Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02070

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02070

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01665 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК болон Д.Уранцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 571 467 339 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхзул

Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Н.Алтангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Д.Мөнхзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Зээлдэгч Мөнхзамбала корпораци ХХК, Д.Уранцэцэг нар 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хас банктай зээлийн шугамын гэрээ байгуулж, 550 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Талууд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 2014 онд зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 440 781 833,32 төгрөг болохыг тодорхойлж, зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 5-наас 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцож сунгасан. Баталгаат ипотекийн гэрээгээр:

-Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 7 тоот , 41,7 м.кв талбай бүхий орон сууц,

-Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 9 тоот, 45,8 м.кв талбай бүхий орон сууц,

-Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 54 тоот, 45,8 м.кв талбай бүхий орон сууц,

- Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 70 тоот, 41,7 м.кв талбай бүхий орон сууц,

- Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаар, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 73/11 дугаар байрны 20 тоот, 62,3 м.кв талбай бүхий орон сууц,

Барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий бүтээгдэхүүн, батлан даалтын гэрээнүүдээр иргэн Д.Уранцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнхбат, Д.Ундармаа нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар батлан даалт гаргасан. Зээлдэгч нар нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй боловч 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй нийт 416 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш банкны зүгээс удаа дараа шаардлага гаргасан боловч үүргээ биелүүлэлгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Иймд зээлийн үндсэн төлбөр 440 781 833 төгрөг, үндсэн хүү 121 452 906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 232 600 төгрөг, нийт 571 467 339 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэцэнгуа шүүхэд гаргасан тайлбартаа:

2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хас банктай зээлийн шугамын гэрээ байгуулж, 550 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу 591 480 000 төгрөгийн үнэ бүхий 8 үл хөдлөх хөрөнгөөр зээлийн баталгаа болгож гэрээ байгуулсан. 2015 оны 1 сараас 2016 оны 3 сар хүртэл буюу нийт 15 сарын зээлийн хүүг хүртэл буюу нийт 15 сарын зээлийн хүүг хүртэл ямар нэгэн хугацааны хоцрогдолгүй төлж ирсэн. Манай байгууллагын хувьд тухайн үед санаатайгаар зээл төлөхөөс татгалзаж, хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Учир нь 2016 оны 8 дугаар сарын 22-нд үндсэн зээлээсээ төлөх байсан. Хэрэв Хас банк тухайн үед шуурхай хандаж, хариу өгсөн бол арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан. Хас банкны шахалтаар 440 781 8336 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн дүнгээр гэрээний өөрчлөлт хийж дахин гэрээ байгуулаад одоо 571 467 339 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримтлан хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК, хамтран хариуцагч Д.Уранцэцэг нараас нийт 527 227 393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, үлдсэн 44 239 946 төгрөгийг болон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард, 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 000 000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК, хамтран хариуцагч Д.Уранцэцэг нар энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 7 тоот , 41,7 м.кв талбай бүхий орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 9 тоот, 45,8 м.кв талбай бүхий орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 54 тоот, 45,8 м.кв талбай бүхий орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаар, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 14181, Их тойруу, 78 дугаар байр, 70 тоот, 41,7 м.кв талбай бүхий орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаар, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 73/11 дугаар байрны 20 тоот, 62,3 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 085 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мөнх замбала корпораци ХХК, хамтран хариуцагч Д.Уранцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 864 286 төгрөгийг гаргуулах Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах гомдолдоо:

... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн алдаа гаргасан. Хэргийн материалыг хариуцагчид танилцуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/07837 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан боловч хариуцагч талыг хэргийн материалтай танилцуулаагүй учир хариуцагч тал нь дээрх хуулийн 25.1.3 т заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Энэ байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагчийг албадан ирүүлэх захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт заасан хариуцлагыг хариуцагчид хүлээлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 181/ШЗ2018/08619 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гарсан байдаг боловч хэргийн материалд цагдаагийн байгууллага шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн талаар баримт авагдаагүй байна. Иймд уг захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулж өгөөгүй, шүүх хурлын товыг мэдэгдээгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хэргийн 67 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагч гарын үсэг зурсан байна. Энэ баримтын баг хорооны тодорхойлолт хэсэг гарын үсэг зурсан этгээд нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн нүдийг зөвлөсөн байна. Энэ нь хариуцагч Д.Уранцэцэг уг хаягт оршин суудаггүй гэдгийг илтгэж байх бөгөөд Д.Уранцэцэгээс Д.Цэцэнгуад олгосон итгэмжлэлийн дагуу тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун, 118 дугаар байрны 222 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Д.Уранцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж дүгнэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд шүүхийн мэдэгдэх хуудас гардуулан өгсөн талаар баримт хэрэгт байдаггүй. Хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулаагүй учир шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга ...хариуцагчид хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй... гэж илтгэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хас банк ХХК-ийн Мөнхзамбала корпораци ХХК болон Д.Уранцэцэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/06235 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, мөн оны 6 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэцэнгуад, 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.Уранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнгуад тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /хх-ийн 37,45, 49 тал/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/07837 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 7 дугаар сарын 6-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч мөн өдрийн шүүх хуралдаан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр, 7 дугаар сарын 24-ний өдөр товлосон шүүх хуралдаан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр тус тус хойшилсон байна. /хх-ийн 58-59, 66-67 тал/

 

Хэргийн 53 дугаар талд хэрэг танилцуулсан тухай баримт авагдсан байх бөгөөд уг баримтаас үзэхэд хариуцагч талд хэргийн материалыг танилцуулаагүй, танилцсан гэх байдал хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангасан гэж үзэхгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01665 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Мөнхзамбала корпораци ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 015 287 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО