Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2020/02030

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02030

 

 

 

 

Г.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.З-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.О-, Б.Х- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 771 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.З-, хариуцагч Т.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын 20гудамжны 000 тоот хаягт байрлах, иргэн Б.Х-, Т.О- нарын эзэмшлийн байранд хуучин хувцас /комисс/ худалдан борлуулахаар 2015 оны 6 сарын 01-ний өдрөөс талбай түрээслэн ажиллуулж эхэлсэн. Тус байшинд 2019 оны 6 сарын 13-ны өдөр гал гарч, бараа шатаж хохирол учирсан. Би 2019 оны 6 сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 сарын 01-ний өдрийн хооронд сувилалд явах болсноо түрээслэгчид хэлж, түрээсийн төлбөрөө төлөөд лангуугаа хаагаад явсан. Гэтэл намайг эзэнгүй байхад гал гарч, надад 3 000 000 төгрөгийн хохирол учирсан. Миний Герман, Швейцар улсад үйлдвэрлэгдсэн бараанууд шатаж, уг бараануудыг худалдан борлуулах боломжгүй болсон. Гал гарсан нөхцлийг тодруулахаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгын мөрдөгчийн тогтоолоор Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв болон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон. Дамно ХХК-ийн үнэлгээгээр 1 771 500 төгрөгийн хохирол учирсан.Т.О-, Б.Х- нараас 1 771 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.З-тай түрээсийн гэрээ хийж байгаагүй ба гэрээг бүртгэлийн байгууллагада бүртгүүлээгүй. Харин Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 000 тоот, 410 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай Ү-2202011481 дугаартай гал гарсан үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Бид амьдрал тааруу, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, групп тогтоолгосон хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, үл хөдлөх хөрөнгөө ашиглуулж, амьдрал ахуйд нь тус нэмэр болъё гэсэн сэтгэлээр тусалж, дулаан (нүүрс), цахилгааны төлбөрийг нь төлж, урсгал зардлаа арай ядан олж байсан. Нэхэмжлэгчийн эзэнгүй байх хугацаанд гал гарч, түүнд 3 000 000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч Дамно ХХК-ийн шинжээч 1 771 500 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Гэтэл манай үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, оёдлын үйлчилгээ эрхэлж байсан иргэн О.Нина нь оёх зүйлээ тод харах зорилгоор гэрлийн утаснаас шалбалж, нэмэлт гэрэл салаалан тог татаж, индүүгээ залгаж явснаас гал алдаж дээрх гал түймрийг гаргасан. О.Нина нь тархиндаа цус харвалттай, ой санамж муутай ядарсан эмэгтэй болгоомжгүйгээсээ үл хөдлөх эд хөрөнгийг шатаасан. Иймд бид мөн адил хохирогчид юм. Дээрхи гал түймрээс эд зүйл шатаагүй үлдсэн цорын ганц хүн нь нэхэмжлэгч Г.З- бөгөөд хэрхэн, хэн, яаж гал алдсаныг тэрээр мэдэж байгаа. Бид групптэй, дөнгөж эмнэлгээс гарч ирсэн О.Нинагаас хохирлоо нэхэмжлэх нь ёс зүйгүй гэж үзсэн учир шинжээчид гомдолгүй гэж мэдэгдэн хэргийг хаасан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1заасныг баримтлан хариуцагч Т.О-аас 1 771 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.З-д олгож, Б.Х-ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1зааснаар нэхэмжлэгч Г.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 43 294 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.З-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчид түрээсийн гэрээг байгуулаагүй, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. О.Нинагийн буруутай үйлдлээс болсон гэм хорын төлбөрийг уг галын түймэрт эд хөрөнгөөрөө хохирсон хохирогч болох Т.О-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. О.Нина цахилгааны утсыг шалбалж, оёх зүйлээ тод харахаар нэмж гэрэл суурилуулан, цахилгаан дамжуулах утасыг шалбалснаас богино холбоо үүсэж гал гарсан. Цагдаа болон онцгой байдлын албанаас гаргасан дүгнэлтэд Г.О-ыг буруутгасан дүгнэлт байхгүй. Харин хэрэгт цугларсан материал, гэрчийн мэдүүлгээр Т.О- хохирогч болох нь тодорхой харагддаг. Шүүх хариуцагч Б.Х-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэл, нотлох баримт гаргах эрхийг хязгаарлан, шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн эрхийг ноцтой зөрсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Г.З- нь хариуцагч Т.О-, Б.Х- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 771 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 83/

 

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 000 тоот хаягт байршилтай Т.О-ын өмчлөлийн 410 м.кв талбайтай, хувийн сууцанд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 34 минутын орчим гал гарч сууцны дотор тал, түрээслэгч иргэдийн бараа материал, эд хогшлын хамт шатсан үйл баримт тогтоогдсон. /хх 27-31 / 

 

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11/301-1840 дугаар актаар гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд цахилгаан холболт үүсч, хялбар шатах материалаар дамжин гал түймэр гарсан байх үндэслэлтэй үзжээ. /хх14, 15-16 /

 

Гал түймрийн улмаас нэхэмжлэгч Г.З-гийн худалдаж байсан бараа болох 34 нэр төрлийн хувцас шатаж ашиглах боломжгүй болж 1 771 500 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч Дамно ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх19-31/

 

Т.О- болон Г.З- нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаатай байсан. Хариуцагч Т.О- нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах хамгаалах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаагүй гэх, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчилсөн буюу зассан, гал түймэр гарахад буруутай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хариуцагч Т.О- галын аюулгүй байдлыг хангах болон хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч Г.З-гийн эд хөрөнгө шатаж гэм хор учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хэдийгээр хариуцагч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн О.Нина цахилгааны утсыг шалбалж, оёх зүйлээ тод харахаар нэмж гэрэл суурилуулан, цахилгаан дамжуулах утасыг шалбалснаас богино холбоо үүсэж гал гарсан гэж тайлбарлах боловч хөрөнгийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хянах үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байна./хх 83-85 /

 

Хариуцагч Т.О-ын хөрөнгийнхөө бүрэн бүтэн, галын аюулгүй байдлыг хангаж хянах үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй, уг эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойгоор гал гарч нэхэмжлэгч Г.З-д хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хуучин байдалд нь сэргээх боломжгүй бол хохирлыг мөнгөөр нөхөн төлөх юм.

 

Нэхэмжлэгч Г.З-гийн хувцас барааг ашиглах боломжгүй болсон тул хохирол 1 771 500 төгрөгийг хариуцагч Т.О-аас гаргуулах нь зүйтэй.

 

Харин Б.Х- нь өмчлөгч биш тул хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж ,хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, харицагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 43 294 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД