| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2403000001089 |
| Дугаар | 2025/ДШМ/545 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/545
2025 05 08 2025/ДШМ/545
Ц.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,
шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Д.Шархүүхэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Д.Шархүүхэний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Цд холбогдох эрүүгийн 2403000001089 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ц.Ц, 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Маханд дуртай мангас” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../,
Шүүгдэгч Ц.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэгээрэл дунд сургуулийн баруун талын замд Тоёота Хайлукс маркийн ..........УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно; мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох насанд хүрээгүй 9 настай, эмэгтэй Б.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Цг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жил 06 сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэсэн 03 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,545,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохиролд 4,450,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Цгаас 15,792,990 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оад олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ажилгүй байсан хугацааны цалин, багшийн төлбөр, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Цгийн №300714 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх, эрүүгийн 2403000001089 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Д.Шархүүхэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолыг доорх гурван үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 50 минутын үед хүү Ананд 11 настай, А 7 настай, охин 9 настай А нарыг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээрэл сургуульд хүргэж өгөхөөр явсан. Би унадаг дугуйтай, унадаг дугуйгаа түрээд миний урд Ад, А хоёр, хойд талд Ан-д алхаад явж байсан. А түрүүлээд явган хүний гарцаар гарах явцад машинд мөргүүлсэн ...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ талаар тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 1955 дугаар магадлагаанд “А. Явган зорчигч О.Агийн асран хамгаалагч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 заалт: Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх... гэх мэт авч явна’’ гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэдгийг зааж өгсөн. Хэрэв аав Б.О нь гурван хүүхдээ сургуульд нь хүргэхдээ дугуйгаа түрээд биш гурван хүүхдээ хөтлөөд явж байсан бол зам тээврийн осол гарахгүй байх боломжтой төдийгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь заалтыг зөрчсөн гэм буруутай ажиллагаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Хэргийн оролцогч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О болон шүүгдэгч Ц.Ц нар хоёулаа гэм буруутай байгаа. Шүүх Иргэний хуулийн 497 зүйлийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зөвхөн 1 талыг барьж оногдуулсан гэж үзэж байна.
2. Шүүгдэгч Ц.Цд оногдуулсан ял шийтгэлийн хувьд жолооны эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж оногдуулсанд өмгөөлөгчийн хувьд шүүх хурал дээр ахуй амьдрал хувийн байдлыг харгалзан үзэж багасгаж өгөх хүсэлт тавьж байсан. Гэвч шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжилж ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх тал дээр учир дутагдалтай хандлаа. Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохиролтой холбоотой нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан цаашид ч төлөхөө илэрхийлж чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Ахуй амьдралын хувьд эхнэр 4 хүүхдээ ганцаараа тэжээж энэ гэр бүлийг авч яваа билээ. Өнөөдөр тогоочийн сарын 3,000,000 төгрөгөөр амьдарч 3 настай, 5 настай цэцэрлэгийн 2 хүүхэд болон 11-р ангийн сурагч мөн 2-р дамжааны оюутан хүүхдүүдээ тэжээж байгаа. Эхнэр Ө.Энхцацрал нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж ажил хийж чадахгүй зөвхөн үр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь зөөж гэр доторх ахуйгаа зохицуулж яваа залуу гэр бүл юм. Шүүх хурал дээр шүүгч Д.Алтанжигүүр нь шүүгдэгчийг удаан босож байна шүүхийг хүндэлсэнгүй гэж хурал эхэлсэн цагаас дуусах хүртэл тачигнатал загнасаар хурал дууссан. Энэ хүн яагаад удаан босож суугаад байсныг бид нар эмч биш болохоор ойлгоогүй гэтэл эрүүл мэндийн асуудалтай байсан байна. 2025 оны 03 сарын 19-ний өдөр Ц.Ц бөөрний хорт хавдар гэж оношлогдсоны улмаас яаралтай хагалгаанд орж өрөөсөн бөөрөө авхуулан эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр 3 жил биш 3 сарын дараа гэхэд энэ гэр бүлийн амьдрал ингэж өөрчлөгдөж ирсэнд харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалт нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж, ...эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай. Хуульд “хүртэл” гэсэн санкци байгаа нь шүүгдэгч Ц.Цгийн ахуй амьдрал, хувийн байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан цаашид төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэг жолоодох эрхийг нь 3 жилээс бага хугацаагаар оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 14756 дугаар дүгнэлтэд: “О.Агийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.25-д зааснаар хохирлын хүнд зээгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй гэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Аргачлалд зааснаар О.Ад амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдсон ба энэ нь сэтгэцийн хор уршиг учруулсан гэсэн ойлголт хамаарах бөгөөд уг гэмтийн улмаас сэтгэцийн эмгэг тогтоогдсон гэж мэргэжлийн байгууллагаас гаргаагүй байгаа гэж ойлгож байна. Хүнд гэмтэл учирсан 4-р зэрэглэлд сэтгэцэд хор уршиг учруулсан болон сэтгэцийн эмгэгтэй болсон гэх заалтуудыг нэг хүснэгтэд багтаасан байгаа ч онолын хувьд 2 тусдаа ойлголт гэдгийг тайлбарлаж нөхөн төлбөрийг доод болон дээд хэмжээний дотор олгох эсэхийг шийдвэрлэж байх талаар нарийн зааж өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгч Ц.Цд уг журмын 3.8 дахь заалтыг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Мөн шүүгдэгч Ц.Ц нь хохиролд 4,450,000 төгрөгөөс гадна хохирогч О.А нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Гэмтэл согог үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсний зардалд гарсан 1,545,440 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байхад хохирлын тооцоонд оруулалгүй орхиж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нийт учруулсан хохирлын хэмжээ 4,450,000 төгрөг дээр Эрүүл мэндийн даатгалын газарт нөхөн төлсөн 1,545,400 төгрөгийг оруулан тооцоход 5,995,400 төгрөг болж байгааг анхааран үзэж хохирлын тооцоог дахин гаргаж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаан дууссанаас хойш шүүгдэгч надтай нэг удаа утсаар ярьж өөрийн эрүүл мэндийн шалтгаанаа хэлсэн. Шүүхээс ажилгүй байх хугацааны төлбөр болон багшийн төлбөрийг Иргэний шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн. Би шүүгдэгчийн биеийн байдал муу байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд одоохондоо Иргэний шүүхээр нэхэмжлээгүй. Мөн тухайн үед бага насны хохирогч нь хувийн сургуульд сураад 2 сар гаруй хугацаа болж байсан бөгөөд түүний хичээл 1 жилийн хугацаагаар завсардсан буюу хичээлдээ яваагүй, өөр багш аваагүй байна. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн үйлдсэн зам тээврийн ослын хяналтын камерын бичлэг хэрэгт авагдсан. Мөн жолооч нь техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, явган хүний гарц хэсэгт хүн дайрсан. Мөрдөгчийн магадалгаанд жолоочийн буруутай үйл ажиллагаа, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Агийн асран хамгаалагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн буюу 10 хүртэл насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй байх үүргээ биелүүлээгүй гэсэн байдаг. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйл ажиллагаа байсан тул шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар прокуророос харгалзаж үзсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хуучин хуультай андуурсан гэж ойлгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Өмгөөлөгчийн хувьд тухайн хуулийг 1 жилээс 3 жил хүртэлх хугацааны тээврийн хэрэгсэл хасах ялтай тул 3 жилээр тогтоож өгснөө багасгаж өгнө үү гэж гомдолдоо дурдсан байсан. Иймээс прокуророос гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж үзээд анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хамгийн багаар нь буюу 3 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил хүртэлх хугацаанд тэнсэж, тэнсэн хугацаанд үүрэг хүлээлгэх ялын санал гаргасан. Мөн сэтгэцийн хор уршгийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоож 19,800,000 төгрөгийг гаргуулахаар заасан. Мөн хохирогч нь баримтаар 442,990 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчид 3,450,000 төгрөгийг шилжүүлсэн буюу илүү төлөлт хийсэн тул шүүхээс 4,008,000 төгрөгийг хасаад нийт 15,792,000 төгрөгийг сэтгэцийн хор уршигт шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар заасан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд ял шийтгэлийг оногдуулсан. Иймээс сэтгэцийн хор уршигт учирсан хохирлыг хэвээр үлдээлгэх салтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 3,450,000 төгрөг өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,545,440 төгрөг төлсөн бөгөөд нийт 4,450,000 төгрөгийг төлсөн. Иймд хохирол төлбөр зөрүүтэй асуудал байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Ц.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэгээрэл дунд сургуулийн баруун талын замд Тоёота Хайлукс маркийн ..........УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох насанд хүрээгүй 9 настай, Б.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 50 минутын үед хүү Ананд 11 настай, Ад 7 настай, охин 9 настай А нарыг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байдаг Гэгээрэл бүрэн дунд сургуульд хүргэж өгөхөөр явсан. Би унадаг дугуйгаа түрээд миний урд Ад, А хоёр, хойд талд Ананд нар алхаад явж байсан. Тэгээд Гэгээрэл сургуулийн зүүн талд явган хүний гарц дөхөж ирсэн. Тэгээд миний урд талд явж байсан А түрүүлээд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарах гээд явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан хар өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарц дээр зогсолгүйгээр шууд явган хүний гарцыг нэвтрэх үедээ миний охин Аг мөргөсөн. Тэр жолооч явган зорчигч нарт зам тавьж өгөх үйлдэл хийгээгүй, шууд явган хүний гарцыг нэвтрэх үйлдэл хийсэн. ...охин Б.Агийн эрүүл мэндэд ослоос шалтгаалж баруун хөлийн шилбэний яс хугарсан, баруун хөлийн шилбэний ар хэсэгт ясны хугаралтай байгаа. ...Миний охины биеийн байдал одоо хэвийн байгаа, оройдоо өвчин намдаах эм ууж байгаа. Би тухайн осол гарсан өдрөөс хойш охиноо гэртээ сахиж байгаа, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ. Миний охин 2 cap орчим хугацаанд хичээлдээ явж чадахгүй хоцрогдолд орж гэрээр багш авч хичээл заалгах шаардлагатай байгаа. Гэрээр хичээл заалгах багшийн төлбөр, сэтгэл санааны гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлуудыг тус тус нэхэмжилнэ...” /хх 18/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,545,440 төгрөгийн зардал гарсан, төлүүлж өгнө үү...” /хх 35/,
шүүгдэгч Ц.Цгийн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07 цаг 30 минутын үед ажил руугаа явахаар .............УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлсөн. ...Явган хүний гарц руу дөхөж ирээд баруун талаас явган зорчигч зам хөндлөн гарч байна уу гэдгийг харахад Гэгээрэл сургууль талаасаа эмэгтэй хүн хүүхдээ хөтлөөд явган хүний гарц руу дөхөж явсан ба тэгээд хөдөлгөөнөө удаашруулаад бүрэн зогсоогүй байхад нөгөө талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган зорчигч гүйгээд миний машины зүүн урд талын дугуй хэсгийг мөргөөд газарт унасан. Би тухайн үед явган хүний гарцын өмнө зогсоож дөнгөж хөдлөх үед явган зорчигч гүйж ирээд мөргүүлсэн. Тухайн явган хүний гарц нь тэмдэг тэмдэглэлтэй. Би тухайн замаар байнга явж нэвтэрч байгаа...” /хх 71/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 14756 дугаар “...О.Агийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулахгүй..." /1хх 40-41/ гэсэн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 1955 дугаар “...А. Явган зорчигч Б.Агийн асран хамгаалагч Б.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.5 Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй.
Б. Тоёота Хайлукс маркийн ..........УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. А/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Нэг. Тоормосны систем 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж байх, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй.
В. Тоёота Хайлукс маркийн ..........УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. А/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Нэг. Тоормосны систем 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж байх, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” /хх 57-58/ гэсэн магадлагаа,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 19/, хохирлын баримтууд /хх 20-22/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх 31/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 38821767 дугаар дүгнэлт /хх 48-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Цг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ц.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Цд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Харин шүүх шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэхдээ тэнссэн 2 жилийн хугацаагаар гэж тогтоосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жил 06 сарын хугацаанд ...” гэж зөрүүтэй бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Цгийн зүгээс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн /хх 121/ байх ба шүүхээс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, насанд хүрээгүй хохирогч Б.Агийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 19,800,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн төлсөн 4,450,000 төгрөгөөс баримтаар гаргасан 442,900 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд тооцож, 4,007,100 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд тооцож төлөгдөөгүй үлдсэн 15,792,900 төгрөгийг Ц.Цгаас гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүгдэгч хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн, үүнтэй холбоотойгоор шүүх Ц.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Агийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1,545,440 төгрөгийг Ц.Цгаар нөхөн төлүүлснийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцох боломжгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл, хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялыг хамгийн багаар буюу 3 жилийн хугацаагаар оногдуулсныг багасгах хуульд заагаагүй ял оногдуулах эрх зүйн боломжгүй болно.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх;”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэсэн байхад хугацаа заагаагүй нь хуулийн шаардлага хангахгүй байх тул насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд төлөгдөөгүй үлдсэн 15,792,900 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Цд даалгаж шийдвэрлэлээ.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.” гэсэн нь шүүх заавал хэрэглэх, гэм буруутай этгээдийг үүрэгжүүлсэн, анхааруулсан заалт учраас дээрх хугацааг хохирол төлөх хугацаа тогтоосон байна гэж ойлгож болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Д.Шархүүхэний гаргасан давж заалдах гомдлын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жил, 06 сарын хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг ...” гэснийг,
“...хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ц нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 15,792,900 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ