| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0136/э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 154
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Хохирогч А.М, түүний өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бөд холбогдох эрүүгийн 1830000000132 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ...гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Н.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 130
-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт эхнэр А.Мг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, зүүн нүдний дотор буланд баруун хөхний дээд хэсэгт, зүүн даланд, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би усандаа явж ирчихээд эхнэрээсээ мах байна уу? гэж асуухад байхгүй гэсэн. Өдөр бүр аймаг руу явахдаа махаа авчирсангүй гэж хэлээд би уурлаж эхнэрээ орон дээр дарж унасан. Тэгээд аймаг руу махандаа яваад ирэхэд эхнэр хүүхдүүдээ аваад аавынх руугаа явсан байсан. Би ээжийнх нь хажууд зодоогүй, хүүгээ авах гэж очсоод хүүхдээ булаацалдаж байгаад гараараа цохисон гэв.
Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд байгаа гэдгээ мэдээд шүүх, цагдаад хандсан. Манай нөхөр уураа барьж чаддаггүй намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж зоддог. Хоёр хүүхдээ хүртэл хэлэх хэлэхгүй үгээр хэлж зоддог. Хэдхэн сартай хүүхдээ орон дээр чулууддаг. Бид хоёр ханилаад 8 жил болж байна. Миний хань хувцас аваад өмс гэж хэлээд мөнгө төгрөг өгч байгаагүй. Энэ хүнд зодуулснаас болж би мартамхай болсон. Би мотоцикль, цагаан портер харахаараа л айдаг болсон. Өнгөрсөн цагаан сарын өмнө зуданд мал нь үхсэн чинь намайг мал үхүүллээ гээд зодоод үхсэн малынхаа сэгийг аваад, аав, ээжтэйгээ ид гэж хэлж байсан. Манай аав такситай ирээд намайг авчирч байсан. Удахгүй араас ирээд л дахиж ингэхгүй гээд гуйгаад би гурван хүүхдээ бодоод очиж байсан. Би өглөө 03, 04 цагт босоод бүх ажлаа хийдэг. Гэтэл манай нөхөр 08-09 цаг хүртэл унтаж босоод хараал хэлээд л уурлаад байдаг. Намайг алцгар, гичий, янхан гээд байдаг. Чам шиг гуйлгачинтай амьдрахгүй гэдэг. Тэгэхээр нь чи баян хүүхнээ авчираад үнээгээ саалга гэж хэлсэн. Цагдаад торгуулсан ч миний буруу, бүх зүйлд би буруутай болдог. Миний эгч, аавыг зодож байсан. Манайхан намайг бодоод юу ч хэлж чаддаггүй. Би нөхрийнхөө уурыг гарахаар нь хэлдэг боловч ойлгодоггүй. Миний охин аавыгаа харахаараа айгаад мотоциклийн дуу гарахаар л зугатаачихдаг. Миний 3 настай хүү хэд хоног аавтайгаа байсан юм. Гэтэл хүү минь ээж үхсэн, ээж үхсэн гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ гэхэд аав, ээжийг үхсэн гэж хэлсэн гэсэн. Гуравхан настай хүүхэддээ ээжийг нь үхсэн гэж ойлгуулсан байгаа юм би үнэхээр их гомдолтой байна. Миний толгой, тархи өвдөөд байгаа учир эмчилгээний зардалд 500 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 11830000000132 дугаартай хэргээс:
Хохирогч Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн “..Сүү нийлүүлдэг айлд сүү өгчихөөд гэртээ ирэхэд нөхөр хоолны мах байгаа юу гэхээр нь байхгүй гэсэн чинь “эрт хэлэхгүй яасан юм ална” гээд хоолой боогоод орон дээр дарсан. Тэгээд малдаа яваад өгөхөөр нь би аавынхаа гэрт очсон чинь араас ирээд намайг нүүр нүдгүй зодоод “гичий, нохой” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Манай эгч, ээж хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд намайг зодож балбаж байгаад явсан. Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Одоо миний толгой өвдөнө, хамрын яс хугарсан. Тухайн үед нуруу болон нүүр рүү хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд сүүлдээ би яг хаашаа цохиод байгааг нь мэдэхгүй болсон. Урд нь намайг зоддог байсан. Тэр үед цагдаад хэлнэ гэхээр гуйгаад байхаар нь өнгөрөөгөөд байсан. 2018 оны 02 дугаар сард манай малын хот цасанд дарагдаж мал үхэж байхад мал үхүүллээ гэж надад уурлаж, малынхаа хотонд миний хоолойг боож, гар, хөлнөөс чирээд байсан. Намайг байнга хэл амаар доромжилж дарамталдаг. Би Батмөнхөд удаа дараа зодуулж байгаадаа гомдолтой байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 03/
Гэрч Ш.Сын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өглөө охин М хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгээд манай нөхөр намайг зодоод хөөж туугаад байна гэсэн. Тэгсэн нөхөр нь мотоцикльтой ирсэн. Гэрт орж ирээд Мг шууд цохиод гэрээс чирч гаргаад гадаа зодож, мотоциклиороо дайрна гээд байсан. Тэгээд би салгах гээд дийлэхгүй “чи яаж байгаа юм бэ ” гэсэн чинь чамд хамаагүй гээд охины толгой болон нуруу орчимд хэд хэдэн удаа өшиглөж, хоолойг нь боогоод байсан. Тэгээд нэг хүүхдээ аваад мотоцикльтойгоо явсан. Би Мг эгчтэй нь хамт гэр рүүгээ чирч оруулсан. Тэгсэн манай нөхөр цагдаад хэл гээд цагдаа руу ярьсан. Н.Б архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Манай хүргэн урд нь охиныг маань зодож байсан одоо гурав дахь удаагаа зодож байна. Урд нь хүүхдүүдээ бодоод хэлдэггүй байсан. Одоо танайх ядуу гуйлгачин гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлж, эхнэрээ гичий, нохой зайл гэх мэтээр доромжилдог гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 06/ ,
Гэрч Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “...” гэх газар мал маллаж амьдардаг. Манайхаас зүүн зүгт ойролцоогоор 1 километр орчимд манай дүү А.М нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд А.М 3 хүүхдээ хөтлөөд явган уйлсан байдалтай ирээд манай нөхөр Батмөнх намайг зодоод байхаар нь хүрээд ирлээ гэж байсан. Удалгүй араас нь Батмөнх нь мотоцикльтой ирээд хүүгээ авч явна гээд А.Мтай булаацалдаад өгөхгүй гэсэн чинь булааж авчихаад А.Мг багалзуурдаж унагаасан. Тэгээд М хүүхдээ авах гэтэл нь баруун гараараа цохиж хамраас нь цус гаргачихаад хүүхдээ аваад явсан. Бид нар дүүгээ аваад гэр рүү оруулсан. Аав, ээж хоёр аймаг руу эмнэлэг аваад явсан. Маргаан болсон шалтгаан нь манай дүү айл руу яваад ирье гэсэн явуулахгүй гээд маргалдаад зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 394 дугаартай дүгнэлтэнд: 1.А.Мгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, зүүн нүдний дотор буланд баруун хөхний дээд хэсэгт, зүүн даланд, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх /хх-ийн 11/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8/379 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 28-р хуудас /
- Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт эхнэр А.Мг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, зүүн нүдний дотор буланд баруун хөхний дээд хэсэгт, зүүн даланд, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.М, гэрч Ш.С, А.С нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 394 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Б 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр А.Мг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд, зүүн нүдний дотор буланд баруун хөхний дээд хэсэгт, зүүн даланд, зүүн бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хацар, шанаанд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бөд холбогдох хэргийн зүйлчлэлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бөд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.М нь эмчилгээний зардал 500 000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг 800 / найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бөд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бөд мэдэгдсүгэй.
5. Хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардал 500 000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА