| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0112/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 129
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Н.Уд холбогдох 1830000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн харьяат, 1997 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар сумын 4 дүгээр баг “Л” гэх газарт нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Н.У.
Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар ...тоотод 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цаг 30 минутын орчимд гэр бүлийн хамаарал бүхий буюу хамтран амьдрагч Х.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны доргилт, дээд доод зовхины болон салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 02-нд гэр бүлийн маргаанаас болж эхнэр Х.Эийг зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.
- Н.Угийн яллагдагчаар өгсөн: Би тэр өдрийн орой 19-20 цагийн орчим эхнэр, хүүхэд дээрээ очсон юм. Тухайн үед би хөргөгчнөөс чипс аваад идэж байтал намайг Х.Э нь “хүүхэддээ юм авчирч өгөхгүй байж хүүхдийн чипс идлээ” гэж уурласан. Би Х.Эийг авдарынхаа урд суугаад авдараа ухаад сууж байхаар нь тоглоомоор “настай хөгшин хүн шиг авдараа юу гэж ухаад байгаа юм бэ” гэтэл “би танай гэрийн авдарыг ухаагүй. Өөрийнхөө гэрт өөрийнхөө авдарыг ухаж байна” гэхээр нь идэж байсан чипсээ Х.Эийн аманд хүчээр хийсэн. Дараа нь Х.Э нь босож ирээд сандал авч намайг цохих гээд байхаар нь би гэрээс нь гарч хаалгыг нь дарж Х.Эийг гаргаагүй. Хэсэг хугацааны дараа буцаж гэр рүү ортол Х.Э нь намайг гэрээсээ хөөж “танай аав, ээж хоёр шиг өмхий санаатай хүмүүс байдаггүй” гээд байхаар нь би уурлаж орон дээр дарж байгаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-19-20/,
- Хохирогч Х.Эийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цаг 30 минутын орчим гэртээ байхад манай нөхөр Н.У зодож биед гэмтэл учруулсан юм. Би тэр орой гэртээ авдараа ухаад хүүхдийнхээ хувцсыг эвхэж байсан чинь манай нөхөр Н.У “чи хөгшин хүн шиг авдар ухлаа” гэсэн тэгэхээр нь би “танай гэрт очиж авдар ухаагүй, өөрийнхөө гэрт байна” гэсэн. Тэгээд байж байсан чинь манай нөхөр хүүхдийнхээ чипсийг идээд байхаар нь “чи хүүхэддээ юм авч өгөхгүй байж идлээ” гээд хэлсэн чинь миний хоолойг боож аманд чипс чихээд байсан. Тэгээд гэрээс гараад зугтаасан юм. Тэгэхээр нь би араас нь “аав, ээжийгээ дуурайсан хар санаатай” гээд хэлсэн чинь эргэж ирээд зүүн чамархай орчим 2-3 удаа цохисон. Тэр үед хажууд ээж байсан юм. “Тэгээд чи яаж байгаа юм бэ? Хүний хоолой боогоод наад хүн чинь үхдэггүй юм уу” гэсэн чинь өөдөөс нь “хүн хоолой боолоо гээд үхдэггүй юм” гэсэн. Тэгээд ээж манай нөхрийг хөөгөөд явуулсан юм. Хамгийн анх 2017 оны 02 дугаар сард /цагаан сарын өмнө/ намайг жирэмсний 5 сартай байхад зодож баруун нүд хөхрүүлж байсан. Юунаас болж намайг зодсон талаар нь би санахгүй байна. 2017 оны 08 дугаар сард төрсний дараа өөр эмэгтэй хүний фейсбүүк хаяг руу орсон байхаар нь би уурлаж гэрээсээ гарсан юм. Гэтэл араас гарч ирээд миний толгой руу 3-4 удаа цохиж байсан. Тэр үед миний толгой их өвдөж байсан. Түүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой намайг зодсон... гэх мэдүүлэг/хх-03-04/,
- Гэрч Ч.Хы: Би Н.У гэдэг хүнийг танина. Манай охинтой гэр бүл болох гээд манайд байгаад байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой манай охин Х.Э гэртээ авдараа ухаад хүүхдийнхээ хувцсыг эвхэж байсан чинь манай хүргэн болох Н.У нь хүүхдийнхээ чипсийг идээд байхаар нь манай охин нөхөртөө “хүүхэддээ юм авч өгөхгүй байж чипс идлээ” гээд хэлсэн чинь хоолойг нь боож аманд нь чипс чихээд байсан. Тэгэхээр нь би наадахаа гарга гээд хүүдээ хэлээд гэрээс гаргасан. Манай охиныг нүүрэн тус газар нь гараараа цохиод байсан. Би хажууд нь хүүхдийг нь бариад байсан болохоор салгаж чадахгүй байсан юм. Намайг боль гэхээр салахгүй үгэнд орохгүй байгаа юм. Одоо манай охины зүүн нүд хөхөрсөн зүүн чамархай хавдсан байгаа. Н.У нь архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай охинтой албан ёсны гэр бүл болоогүй, хамтран амьдардаг юм. Урьд өмнө нь манай охиныг хоёр удаа зодож байсан... гэх мэдүүлэг /хх-07/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 326 дугаартай дүгнэлтэд: Х.Эийн биед зүүн нүдний алимны доргилт, дээд доод зовхины болон салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх...гэжээ /хх-10-11/,
- Н.Угийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-23/,
- Н.Угийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-22/,
- Н.Угийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-25-26/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 5/23 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-36/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 62 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.У нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий буюу хамтран амьдрагч Х.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “ зүүн нүдний алимны доргилт, дээд доод зовхины болон салстын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.У, хохирогч Х.Э, гэрч Ч.Х нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.06.08-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Н.У нь “ хүүхдийн чипс идлээ “ гэх гэр бүлийн гишүүдийн хоорондын маргааны явцад хохирогч Х.Эийн “аав, ээжийгээ дуурайсан хар санаатай “ гэж хэлсэн ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийг зодсон хийгээд гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2018 оны 06 дугаар сарын 02-нд гэр бүлийн маргаанаас болж эхнэр Х.Эийг зодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй ” гэж мэдүүлж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Н.Уы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Н.Уг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.
Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Уы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Н.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Уы үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Н.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Уг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.У шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Н.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Н.Уд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН