| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408037050451 |
| Дугаар | 2025/ДШМ/452 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/452
2025 04 17 2025/ДШМ/452
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сэргэлэнбаатар,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.А, О.З нарт холбогдох 2408037050451 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 797 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:.............../;
2. Б овгийн О.З, 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээвэр-5” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нярав ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 713 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тус хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, /РД:................./;
Шүүгдэгч М.А нь бусадтай буюу О.Зтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, гялгар уутны хамт 580,3 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /зэрлэг олсны ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны шалган нэвтрүүлэх пост орчим “Н” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, өөрийн эзэмшлийн ..... УНЭ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.А, насанд хүрээгүй С.Н нарт өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн,
шүүгдэгч О.З нь бусадтай буюу М.Атай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, гялгар уутны хамт 580,3 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /зэрлэг олсны ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны шалган нэвтрүүлэх пост орчим “Н” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, М.Аын эзэмшлийн ..... УНЭ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.А, насанд хүрээгүй С.Н нарт өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.А, О.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.А, О.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, О.З нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.А, О.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А, О.З нараас тус бүрээс 10.976.000 төгрөгийг гаргуулж нийт 21.952.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт нийт 580,3 грамм жинтэй бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан ажиллагааны үеийн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, шүүгдэгч М.А, О.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 онд Солонгос улсад барилгын инженер мэргэжил эзэмшихээр суралцаж байх хооронд аав маань улаан хоолойн хорт хавдрын улмаас 2023 онд нас барсан. Түүнээс хойш ээжид минь асаргаа хэрэгтэй болсон тул сургуулиасаа чөлөө авч, 2023 оны 06 дугаар сард Монголд буцаж ирсэн. Ирээд ээжийгээ асрахын хажуугаар ажил хийж, амжиргааны зардал болон ээжийн эмчилгээний зардлыг олдог байсан. Хоригдсоноос хойш ээж минь ганцаараа үлдэж, асрах хүнгүй болоод байгаа бөгөөд хүнд өвчний улмаас ажил хийх боломжгүй тул эм, тарианы мөнгөгүй улмаас бие нь улам муудаж байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулыг ойлгоогүйн улмаас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Аын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч М.А нь тодорхой оршин суух хаягтай /1хх 214 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1хх 215 хуудас/, ам бүл 2, төрсөн эхийн хамт амьдардаг. Мөн миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн асуудлаар маргаагүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой эсэхийг хянаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие томоогүй зангаасаа болж анх удаа “каннабис” гэх өвсийг хэрэглэж үзсэн бөгөөд даруй цагдаа нарт баригдсан. Мөн уг хэрэгт бусдыг уруу татаагүй, бусдад өгөөгүй ба бүх мэдүүлгээ үнэн зөв өгч, өөрийн гэм бурууг маргахгүй, хүлээн зөвшөөрсөн. Миний бие “Зорчигч тээвэр нэгдэл” ОНӨААТҮГазарт няраваар ажилладаг бөгөөд цаашид ажлаа хийх хүсэлтэй байгаа ба дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ... ” гэв.
Шүүгдэгч О.Згийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа ба анхан шатны шүүхэд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас хандаж оролцсон. Хэрэгт О.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрч тогтвортой өгсөн мэдүүлэг, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй нөхцөл байдал болон ийм төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт сонгох ял хэрэглэх боломж байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь хуудаст “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг хууль буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, шүүгдэгч М.Аын үйлдэл, санаа зорилгын улмаас уг тээврийн хэрэгслийг ашигласан” гэж зөв дүгнэсэн атлаа шүүгдэгч О.Згаас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдсэн нь буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Зд Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг анхан шатны шүүхэд гаргасан. Шүүгдэгч О.Згийн тухайд 2022 онд буюу энэ гэмт хэрэг үйлдэгдэхээс 2 жилийн өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасныг хэрэглэж 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн боловч 2 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн үйлдсэн хэрэгтээ үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгч М.А нь энэ гэмт хэрэг үйлдэхээс 2 сарын өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутай нь тогтоогдож торгох ялаар шийтгүүлж байсан. 2 сарын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч М.Аын хувийн байдал нь засаж хүмүүжээгүй. Өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт хийхгүй байна. Мөн сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг харгалзаж үзсэн. Тухайн бодис 580,3 грамм бодис хураагдсан. Олон удаа хэрэглэх боломжтой сэтгэцэд нөлөөт бодис учраас прокуророос хорих ялын санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чМ.А, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр “Банк бус санхүүгийн байгууллага”-ын зээлийн гэрээний барьцаанд байсан. Шүүгдэгч М.А тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Ат хамааралгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхээс улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.А, О.З нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, гялгар уутны хамт 580,3 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /зэрлэг олсны ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны шалган нэвтрүүлэх пост орчим “Н” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, өөрийн эзэмшлийн ..... УНЭ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.А, насанд хүрээгүй С.Н нарт өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч О.Б-ын “... Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагаас эхэлж 24 цагийн хугацаатай Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баруунтурууны постон дээр цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч П.Гантогтохын хамтаар ...үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед ..... УНЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь дотроо жолоочтойгоо нийлээд дөрвөн зорчигчтой байсан. Арын багаж болон запас дугуй хийдэг хэсгийг шалгахад сэтгэцэд нөлөөт ургамал буюу каннабис өвсийг өнгөгүй гялгар уут болон чипсний уутанд хийсэн 2 уут каннабис өвс тээвэрлэж явсныг илрүүлж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн. Тухайн этгээдүүдээс тодруулж асуухад Төв аймгийн Борнуур сумаас сонирхлын журмаар түүж хэрэглэсэн талаар хэлсэн. Мөн арын суудлын голд 500 граммын усны савыг цоолж нүх рүү нь мөнгө хийсэн байдалтай, сав нь шингэнтэй байсан. Тухайн савыг ашиглаж хэрэглэсэн байж болзошгүй гэж би харсан.” /1хх 58-59/,
гэрч Н.А-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст нэмэгдэл жижүүрийн эрүүгийн мөрдөгчийн үүргийг өглөөний 08:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл гүйцэтгэсэн. Тухайн үед үндсэн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөн байцаах тасгийн, мөрдөгч М.А-д давхар дуудлага ирчихлээ, чи намайг иртэл М.А, О.З, С.Н, Б.А нарын биеэс биологийн дээж аваад байж байгаач гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд нөгөө дөрвөн хүний биеэс биологийн дээж авч бичлэгээр бэхжүүлэн авсан. Дараа нь би хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл бичээгүй, шууд Амангелдийн өрөө рүү очиход Амангелди өрөөндөө байсан. Би биологийн дээж авсан талаар бичлэг хийчихлээ, шээснүүдийг өрөөнд чинь тавьчих уу гэж асуухад тэг тэг гэж хэлээд надаас тухайн дөрөв хүний шээсийг хүлээж авсан. Өмнө энэ төрлийн дуудлагад ажиллаж байгаагүй болохоор хүний биеэс биологийн дээж авч тэмдэглэл бичиж шинжилгээнд хүргүүлэх зэрэг ажиллагааг мэдээгүй юм. Хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдээгүй шууд Амангелдад өөрт нь өгсөн.” /1хх 72-73/,
гэрч Г.А-ийн “...М.А миний төрсөн дүү Г.Э-ын хүүхэд, С.Н нь миний зээ хүү юм. 2024 оны 09 дүгээр сарын 14-нд өглөөний 09 цагийн үед М.А манай гэрт ирсэн. Ирээд надад шинэ машин авсан, мялаалгуулна гээд ирсэн. Би машиныг мялаагаад байж байсан чинь М.А надад ойрхон хөдөө яваад ирнэ гэж хэлэхээр нь Н-рыг би сэрээгээд М.А ахтайгаа хөдөө явчхаад ир М.А ах чинь ганцаараа явна гэж байна гэж хэлээд хамт явуулсан.” /1хх 79/,
гэрч Б.Аын “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай танил найз М.А над руу чат бичээд машин бариад Баруун хараа яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд ..... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бариад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний 11 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэр үед М.Аын үеэл болон нэг найз нь хамт явсан, би тэр хүмүүсийг танихгүй. Төв аймгийн Борнуур сум руу явсан. М.Аын ах гэх хүн зам зааж өгөөд хөдөө тал дээр ирээд зогс гэж хэлсэн. Тэгтэл М.А үеэл болон найзынхаа хамтаар машинаас буугаад газраас юм түүгээд уутлаад байсан. Хэсэг байж байгаад машиндаа суугаад хот руу хөдөлсөн. Замдаа хурааж авсан өвсөө хэрэглэж эхэлсэн. Би тухайн үедээ мөн сонирхоод хамт хэрэглэсэн боловч мансуураагүй учир машинаа үргэлжлүүлэн барьсан. Ингээд хот руу орж ирэхэд тэр 3 мансуурч эхэлсэн. Замдаа унтсан. Улмаар цагдаа шалгаж байгаад түүсэн өвсийг олсон. Ингээд цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Ямар зорилгоор хаашаа явах талаараа М.А надад хэлээгүй. Өмнө 2 хоног портероор надад тусалсан учир М.Ат тусалсан. Би тухайн түүсэн гэх ургамлыг ямар ургамал болохыг сайн мэдээгүй. Миний хувьд тэр гурав хэрэглээд байхаар нь сонирхоод нэг сорсон. Тэгээд надад таалагдаагүй учир би ахиж нэмж хэрэглээгүй. Тухайн ургамлыг хориотой гэдгийг ер нь бол мэдэж байсан. Машиндаа хийсэн гэснийг бол мэдээгүй, хэрэглэхдээ бол сонирхоод л хэрэглэчихсэн.” /1хх 54-55/,
Б.Аын сэжигтнээр өгсөн “...М.А, М.Аын ах О.З дүү нь Ням-Осор нар байсан. Би машиныг нь бариад 22-ын товчоо гараад явсан. Ингээд Төв аймгийн Бор нуур суманд ирсэн чинь М.А зогсож бай гэж хэлээд О.З хоёр машинаас буугаад явсан. ...Машины хажууд өвс шиг зүйл түүж байсан, удалгүй М.А, О.З хоёр уутанд өвс түүгээд ирсэн. Түүсэн өвсийг О.З, М.А хоёр усны саванд хийгээд асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэсэн. М.А С.Н бид хоёрыг хэрэглэж үзэх үү гэж асуусан. Тэгэхээр нь би сонирхоод зөвшөөрөөд 1-2 удаа сорсон.” /1хх 159-160/,
С.Нын сэжигтнээр өгсөн “... тухайн өдөр бид хоёр гэрээс гараад О.Зг Алтай хотхоноос очиж авсан. 21-р хороолол орж Аыг авсан. Бид 4 постоор орж Баруун хараа явсан. М.А ах надад ажлынхантайгаа зугаалганд явж байгаа, оройдоо буцаад ирнэ гэж хэлсэн. Баруун хараа явж байх замд жижиг сум шиг газарт ирсэн. Цааш шороон замаар яваад тариалангийн газарт ирсэн. М.А ах А бид 2-ыг машиндаа сууж бай, бид хоёр бие засангаа тамхилчихаад ирье гээд машинаас буусан. А бид хоёрыг машинд сууж байхад М.А О.З нар өвс түүгээд ирсэн. О.З ах усны сав гаргаж ирээд тамхиар усны савыг цоолоод мөнгө хуйлаад хийсэн. Тэгээд тэр мөнгөн дээр өвсөө тавьж байгаад асаагуураар асааж байгаад түрүүлээд утааг нь О.З ах сорсон, дараа нь М.А ах хэрэглэсэн. М.А ах А бид хоёроос та хоёр хэрэглэж үзэх үү гэж асуухаар нь би зөвшөөрөөд утааг нь сорж хэрэглэсэн.” /1хх 151-152/,
М.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө гэрээс гараад эгч Ариунаагийнд машинаа мялаалгуулахаар очсон. Би машинаа 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Нэт капитал” ББСБ-с худалдаж авч байсан. Тэгээд эгчээр машинаа мялаалгуулчхаад А эгчид би хөдөө ганцаараа явах гэж байна гэж хэлсэн чинь Ныг хамт аваад яв, ганцаараа яаж явах юм бэ дүүгээ аваад яв гэж хэлсэн. Би зөвшөөрөөд С.Ныг сэрээгээд аваад явсан. С.Н бид хоёр Алтай хотхон руу О.З ахыг авахаар явсан. О.З ах бид хоёр хоногийн өмнө Төв аймгийн Борнуур сум руу явж өвс түүхээр тохирсон байсан. Тэгээд С.Н бид хоёр О.З ахыг аваад 21 дүгээр хороолол руу явсан. Би тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан учир А найз руугаа залгаад хөдөө явчхаад ирье, чи миний машиныг бариад өгөөч гэж гуйсан чинь зөвшөөрсөн. Аыг 21 дүгээр хорооллоос аваад цаашаа Төв аймгийн Борнуур сум руу бид дөрөв явсан. Өвс түүх талаар А, С.Н хоёр мэдээгүй. О.З ах бид хоёр салхинд гарчхаад ирье гэж л хэлсэн. Ингээд бид дөрөв Төв аймгийн Борнуур суманд ирсэн. О.З ах бид хоёр А, С.Н хоёрт тамхилангаа салхилчхаад ирье та хоёр машин дотор сууж бай гэж хэлээд машинаас буугаад 100 метр орчим яваад ургаж байгаа өвсийг хараад уутандаа хийгээд түүж аваад машиндаа аваад ирсэн. Эхлээд О.З ах саванд тугалган цаас хийгээд тухайн цаасанд өвсөө хийгээд доороос нь асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Дараа нь би хэрэглэсэн. Тэрний дараа нь би А, С.Н хоёрт зүгээр л өвс та хоёр хэрэглэж үзэх үү гэж асуусан чинь зөвшөөрөөд нэг нэг сороод муухай юм байна гэж хэлээд дахиж хэрэглээгүй. Ингээд тухайн түүсэн өвсөө машиндаа хийгээд авч яваад эмээлтийн постонд орж ирсэн чинь цагдаагийн алба хаагч нар зогсоогоод шалгаад бид хэд баригдсан. Анх О.З ахтай 2024 онд найзаараа дамжуулж танилцаж байсан. Тэрнээс хойш бид хоёр ах дүүгийн харьцаатай байгаа. Атай 10 жилийн найзууд, С.Н үеэл дүү. Би тухайн өвс гэх зүйлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Сонирхоод л түүсэн юм. Онцын мэдрэмж төрүүлээгүй зүгээр л мансууруулсан, өөр мэдрэмж төрүүлээгүй.” /1хх 163-164/,
О.Згийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөөний 10 цагийн үед дүү М.А гэрийн гадаа ирчихлээ гараад ир гэж хэлсэн. Хоёр хоногийн өмнө бид хоёр Төв аймгийн Борнуур явж өвс түүхээр тохирсон байсан. Ингээд гараад очсон чинь М.А үеэл дүү болох С.Нтой ирсэн байсан. Бид гурав Борнуур явах гэсэн боловч М.А жолооны үнэмлэхгүй байсан учир А гэх найз руугаа залгаад хөдөө явчхаад ирье, машин барьж өгөөч гэж худлаа хэлж гуйсан. Тэгэхээр нь А зөвшөөрөөд Аыг 21 дүгээр хорооллоос очиж аваад цаашаа Төв аймгийн Борнуур сум руу явсан. Өвс түүх талаар А, С.Н нар мэдээгүй байсан. М.А бид хоёр тэр хоёрт зүгээр салхинд гараад ирье гэж л хэлсэн. Ингээд Төв аймгийн Борнуур суманд өвс түүх газартаа ирсэн. Би тухайн газрын 2 жилийн өмнө найзын гэр лүү очиж явах замдаа ургаж байгааг нь харсан юм. Тэгээд тэр өвс одоо болтол ургаж байгаа байх гэж бодоод М.А бид хоёр ярилцсан. Ингээд А, С.Н хоёрт М.А бид хоёр худлаа хэлээд тамхилангаа салхилчхаад ирье гэж хэлээд машинаас буугаад 100-200 метр алхсаны дараа ургаж байгаа өвсийг хараад М.А бид хоёр уутанд хийгээд түүж аваад машин руу аваад ирсэн. Түүсэн өвсөө усны сав цоолоод тугалган цаасанд тавьж доороос нь асаагуураар асааж шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Эхлээд би хэрэглээд дараа нь М.А хэрэглэсэн. А, С.Нт зүгээр л өвс, та хоёр хэрэглэх үү гэж хэлсэн чинь зөвшөөрөөд нэг, нэг сороод муухай юм байна гэж хэрэглээгүй. Ингээд бид дөрөв Эмээлтийн постоор орж ирээд цагдаагийн алба хаагч нар зогсоогоод баригдсан. Анх М.Атай 2022 онд дүүгээрээ дамжуулж танилцаж байсан. Тэрнээс хойш бид хоёр найз дүүгийн харилцаатай байгаа. А, С.Н хоёрыг танихгүй. Анх өвсийг интернэт болон клип зэрэг зүйлүүдээс харж байсан. Хууль бус зүйл гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ ялтай гэдгийг нь мэдээгүй. Мансууруулсан, тэгээд нойр хүргэсэн, өөр мэдрэмж төрүүлээгүй.” /1хх 167-168/ гэсэн мэдүүлгүүд,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /1хх 16/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэсэн тухай тэмдэглэл /1хх 15/,
2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд “...улаан өнгийн гялгар уутсанд хийсэн өвс 365 грамм мөнгөлөг өнгийн гялгар уутанд хийсэн өвс 290 грамм нийт 660 грамм өвсийг мөнгөлөг өнгийн гялгар уутанд хийж эд мөрийн баримтаар тооцож хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.” гэсэн тэмдэглэл /1хх 17-19/, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зураг /1хх 20-22/,
2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр М.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 41-43/, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр О.Згийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх 48-49/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2872 дугаартай дүгнэлт /1хх 82-85/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №6325 дугаартай дүгнэлт /1хх 97-99/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “М.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.А нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй.” /1хх 121-122/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “О.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.З нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.З нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй.” /1хх 126-127/ гэсэн дүгнэлтүүд,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №24-388 дугаар хөрөнгийн үнэлгээ, гэрэл зураг /1хх 136-141/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч М.А, О.З нарын сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.А, О.З нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чМ.А, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, О.З нарыг тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч М.А, О.З нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хугацааг нь 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.А, О.З нарын хувьд урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, өөрсдөө хэрэглэн мансуурсан, бусдад буюу Б.А, С.Н нарт өгч хэрэглүүлсэн үйлдэлд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ..... УНЭ улсын дугаартай Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Төв аймгийн Борнуур суманд очиж тус газраас өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж олж авсан, улмаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 10,976,000 төгрөгийг, нийт 21,952,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.А, О.З нарыг урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасныг баримтлалгүй орхигдуулсан нь хууль зүйн техникийн хувьд алдаатай байх тул уг заалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.А, О.З нарын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/540 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “Шүүгдэгч М.А, О.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,
“Шүүгдэгч М.А, О.З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, О.З нарын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ