Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

 

    2018          8            20                                     665

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Жаргал,

шүүгдэгч: З.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн  Амард холбогдох эрүүгийн 1805 0326 20674 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн тусгай томилгоот бүлгийн дарга ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, Буриад овогт Загдсүрэнгийн Амар.

 

  Шүүгдэгч З.Амар нь 2018 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик” зочид буудалд иргэн Л.Чимэгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Амар мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчтой маргалдсаны улмаас хохирогчийг 3 удаа түлхсэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 700 000 төгрөгийг сайн дураар төлсөн. Цаашид өөрийн үйлдлээ хянаж явна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч- Л.Чимэг мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 2018 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Классик” зочид буудалд ажлаа хийж байхад 01 цагийн үед гаднаас эрүүл саруул, боловсон байрын нэг залуу орж ирээд “танай буудалд буумаар байна. Маш холоос, ажилтай яваад, ядраад байна” гэхээр нь “би болно, та нар хэдүүлээ яваа юм” гэсэн чинь тэр залуу “бид нар тавуулаа явж байгаа” гэхээр нь “манайх тийм олон хүн оруулахгүй” гэсэн чинь тэр залуу “эгчээ бид нар хоёр өрөө аваад оръё” гэхээр нь “за тэг, тэг” гээд, “харин та нар согтууруулах ундаа хэрэглэж болохгүй шүү” гэсэн чинь тэр залуу “тийм юм байхгүй” гээд гаднаас хамт явсан 2 эрэгтэй, 3 эмэгтэйг дагуулаад орсон. Тэгээд тэр хүмүүс орсноос хойш 30 минут орчимын дараа шуугилдаад байхаар нь би өрөөнд нь ороод “та нар архи, согтууруулах ундаа хэрэглээд байгаа юм уу” гэсэн чинь тэр хүмүүс “бид нар уугаагүй, зүгээр авчирсан юмаа идэх гээд байж байна” гэхээр нь би гарсан. Тэгээд текэн дээр очоод шалгахад согтууруулах ундаа хэрэглэж байхаар нь “би та нарт хэлсэн биз дээ, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй” гэж хэлээд “та нар манай буудалд тэнцэхгүй хүмүүс байна, одоо ууж байгаа юмаа аваад гарчих” гэсэн чинь тэр хүмүүс ямар ч асуудалгүй гээд гарах гэж байхад нь хамт явсан залуучуудын нэг болох согтуу залуу нь хувцасаа өмсөөд явах гэж байгаа юм шиг болоод найзуудтайгаа хамт буудлаас гарснаа таксинд найзуудаа суулгахдаа хамт явсан нэг эмэгтэйгээ авч үлдэх гэж зулгааж байхад нь би “хүүе чи наад эмэгтэй хүнээ алах нь байна” гэж хэлтэл нөгөө залуугаас зууралдсан эмэгтэй мултраад таксинд суугаад явсан. Тэгээд би тэр хүүхнийг таксинд суугаад явсны дараа за ашгүй гээд буцаж буудал руугаа ороод юм бичээд сууж байтал нөгөө гадаа байсан залуу араас орж ирээд миний толгой руу тоншоод байхаар нь би “хүүе чи яаж байнаа” гэсэн чинь тэр залуу надад “та миний талд орж надад үйлчилсэнгүй” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм, би цагдаа дуудлаа” гэж хэлээд буудлынхаа үүдэнд очоод зогсож байтал нөгөө залуу анх орсон өрөөндөө орсноо буцаж гарч ирээд миний хажууд ирээд надад “пиво уух уу” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь тэр залуу намайг “ямар зэвүүн авгай вэ” гээд буудлын хаалгаар дотогшоо түлхэх үед би буудлын гадна хаалганаас дотор хаалга хүртлэх коридорт унаад босох үед нөгөө залуу дахиж ирээд намайг дотор хаалга руу зүүн бөөр орчмоор мөргүүлэн түлхээд дахиад газар унагаасан. Тэгээд би дахиж босч ирэх үед дахиад намайг дотор хаалга давуулан текний урд хэсэг рүү унагаасан. Тэгээд би гурван удаа түлхүүлээд дахиж босч ирээд нөгөө залууд “чи яагаад байгаа юм бэ, би ажлынхаа байранд очмоор байна” гэсэн чинь тэр залуу “чи цагдаа дууд, цагдаа нар намайг хаанаас ч олж чадахгүй” гээд агсарч байгаад намайг буудлын 102 тоот өрөө рүү оруулах гэж ноцолдож байхад нь би тэр залуугаас салаад буудлаас гараад хажуудаа байдаг өөр “Анар” гээд буудал руу ороод тэнд ажиллаж байсан Энхтуяа гээд хүүхдэд “цагдаа дууд” гээд хэлтэл Энхтуяа гарч ирээд надтай хамт манай буудал руу очоод нөгөө залууг жоохон тайвшруулаад “чи яаж байнаа залуу минь, ажлаа хийж байгаа хүнийг ингэж болохгүй” гэж хэлсэн чинь тэр залуу “өө энэ муу авгай, би хил хамгаалаад эмэгтэй хүний шингэн хоолой сонсоогүй удаж байгаад ирээд ганц пиво ууя гэсэн чинь муухай зан гаргалаа” гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд удаагүй байтал нөгөө залуу зугтаад явсан. Миний зүүн бөөр орчмоор хаалга мөргүүлсэнээс зүүн бөөр орчим саран хэлбэртэй хөхөрсөнөөс явахад хүндрэлтэй, амьсгаа авч болохгүй, маш ихээр халуурсан. Бие чилж 7 хоног орчим хөдөлгөөн хийж чадахгүй хэцүү байсан. Миний бие З.Амартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба хохирлын мөнгө 700 000 төгрөг хүлээж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 12-13, 49 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Энхтуяа мэдүүлэхдээ:

... Намайг өөрийн ажиллуулдаг буудалдаа байж байхад шөнийн 03 цаг өнгөрч байсан байх, манай хажуу талын “Классик” дэн буудлын үйлчлэгч Чимэг манай буудлын хаалгаар “аллаа, туслаарай” гээд орилоод ороод ирэхээр нь би гайхаад буудлаасаа гартал Чимэгийн араас нэг өндөр биетэй, цэргийн бололтой хувцастай залуу нилээн ууртай, янз бүрийн үг хэлчихсэн хүрээд ирэхээр нь би “юу болоод байна” гэтэл Чимэг нилээн айсан байдалтай “цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би  тухайн үедээ утасгүй байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Тэгээд би, Чимэг, нөгөө залуу нартай “Классик” зочид буудал руу явах үед тэр залуу надтай зүгээр ярьж байсан мөртлөө Чимэгтэй “чи муу хөгшин авгай” гээд орилоод уурлаад байсан. Тэгээд бид гурав “Классик” зочид буудал руу ороход тэр залуу буудлын меню, сэтгүүл авч ийш тийш шидээд “би танайд хоёр өрөө авсан, би мөнгөө төлөөд хоёр өрөө авсан” гээд агсраад байсан бөгөөд би тэр залууг тайвшруулж байгаад явуулсан. Тэгээд маргааш нь Чимэгтэй уулзахад Туяа үүнийг хараа гээд өөрийнхөө биеийг харуулахад бөөр, гуя орчим хөхөрсөн байсан гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тогтоолоор хохирогч Чимэгийн биед зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны гадна гэмтэл тогтоогдсон. Дээрх нурууны гэмтэл нь ихэвчлэн замын осол, хөшилтөөс үүсдэг. Гуяны гэмтэл нь цохилтоос үүсэхгүй, түлхэх явцад ширээ юм уу, хатуу юманд цохигдсоноос үүснэ. Хүний гараар цохиход үүсэхгүй. Учир нь нуруу бол булчин томтой учраас цохиход хаван, хавдар үүсэхгүй. Уг тогтоогдсон гэмтэл нь 28 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой гэмтэл бөгөөд нэмэлт шинжилгээ ирүүлэхээр явуулсан боловч нэмэлт шинжилгээ ирүүлээгүй тул дүгнэлтийг гаргасан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7042 дугаартай дүгнэлтэд:

1. Чимэгийн биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

З.Амар ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч З.Амар нь 2018 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик” зочид буудалд хохирогч Л.Чимэгийн биед халдаж, эрүүл мэндэд нь нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Чимэг, гэрч Д.Энхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7042 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Амард холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч З.Амар нь эмчилгээний зардалд  700 000 төгрөгийг хохирогчид өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З.Амар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Амарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Амарыг 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар З.Амар нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Амар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 700 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол З.Амард урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Амард авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН