| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2310025641622 |
| Дугаар | 2025/ДШМ/451 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/451
2025 04 17 2025/ДШМ/451
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Сад холбогдох 2310025641622 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:...................../;
Шүүгдэгч Г.С нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 19 хохирогчид нийт 20.008.920 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн 1 жил 7 cap 2 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 7 жил 1 cap 02 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 459 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Саас нийт 16.208.920 төгрөг гаргуулж, хохирогч Я.Уд 3.740.000 төгрөг, А.Бд 500.000 төгрөг О.Сд 450.000 төгрөг, Б.Бд 1.225.000 төгрөг, Ц.Цд 1.750.000 төгрөг, О.Гд 1.950.000 төгрөг, Н.Хд 2.663.920 төгрөг, хохирогч Т.Эгүд 335.000 төгрөг, Г.Нд 275.000 төгрөг, Д.Өөд 170.000 төгрөг, Р.Кд 1.200.000 төгрөг, Б.Эд 500.000 төгрөг, Ч.Дд 1.100.000 төгрөг, М.Ат 350.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 829.690 төгрөгийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг гар утсыг буюу ягаан өнгийн Самсунг галакси А-12 загварын утас 1 ширхэг, тунгалаг гэртэй, саарал өнгийн Самсунг А9200 загварын утас 1 ширхэг, цэнхэр өнгийн Самсунг Эс-9 загварын гар утас 1 ширхэг, Найк гэсэн гэртэй Самсунг А-50 загварын утас 1 ширхэг, алтан шаргал хагархай гэртэй Самсунг Эс-8 загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн гэртэй, саарал өнгийн Айфон 7 плас загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн гэртэй Самсунг А-90 загварын гар утас 1 ширхэг, хар өнгөтэй Самсунг А-8эс загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн Айфон Икс загварын гар утас 1 ширхгийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, аэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр, хүүхэдтэй боллоо гэж маш их баярлаж байсан боловч 1 сартай охинтойгоо хаягдан үлдэж, яах учраа мэдэхгүй, шоконд орж, охиноо настай аав, ээж хоёртоо үлдээж, өөрөө цахим мөрийтэй тоглоомоор өдөр хоногийг аргацааж, бүхнээрээ тоглож, дахин тоглохын тулд бусдын анхаарал сарнисан байдлыг ашиглан гар утсыг нь авч, сул дорой амьдарч байснаа ухаарч байна. Тиймээс би өөрийн алдаа дутагдлаа ойлгон ухаарч, харамсаж байгаа бөгөөд шударгаар амьдрахыг хүсэж байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байгаа боловч уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Уг гэмт хэргийг үйлдэж, ар гэр, үр хүүхдэдээ зарцуулсан зүйл огтхон ч байхгүй. Би цахим тоглоомд донтон сул дорой байдлаар амьдралд хандсан. Одоо би 26 настай ба хорих ялыг дуусгаад гарахад 34 настай болсон байх бөгөөд өндөр настай ээж, аав минь байх уу, үгүй юу, охин минь ямар байдалтай өсөх бол, нийгэм яаж хүлээж авах бол зэрэг нөхцөл байдлуудыг минь бодож, оногдуулсан зүйл ангийг минь зохих зүйл ангиар зүйлчилж, нэг удаа боломж олгож өгнө үү. Түүнчлэг уг гэмт хэргийг үйлдэн хэрхэн амьдралын эх үүсвэр болгосон талаар баримт байхгүй, хохирлын хувьд их хэмжээнд хүрэхгүй, цаг хугацааны хувьд тогтвортой үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан бөгөөд тус шүүх хуралдааны мэлтгэлцээн болон улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон үндэслэл буюу хэвшил болсон гэмт зан үйлийн талаар дурдагдаагүй, яригдаагүй. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд шүүгдэгч Г.Сыг хулгайлах үйлдлийг байнга үйлдэж, амьдрал ахуйдаа зарцуулсан тухай байсан болохоос хэрхэн амьдрал ахуйдаа зарцуулсан баримт байдаггүй. Шүүхээс гэм буруутайд тооцохдоо насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгон тэднийг тоглоомын талбайд тоглож байхыг ашиглан rap утсыг хулгайлж байгаа аргыг, мөн өмнөх хулгайлах гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдээд биелүүлээгүй байдал зэргийг үндэслэж хулгайлах гэмт хэргийн хамгийн хүнд зүйл ангиар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болоогүй. Байнга үйлдсэн буюу давтамжийн тоог урьд шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хугацаанаас буюу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг үндэслэж байгаа нь урьд ижил төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байснаар хүндрүүлэн амьдралын эх үүсвэр хулгайлах гэмт хэргийн хүнд зүйл, заалтаар гэм буруугийн дүгнэлт хийж байгаа нь шүүх хэргийг бодитой, төвийг сахисан байр сууринаас хэргийн бодит байдалд тулгуурлан дүгнээгүй. Шүүгдэгч Г.Сад оногдуулсан ял нь түүний үйлдлийн арга, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээтэй харьцуулашгүй хүнд зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь түүний гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж 300.000 төргөрөөр эхэлж, хүндрүүлэх бүрэлдэхүүн хохирлын хэмжээнээс хамаарч 50.000.000 төгрөгөөр энэ гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчлагдсан. Гэтэл шүүгдэгч Г.Сын учруулсан гэмт хэргийн хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заагдсан их хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхээгүй байхад 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцсоныг хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Сын хувьд 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 12 удаагийн үйлдлээр, мөн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр буюу нийт 16 үйлдлээр бусдад 20,008,920 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Г.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгөөр амьдралын хэрэгцээгээ залгуулдаг байсан. Амьдралын эх үүсвэр болгосон үндсэн шинж нь өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийн хамруулж ойлгодог. Шүүгдэгч Г.С нь хулгайн замаар олсон эд хөрөнгийг зарж борлуулж, олсон мөнгөөрөө өөртөө хувцас авах, буудалд орж хонох, хоол авч идэх зэрэг өөрийнхөө өдөр тутмын хэрэглээнд 5 сарын хугацаанд зарцуулсан. Энэ шинжийг прокуророос үндэслэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.С болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.С нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 19 хохирогчид нийт 20.008.920 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Я.Угийн “... 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед хүү Сумка миний “Айфон 14 про макс” загварын гар утсыг аваад тоглоомын талбай дээр очоод ирье гээд гарсан. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд хүү таны гар утсыг алга болгосон гэж хэлсэн. Хүү маань Хан-Уул дүүргийн Хүннү 2222 барилгын 217 дугаар байрны тоглоомын талбай дээр сагсны талбайн урд талд чулуун хашлага дээр миний гар утсыг цамцныхаа халаасанд хийгээд ороогоод тавьсан байсан. Тоглож дуусаад цамцаа шалгаж үзэхэд утас байхгүй байсан гэж хэлсэн” /1хх 41-42/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 11/,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын 217 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 18-19/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 7/4/2023 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд гар утсыг 3,740,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 44-47/,
насанд хүрээгүй хохирогч А.Бийн “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө хичээлийн нээлтэд оролцоод 10 цаг 20 минутын үед ангийн найзуудтайгаа хамт тоглохоор ... А.Т-ийн шинэ гэртэй нь танилцангаа гадна талбайд нь сагс тоглож байгаад эгчийгээ залгасан байна уу гэж үзэх гэтэл миний утас болон манай найзуудын гар утас байхгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” /1хх 129-130/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 124/,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүүтий таун хотхоны харуулын байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 129-130/,
“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “iphone X" загварын гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 123/0143 дугаар дүгнэлт /1хх 131-133/,
насанд хүрээгүй хохирогч О.Сын “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлээ тараад найзуудтайгаа хамт гадаа тоглож байгаад А.Т гэх найзынхаа гэр болох Бүүтий таунд очоод сагсан бөмбөг тоглож байхад хар өнгийн шорттой, хар өнгийн цамцтай, хар өнгийн чихэвч зүүсэн, зүүн гар дээрээ шивээстэй байсан. Тэгээд тэр ах явсны дараа бид нар өөр газарт очиж тоглох гээд очиход манай найзуудын гар утас болон миний гар утсыг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” /1хх 164-165/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 159/,
Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүүтий таун хотхоны харуулын байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 161-162/,
“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Самсунг Галакси Эс-10” гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 123/0148 дугаар дүгнэлт /1хх 166-168/,
насанд хүрээгүй хохирогч Б.Нийн “... 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад найзуудын хамт 52 дугаар дунд сургуулийн сагсны шийдэнд 20 цаг 30 минутын хүртэл тоглож байгаад гэртээ орох гэтэл гар утас байхгүй болсон байсан. Би тухайн үед өөрийн гар утсыг сагсны талбай дотор байрлах сандал дээр тавьсан байсан. Миний гар утас “Айфон 11 про макс" маркийн гар утас байсан. Бид нарын хажуу талд нэг унадаг дугуйтай ах суугаад байсан, тэр хүн байж магадгүй" /1хх 188-189/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх186/,
“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “iphone 11 pro max” rap утсыг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 123/0147 дугаар дүгнэлт /1хх 190-192/,
насанд хүрээгүй хохирогч Б.Бгийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүү Ананд-Очирын хамт Энканто төв рүү орж дүүгээ найзтай нь уулзуулаад дараа нь дүүгийнхээ хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "KFC" сүлжээ хоолны газар ороод хоол захиалчхаад хоол гараад манай захиалгын дугаарыг хэлэхээр нь би өөрийнхөө гар утсыг сууж байсан ширээн дээрээ орхиод хоолоо авчхаад ирсэн чинь байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байсан. Миний гар утас хар өнгөтэй, Айфон 11 про загварын, 64гб багтаамжтай гар утас байгаа. Уг гар утсыг 2020 оны 03 сард Тэди төвөөс 2,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Имей код нь 352824110166987, 352824110048334, сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Тухайн хэсэг рүү харсан камерыг тухайн газрын менежерт нь хэлэн камер шүүлгүүлсэн..” /1хх 242-243/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 232/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Iphone 11 pro” маркийн rap утсыг 1.225.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 245-246/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Ций “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бүти Таун хотхоны гадна сагсны талбайд тоглох гээд өөрийн гар утсаа сандал дээр нь тавьж орхисон. Тоглож байгаад 15 цаг 40 минутын үед утсаа авах гэхэд миний утас байхгүй байсан бид нарыг тоглож байхад миний утасны ойролцоо хар шорт, хар фудволк, хар малгай, хар үүргэвчтэй ах суугаад байсан..." /2хх 41-42/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2хх 37/,
“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Iphone 12 pro" маркийн rap утсыг 1,750,000 төгрөгөөр үнэлсэн 123/0126 дугаар дүгнэлт /2хх 43-45/,
хохирогч О.Ггийн “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...16 цагийн үед шийдэн дээр ирсэн. ..16 цаг 30 минутын үед өөрийнхөө утсыг шалгахад байж байсан Тэгээд цамцныхаа халаасанд хийгээд тайлаад шийдний тэнд тавьчихсан байсан. Тоглож дуусаад 17 цаг 10 минутын үед утсаа шалгахад байхгүй болчихсон байсан. Битүү дугуйны масктай эрэгтэй хүн дугуй унаж ирээд утсаар яриад байсан...” /2хх 78/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 74/,
“Дамно" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Iphone 12 pro max” маркийн rap утсыг 1.950.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 84-87/,
насанд хүрээгүй хохирогч Н.Хын “...Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өдрийн 15 цагийн үед найз Х.Хүслэнтэй хамт хичээлээ тараад “Sunshine village” хотхоны сагсны талбай дээр тоглохоор болоод хичээлийн цүнх болон гадуур өмсөж явсан хар өнгийн юүдэнтэй цамцаа тайлаад талбайн шийдний доод талын төмөр дээр тавиад тоглосон. Би гар утсаа цамцныхаа халаасанд хийчихсэн байсан юм. Тэгээд 30 минут орчим тоглоод гэртээ харих гээд цүнх, цамцаа авахад миний халаасанд байсан rap утас маань алга болсон байсан...” /2хх 115/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2хх 111/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "iphone 14” загварын гар утсыг 2,663,920 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх122-125/,
хохирогч Б.Л-н “...Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цаг 40 минутын үед манай охин Үлэмж над руу залгаад Элизабет хотхоны тоглоомын талбай дээр утсаа алдсанаа хэлсэн. Тэгээд би ажилтай байсан учраас аавыг нь явуулсан. Аав нь Элизабет хотхоны СӨХ-ийн камерыг шүүгээд үзсэн чинь хар өнгийн саравчтай малгайтай дугуй унасан хүн тоглоомын талбай хавиар тойроод байсан бичлэг байсан. Тэгэхээр нь би өнөөдөр тэр тоглоомын талбай руу харсан GS25 дэлгүүрийн хяналтын камерыг шүүсэн чинь хар өнгийн унадаг дугуй унасан хар өнгийн саравчтай малгай хар өнгийн маск зүүсэн, хар бараан хувцастай хүн манай охины утас тавьсан сандал дээр 17 цаг 40 минутын үед сууж байгаад утсыг нь аваад босч байгаа бичлэг дүрслэгдсэн байсан... Хар бараан өнгийн резинэн кейстэй, хар саарал өнгийн “iphone 11 pro” загварын rap утас байсан...” /2хх 157/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /2хх 153/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б31-23-1959 дугаартай "Айфоне 11 про загварын гар утсыг 1,125,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх 163-166/,
насанд хүрээгүй хохирогч Э.Д-ий “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 6 дугаар сургуулийн хойд талд 43 дугаар байрны тоглоомын саад дээр 18 цаг 20 минутад очоод тоглож байхдаа цүнхэндээ гар утсаа хийгээд саадын дотор байрлах ширээн дээр цүнхээ тавиад тоглож дуусаад 10 орчим минутын дотор очоод харахад цүнх байгаагүй...” /2хх 202-203/,
насанд хүрээгүй хохирогч Т.Эийн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 6 дугаар сургуулийн хойд талд 43 дугаар байрны тоглоомын саад дээр 17 цаг 00 минутад очоод найз болох Г, Н, сургуулийн хүүхдүүдийн хамт гар бөмбөг тоглож байсан. Би тоглож гар утас болон повер банкаа хар өнгийн нэг үүргэвчтэй цүнхэндээ хийгээд дууг нь хаагаад тавьсан байсан. 2 цаг орчим тоглож байтал хамт тоглож байсан Нандингэрэл гэх охины утас алга болсон байсан. Би өөрийн утсаа шалгатал миний цүнхэндээ хийгээд үлдээсэн байсан гар утас, повер банк алга болсон байсан..." /2хх 208-209/,
насанд хүрээгүй хохирогч Г.Нийн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах 6 дугаар сургуулийн хойд талд 43 дугаар байрны тоглоомын саад дээр 18 цаг 20 минутад Номин-Эрдэнэ найзтайгаа гар бөмбөг тоглох гээд очсон. Би тоглож дуусаад 18 цаг 20 минутын үед саадын ширээн дээр тавьсан байсан цүнхнээсээ rap утсаа аваад гэр рүүгээ явах гэж байтал миний гар утас байхгүй байсан. Би цүнхнийхээ том тасалгаад нь хийгээд үлдээсэн...” /2хх 214-215/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх213/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн СБ1-23-2408 дугаартай " Самсунг Галакси 12 загварын rap утсыг 200.000 төгрөгөөр, Айфоне 8 загварын гар утсыг 335.000 төгрөгөөр, Самсунг А-51 загварын гар утсыг 275.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт /2хх216-219/,
насанд хүрээгүй хохирогч А.Э-ий "... би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хичээлээ тараад найзуудтайгаа мөн 2 дүүтэйгээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 220К резидэнсийн арын хүүхдийн тоглоомын талбайд сандал дээр утсаа тавиад дээрээс нь цүнхээ тавиад тоглож байсан. Тоглож дуусаад явах гээд цүнхээ автал гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас усан цэнхэр өнгийн Самсунг А51 загварын rap утас байсан” /2хх 240-241/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 237/,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23/2488 дугаартай “Самсунг А51" загварын гар утас 325,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх 244-246/,
хохирогч Р.Кы “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны сагсны талбай дээр найзуудтайгаа тоглож байхад 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд дугуйтайгаа тойрч явж байгаад 5 минут сууж байгаад яваад өгсөн. ...миний бие тухайн үед тэр хүнийг ирэхээс өмнө тоглоомын талбайд тоглохоос өмнө өөрийн Айфон 12 загварын гар утсаа сандал дээр тавиад тоглож байсан. Тэр хүнийг явсны дараа харин сандал дээр байсан rap утсаа шалгасан чинь миний гар утас байгаагүй. Тэр хүн маск зүүсэн, хар малгайтай, хар өмдтэй, унадаг дугуй унасан 25-30 орчим насны, махлаг биетэй, 165-170 см орчим өндөртэй хүн байсан. Тухайн үед би тухайн хүнийг нэлээн сайн харж байсан" /Зхх 129-130/,
насанд хүрээгүй хохирогч Д.Өийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны сагсны талбай дээр найзуудтайгаа тоглож байхад 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд дугуйтайгаа тойрж явж байгаад 5 минут сууж байгаад яваад өгсөн. Би алдсан Самсунг А-12 загварын гар утсаа 700,000 төгрөгөөр авч байсан. Миний утасны Имей код нь 355221175216830, 357893205216838. Би дугуйтай хүнийг сэжиглэж байна” /3хх 122-123/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /Зхх 118/,
"Сүлд-Үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 123/0145, 123/0146 дугаар дүгнэлтүүдээр “СамсунгА-12” загварын гар утсыг 170,000 төгрөгөөр, Айфоне 12 загварын гар утсыг 1,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт /Зхх 136-143/,
насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “... Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны тоглоомын талбай дээр дүү болон найзуудтайгаа тоглох гээд орсон. Тэгээд өөрийн үүрч байсан хар өнгийн паскан дотор гар утсаа хийж үлдээгээд буцаад ирэхэд байхгүй болсон байсан. Самунг А-34 загварын, ногоон өнгийн гар утас байсан” /4хх 60-61/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /4хх 49/,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 56-57/,
"Ашид билгүүн" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 924/10284 дугаар дүгнэлтэд “Самсунг А-34” загварын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /4хх 65/,
хохирогч Д.Б-ийн “...2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Тайм скуэр хотхоны 18 цагийн үед манай хүүхэд Ивээлт нь тус хотхоны тоглоомын талбай дотор хөл бөмбөгийн хэсэгт сандал дээр өөрийн гар утас болон бусад эд зүйлийг цүнхнээсээ авах гэхэд гар утас нь алга болсон байсан. Тэгээд би хяналтын камер шүүхэд хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн малгайтай цамц хар өнгийн шорт, гуталтай 20-25 орчим насны залуу унадаг дугуйтай орж ирээд манай хүүхдийн цүнхнээс гар утсыг аваад гараад яваад өгсөн. Тэгээд араас нь хөөж явж байгаад Хан-Уул дүүргийн Академи 2 хотхоны гадна явж байхад нь барьж авсан. Тухайн хулгайчийн цүнхийг үзэхэд хүүхдийн гар утас байсан” /4хх 108-109/,
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /4хх99/,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Тайм скуэр хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх103-104/,
“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХУД 1/30 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Айфоне 11 про” загварын гар утсыг 850.000 төгрөгөөр үнэлжээ. /4хх111-112/,
насанд хүрээгүй хохирогч М.Аын “... Би 2024 оны 06 дугаар сарын 20- ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны тоглоомын талбай дээр найз Хонгорзул түүний дүү нарын хамт очоод тоглоод сагсны шийд болон усан оргилууртай хэсэгт очоод цүнхээ сагсны шийдийн хажууд тавиад тоглоод эргэж ирээд утсаа үзэх гэхэд цүнхэнд байсан гар утаснууд байхгүй болсон байсан. Самсунг А-52 400 мянгаар үнэлнэ.” /4хх 141-142/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх 135/,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 137-138/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А-52” загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлжээ. /4хх 144-145/,
насанд хүрээгүй хохирогч Ч.Дгийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 20- ны өдөр 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны тоглоомын талбай дээр найз Хонгорзул түүний дүү нарын хамт очоод тоглоод сагсны шийд болон усан оргилууртай хэсэгт очоод цүнхээ сагсны шийдийн хажууд тавиад тоглоод эргэж ирээд утсаа үзэх гэхэд цүнхэнд байсан гар утаснууд байхгүй болсон байсан. Айфон 12 про загварын гар утсыг 1.200.000 мянгаар үнэлнэ.” /4хх 179-180/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх 170/,
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 173-174/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Айфоне 12 про” загварын гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /4хх 181-182/,
2023.10.14-ний өдөр шүүгдэгч Г.Сын эд зүйлд үзлэг хийж, түүнээс 10 ширхэг гар утас хураан авсан тэмдэглэл /1хх 177/,
тус гар утаснаас 4 ширхгийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 209-212/,
2024.07.04-ний өдрийн шүүгдэгч Г.Саас Iphone х, Samsung А90, Samsung А8 загварын 3 ширхэг гар утас хураан авсан тэмдэглэл /4хх 54-55/,
2024.07.05-ны өдөр шүүгдэгчийг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгчийн биеэс 829.690 төгрөгийг хураан авсан тэмдэглэл /4хх 84-89/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Сын хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Түүнчлэн, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд шилжүүлэн 1 жил 7 cap 2 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 07 жил 01 cap 02 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нараас “... зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Г.Сын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, өөр ямар нэгэн амьжиргаагаа залгуулдаг эх үүсвэргүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэрээр хулгайлах гэмт хэргийг тогтмол үйлдэж, хулгайлсан эд зүйлээ борлуулан мөнгийг нь амьжиргаандаа зарцуулж, ихэвчлэн насанд хүрээгүй хүнд чиглэж, адил арга хэлбэрээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа нь байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Г.С нь урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлээгүй атлаа дахин үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж, уг гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон, түүний амьдралын хэвшмэл шинжтэй болсон үйлдэл байх тул гомдолд заасан асуудлаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Сын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ