Тухайн үед мод тээвэрлэж явсан автомашин Эрдэнэтийн Цэндээ гээд дуудаад байдаг жинхэнэ нэрийг сайн мэдэхгүй байна, тэр хүний машин юм манай нөхөр зарим үед ачаа гарч ирэхээр машинаар нь хөдөө гадаа ачаа ачиж тээвэрлэдэг юм. Тухайн үед мод ачаад Улаанбаатар хот руу явж байхад машин дотор манай нөхөр би мод ачуулсан, ах бид гурав хамт ирсэн. Тэр хүнийг тэр өдөр л харсан бусдаар нэр усыг нь мэдэхгүй. Манай нөхөр Д.Ганзориг ер нь Улаанбаатар хот руу мод тээвэрлэдэггүй. Энд тэндхийн ачаа гарахаар л зөөж тээвэрлэдэг...” /хх 80-81/,
гэрч А.Цын “... Би “Mitsubishi Supergreat, Fuso” ..... ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийг хамаатны Б.Ишгэн гэх хүнээсээ 30,000,000 төгрөгөөр худалдан авна гэж 2024 оны 03 дугаар сард ярьж тохироод мөнгөө увуулж цувуулж өгсөөр 07 дугаар сард дуусгаж тээврийн хэрэгслийг худалдан авсан. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж нэрээ солиулж амжилгүй явсаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2024 оны 07 дугаар сараас одоо миний тээврийн хэрэгсэл болсон ба тухайн үед нэр дээрээ шилжүүлж авах гэтэл машинаар мод ачсан гээд журмын хашаанд саатуулагдсан байсан ба гаргаж аваад нэр дээрээ шилжүүлж амжилгүй явсаар уржигдар л нэр дээрээ шилжүүлж авлаа. Уг тээврийн хэрэгсэл одоо миний тээврийн хэрэгсэл. Одоо хөлсний жолооч Ганзориг тээврийн хэрэгслээр ачаа ачаад явж байгаа...” /хх 194-195/,
Шинжээч А.Еийн “... Шинжлэгдсэн моднууд нь 70-178 настай мод байсан, амьдрах чадвартай эсэхийг нь тогтоох боломжгүй. Бүсчлэн тогтоодоггүй, ойн төлбөрийн 1-р, 2-р, 3-р гэсэн мужлал байдаг. Шинжлэгдсэн мод нь төлбөрийн 3-р мужлалд хамаарч байсан 3-р мужлалаар тооцсон. ...” /хх 118-120/,
Ж.Мын яллагдагчаар өгсөн “... Би энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Баянголын ам гэх нэртэй газарт халиар түүхээр очиход уулын аманд тайрч бэлдсэн улиас мод байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ харчхаад орхиод гэр лүүгээ явсан. Ингээд 5 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 26-ны өдөр нөгөө улиас моднуудыг байгаа болов уу гээд очиж үзэхэд байж байсан. Тэгэхээр нь би танил Ганзориг руу залгаад “Баянголын амнаас мод ачуулах гэсэн юм, хүрээд ирээч” гэж дуудаад гарал үүслийн бичгээ авчихсан байгаа гээд регистрийн дугаар, мод ачих машиных нь дугаарыг авсан. Ганзориг тухайн газарт буюу Булган аймгийн Сэлэнгэ сум 3-р баг Баянголын ам гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр том оврын ..... 0Р0 улсын дугаартай цагаан өнгийн Fuso маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. Ганзоригийг ирэхээр нь би хуучин ашиглаж байсан модны гарал үүслийн бичгийг хальт харуулаад явах замдаа хянуулна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 100 гаруй нарс мод ачаад хөдөлсөн ба тухайн газраа машин шаварт суугаад 2 хоносон. Ингээд 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу хөдөлсөн ба би гарал үүслийн бичгээ хянуулна гэж худлаа хэлээд Хялганат тосгон дээр бууж үлдсэн. Тэгээд гэрээрээ орчхоод цүнхтэй хувцсаа аваад хоол унд идчихээд Ганзоригийн араас жижиг машинтай яваад Орхон аймгаас гардаг Эрдэнэт сумын пост дээр Ганзоригтой уулзаж машинд суусан. Тэгэхэд Ганзориг надаас гарал үүслээ хянуулсан уу, бичиг баримт бүрэн үү гэхээр нь би гарал үүслийн бичгээ хянуулчихсан гээд худлаа хэлээд цааш хамт Улаанбаатар хот руу явсан. Тэгээд шөнөжин яваад маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 13-р хороо Таван толгой пост дээр цагдаад баригдсан. ...Би өөрийн бага хүү Б-д хашаа барьж өгөх санаатай очиж авч тээвэрлэсэн. ...Г бид хоёр хамт байсан. Өөр хүн байгаагүй...” /хх 179-180/ гэсэн мэдүүлгүүд,
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 10/,
“Mitsubishi Supergreat, Fuso” маркийн ..... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-22, 29-37/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: 23,59 м3112 ширхэг нарс модыг эд мөрийн баримтаар тооцсон тухай /хх 38/,
“Mitsubishi Supergreat, Fuso” маркийн ..... OPO улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: А-ийн Цын өмчлөлийнх гэх /хх 201/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-48/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2394 дугаартай “Шинжлэгдсэн мод нь Pinaceae Lindl-Нарсны овгийн Pinus silvestris L-Эгэл нарс болох нь тогтоогдов. Дээрх мод нь 112 ширхэг, 23.59м3 хэмжээтэй, дундаж чийг нь 9.02%-ийн чийгтэй байгаа тул хуурай мод байна. Уг шинжлэгдсэн модны үзлэг, хэмжилтээс үзэхэд хэрэглээний бөөрөнхий мод байна. Тус модны түүж бэлтгэх зөвшөөрөлтэй эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хураасан 23.59м3 модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 5,535,016.06x1,8=9,963,028.908 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзэхэд 9,963,028.908 төгрөг х 3= 29,889,086.724 төгрөг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 85-92/,
Хөрөнгийн үнэлгээний “Хос Стандарт” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/723 дугаартай “...“Mitsubishi Supergreat, Fuso” маркийн ..... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30.190.000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн үнэлгээ /хх 99-113/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.М нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Мыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Мыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Г.Өсөхбаяраас “...шийтгэх тогтоолд Ж.Мыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн үйлдлийг ургаа мод бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж байгаль орчинд хохирол учруулсан гэж 29,889,086 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан шүүгдэгч Ж.Маас 29,889,086 төгрөгийг гаргуулж гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ...” гэж, 2 дахь хэсгийн 1-д “Байгаль орчинд учруулсан хохирлыг ойн санд учруулсан хохирол; ... гэх байдлаар ангилна:” гэж, 4-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн 1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; ...дурдсан хэмжээгээр тогтооно:” гэж тус тус заасан.
Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө.” гээд 42.1.6-д “хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан” бол гэж заасан ба шүүгдэгч Ж.Мын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан хэсэгт хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол” хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Мын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог болохыг мэддэг, мөн өөрийн тээвэрлэж байгаа модыг гарал үүслийн гэрчилгээгүй гэдгийг мэдсээр байж байгаа мэтээр хуучин ашиглаж байсан модны гарал үүслийн бичгийг хальт харуулаад явах замдаа хянуулна гэсэн, явах замдаа мөн хянуулсан гэж хэлж гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдэг нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, модон материалыг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгодог бөгөөд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт хамаарч байгаа тул байгаль орчин, ойн санд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймээс Ж.Мын өмгөөлөгчийн гаргасан “...гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдлийг ургаа мод бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж, байгаль орчинд хохирол учруулсан гэж 29,889,086 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй.” гэсэн гомдол няцаагдаж байх ба анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж, хуульд нийцүүлж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан нь үндэслэлтэй байна.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтад агуулга, найруулгын хувьд зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөж шийдвэрлэлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад “... 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг,
“... 112 ширхэг 23.59м3 хэмжээтэй нарс модыг худалдан борлуулж, түүний үнийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
6 дахь заалтад “... тээврийн хэрэгслийн үнэ болох 30,190,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.” гэснийг,
“... тээврийн хэрэгслийн үнэ болох 30,190,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ