Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02049

 

Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02107 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарт холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг,

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.*******д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай /нэгтгэсэн/ иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******

Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.******* нь Б.*******тай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байрны *******, 18 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч нь хууль ёсоор худалдан авсан орон сууцаа эзэмшиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхэд хариуцагч нар чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдаж аваад гэрээний дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэлийн байгууллагад хандаж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Ингээд тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэж үзээд З.*******, А.******* нартай байрыг чөлөөлүүлэх тухай очиж уулзсан. Гэтэл тухайн байрыг чөлөөлж өгөхгүй гэсэн учир шүүхэд хандаж уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд заасныг үндэслэн тухайн эд хөрөнгийн үнийг төлснөөр худалдаж авсан гэж үзэж байна. Бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв эсэхэд хариуцагч талаас маргаагүй болно. Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байрны ******* орон сууцыг хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.*******, М.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байрны ******* орон сууцыг 2013 онд 67 000 000 төгрөгөөр худалдан авч охин Б.*******гийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Манай охин Б.******* нь орон сууцаа 5 000 000 төгрөгөөр Б.******* гэх хүнд огт худалдаагүй, тийм хүн танихгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж хэлдэг. Б.******* нь манай хүргэн Д.*******ийн найз н.******* гэх хүний эхнэр гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Д.*******, н.******* нар нь хоорондоо өглөг, авлагатай байсныг саяхан мэдсэн. Б.******* нь өөрийн байраа нэг л удаа барьцаалж барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж хэлсэн. Гэтэл ямар шалтгаанаар өмчлөгч нь гарын үсэг зураагүй байхад гэрчилгээний нэр шилжсэнийг мэдэхгүй байна. Б.******* нь нэхэмжлэл гаргах хүртэлээ нэг ч удаа манай байранд ирж байгаагүй, байрнаас гарахыг шаардаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.******* нь ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байр, ******* 1 өрөө орон сууцыг 2013 онд 67 000 000 төгрөгөөр худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг худалдаж авсан байранд маань нэхэмжлэгчийн аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Б.*******гийн эгч *******ын нөхөр ******* нь хувийн компанитай бөгөөд Хятадаас бараа оруулж зардаг байсан. Б.******* нь хүргэн ахынхаа компанид нарийн бичгээр ажилладаг байсан бөгөөд хүргэн ах Д.******* нь 2014 оны 6 дугаар сарын үед хүнээс зээл авсан, байрныхаа ордерыг 1 сарын хугацаатай хэрэглээч гэж гуйхад нь нотариат руу хамт очсон. Нотариатын газар хүргэн ах Д.*******, түүний найз, Б.******* нар байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сард Б.******* гэх хүн Б.*******гийн өмчлөлийн байрнаас аав, ээжийг нь албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Б.*******гийн өмчлөлийн байр хууль бусаар Б.******* гэх хүний нэр дээр шилжсэнийг мэдсэн. Б.******* нь Б.******* гэх хүнийг огт танихгүй. Б.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад огт худалдаагүй бөгөөд нотариатч дээр очиж гарын үсэг зураагүй байхад түүний гарын үсгийг хууль бусаар хуурамчаар зурж, Б.*******гийн өмчлөх эрхийг хууль бусаар өөр хүн нэр дээрээ шилжүүлж авсан байна. Б.******* гэх хүн нь Б.*******гийн хүргэн ахад мөнгө зээлүүлсэн н.******* гэх хүний эхнэр байсан. Шүүхэд өгсөн гэх орон сууц худалдах худалдан авах гэрээнд 5 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдсан байсан. Уг орон сууцыг анх 67 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхад орон сууцаа 5 000 000 төгрөгөөр зарна гэж байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Б.*******, Б.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байр, ******* нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.*******ын ******* тоот гэрчилгээний дугаартай Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.*******гийн нэр дээр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 23-******* 18 м/кв талбай бүхий орон сууцыг худалдан-худалдах авах гэрээг байгуулах үед Б.******* нь өөрийн биеэр нотариат дээр ирж гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэлдээ өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ******* дүүрэг, 10 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байрны ******* орон сууцыг хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.*******гийн Б.*******, Б.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ******* байр, ******* нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.*******ын ******* тоот гэрчилгээний дугаартай Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.*******гийн нэр дээр бүртгэхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо:

... Маргаан бүхий орон сууцыг худалдан авах тухай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.*******гийнх мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 668 дугаар кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр, мөн тухайн гэрээг байгуулахад Б.******* нь өөрийн биеэр нотариатч дээр очиж бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурсан болох нь Нийслэлийн ******* дүүргийн тойргийн нотариатч М.*******ын 2014 оны 11 дугаартай бүртгэлийн дэвтэрийн 3295 дугаарт тухайн хэлцэл бүртгэгдэж "Б.*******, Б.******* нар" гарын үсэг зурсан талаарх бүртгэлийн дэвтэрийн хуупбараар тогтоогдож байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэрэгт ач холбогдолтой бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.******* нь хариуцагч Б.*******ыг огт танихгүй бөгөөд анх Б.******* нь маргаан бүхий байрнаас хариуцагч нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гарсаны дараа өөрийн эзэмшлийн байраа хууль бусаар шилжсэн болохыг мэдсэн. Маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний худалдагч Б.******* гэх нэрийн ард зурагдсан гарыг үсэг нь Б.*******гийн гарын үсэгтэй тохирохгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2617 дугаар кримналистикийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх энэ шинжээчийн дүгнэлтийг огт харгалзан үзээгүй. Дээрх шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд Б.******* нь гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна. Б.******* нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр нотариатч дээр очиж нотариатчийн бүртгэлийн дэвтэр дээр гарын үсгээ зурсан нь бүртгэлийн дэвтэрийн хүулбараар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, дээрх бүртгэлийн дэвтэрт Б.******* гарын үсгээ огт зураагүй. Бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг Б.*******гийн гарын үсэг мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тодруулаагүй болно. Анх маргаан бүхий байрыг 2013 онд Б.*******гийн аав ээж 67 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 10 сард 62 000 000 төгрөг, 2018 оны 3 сард 51 000 000 төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байхад 2014 оны 10 сард 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Б.******* 2014 оны 10 сард байр худалдаж авсан атлаа 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь энэ байрыг худалдаж аваагүй болохыг илэрхийлж байна. Иймд Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо:

... Маргаан бүхий орон сууцыг 2013 онд 67 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд орон сууцны татварын хөнгөлөлт эдлэхийн тулд охин Б.*******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл гэнэт Б.******* гэх хүн манай аав, ээжийн байрыг манай дүү Б.*******гаас 2014 оны 10 сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгөөр худалдаж авсан тул орон сууцнаас албадан гаргуулна гэж нэхэмжлэл анх шүүхэд өгснөөр энэ асуудлыг анх мэдсэн. Манай дүү Б.******* орон сууцаа Б.******* гэх хүнд огт худалдаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж хэлдэг. Нэхэмжлэгч Б.******* гэх хүн манай орон сууцыг худалдаж авсан бол бүтэн 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2013 онд 67 000 000 төгрөгөөр байр худалдаж авсан атлаа жилийн дараа уг үнийг 13 дахин бууруулсан үнээр буюу 5 000 000 төгрөгөөр зарах боломжгүй. Гэрээ байгуулсан учир нь манай нөхөр Д.******* Б.*******ын нөхөр н.******* нарын өр авлагын асуудлаас болсон байна. Б.******* нь манай нөхөр Д.*******ийн компанид нарийн бичиг хийдэг байсан бөгөөд Б.*******гийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурах боломжтой гэж үзэж байна. 2014 оны 10 сарын 22-ны өдөр "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-г ******* дүүргийн тойргийн нотариатч н.******* гэх хүн баталсан байдаг бөгөөд уг нотариатч нь нас барсан байдаг. Анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2617 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-д худалдагч Б.******* гэх нэрийн ард зурагдсан гарын үсэг нь Б.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэснийг огт шийдвэртээ дурьдаагүй байна. Манай байрыг 2014 оны 10 сарын байдлаар 62 000 000, 2018 оны 3 сарын байдлаар 51 000 000 төгрөгийн үнэ ханштай байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан 5 000 000 төгрөгөөр худалдсан гэх гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч З.*******, М.*******, Б.*******, Г.******* нарт холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт

нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрчилгээ хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/13874 тоот шүүгчийн захирамжаар нэгтгэжээ. /хх-ийн 44 тал/

 

Анхан шатны шүүх Б.*******гийн нэхэмжлэлийг Б.*******ын гаргасан үндсэн нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэх үндэслэл байгаа тохиолдолд Б.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах ёстой боловч нэхэмжлэгч Б.******* нь нэгтгэгдсэн хэргийн нэхэмжлэгчээр орж байгаа Б.*******д холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байна.

 

Шүүх хоёр өөр нэхэмжлэгчтэй, хоёр өөр хариуцагчид холбогдох хэргүүдийг нэгтгэснээр хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцох нь тодорхой бус болсноос гадна хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг тогтоосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг буруу хэрэглэжээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Б.******* гэх нэрийн ард зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч Б.*******гийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар хоёр өөр шинжээчийн дүгнэлт гарч, эргэлзээ бүхий байдал үүссэн байхад анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийхгүйгээр эргэлзээ бүхий баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын хүсэлтээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/03896 тоот шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ******* ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Уг захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, ******* ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус тус ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ирэхээс өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 102/ШЗ2018/06089 тоот хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******гийн төлсөн 94 950 хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО