Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 664

 

 

 

 

 

 

 

 

   2018         8             20                                    664

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                         

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргал,

шүүгдэгч: Э.Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Эрдэнэд холбогдох эрүүгийн 1805 0255 30631 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Эрдэнэ.

 

          Шүүгдэгч Э.Эрдэнэ нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хово центр” байрны 03 тоот байранд Б.Нурмааг найзыгаа өмөөрлөө гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой маргалдсаны улмаас түүний биед халдаж, гэмтэл учруулсан. Хохирогчид эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн. Өөрийнхөө буруутай үйлдэлд гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Нурмаа мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр найз Жанбалгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хово центр” төвийн 4 давхарт 3 тоотод байр түрээслэн амьдардаг болсон. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр найз Жанбалтай танилцсан гэх бид нарын түрээслэж байгаа байрны эзний ахын хүүхэд Эрдэнэ гэх залуу манай найзтай утсаар мессеж бичээд манай гэрт 2 цаг байх зөвшөөрөл аваад 20 цагийн орчим орж ирсэн. Орж ирэхдээ Эрдэнэ бага зэрэг согтуу байсан ба 2 сав пиво, 1 шил 0.75 граммтай “Гоулд Чингис” нэртэй архи барьж ирсэн. Найз Жанбал бид хоёр 1 сав пивоны талыг хувааж уусан. Харин Эрдэнэ ганцаараа 1 шил архийг уусан. Жанбал бид хоёр гэрээсээ гарах гээд би угаалгын өрөөнд толгойгоо угааж байгаад 5 минут орчим болоод гараад иртэл Жанбал доогуураа дотуур хувцастайгаа энгэртээ өмдөө бариад зөрөөд угаалгын өрөөнд орсон. Би өөрийнхөө гадуур гарах хувцасаа өмсөөд байж байтал Эрдэнэ намайг барьж аваад “чи хаачих гэж байгаа юм бэ” гээд намайг ор руу түлхэж унагаасан. Тэгээд гадуурх өмдийг тайлсан. Тэгэхээр нь би хөлөөрөө тийрч түлхтэл Эрдэнэ хойшоо саваад унахаар нь би “аав ээжид чинь хэлнэ шүү, яасан ичдэггүй хүн бэ” гээд зугтаад гарах гэтэл Эрдэнэ намайг барьж аваад “чи манай аав ээжид хэлдэг хэн бэ” гээд үснээс зулгааж, хана руу толгойгоор цохиод, бас газар шалан дээр цохисон. Тэр үед амнаас цус гарсан. Тэгтэл Жанбал “боль” гэж орилоод Зол-Эрдэнийг цааш нь түлхтэл Эрдэнэ Жанбалг цааш нь түлхээд миний толгой руу гутлаараа цохисон. Тэр үед би ухаан алдсан байсан. Тэгээд ширээн дээр байсан манай гэрийн хар иштэй хутгыг бариад “хүнд хэлэх юм бол, бас орилох юм бол та хоёрыг ална” гэж хэлсэн. Эрдэнэ цонхны хөшиг татаж газар унагаад цонхон дээр байсан юмыг хамж газар унагаад гэрээс гараад явсан. Тэгээд бид Зол-Эрдэнийг гараад явахаар нь найз залуу Санчир руу утсаар яриад дуудсан. Ингээд Санчир ирээд цагдаагийн байгууллагад бид нар хамт ирсэн. Эрдэнэ бид хоёртой огт маргалдаагүй. Жанбал бид хоёрыг хүчиндэх гэж оролдсон. Тэгэхээр нь бид хоёр эсэргүүцээд зугтахаар бид хоёрыг зодсон. Жанбал бид хоёр их уугаагүй. Авчирсан пивоны талыг нь хувааж уусан. 1 сав пиво нь тэр чигээрээ үлдсэн. Харин Эрдэнэ гаднаас орж ирэх үедээ халамцуу байсан ба авчирсан 1 шил архиа ганцаараа уусан. Тэгээд өөрөө согтчихсон. Тэгээд манайд хонох гээд хувцасаа тайлаад оронд орсон байхаар нь бид хоёр “та 2 цаг унтаж байгаад гарчих, бид хоёр гарлаа” гэсэн чинь уурлаад байсан. Сүүлд нь Эрдэнэ Жанбал бид хоёртой уулзаад “тохирье, мөнгө төгрөг ав” гээд байсан. Би тэгэхээр нь толгойгоо үзүүлэх гээд сургалтын төлбөрөөс авсан. Эрдэнэ “би чамайг яаж зодсоноо мэдэж байгаа. Дансаа явуул, эмнэлэгт үзүүлэх мөнгө төгрөг өгье” гэхэд нь би найзынхаа дансыг явуулсан. Тэгтэл “одоо надад мөнгө байхгүй, би орлоготой болж мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Надаас анх эхлээд Эрдэнэ “тохиролцъё” гэхээр нь “за” гэж хэлсэн. Би мөнгөгүй оюутан, мөнгөний боломж байхгүй учир энэ асуудлаа больё, шийдье гэж бодоод “за” гэж хэлсэн. Би одоо болтол толгойгоо бариулж байгаа ба эмчилгээний зардалаа гаргуулж авна.

Надтай Эрдэнэ сайн дураар эвлэрээд өөрийн хүсэлтээр эмчилгээний зардалд нийт 500 000 төгрөг өгсөн. Миний хувьд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид надад гомдол санал байхгүй учир хэргийг хөнгөн байдлаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 9-11, 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Жанбал мэдүүлэхдээ:

2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хово центр” байрны 4 давхарт найз Нурмааг гэрийн түлхүүргүй хүлээгээд сууж байтал нэг залуу хүрч ирээд “би энэ байрны эзний дүү нь байна, чи түлхүүрээ хувилж авахгүй бол болохгүй юм байна шүү дээ” гэхээр нь би “за” гэж хэлсэн. Тэгээд “ахдаа дугаараа өгчих, найз чинь бүүр оройтох юм бол манайд сууж амраад авч болно шүү” гэхээр нь би “зүгээрээ, найз ирэх хүртэл хүлээж байя” гэхэд “ах нь дугаарыг чинь авчихъя, найз чинь ирэхгүй байх юм бол ах руугаа залгаарай” гэж танилцсан юм. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр над руу 19 цагийн үед Эрдэнэ гэх нөгөө ах миний 85951312 дугаар руу өөрийнхөө 99040397 дугаараас залгаж “ах нь шөнөжингөө архи уучихсан байна, гэртээ орох гэсэн чинь ээж, дүү байгаа болохоор орж болохгүй байна, танайд ороод 1-2 цаг унтаж амарч байгаад гарчихаж болох уу” гэхээр нь Нурмаа бид хоёр “за” гээд зөвшөөрсөн. Тэгтэл гаднаас Эрдэнэ гэх залуу орж ирээд 2.5 литртэй 2 пиво, 1 шил 0.75 граммтай “Хар чингис” нэртэй архи, 1 түмний ундаа аваад орж ирсэн. Юм бариад орж ирэхээр нь бид хоёр “архи уудаггүй, ууж чадахгүй” гэхэд Эрдэнэ “зүгээрээ ах нь өөрөө уучихна” гэж хэлээд манай гэрт орж ирээд юм яриад, юм үзээд сууж байгаад “ах нь Америкт 5 жил сураад ирлээ, энэ байрны эзнийх нь төрсөн дүү нь байна, та хоёрын амьдарч байгаа энэ байранд би өөрөө амьдарч байсан юм, одоо тусдаа гарч, тусдаа амьдарч байгаа юм” гээд хэлсэн. Тэгээд Эрдэнэ архиа уугаад бид хоёрт пиво хийж өгөөд, Нурмаа бид хоёр пиво уугаад байж байсан. Архи нь дууссаны дараа Эрдэнэ ах Нурмаа бид хоёрыг оролдоод миний өмдийг тайлахаар нь би ариун цэврийн өрөө рүү орохоор явсан хойгуур манай Нурмааг оролдож өмдийг нь хүчээр тайлах гэж оролдохоор нь Нурмаа “ингэж оролдоод байх юм бол аав, ээж рүү чинь хэлнэ шүү, байрны эзэндээ хэлнэ шүү” гэж уурлахад Эрдэнэ “чи манай аав, ээж рүү хэлдэг хэн бэ, хэн болоод манай аав, ээж рүү хэлэх гээд байгаа юм, чи хаана байгаагаа, хэний байранд байгаагаа мэдэж байна уу” гээд манай найз Нурмааг хоолойноос нь гараараа боож байгаад хана руу түлхэхээр нь би тэр ахыг “одоо болилдоо” гэхэд намайг боож байгаад шал руу түлхэж унагасан ба өөрийнхөө пүүзийг аваад миний толгой руу 4-5 удаа цохихоор нь би доошоо харж хэвтээд толгойгоо хамгаалсан. Тэгээд манай найз Нурмаа руу очоод хөлөөрөө гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөж, толгой руу нь баруун гараараа санагдаж байна, дух, толгой хэсэг рүү нь 3-5 удаа цохисон. Уруул хэсэг рүү нь 1-2 удаа цохисон ба над руу эргэж ирээд хөлөөрөө миний гэдэс рүү 1-2 удаа өшиглөсөн ба “та хоёр одоо цагдаад хэлэх, хүн амьтанд хэлэх юм бол та хоёрыг хаанаас л бол хаанаас олж авч чадна шүү, та хоёрыг олоод хогийн сав руу зүгээр л шидчихнэ шүү” гэж хэлчихээд гал тогооноос хутга авч ирээд “би та хоёрыг одоо алчихмаар байна” гээд бид хоёр руу хутгаа барьчихаад айлгаад байсан. Тэр үед нь Эрдэнэ ахад “бид хоёрыг уучлаарай, таны зөв” гэж аргадаж байгаад гаргасан. Гарахдаа та хоёрыг би одоо ажиглаж байгаа шүү, гудамжинд явж байхад чинь би яаж ч чадна шүү, би Америкт шоронд байсан хүн, энэ асуудлыг хүн амьтанд хэлж, цагдаад хэлэх юм бол асуудал өөрөөр үүснэ шүү” гэж айлгаж байгаад 01 цаг өнгөрч байхад гараад явсан. Зодож эхлэх үед 23 цаг болж байсан байх. Бид хоёрыг гарах гэхээр гаргахгүй, бид хоёрын утсыг өгөхгүй байгаад байсан. Миний Айпон 5 маркын саарал өнгийн гар утсыг ванны өрөөнд орж, ариун цэврийн суултуур руу хийж усыг нь татаж эвдсэн. Одоо ажиллахгүй байгаа. Эрдэнэ намайг боож байгаад газар түлхэж унагаад өөрийнхөө өмсөж байсан гутлыг авч ирж, миний толгой руу 4-5 удаа аймар хүчтэй цохисон. Гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Миний гар утсыг ариун цэврийн өрөөний суултуур руу хийж усанд норгож эвдэлсэн байгаа. Манай найз Нурмаа “та бид хоёрыг оролдоод байх юм бол аав, ээж рүү чинь хэллээ шүү” гэхэд тэрэнд уурлаж гадагшаа гаргахгүй аймаар их зодсон.

Миний өмдийг, дотуур хувцастай хамт тайлчихсан. Тайлаад миний дээр гарахаар нь би уурлаад яаж байгаа юм бэ гээд өмд, дотуур хувцасаа аваад ариун цэврийн өрөө орсон. Намайг үнсээд миний дээр гараад, Эрдэнэ өөрийнхөө өмдийг тайлах гээд бэлэг эрхтэнээр оролдох гээд байхаар нь би босоод явчихсан. Намайг ариун цэврийн өрөө рүү орчихоод ирэх хооронд Нурмаагийн өмдийг тайлах гэж оролдсон ба манай найз “аав, ээжид чинь хэлнэ” гэж хэлсэн чинь зодоод эхэлсэн.

Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлээгүй, цаашид үзүүлэхгүй. Одоо биеийн байдал хэвийн болсон. Миний ай фоне 5 маркийн гар утас байсан ба Эрдэнэ гэрт агсам тавиад бид нар маргалдаж байх үед утас унасан. Дараа нь Эрдэнэ гэрээс гараад явсны дараа би бие засах өрөөнд усанд утас унасан байсныг олсон ба дараа нь утсаа хатаагаад хадгалж байгаад асаатал зүгээр ассан. Нэг талын булан нь бага зэрэг хөндийрсөн байсныг наалтаар наасан. Миний утас одоо хэвийн ажиллаж байгаа, утас маань эвдрээгүй учир би гар утсаа үнэлэхгүй. Миний хувьд гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 19-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Бат мэдүүлэхдээ:

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд манай найз охин Нурмаа, түүний найз Жамбота хоёр 2017 оны 9 дүгээр сард өрөө түрээслэн амьдардаг болсон. Би яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө миний утас руу найз охин Нурмаагийн найз охин Жанбал залгаад “бид хоёрын түрээслэдэг байранд нэг залуу орж ирээд бид хоёрыг зодоод байна, чи ирээд аваадах, би угаалгын өрөөнд байна” гэж ярьсан. Би гэрээсээ гараад найз охин Нурмаагийн түрээслэдэг байр руу очиход Нурмаа, Жанбал хоёр байсан ба хамт байсан гэх залуу нь зугтаад явсан байсан. Намайг гэрт нь ороход тэр хоёр айсан, орон дээрээ хоёулаа унтах гээд хэвтсэн байсан ба найз охин Нурмаа намайг сая тэр залуу архи уусангүй гэх шалтгаанаар нүд, нүүр рүү цохисон гээд дух, баруун талын хацар нь хавдартай, гар хөл нь хөхөрсөн байсан. Жанбалгийн хувьд Нурмааг салгах гэхэд намайг чирж түлхээд гэж байсан ба ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Би тухайн үед юу болсон талаар асуухад түрээслэдэг байрны эзний хүү нь гээд залуу гэртээ согтуу орж болохгүй, жоохон амарч байгаад орьё гээд архи пиво барьж орж ирээд, уугаад тэр хоёрыг архи, пиво уусангүй гэх шалтгаанаар зодоод явсан гэж хэлсэн. Тэр залууг байрны эзний хүү Эрдэнэ гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 127-129 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5781 тоот дүгнэлтэд:

1. Б.Нурмаагийн биед дух, эрүү, зүүн бугалага, баруун гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Эрдэнэ нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 136 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Эрдэнэ нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хово центр” байрны 3 тоотыг түрээслэн оршин суух хохирогч Б.Нурмааг зодож, эрүүл мэндэд нь дух, эрүү, зүүн бугалага, баруун гуянд цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нурмаа, гэрч М.Жанбал, Т.Батдэлгэр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 5781 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Нурмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотойгоор 500 000 төгрөгийг Э.Эрдэнээс авсан, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-дЯлтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Эрдэнийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь дээрх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэрээс өмнө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэсэн заалтад хамаарахгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Эрдэнийг 1300  нэгжтэй тэнцэх хэмжээний  1 300 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Эрдэнэ нь торгох ялыг 02 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН