Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/546

 

 

 

 

 

 

    2025           05             08                                       2025/ДШМ/546

 

Ж.Э, СГ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч СГ, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, А.Эрдэнэтулга, орчуулагч Г.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Б.Бат-Ерөөлт, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний Ч.Эрдэнэбат, шүүгдэгч СГийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, А.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эсэргүүцлийг үндэслэн Ж.Э, СГ нарт холбогдох эрүүгийн 2102005450284 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

СГ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжиан муж Цанжи хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ш” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ........... тоот оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 943 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /гадаад пасторын ............/;

Б овгийн  Ж.Э, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... тоот оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Монгол Улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” ХХК, 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Барилга засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхон ХЦХ дангийн 12-6 тоотод байрлах хаягтай, /РД: ................./;

Шүүгдэгч СГ нь “Ш” ГХОХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгож бууруулж акт тогтоолгон, давуу байдал бий болгох “Ш” ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн,

шүүгдэгч СГ нь “Ш” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгож бууруулж акт тогтоолгохын тулд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн,

шүүгдэгч Ж.Э нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ГХОХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхдээ Татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй “Ш” ХХК-ийн татварын зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг гэж бууруулж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр № НА-34210000107 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” тогтоохдоо хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн захирал СГ- ээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 “Ш” ХХК-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

СГ-r Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч “Ш” ГХОХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, шүүгдэгч СГ-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч “Ш” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Барилгын засвар, засал чимэглэл”-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч СГ /./-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч СГ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 266 хоног буюу 8 cap 26 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 8 cap 26 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, СГ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч СГ-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 211 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, СГ нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Ш” ХХК-ийн “Барилгын засвар, засал чимэглэл”-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох, эд мөрийн баримтаар хураагдсан 17 ширхэг компакт диск, мөрдөн шалгах ажиллагааны магадалгаа бүхий 1 хавтас, 15 хуудас, 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, “Юнител” компанийн 1 ширхэг сим картын үүр, ягаан өнгийн гэрийг шүүгдэгч Ж.Эд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас нийт 73,842,340.00 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг, Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч Ж.Эаас хураан авсан гэх 48,500 ам.доллар, ___ УБА улсын дугаартай, AVU650028730 арлын дугаартай, “Toyota Harrier XU60” маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн 03624836 дугаар гэрчилгээ, автомашины хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “I phone 13 pro max” маркийн 1 ширхэг rap утас зэргийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.05.05-ны өдрийн 636 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай” ... УБА улсын дугаартай, AVU650028730 арлын дугаартай, “Toyota Harrier XU60” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрөл, прокурорын 2022.11.14-ний өдрийн 22 дугаар тогтоолоор шүүгдэгч СГ-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн .............. дугаартай, .................. тоот орон сууцыг битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Э, СГ нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Э, СГ нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны эхний шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар санаачилга гаргаж, хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Миний хувьд бөөрний архаг дутмагшлын 2-р үеэс хүндрэл өгч, өвчлөл 3-р үе рүү орсон онош батлагдсан. Үүнтэй холбоотой эмнэлгийн албан бичиг, өвчний түүхийг хэрэг гаргаж өгсөн. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цагдан хоригдсоны маргаашаас оношлогдож цусны өвчний шинж тэмдэг, удамшсан чихрийн шижин өвчний хүндрэл зэрэг хавсарсан өвчний улмаас хорих байгууллагын эмнэлэгт 8 дахь удаагаа хэвтэн эмчлүүлсээр өнөөдрийг хүрч байна. 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс миний өвчний оношийг нэн эрсдэлтэй гэж үзсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Одоо миний бөөрний өвчний эмчилгээ нь 3 дахь шатлалын эмнэлэгт бөөр оруулах аппаратад орж хяналтад байх гэсэн маш хүнд шатандаа ирээд байна. Миний хувьд өөрийн гэм буруугаа чин шударгаар хүлээж байгаа бөгөөд миний оношлогдож, хяналтад байгаа бөөрний архаг дутагдлын өвчний зэрэг байнга нэмэгдэж байгаа нь амь насанд аюул учруулах хэмжээнд хүрснийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсье. Миний ар гэрийн хувьд бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай ээжийн хамт амьдардаг бөгөөд ээж маань ходоодны хорт хавдрын улмаас 2 удаа, зүүн гарын шуунаас мэдрэлийн хавдрын 1, маш хүнд 3 хагалгаанд орсон нөхцөл байдалтай байгаа. Надад өөрийн үйлдэл, түүнд халдаасан зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, өөрийн гэм буруугаа хүлээж байна. Өмгөөлөгч болон миний зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан өвчний түүх, цагдан хорих ангид очсон өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлсэн онош, дагалдах шинжилгээ зэргээс миний өвчний онош нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалын 2-р хавсралт “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын бөөрний архаг дутмагшлын 2-3-р үед хамрагдаж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулж миний амь насыг эрсдэлээс аварч өгөхийг хичээнгүйлэн гуйж байгааг хүлээн авна уу. Цаашдын амьдралынхаа туршид хууль зөрчсөн аливаа үйлдэлд хамрагдахгүй байж, зөв шударга замналаар амьдрахаа илэрхийлж байна. Иймд миний амьд явах эрхийг болон гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, торгох ял оногдуулсан нөхцөлд төлж барагдуулахад зарцуулах өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй талаарх болон Австрали улсад амьдарч байгаа төрсөн эгчийн минь зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тодорхойлолт, харилцах дансны хуулга зэрэг баримт, нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолын Ж.Э надад холбогдох хэсгийн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг торгох ялаар гэж өөрчлөлт оруулж, намайг яаралтай нарийн мэргэжлийн бөөрний эмнэлгийн тусламж авах, бөөр орлуулах аппаратад орох боломжийг бүрдүүлж, амь насыг минь аварч өгөхийг хүсье. Миний бөөрний архаг дутагдал өвчин 2-3-р үе рүү шилжсэн, удамшлын сахар, даралт ихсэх өвчний 2-р зэрэг, тулай өвчин, системийн өвчний шинж тэмдэг болох цусан толбууд биеэр олноор туурсан зэрэг нь хоригдогч миний амь нас эрсдэх аюултай нөхцөлд хүрсэн тул хорих ялыг үргэлжлүүлэн эдлэх нөхцөлд миний амь нас аврагдах боломж маш муу болох нь тодорхой байна. Би туйлын буруу зүйл хийснээ ухамсарлаж, өөрийгөө зэмлэж, түүндээ өдөр бүр шаналж байгаа бөгөөд хийсэн гэм буруудаа маргах зүйлгүй цорын ганц хүсэлт бол энэ хүнд өвчин, хавсарсан олон өвчний улмаас хорих байгууллагад амь нас минь эрсдэх нөхцөл үүсээд байгаагаас та бүхэн амь насыг минь аварч, эмчлүүлэх боломжоор хангаж, торгох шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг дахин дахин гуйж байна. Миний бие нийт 8 сар гаруй хугацаанд цагдан хоригдоод байгаа бөгөөд өөрийн гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө дотроо байнга цээрлүүлж байна. Миний амь насыг аварч өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Д.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар болон гэм буруугийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны эхний шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар санаачилга гаргаж хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хангалттай бүрдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодитой үнэлж чадаагүйгээс Ж.Эын эрүүл мэндийн нөхцөл байдал нэн дордоод байна. Ж.Э нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 3 дахь шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, бөөрний дутмагшлын 3-р зэрэглэлд өвчин шилжиж хүндэрсэн тул “групп”-д орохоор эмнэлгийн хяналтад орсон байсан. Бөөрний архаг дутмагшлын онош хүндрэл өгч өвчлөл III үе рүү орсон нь мэргэжлийн эмнэлгийн байгууллагын онош тогтоогдсон, цагдан хоригдсон өдрийн маргаашаас эхлэн хамт оношлогдсон цусны өвчний шинж тэмдэг, удамшсан чихрийн шижин өвчний хүндрэл зэрэг хавсарсан өвчний улмаас хорих байгууллагын эмнэлэгт нийт 7 удаа хэвтэж, цагдан хорих байгууллагын эмнэлгээс тогтоогдсон оношоор амь насны өндөр эрсдэлтэй гэх тодорхойлолттой гарч ирсэн нь хэрэгт авагдсан байгааг харгалзан үзнэ үү. Шийтгэх тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж цагдан хоригдсоноос хойш 7 дахь хоног дээрээ дахин цагдан хорих байрны эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулийн цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хор, хохирлыг барагдуулах үндсэн зарчмын хувьд, шүүгдэгч Ж.Эын хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын бүртгэлд хамрагдах онош, гэм буруугаа чин шударгаар хүлээж байгаа зэргийг бүхэлд нь харгалзан дүгнэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг торгох ялаар өөрчлүүлэхээр гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ж.Эын хавтас хэрэгт нотлох баримтаар гаргасан өвчний түүх, шүүгдэгчийн цагдан хорих ангид очсон өдрөөс хойш эмнэлэгт эмчлүүлсэн онош, оноштой холбоотой тодорхойлолт, дагалдах шинжилгээ зэргээс шүүгдэгчийн өвчний онош нь 2019 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын А/152, А366 дугаартай хамтарсан тушаалын 2-р хавсралт “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт” -ын 2 дахь заалтын 2.1.15.5 дахь хэсэгт заасан “бөөрний архаг дутмагшлын 2-3“ үед хамрагдаж байгаад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3-р зүйл, Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг хөндөхөд хүргэж байгаад давж заалдах шатны шүүх бодитой дүгнэж өгөхийг хүсье. Миний үйлчлүүлэгчийн хувьд улсад болон бусдад төлөх төлбөргүй болно. Иймд хуулийн энэрэнгүй ёсны болон нийгэмшүүлэх зарчим, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх Олон улсын гэрээ, конвенц, удирдлага болгон Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 2025/ШЦТ/574 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Эд оногдуулсан “2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “торгох” ялаар гэж өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүнээс хүсэж байгааг хүлээн авна уу. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг бодиттой дүгнээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан “ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж Ж.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Шүүгдэгчийн өөрийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгчийн хувьд торгуулийн ял оногдуулсан нөхцөлд өөрийн хөрөнгөөр болон төрөл төрөгсдийн санхүүгийн эх үүсвэрээр төлж барагдуулах бүрэн боломжтой болохоо нотолсон бичгийн нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байгаа болно. ...” гэв.

Шүүгдэгч СГ-ийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Сүн Гуан Чен-ийн хувьд гэмт хэрэгт холбогдуулан шалгагдах үеэс “Авлига өгөх” гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг шалгах, илрүүлэх үйл явцад саад учруулахгүй, харин ч дэм болсоор ирсэн билээ.

1. Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдлыг анхаарч давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял..." шийтгэх сонгох санкцитай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэх, улмаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж боломжтой байсан. Гэхдээ бид өмгөөллийн үйл ажиллагаандаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, эсхүл тэнсэж өгөөч гэх байдлаар хандаагүй бөгөөд торгуулийн ял шийтгэлийг сонгож хэрэглэж өгөөч гэж хандсан болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

2. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон хэдий ч шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болоогүй эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд, хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Шүүгдэгч СГ-ийн хувьд дараах хэд хэдэн онцгой нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол хэл, бичиг мэдэхгүй, шүүгдэгч СГ нь БНХАУ-ын иргэн Монгол Улсын хуулийг төдийлөн мэддэггүй, энэ хүний нийгмийн харилцаанд оролцох бусадтай монгол хэлээр чөлөөтэй ойлголцох чадваргүй, хорих байгууллагад бусадтай ойлголцож өөрийгөө ойлгуулж чадахгүй, ойлголцоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, үе мөчний хүнд өвчтэй, өндөр настай гэх мэт нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож байгаа билээ. Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд бодитой гадаадын хөрөнгө оруулагч бөгөөд шууд болон шууд бусаар өргөн хүрээтэй ажил олгогч юм. Монгол улсад хөрөнгө оруулж, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж монгол улсад 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, ажиллаж амьдарч байгаа бөгөөд Монгол улсын зам, барилгын бүтээн байгуулалтад маш олон үнэтэй хувь нэмэр оруулсан одоогоор 800 гаруй км авто замыг амжилттай тавьж улсад хүлээлгэж өгсөн. Олон монгол хүнийг ажлын байраар хангаж тэдний амьдрал ахуй, ар гэрийг цалин хөлсөөр хангаж байгаа хөрөнгө оруулагч юм. Энэ онцгой нөхцөл байдлыг бас харгалзан үзэж өгнө үү.

Эрүүл мэндийн байдал: Шүүгдэгчийн хувьд цагдан хорих 461 ангид хоол огт идэхгүй байгаа. Шалтгаан нь Архаг тулай гэдэг өвчнөөр 2005 оноос хойш өвчилсөн. Өвчний хувьд шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин. Хүндэрвэл бөөр, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямраах мөн тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үенүүд гэмтэх цаашлаад хөдөлгөөнгүй болох аюултай. Өвдөлт бол маш ихээр мэдрэгддэг үенүүд зүүгээр хатгасан мэт хүчтэй өвдөлтийг тогтмол өгдөг. Хамгийн чухал нь зөвшөөрсөн хоол, тогтоосон дэглэмээр л өвчний тархалтыг барих заалттай байнга л эмчилгээ хийлгүүлэх байдлаар тархалтыг хорих боломжтой өөрөөр ямар ч эмчлэх боломжгүй ялангуяа гэдэс цувдай, түүний цус, царцаамаг төрлийн хоол идэх хэт ядрах, гутал байнга өмсөх, их хөдөлгөөн хийх нь өвчнийг шууд хүндрүүлдэг хориглох заалттай ийм эмчилгээ бүрэн авдаггүй үений айхтар өвчинтэй энэ өвчнөөр олон жил өвчилж, олон жил эмчилгээ хийлгүүлж байгаа. Шүүгдэгч одоо 65 настай энэ өвчин нас ахих тусам л хүндрэл нь нэмэгддэг шинж тэмдэгтэй өвчинтэй зэрэг аргагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргав. Шүүгдэгчийн хувьд торгох ял оногдуулбал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүхэлд нь бүрэн төлж барагдуулах бүрэн боломжтой болно. ...” гэв.

Шүүгдэгч СГ-ийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн Өмгөөлөгчийн зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, болон зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. Шүүгдэгч СГ-ийн хувьд яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авлига өгөх” гэх хэрэг үйлдсэн талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэх өгөх цагаас эхлээд гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг анхаарч үзэлгүй эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шүүгдэгчид хорих ял ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, 1. Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдлыг анхаарч үзээгүй тул энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч харгалзан үзнэ үү.

1.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэх, улмаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж боломжтой байсан. Өөрөөр хэлбэр, шүүхээр шүүгдэгч СГийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох, зорчих эрх хязгаарлах, хорих, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлага чөлөөлөх, эсхүл тэнсэх зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх төрлийн ялаас сонгож хэрэглэх боломжтой атал шүүхээс шүүгдэгчид хамгийн хүнд ялыг сонгож хорих ял шийтгэсэн. Харин шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр хорих ял оногдуулах болсон. Өмгөөлөгч нарын гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг яагаад хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

 1.2 Шүүгдэгчид шүүхээс хорих ял ногдуулахдаа шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хариуцлага шүүгдэгчид ногдуулахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй. Харин татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг, нийгэмд аюултай үйлдэл гэж үзэн уг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан хүндрүүлэх тооцохгүй” гэснийг зөрчиж, Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй үйл баримтыг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулж хорих ялын үндэслэл болгосон.

1.3 Шүүгдэгч Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Ялангуяа шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөргүй байдлыг, гэм буруугаа ойлгосон, ухаарсан байдлыг эрүүгийн хариуцлага ногдуулахад анхаарч үзээгүй шүүхээс хорих ял ногдуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа шударгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа цагдаа, прокурор, шүүхийн шатанд бүрэн хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүх татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаар 3,810,779,138 төгрөг хохирол учирсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч СГийг 4,000,000 төгрөгөөр торгосон атлаа ял оногдуулахдаа татвар төлөх гэмт хэргийн хохирол, хор уршгийг хорих ял оногдуулах үндэслэлд хамааруулж нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим харшилсан байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулсан байдаг. Харин шүүгдэгч анхнаасаа авлига өгсөн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа, шударгаар бүх цаг үед хүлээн зөвшөөрсөн байдал, шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгчид боломж олгож энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Шүүгдэгч СГд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.

2. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон хэдий ч шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болоогүй Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд, хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна.

2.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д сэтгэл санааны, албан тушаалын байдлаар эрхшээлд орсон, 1.4-д хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн гэх... Төрийн алба хаагчийн зүй бус үйлдэл, шаардлага гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдлыг эрүүгийн хариуцлага ногдуулахад харгалзан үзээгүй.

2.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх “Шүүгдэгчийн хувьд татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу мөнгийг бэлнээр өгсөн гэхдээ энэ төлбөрт татварын мөнгө өгч байна гэж буруу ойлгож авлига өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн” энэ нөхцөл байдал нь тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Э нь тухайн авсан мөнгөнөөсөө Шүүгдэгчийн байгууллагын татварыг төлөөд байдаг үйлдэл эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

2.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Шүүгдэгч СГ-ийн хувьд дараах хэд хэдэн онцгой нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2.3.1. Монгол хэл мэдэхгүй, Гадаад улсын иргэн: Шүүгдэгч СГ нь БНХАУ- ын иргэн Монгол улсын хуулийг төдийлөн мэддэггүй, Монгол хэл мэдэхгүй зэргээр энэ хүний нийгмийн харилцаанд оролцох бусадтай монгол хэлээр чөлөөтэй ойлголцох чадваргүй. Хорих байгууллагад бусадтай ойлголцож өөрийгөө ойлгуулж чадахгүй, ойлголцоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, шүүх, шүүх бүрэлдэхүүнд хүртэл өөрийгөө, өөрийн үзэл санаа зорилгоо бүрэн дүүрэн илэрхийлж монголоор хэлж, ярьж чадахгүй байгаа энэ онцгой нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

2.3.2. Хөрөнгө оруулагч, ажил олгогч: Шүүгдэгчийн хувьд Монгол улсад хөрөнгө оруулж, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж монгол улсад 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, ажиллаж амьдарч байна. Монгол улсын зам, барилгын бүтээн байгуулалтад маш олон үнэтэй хувь нэмэр оруулсан одоогоор 800 гаруй км замын ажлыг амжилттай тавьж улсад хүлээлгэж өгсөн. Олон монгол хүнийг ажлын байраар хангаж тэдний амьдрал ахуй, ар гэрийг цалин хөлсөөр хангаж байгаа хөрөнгө оруулагч юм. Энэ онцгой нөхцөл байдлыг бас харгалзан үзэж өгнө үү.

2.3.3. Монгол Улсын нэг төсөл царцах эрсдэл байна. “Ш” ХХК нь Булган аймгийн Дашинчилэнгээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай 120 км замын ажлыг 2017 оноос хойш барьж гүйцэтгэж байна. Энэ төсөл хараахан дуусаагүй, төслийг улсад хүлээлгэж өгөөгүй байна. Шүүгдэгч СГ хоригдвол энэ төслийн ажил царцах, зогсох нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байдаг.

2.3.4. Эрүү мэндийн байдал: Шүүгдэгчийн хувьд цагдан хорих 461 ангид хоол огт идэхгүй байгаа. Шалтгаан нь архаг тулай гэдэг өвчнөөр 2005 оноос хойш өвчилсөн. Өвчний хувьд гэдэг нь шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин. Хүндэрвэл бөөр, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямраах мөн тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үенүүд гэмтэх цаашлаад хөдөлгөөнгүй болох аюултай. Өвдөлт бол маш ихээр мэдрэгдэг үенүүд зүүгээр хатгасан мэт хүчтэй өвдөлтийг тогтмол өгдөг. Хамгийн чухал нь зөвшөөрсөн хоол, тогтоосон дэглэмээр л өвчний тархалтыг барих заалттай байнга л эмчилгээ хийлгүүлэх байдлаар тархалтыг хорих боломжтой өөрөөр ямар ч эмчлэх боломжгүй ялангуяа гэдэс цувдай, түүний цус, царцаамаг төрлийн хоол идэх хэт ядрах, гутал байнга өмсөх, их хөдөлгөөн хийх нь өвчнийг шууд хүндрүүлдэг хориглох заалттай ийм эмчилгээ бүрэн авдаггүй үений айхтар өвчинтэй энэ өвчнөөр олон жил өвчилж, олон жил эмчилгээ хийлгүүлж байгаа. Шүүгдэгч одоо 65 настай энэ өвчин нас ахих тусам л хүндрэл нь нэмэгддэг шинж тэмдэгтэй өвчинтэй зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү.

2.3.5. Ар гэр, хувийн байдал: Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн ам бүлийн байдал дурдагдаагүй. Шүүгдэгч СГ нь 1960 онд төрсөн. Монгол улсад ганцаараа амьдардаг. Эхнэр нь БНХАУ-д байнга оршин суун амьдардаг, Монгол улсад богино хугацааны визээр ирдэг тул шүүгдэгчид эргэлтээр ч очих хүнгүй, анхаарал хандуулах хүнгүй хүнд нөхцөл байдалтай байгаа зэрэг онцгой нөхцөл байдлууд байна.

3. Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй байна. Шүүгдэгч СГ-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3-д заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хугацаанд татвар төлөхөөс зайлсхийсэн гэж татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2020 онд төгссөн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн тул 2021.07.02 өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар үйлийн 3.1.2-д заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн; мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байх тул ялыг өршөөлд хамруулж, ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Шүүгдэгч СГ-ийн хувьд урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэж онцгой нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь харгалзан үзэж өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгчид энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд нэг удаа боломж олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгчид ногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт оногдуулсан 4000 төгрөгийн торгуулийг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ялыг өршөөн хэлтрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд торгох ял оногдуулбал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүхэлд нь бүрэн төлж барагдуулах болно. ...” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцахад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын “шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт” хэсэгт “шүүгдэгч СГ нь “Ш" ХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээрх байдлаар тогтоогджээ” гэж дүгнэсэн атлаа тогтоолд хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийсэн хэсэгт “энэ тогтоолоор татвараас зайлсхийх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3,810,779,138.28 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ж.Э 119,538,660 төгрөг төлснийг тэмдэглэж, шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж татвар төлөхөөс зайлсхийсэн дүнг тогтоолд 2 өөрөөр зөрүүтэй бичсэн, мөн шийтгэх тогтоолын 1, 4 дэх хуудаст хэргийн дугаарыг 2408000001551 гэж буруу бичсэн, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамтай холбоотой заалтыг баримтлан тогтоол бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Давж заалдах гомдлуудад тайлбар, дүгнэлт гаргая. Шүүгдэгч СГий өмгөөлөгч А.Эрдэнэтулгаас анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй байтал түүний хувийн байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж түүнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж гомдолдоо дурдсан байсан. Шүүгдэгч СГий тухайд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн түүнийг нуун дарагдуулах зорилгоор хахууль өгсөн нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан бусад нөхцөл байдлын анхан шатны шүүх үндэслэн тухайн зүйл, хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэсэн нь тохирсон гэж үзсэн. Мөн өмгөөлөгчийн гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ байдаг. Үүнийг заавал шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн заавал хэрэгжүүлэх буюу үүрэг болгосон заалт биш юм. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэргээн тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаагүй учраас дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн. Мөн өмгөөлөгчийн гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж гомдолдоо дурдсан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн, мөн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад ярьдаг ч хуульд зааснаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус үйлдэл гэдгийг татварын улсын байцаагчийг төлөөлүүлэн шууд ойлгох боломжгүй ойлголт юм. Шүүгдэгч СГ нь 4 тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулж, татварын хэмжээг багасган тогтоолгон санаа зорилго сэдэл, мөн түүндээ хандсан сэтгэхүйн харилцаа, хахууль өгсөн үйлдэл зэргээс дүгнэхэд энэ нөхцөл байдалд гэмт хэргийг андуурч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо СГийг Монгол хэл мэдэхгүй, гадаад улсын иргэн, гадаадын хөрөнгө оруулагч, ажил олгогч, мөн түүний эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл байдал хамаарна гэж дурдсан байсан. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл байдалд хамаарах хууль зүйн боломжгүй. Мөн өмгөөлөгчийн гомдолд Өршөөл үзүүлэх тухайн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4.1 дэх зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг Өршөөлийн хуульд хамруулах ялаас хэлтрүүлж өгнө үү гэсэн байсан. Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнөх үйлдэгдсэн тодорхой төрлийн хэргүүдэд оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, зарим төрлийн ялыг багасгах талаар хуулиар зохицуулсан. Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 4.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 4.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуулийн шаардлагыг тодорхойлсон. Шүүгдэгч СГ нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн хохирлыг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ 3,930,317,798.28 төгрөгөөр тогтоож татварын байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичгийн нөхөн ноогдуулах актын хэм хэмжээгээр тодорхойлсон. Дээрх нөхөн ногдуулалтын актын тухайд Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ асуудлыг шүүхээс нэгэнт тогтоосон дахин тогтоохгүй гэдэг зарчмын хүрээнд дээрх дүнгээр тогтоосон боловч энэ тогтоолоор заасан дүнг нөхөн төлөгдсөн гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй. Хэрэгт тухайн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон дүнг төлсөн баримт байхгүй байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзсэн. Мөн шүүгдэгч Э.Ж.Э болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 тугаартай хамтарсан тушаалаар батлагдсан хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтад дурдаж энэ талаар анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэсэн утга агуулгаар гомдлоо гаргасан. Гэтэл шүүгдэгч Ж.Э, СГ, “Ш" ХХК-д холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүх хуралдаан болж байна. Дээрх гомдолдоо дурдсан хамтарсан тушаалын утга агуулга нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд тухайн журмын зохицуулалтыг хэрэглэх асуудал яригдана. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 255 дугаар зүйлд зааснаар хуульчилж зохицуулсан. Иймээс анхан шатны шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлтэй байна. Мөн гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дүгнээгүй талаар, шүүгдэгч Ж.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах талаар, оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө гэсэн салаа утга агуулгатай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээний талаар дүгнэлтдээ тайлбарласан бөгөөд шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд заавал хэрэглэхгүй тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ж.Э, СГ, “Ш" ХХК-ийн үйлдсэн гэмт хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэлд заасан өөрчлөлт оруулж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч СГ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ дахин илэрхийлж байна. Би 66 настай, миний бие эрүүл мэндийн хувьд асуудалтай бөгөөд хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш өндөр настай хүмүүсийн тусдаг хүнд өвчнүүд бүгд илэрсэн. Хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш даралт хэвийн байсан өдөр байгаагүй бөгөөд байнга тогтворгүй байна. Мөн би сахартай бөгөөд миний сахар багасах үзэгдэл эхэлсэн бөгөөд энэ талаар хорих байгууллагын эмч ямар ч арга хэмжээ авах боломжгүй байгаа. Амьсгалахад хүндрэлтэй, шөнө унтаж байхад амьсгал багтарч улмаар унтаж чадахгүй өглөө үүр цайдаг. Мөн би тулай өвчнөөр 34 жил өвдөж байгаа бөгөөд миний биеийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өвчин нь эмчилгээгүй, өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлээрээ зохицуулахаас өөр арга байхгүй, төгс эмчилгээ байхгүй. Мөн 2 өвдөг, 2 шагай, хөлийн хэсгүүд яс томорч өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, хуруунууд тэнийхгүй бүгд илт мурийсан. Мөн бөөр хүнд түвшинд байгаа бөгөөд бөөрний дутагдалтай, 2 хөл битүү хавантай бөгөөд 461 дүгээр хорих ангид улам нэмэгдсэн. Мөн гэдэс хийгээр дүүрч, өтгөн гадагшлахгүй хэд хонодог учраас үүнээс болж ухаан санаа манарах үзэгдлүүд гарахад эмч олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаа хэлсэн бөгөөд одоогийн байдлаар өтгөнөө эмийн тусламжтай эсхүл эмч янз янзын уламжлалт аргаар миний өтгөнийг гадагшлуулж байгаа. Миний бие 2006 онд Монгол улсад ирснээс хойш авто замын бүтээн байгуулалтыг 10 аймагт 840 км замыг барьж ашиглалтад оруулсан, мөн 3 онгоцны буудлын талбай зассан, 2008 оноос манай “Ш" ХХК байгуулагдаж үйл ажиллагаа эхэлснээс хойш зам барьж байгаа нь замыг дагасан ард иргэдэд ажлын байраар хангах тоо өндөр болсон, байнгын ажилтай 2000 гаруй ажлын байр байдаг байсан, зам дагуу ард иргэдийн ахуйн амьдралыг сайжруулах талаар улс их орны бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Одоогийн байдлаар Архангай аймагт Дашинчилэнээс Мөрөнгийн чиглэлд 120 км концессын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төсөл хэрэгжээд барилга угсралтын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд цаана нь 30 хувийн ажил үлдсэн. Бидний энэ жилийн төлөвлөгөөгөөр 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа эхлэх байсан бөгөөд эхлээгүй шалтгаан нь намайг 02 дугаар сарын 21-ний өдөр хоригдсонтой холбоотойгоор манай зарим санхүүжүүлэгч болон хөрөнгө оруулагч нар ажлаа зогсоосон тул ажил эхлэх боломжгүй байна. Мөн туслан гүйцэтгэгч буюу 100 гаруй хятад иргэд виз мэдүүлж ирэхэд бэлэн байгаа боловч бас намайг хоригдсоныг сонсоод болгоомжилж наашаа ирэх сонирхолгүй байдалтай байгаа. Төрийн байгууллагаас, хангайн бүсээс сонгогдсон 9 гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн яамнаас ажлаа яаралтай эхлүүл гэж мэдэгдсэн. Хорих ангид байхад ойр орчим хятад хэлтэй хүн байхгүй орчуулагч байхгүй зэрэг бэрхшээлээс болж эмнэлэг, үйлчилгээ зэрэг бусад өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс болж хүндрэл үүсдэг, зөвхөн гар хуруугаар дохих, дохио зангаагаар өөрийгөө илэрхийлэхээс өөр арга байхгүй байдалтай байна. Ар гэрийн хувьд ганц хүү болон ганц ачтай. Бэр болон хүү 2 минь маш их завгүй байдаг учраас манай ач дандаа гадуур хооллодог, манай эхнэр 67 настай намайг 7 хоногт 1 удаа эргэдэг нь миний гадаад ертөнцтэй харьцаж байгаа ганц хэлбэр юм. Мөн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Би өөрийн гэм буруу үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд шүүхээс миний нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Шүүх бүрэлдэхүүн намайг өршөөн хэлтрүүлж, надад гэмээ цайруулах боломж олгоно уу, би ажил төрлөө улам сайн хийж, орон нутгийн ард иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө тухайн замыг ашиглалтад оруулна. Энэ нь миний гэм буруугаа цайруулах нэг хэлбэр гэж ойлгож байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу давж заалдах шатны шүүх эсэргүүцэл, гомдолд зааснаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах хууль зүйн зохицуулалттай. Иймээс өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан саналыг дэмжиж оролцож байна. Мөн шүүгдэгч Ж.Э нь өөрийн сэтгэл зүйн байдлаас болж давж заалдах гомдлоо тодруулсангүй. Шүүх бүрэлдэхүүний хэлсэн хууль дүгнэлт өгөх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх асуудал яригдана гэснийг хуульч хүний хувьд дэмжиж байна. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзах нөхцөл байдлыг үндсэн нэг нөхцөл байдал нь тухайн хүний хувийн байдал болон эрүүл мэндийн байдал зайлшгүй яригддаг. Анхан шатны шүүх шүүдэгч Ж.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Учир нь, тухайн асуудал нь шүүхийн эрх хэм хэмжээний асуудал мөн боловч удаа дараагийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан хувийн байдлын талаар маш олон эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт болон бусад нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн түүний ар гэрийн байдал нь түүний хувийн байдалд хамаарна. Шүүдэгч Ж.Эын ар гэрийн байдал маш хүнд, бага насны 2 хүүхэд болон ээжтэйгээ амьдардаг. Түүний ээж ходоодны хорт хавдартай бөгөөд 2 удаа зүүн гарын хагалгаанд орсон. Иймээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн түүний эрүүл мэндийн байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь сонгох санкцтай тул миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын гомдлыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулахаас бусад хэсгийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гагцхүү эрүүгийн хариуцлага оногдуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэхдээ нийгмийн байдлыг зохицуулж буй Үндсэн хуульд заасан иргэн хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх гэж үндэслэж хууль хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүгдэгч Ж.Э нь давж заалдах гомдолдоо бичсэн нөхцөл байдал, анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргаж өгсөн эмнэлгийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад 7 сарын хугацаагаар хоригдохдоо нийт 6 удаа хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт байдаг. Мөн 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хэвтэж эмчлүүлсэн онош болон биеийн нөхцөл байдал нь 2022 оны нөхцөл байдалтайгаа ижилхэн оноштой. Өөрөөр хэлбэл, артерийн даралт гэдэг өвчний улмаас бөөрний архаг дутагдал, системийн өвчний улмаас холбогч эд, дархлааны өөрчлөлтийн улмаас бөөр жижгэрсэн, арьс дээр нь тууралтууд гардаг, сахрын өвчин зэрэг нь эмнэлгийн тусламж зайлшгүй авах гол үндэслэл болж байна. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн цаг хугацааны хувьд хууль тогтоогчоос өөрчлөлт оруулсан. Иймээс шүүгдэгч Ж.Эын холбогдсон хэргийн хувьд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг гарах үеийн хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг тус тус баримталж шүүх эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдсэн. Ийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт сүүлд нэмэлт өөрчлөлт орсон хүндэрсэн ялын бодлогоос өмнө нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Ж.Эын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хоригдсон 7 сарын хугацаа дээр анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш өнөөдрийг хүртэл 2 сар 16 хоногийг нэмэхэд нийт 9 сар 16 хоног цагдан хоригдсон. Шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь 2 жил бөгөөд хуульд зааснаар хохирол төлбөр байхгүй, мөн шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлэхгүй хуулийн зохицуулалттай. Иймээс үлдсэн хорих ялын эдлэх хугацаа бага байгаа тул үүнийг харгалзан үзэж, мөн шүүхийн шийдвэрийн нийгэмд үзүүлэх ач холбогдол, үр дүнгийн талаар бодож үзэхэд торгох ял оногдуулах нь илүү зохимжтой гэж үзэж байна. Торгох ял оногдуулсан тохиолдолд урьд нь цагдан хоригдсон нэг хоногийн 15,000 төгрөгөөр тооцож нийт оногдуулсан торгох ялын хэмжээнээс хасаж зайлшгүй төлөх хорих ялын хэмжээг шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ хэмжээний талаар шүүгдэгч Ж.Э нь маргахгүй, торгох ялын хамгийн дээд хэмжээгээр оногдуулсан ч болно гэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч СГ нь “Ш” ГХОХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгож бууруулж акт тогтоолгон, давуу байдал бий болгох “Ш” ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн,

шүүгдэгч СГ нь “Ш” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг болгож бууруулж акт тогтоолгохын тулд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Ж.Эд 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль өгсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн,

шүүгдэгч Ж.Э нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ГХОХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхдээ Татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, татвар зайлсхийх зорилгоор 3,930,317,798.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй “Ш” ХХК-ийн татварын зөрчлийн дүнг 119,538,660 төгрөг гэж бууруулж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №НА-34210000107 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” тогтоохдоо хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн захирал СГ- ээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн авто зогсоол дээр Д.Огээр дамжуулж 140,150 ам.доллар буюу 400,000,000 төгрөгийн их хэмжээний хахууль авсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ариунцэцэгийн “...Татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татвар төлөгч өөрийн орлогоо үнэн зөв тайлагнах, тайлангаар ногдуулсан албан татварыг хугацаанд төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн, орлогууд дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, хувь дансаар компанийн орлогыг хүлээж аваад тайлагнаагүй зэрэг зөрчил гаргаж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Татварын ерөнхий газрыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд мөрдөн байцаалтын явцад болон улсын байцаагчийн 2 удаагийн актаар тогтоогдсон 3,930,317,798.28 төгрөгийг нэхэмжилнэ...” /6хх 94/,

гэрч Д.Б “...Татварын ерөнхий газраас ирүүлсэн 3421601623 дугаартай томилолтоор 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хяналт шалгалт хийсэн. ...2020 онд 816,093,453.63 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж тусгаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж хасагдахгүй зардлыг хассан байсан. 2017, 2018, 2019 онуудад 8,425,792.06 төгрөгийн хувийн хэрэгцээнд зориулан дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээгээ Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөрчиж бууруулж тайлагнасан байсан 2 зөрчил илэрсэн. Энэ 2 зөрчилд 82,451,924.57 төгрөгийн нөхөн татвар, 32,896,511.91 төгрөгийн торгууль, 4,190,223.52 төгрөгийн алданги, нийт 119,538,660 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тавьсан. ...Төлж барагдуулсан байсан байх. Татварын улсын байцаагчийн тухайн компанид ногдуулсан татварын актыг татвар удирдлагын нэгдсэн системд бүртгэж оруулдаг. Тус бүрд нь нэхэмжлэхийн дугаар үүсдэг. Нэхэмжлэхийн дугаараар аж ахуйн нэгж, компани төлбөрөө төлдөг. ...Миний хувьд хяналт шалгалт хийж байх хугацаандаа захирал СГий Маршал таунд байдаг гэрт татварын улсын байцаагч Ж.Э, Б, Ж.Эын дүү гэх залуугийн хамт очсон. ...Тухайн үед Ж.Эын компьютер дээр хяналт шалгалтын материалыг шивж байсан. Тус компанийн захирал нь шоронд байсан гээд албан тоот өгч байсан. Тэрийг нь үндэслээд хугацааны актыг нөхөн төлүүлэлтийн актад тусгаагүй. Энэ актыг Ж.Э компанийн захиралд гардуулж, гарын үсэг зуруулсан байсан. ...Ж.Эыг “Ш” ХХК-аас хахуульд 400,000,000 төгрөг авсан талаар огт мэдээгүй. Ж.Эын зүгээс надад мөнгө, төгрөг өгөх талаар огт ярьж байгаагүй, надад өгсөн зүйл байхгүй...” /3хх 242-243/,

гэрч Ж.Б- “...одоо санаж байгаагаар “Ш” ХХК-ийн захирал СГ манай ББСБ-ын захирал М.Бадам ахтай ярьж байгаад теллер Б.Энхбаатарын Голомт банкны данс руу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...М.Б ах руу залгаад Сүн захирлын 140,000 ам.долларыг бэлэн болгосон гэж хэлсэн. Маргааш нь намайг ажил дээр байхгүй байхад “Ш” ХХК-ийн захирал СГий эхнэр ирээд 140,000 ам.долларыг авах гэсэн юм гэхэд нь би хамт ажилладаг теллер Э-р ахад хэлээд өгүүлж байсан...” /3хх 246-248/,

гэрч Б.Э-ын “...Би валют арилжаанд ажилладаг учир миний данс руу 400,000,000 төгрөгийг шилжүүлж, доллар болгон авсан байна. Энэ мөнгийг хэдэн төгрөгөөр бодож хэдэн доллар авах талаар Сүн дарга манай даргатай ярьсан гэж ойлгож байгаа. 2-3 хоногийн хугацаанд 140,150 долларыг бид бөөгнүүлэн 2021.11.19-ний өглөө бэлэн болгож Сүн даргын эхнэр, компанийн ажилтан 2 хүн ирээд авсан. ...Тухайн үед 1 доллар 2854 төгрөг байсан...” /4хх 1-3/,

гэрч М.Б-ын “...2021 оны 11 дүгээр сарын дундуур СГ над руу яриад “ажлаа хийж байгаа юу, хэдэн доллар авах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд “400,000,000 төгрөгт доллар худалдан авах хэрэгтэй байна” гэж ярьсан. Би “хөдөө газар тариалангийн ажилтай байна, дүү нар ББСБ-ыг ажиллуулж байгаа” гээд ажилтан Б.Э-ын утасны дугаарыг өгсөн. ...Тэгээд СГ дүү нартай утсаар холбогдож дансны дугаарыг нь аваад Б.Э-ын данс руу 400,000,000 төгрөгийг шилжүүлээд 2-3 хоногийн дараа 140,000 ам.долларыг авсан гэсэн..." /4хх 5-7/,

гэрч З.И-ын “...Б.Т ахтай Япон улсаас интернэтээр автомашин худалдан аваад түүнийгээ Монгол улсад оруулж ирж худалдан борлуулдаг. Энэ машинтай холбоотой нарийн асуудлыг Б.Тү ахаас асуух нь зүйтэй байх. ...Тухайн үед Д.Б гэдэг залуутай хамт гэрээнд гарын үсэг зурсан болохоор хамт явсан 40 гаран насны эгчийг сайн анзаараагүй. ...Гэрээнд 64,000,000 төгрөг байсан санагдаж байна, энэ 2 хүн төлбөрийг Б.Т ахтай хийсэн болохоор төгрөгөөр хийсэн үү, доллароор хийсэн үү гэдгийг нь хэлж мэдэхгүй байна...” /4хх 9-11/,

гэрч Б.Т-ийн “...Энэ машин нь миний мэдээллийн автомашин бөгөөд “Үнэгүй.мн” сайт дээр зар тавьсан байсан. Одоо санахад 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүтэн сайн өдөр байсан энэ машины үнэ асууж байгаад би “64,000,000 төгрөгөөс доошоо байхгүй” гэхэд “за за авъя, машинаа Толгойт өртөөний тийшээ унаад аваад ир, өнөөдөр наймаа хийе” гэж нас тогтсон эмэгтэй яриад байсан. “Улсын дугааргүй машинаар Толгойт өртөө рүү явах боломжгүй байна” гэхэд “тэгвэл Наадам центрийн нотариат дээр уулзъя” гэж тохиролцоод би З.Ихбаярыг дуудаж нотариат дээр гарын үсэг зуруулсан. Машиныг 64,000,000 төгрөгөөр худалдсан. ...Гэрээнд гарын үсэг зурсан Д.Батням гэдэг залуутай хамт явж байсан нас тогтсон эмэгтэй “доллараар тооцоо хийе” гээд надад 20,000 ам.доллар /шинэ/ гялгар ууттай нь өгсөн. Үлдэх 2,000,000 гаран төгрөгийг төгрөгөөр хийсэн...” /4хх 13-15/,

гэрч Д.Б-ын “...Ж.Э нь миний төрсөн ээжийн дүү. ...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шиг санаж байна Ж.Э эгч “2-лаа гараад хүнтэй уулзаадахъя” гэсэн. Ж.Э эгч “чи нэг машин олоодох” гэхээр нь би ажлын газрын Даваадорж гэдэг залуугийн цагаан өнгийн Vengrod маркийн машиныг аваад бид 2 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн урд буюу Геологийн төв лабораторийн урд очиход хар хөх өнгийн 200 кроун маркийн машин ирсэн байсан. Уг машины хажууд очиж зогсоод би тамхи татахаар явсан. Тэр машинаас харааны нүдний шилтэй байсан шиг санаж байна 1982-1983 оны болов уу гэмээр эмэгтэй хүн гарч ирээд манай машинд суусан. 10 орчим минутын дараа буугаад машиндаа суугаад явсан. Буцаж ирэхэд Ж.Э эгч хар өнгийн тортой доллар авсан байсан. Тэгээд “энийг танай гэрт аваачиж тавья” гээд бид 2 Мишээл экспо төвөөс хар өнгийн жижиг сейф 500,000 орчим төгрөгөөр Ж.Э эгч өөрийнхөө данснаас худалдаж аваад манай гэр лүү ирсэн. Замдаа Ж.Э эгчээс “юун учиртай мөнгө юм” гэж асуухад “хужаа компанийн татварын мөнгө” гэж хэлсэн. Манай гэрт ирээд сейфтээ 1 ууттай 100,000 ам доллар, 4 боодол буюу 40,000 ам.доллар, 150 доллар зэрэг байсныг хийсэн. Тэгээд ажил руугаа буцаж ирсэн. Тухайн үед Ж.Э эгчээс “ямар компанийн татварын мөнгө юм бэ, юун их хэмжээний мөнгө юм бэ” гэж асуухад “хятад компанийн татварын өрийг төлөх мөнгө байгаа юм, энэ мөнгийг намайг төл гээд авчирч өгсөн” гэж байсан. 2021 оны 12 дугаар сарын эхээр 20,000 ам.долларыг Найман шарга валют худалдааны төв дээр очиж солиулахад 52,000,000 орчим төгрөг болоод тэрийг Ж.Э эгчийн өгсөн нэхэмжлэхийн дугаараар “Ш” ХХК-аас татварын өр гэж тушаасан. Баримтыг тэндээ хогийн саванд хаясан. Дараа нь 5-6 мянган ам.долларыг солиулаад 12,000,000-13,000,000 орчим төгрөгийг “Ш” ХХК-аас татварын өр гэж тушаасан. Энэ мөнгийг тушааснаар уг компанийн нэг өр нь дуусаж байсан. Үүний дараа Ж.Э эгч машин авъя гээд интернэтээр машин үзэж байгаад энэ ямар байна гэж байгаад бид 2 “Тоёота” маркийн “Харрьер” загварын сувдан цагаан машин үзсэн. ...2021 оны 12 дугаар сарын 12-ны бүтэн сайн өдөр Наадам центрийн нэг давхарт байх нотариат эгчийг дуудаж байгаад худалдах, худалдан авах гэрээг миний нэр дээр хийсэн. Тухайн машиныг 64,000,000 төгрөгөөр худалдан авсан. 20,000 ам.долларыг бэлнээр, үлдсэн мөнгийг төгрөгөөр төлсөн. Үүний дараа 20,000 ам.долларыг бэлнээр авч Ж.Э эгчид өгсөн. Хүнд өгөх ёстой юм, аваад ир гэж байсан. Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны үед 15-16 мянган долларыг солиулж 40,000,000 төгрөгийг ...“Ш” ХХК-аас татварын өр гэж тушаасан. Баримтыг ураад хогийн саванд хийсэн. 2022 оны 01 сарын 26-ны өдөр 15.000 ам.долларыг солиулаад 43,539,665.36 төгрөгийг “Ш” ХХК-аас татварын өр гэж тушаасан. Энэ мөнгийг тушааснаар уг компанийн бас нэг татварын өр нь дуусаж байсан. 2022 оны 02 сарын эхээр цагаан сарын өмнө 10,000 ам.долларыг солиулахад 29,000,000 төгрөг болсныг Ж.Э эгчийн гэрт аваачиж өгсөн. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 10-ны үеэр 2,600 орчим долларыг солиулаад 7,500,000 төгрөгийг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкнаас Ж.Э эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдсэн 48,500 ам.доллар гэрт байсныг нэгжлэг хийн хураан авсан. ...Би Ж.Э эгчийн хэлсний дагуу дээрх мөнгөнүүдийг тушааж байсан, “Ш” ХХК-ийн нэг ч хүнтэй уулзалдаж байгаагүй...” /4хх 20-24/,

гэрч Д.Огийн “...Би “Ш” ХХК-д 2021 оны 07 дугаар cap наадмын өмнөхөн орчуулагчаар ажилд орсон. 2021 оны 07 дугаар сарын сүүлээр захирал СГий утас руу “монгол хүн залгаж байна, юу гэж хэлж байгааг нь ойлгохгүй байна” гээд надад утсаа өгсөн. Ярихад "Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс ярьж байна” гээд нэг эмэгтэй хүн “компанийнхаа захирлыг ирж уулзаарай” гэж хэлүүлсэн. СГ захирал “компани авсан 20 тэрбум төгрөгийн зээл дээр татвар төл гээд байна, яагаад ямар учраас үйл ажиллагаа явуулаагүй байхад татвар төл гээд байгаа юм бол” гэж байсан. Бид өөрсдийн таних мэдэх хүмүүсээс “Төрийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн зээлээс татварт мөнгө төлөх ёстой юм уу, үгүй юм уу” гэдэг талаар асуусан. “Мөнгө төлөх ёстой, ёсгүй” гэсэн хариу хэлж байсан. 2021 оны намар манай компанийн 09 тоот байранд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй байцаагч ирсэн. Захирал СГ тэд нарт баримт материалаа үзүүлж байсан. Миний хувьд тухайн асуудлыг орчуулсан. Тухайн үед захирал СГ татварын тайлангуудаа үзүүлээд байсан. Тэр байцаагч нар танай компани татварт мөнгө төлөх ёстой гэж ярьж байсан. Үүний дараа намар санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн гадаа СГ захирал бид 2 очсон. Ж.Э байцаагчтай уулзах гэхэд ажлаасаа гарч ирээд машинаа унаад “дагаад яваарай” гэсэн. 5 шарын гарааш дунд машинтайгаа очиж зогсоод захирал бид 2-ыг “утаснуудаа үлдээгээд утасгүйгээр машинд ороод ир” гэсэн. Цагаан өнгийн Приус 20 маркийн машинд орсон. Тэгээд захирал СГ нь “манай компани 20 тэрбум төгрөгийн зээл авсан, энэ зээл авсан мөнгөнөөс татварт мөнгө өгөх учиргүй, би хүмүүсээс хуулийн зөвлөгөө авахад татварт мөнгө төлөх ёсгүй” гэж хэлсэн гээд тайлбараа хэлсэн. Тэгэхэд байцаагч Ж.Э хуулийнхаа дагуу танай компани татварт 4 тэрбум төгрөг төлөх ёстой гээд уурлаад загнасан. Захирал СГ “компани санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа, татварт мөнгө төлөх ёсгүй, би энэ 20 тэрбум төгрөгөөс болоод шоронд суугаад гарч ирсэн” гээд уурлаад машины хаалгыг саваад гараад явсан. 2021 оны намар ажил дээр байхад захирал СГ нь “манай компани 20 тэрбумын зээл авсан асуудалд татварт мөнгө төлөх ёсгүй” гэдгийг тайлбарлаад хэлээдэх гээд орчуулагч С эгч бид 2-ыг дагуулаад “Туяарах” гоо сайхны салоны хажуугийн ресторанд орсон. Удалгүй татварын байцаагч Ж.Э орж ирээд дахиад л манай компанийн татварт 4 тэрбум төгрөг төлөх ёстой гээд, захирал СГ нь "манай компани 20 тэрбум төгрөг авсан зээл дээр татварт мөнгө төлөх ёсгүй” гэсэн. Ж.Э “би жаахан хүүхэдтэй хүн, та нартай ингээд цаг заваа бараад баймааргүй байна” гээд уурлаад байсан. Ямар нэгэн шийдэлд хүрэлгүйгээр салцгаасан. 2021 оны 11 дүгээр сарын сүүл, гадаа цас орж байсан. Захирал СГ над руу залгаад “би хөдөө Архангай аймагт ажлаар явж байна, чи манай эхнэр В рүү ярьж уулзаад мөнгө байгаа тэрийг аваад Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ж.Эд аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд захирлын эхнэр В нь манай байрны гадаа хар хөх өнгийн кроун машинтай ирээд бид нар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс рүү явцгаасан. Татварын хэлтсийн тэнд очоод Ж.Э байцаагч руу ярихад “та нар автобусны буудал өнгөрөөгөөд буцаж эргээд Геологийн төв лабораторийн гадаах зогсоол дээр хүрээд ир” гэсэн. Хэлснийх нь дагуу очиж зогсоход цагаан өнгийн дунд гарын машин байсан. Машинаас костюм пиджактай залуу буугаад тамхи татаад цааш явсан. Ж.Э байцаагч машиндаа үлдэхээр нь би буугаад Ж.Э байцаагчийн машинд суугаад захирлын эхнэрийн надад өгсөн боодолтой мөнгийг Ж.Эд хүлээлгэн өгсөн. Ж.Э ямар нэгэн зүйл хэлээгүй, за за гээд үлдсэн. Боодолтой мөнгө гэх зүйлд хэдэн төгрөг байсан эсэхийг нь би үзэж хараагүй...” /4хх 55-58/,

гэрч Г.С-йн “...Би 2014 оноос “Ш” ХХК-д орчуулагчаар ажиллаж байна. ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Маршал таун, 109-р байр, 9 тоот ажлын байран дээр ирэхэд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ж.Э гэж хүн манай ажил дээр ирээд гараад явж байгаа бололтой байсан. Үүний дараа “Туяарах” салоны хажууд байхад ресторанд СГ захирал, орчуулагч О бид Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ж.Этай уулзсан. Ярианд би оролцоогүй. Учир нь Ж.Этай өмнө ярьсан ярианы талаар оролцоогүй болохоор чимээгүй байсан. Орчуулагч О манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаагүй байж 20 тэрбум төгрөгийн зээл дээр татвар төлөх ёсгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тухайн уулзалт ямар нэгэн шийдэлд хүрэлгүй салцгаасан. Энэ өдрийн маргааш үдээс хойш ажил дээр очиход гаднаас СГ захирал нэлээн ууртай орж ирсэн. 20 тэрбум төгрөгийн зээлээс татвар авах гэлээ гэж уурласан. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захирал СГ бид 2 гадуур ажилтай явж байгаад ажил тарах үеэр Маршал таун руу явж байхад СГ захирал надад Ж.Этай уулзъя гээд залгаадах гэсэн. Би Ж.Э руу яриад дамжуулахад уулзъя гэсэн. СГ захирал, би, жолооч Өлзий-Орших 10-р хорооллын Өвөрмонгол рестораны гаднах авто зогсоол дээр очиж Ж.Этай уулзсан. 20 тэрбум төгрөгийн зээл дээр татвар төлөх ёстой гэж Ж.Э байцаагч хэлж, СГ захиралд татвараа буулгах санал тавьж хэдэн төгрөг өгөх талаар тохирсон. Тухайн үед СГ захирал 400,000,000 төгрөг өгье гээд, Ж.Э байцаагч 500,000,000 төгрөг авна гээд ярьж байгаад 400,000,000 төгрөг өгөхөөр болж тохирсон. Дарга буулгах гээд 350,000,000 гэж, Ж.Э буулгахгүй гээд 400,000,000 төгрөг дээр тохирсон. Ж.Э 400,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг танай компанийн татварын өрөнд өгнө, үлдсэн 250,000,000 төгрөгийг миний цаана 4-5 хүн байгаа, бид нар хувааж авах ёстой юм гэж тайлбарласан. Ингэж ярих явцдаа Ж.Э 400,000,000 төгрөг овор хэмжээ их болно, тийм болохоор доллароор авна гэж ярилцаж, маргааш нь доллароор өгүүлье гэж тохироод салцгаасан. Маргааш өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө СГ захирал бид 2 Увс аймаг руу ажлаар эрт Улаанбаатар хотоос гараад явцгаасан. Үүнээс хойш хэзээ Ж.Э гэж хүнд өгсөн эсэх талаар надад мэдэх зүйлгүй. ...“Моннис” ХХК-ийн хашаанд Ж.Этай СГ захирал бид 3 уулзсан. Ж.Э СГ захирлаар баахан бичиг баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Ж.Э татварын акт гэж хэлж байсан. ...2022 оны 01 сарын эхээр гэртээ амарч байхад 70-тай дугаараас залгаад “Худалдаа хөгжлийн банкнаас ярьж байна, та өөрийнхөө регистрийн дугаарыг бичилгүй явсан байна” гэж хэлсэн. Би “юун регистрийн дугаар бэ, ойрд банк орж мөнгө тушаагаагүй” гэдгээ хэлсэн. Тэгэхэд “Ш” ХХК-аас татварт 32,000,000 гаран төгрөг өнөөдөр төлсөн, мөнгө тушаасан хүн нь регистрийн дугаарыг бичилгүй явсан байна” гэсэн. Тэгэхээр нь “би биш, та нар камераа шүүгээд үз л дээ” гэхэд нэг эрэгтэй хүн “Ш” ХХК-аас гээд татварт мөнгө төлсөн байна, та регистрийн дугаарыг хэлээч” гэсэн. Тэгэхээр нь би “тушаагаагүй юман дээр хэлж болох юм уу” гэхэд зүгээрээ гээд авсан. Цагаан сарын өмнө Ж.Э залгаад “танай компанийн татварыг тушаах гэсэн чинь мөнгө тушааж байгаа хүн нь өөрийн биеэр байх ёстой гэнэ, чи хүрээд ирээч” гэж надад хэлсэн. Би “хөдөө Гачууртад байна, очиж чадахгүй” гээд орхисон. Ж.Э нь танай компанийн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төлөх гэсэн юм гэж тайлбарласан. Энэ асуудлыг мартсан байгаад гэнэт санаад 4-5 хоногийн дараа би Ж.Э руу залгаад “мөнгө тушаалгах юу болсон бэ” гэж асуухад “болсон болсон, манай дүү тушаасан гэж хэлсэн. Ж.Эын ярьж байгаагаас ойлгоход “Ш” ХХК-ийн өмнөөс 3 удаа мөнгө тушаасан байна гэж ойлгосон...” /4хх 61-65/,

гэрч Ц.Д-ийн “...Ноднин намар өглөө 10-11 цагийн үед Д.Ба манай өрөөнд орж ирээд машинаа түр өгч байгаач, гэр лүүгээ яваад ирэх ажил байна гээд миний машиныг гуйгаад аваад явсан. Нэг дор ажилладаг байж машинаа харамлаад яах вэ гэж бодоод өгөөд явуулсан. Үдээс хойш машиныг авчирч өгч байсан...” /4хх 67-68/,

гэрч В-ийн “...Би нөхөр СГ /-/-ийн Монгол Улсад явуулж байгаа замын үйл ажиллагаанд туслах зорилгоор БНХАУ-аас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод бууж байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр нөхөр СГ /-/ хөдөө ажлаар явсан. Нөхөр залгаад “Найман шарга валютын төв рүү яваад хүнээс мөнгө аваадах” гэсэн. “Би валютын ченж рүү мөнгө шилжүүлсэн байгаа 140,000 ам доллар аваадах” гэсэн. Өглөө 09 цаг өнгөрч жолооч Өлзий, хамаатан Лны хамт яваад Бадамын валют сольдог газар очоод 140,000 ам.доллар авсан. Тухайн үед нөхөр СГ “140.000 ам.доллароо аваад компанийн орчуулагч Од аваачиж өгөөрэй” гэсэн тул О-ийн гэр лүү явсан. ...Ог гэрээс нь аваад нөхрийн хэлсний дагуу гялгар ууттай 140.000 ам.долларыг О-д өгсөн. Тэгээд цаашаа нэг газар очоод О гялгар ууттай 140,000 ам.долларыг цүнхэндээ хийгээд машинаас буусан. Удалгүй болчихлоо гээд машинд суугаад бид хэд ирцгээсэн...” /4хх 108-110/,

гэрч Л /-/-ийн “...“Ш” ХХК-ийн захирал СГ нь манай хүргэн ах, энэ утгаараа би СГ, түүний эхнэр В нартай арай ойр байдаг. ...Тухайн үед эхнэр В нь хамт явсан болохоор тухайн долларыг юунд хэрхэн зарцуулах гэж байгаад анхаарал, санаа тавиагүй. Найман шарга худалдааны төвөөс гараад замаасаа орчуулагч Отгоог аваад нэг газар очсон. Тэгээд компанийн ажлын байр луу шууд явсан...” /4хх 114-115/,

гэрч Г.Ө-ын “...Одоо яг cap өдрийг сайн санахгүй байна, 2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна захирал СГ, орчуулагч О бид хэд явж байхад Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс рүү явах хэрэгтэй байна гээд тийшээ явсан. Очоод Таван шарын хуучны байрнуудын тэнд очоод байж байтал татварын байцаагч гэх махлаг эмэгтэй ирж байна гэж захирал СГ, орчуулагч О нар хоорондоо ярьсан. Би өөрөө жолооч хүн учир захирлыг машиндаа хэн нэгэн хүнтэй уулзахад нь би машинаас буугаад алсаас харж байгаад уулзсан хүн нь машинаас буугаад явахаар нь машин дээрээ очдог. Энэ жишгээр тэр байцаагч уулзахаар машин руу ирж явахыг хараад буугаад холхон очиж харж байгаад буухаар нь машин дээрээ ирсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 20-ны үе байсан байх захирал СГ хөдөө явсан байсан байх, ямар ч байсан эзгүй байсан. ...Найман шарга худалдааны төв рүү Тоёота маркын Кроун загвар /цэнхэр хөх өнгө/-ын машинтай явсан. Захирлын эхнэр Ван Шү Жин, түүний хамаатан Л дотогшоо ороод хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Тэгээд Таван шарын тийшээ явцгаасан. Замаараа орчуулагч Д.Ог авсан. Геологийн лабораторийн гадаа автомашины зогсоол дээр зогссон. Цаана жижиг Тоёота маркийн жижиг цагаан машин зогсож байсан. Би машинаа байрлуулаад буусан. Тэр үед тэр жижиг цагаан өнгийн машины жолооч гэх 20 гаран насны залуу бас машинаасаа буугаад цааш алхаад явсан. Манай машинаас орчуулагч Д.О буугаад тэр жижиг цагаан өнгийн машин руу орсон. Д.О удаагүй 5-10 минут орчим болоод машиндаа ирээд суусан. Би ч орчуулагч Д.Ог машиндаа суухыг хараад цаанаас ирж машинаа асаагаад бид хэд явцгаасан...” /4хх 117-119/,

гэрч А.Б-ийн “...Танай байгууллагаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу татварын улсын байцаагч А.Мөнхгэрэлийн хамт тус компанийн 2017-2020 оны хооронд Концессын гэрээний дагуу Увс-Хяргасын хооронд хийгдсэн замын ажлын орлого, зарлагыг тус компанийн харилцах дансны хуулга, харилцагчийн тооцоо нийлсэн актыг үндэслэн 2017-2020 онд хамрагдах татварын нөхөн ногдуулалт хийсэн. “Ш" ХХК нь 2018 онд 2,170,909,090.91 төгрөг, 2019 онд 445,681,818.18 төгрөг, нийт 2,616,590,909.09 төгрөгийг “Лу” ХХК-ийн харилцах дансаар дамжуулан хүлээн авсан орлого, 2019 онд 64,591,818.18 төгрөгийг компанийн ажилтны дансаар дамжуулан авсан орлого, 2020 оны 1,501,063,112.16 төгрөгийн “Х” ХХК-аас авах гэрээний орлогоос авто замын хяналтын зөвлөх компанийн замын хяналтын төлбөрийг төлсөн орлого, 2020 онд 18,181,818,181.82 төгрөгийн Төрийн банкны харилцах данснаас хүлээн авсан орлого, 2020 онд 45,454,545.45 төгрөгийн хувьцаа эзэмшигч “С” ХХК-ийн дансаар хүлээн авсан орлого, 2018 онд 1,413,803,548.69 төгрөгийг 2019 онд 40,418,181.82 төгрөгийн гэрээний орлогоос бараа материал солилцох замаар “М-ойл групп” ХХК-аас шатахуун хүлээн авсан орлого, 2019 онд 129,261,818.18 төгрөгийн гэрээний орлогоос цалин, түрээсийн төлбөр олгохоор хүлээн авсан орлого, нийт 24,083,911,206.30 төгрөгийн Концессын гэрээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил, үйлчилгээ”, 7.2. “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”. 7.2.4. “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх замаар хаах”, 10 дугаар зүйлийн 10.2. “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно.” 10.2.1. “Борлуулагч бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан", 10.2.3. “Бараа ажил үйлчил гээг худалдан авсан өдөр”, 11 дүгээр зүйл ийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 24,083,911,206.3 төгрөгийн зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2,408,391,120.64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785.85 төгрөгийн торгууль, 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Татварын улсын байцаагч Б.Бат-Өнө, Ж.Э нарын шалгалтаар 2020 онд 816,093,453.63 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцсон зөрчил, 2017 онд 1,032,516.09 төгрөг, 2018 онд 6,409,678.55 төгрөг, 2019 онд 983,597.42 төгрөг, нийт 8,425,792.06 төгрөгийн хувийн хэрэгцээний зардлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон зөрчил, нийт 824,519,245.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 119,538,660.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байсан. Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн татвар ногдох орлогод татвар ногдуулж, акт төлүүлээгүй байсан. Тэдний бичсэн акт нь зөвхөн компанийн тайлагналын зардал хэсэгт төлбөр ногдуулсан байсан. Гэрээний ажлын орлогын 2017-2020 онд ногдох хэсэгт зөрчил илэрсэнд татвар ногдуулаагүй байсан. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ж.Э нарын “Ш” ХХК-ийн 2017- 2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НА34210000107 тоот “нөхөн ногдуулалтын акт”-аар 824,519,245.69 төгрөгийн зөрчилд оногдуулсан 119,538,660.00 төгрөгийн төлбөр ногдуулсан дүнг нэмж тооцвол нийт 24,900,004,659.90 төгрөгийн зөрчилд нөхөн төлөх татвар 2,490,843,045.21 төгрөг, торгуульд 953,606,297.40 төгрөг, алданги 485,868,455.66 төгрөг, нийт 3,930,317,798.28 төгрөгийн татварын төлбөр төлүүлэхээр акт тогтоосон...” /4хх 121-123/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “...2-р таблицын 2-р зураг дээр байгаа хүний гэрэл зургийг заагаад энэ эмэгтэй мөн байна, энэ эмэгтэй тухайн бор шаргал урт нэвсгэрдүү пелник өмссөн байсан, энэ хүний байгаа байр байдал нь их дөлгөөн хүн байсан, зарим хүмүүс машин худалдаж авах гэж байн байн үзээд, тэр энэ нь яадаг юм гээд асуугаад байдаг, гэтэл энэ эгч машинаа сүртэй үзээгүй дээ, авъя авъя гээд авч байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 16-18/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.29-ний өдрийн В22-18 дугаар “iphone 13 promax маркийн rap утас 1 ширхэг 5,079,450 төгрөг...” тайлан /3хх 84-91),

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.03.30-ны өдрийн В22/05 дугаар “Toyota harrier маркын тээврийн хэрэгсэл нийт үнэлгээ 72,634,994 төгрөг...” тайлан /3хх 95-97/,

“Тэнхлэг зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.11.18-ны өдрийн 2022/065 дугаар “4 өрөө орон сууц 190 м.кв 573,971,000.0 төгрөг...” тайлан /6хх 233-249),

эд зүйлийг хүлээн авсан “...Шижир алтан гулдмай ББСБ-аас 2021.11.19-ний өдөр 400,000,000 төгрөгөөр 140,150 ам долларыг 2854 төгрөгөөр бодож СГ худалдан авсан...” /2хх 87/,

“Шижир алтан гулдмай” ББСБ-ын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 88-103/,

Голомт банкны дансны хуулга, мөнгөн гүйлгээний баримтын хуулбар /2хх 113-114, 117-118),

Д.Б-н Голомт банкны салбаруудад мөнгө тушаасан үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 119-128, 140-147/,

эд зүйлийг хүлээн авсан “Д.Б-с дөрвөлжин дэвтрийн цаасан дээр гараар бичсэн Худалдаа хөгжлийн банканд ‘Ш" ХХК-ийн өмнөөс татварт тушаасан мөнгөн дүнгүүд бүхий цаас гэх тэмдэглэл /2хх 129-130/,

Худалдаа хөгжлийн банкны “Ш” ХХК-ийн мөнгөн гүйлгээний баримтууд /2хх 132-138/,

Ж.Э, Д.Б нарын Хаан банкны дансны хуулга /2хх 149-155/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 156-160/,

Д.Б-н эзэмшлийн 67-89УБА улсын дугаартай Тоёота харрьер загварын тээврийн хэрэгслийг хураан авах прокурорын 2022.03.10-ны өдрийн 346 дугаар зөвшөөрөл, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 67-80/,

прокурорын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 636 дугаар “67-89 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” зөвшөөрөл /3хх 102/,

мөрдөгчийн “48.500 долларыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /3хх 104-111/,

прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 328 дугаар зөвшөөрлөөр шүүгдэгч Ж.Эын албан өрөө, биед нэгжлэг хийж “iphone 13, gold” өнгөтэй rap утас, түүний цүнхнээс 67-89 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр” хураан авсан гэх тэмдэглэл /3хх 112-119/,

компьютер, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 120-126/,

прокурорын 2022.03.09-ний өдрийн 327 дугаар зөвшөөрлөөр Д.Батнямын орон байранд нэгжлэг хийсэн, хураан авсан ажиллагааны тэмдэглэл /3хх 160-170, 176/,

 мөрдөгчийн “Үзлэг, нэгжлэг хийсэн ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” санал /3хх 171-172/,

прокурорын 2022.03.10-ны өдрийн 64 дүгээр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /3хх 173-175/,

баримт бичиг, эд зүйл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 178-197, 202-204), компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 198-201/,

прокурорын 2022.03.09-ний өдрийн 329 дүгээр “шүүгдэгч СГий орон байранд нэгжлэг хийх тухай” зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 205-210, 211-215/, 2021.11.22-ны өдрийн HA- 34210000107 дугаар нөхөн ногдуулалтын акт /3хх 226-228, 4хх 222-250, 5хх 1-52/,

Монголын татварын албаны татварын хяналт, шалгалтын зөвлөмж, татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /3хх 229-231/,

Татварын ерөнхий газрын албан бичиг, 2022.06.24-ний өдрийн №НА-22220000070 дугаартай Нөхөн ногдуулалтын акт /4хх 129-133/,

“Ш” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /4хх 134-137/,

Монголын татварын албаны татварын хяналт шалгалт хийх томилолт /4хх 221/,

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022.12.19-ний өдрийн 16 дугаар тогтоол /6хх 106-111/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 790 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл /8хх 166-181/,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.31-ний өдрийн 0658 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.09-ний өдрийн 0668 дугаар магадлалын хуулбар /8хх 156-164/,

шүүгдэгч Ж.Эын 2019, 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /2хх 34-39/,

Д.Батнямын эзэмшлийн 67-89 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 42-47/,

шүүгдэгч Ж.Эын Авлигатай тэмцэх газрын дансанд хохирол төлсөн баримтууд /4хх 36-39, 6хх 153, 7хх 10-12/,

шүүгдэгч Ж.Эын ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт /4хх 41-51/,

шүүгдэгч Ж.Эын хахуульд авсан 400,000,000 төгрөгийн зарцуулалт, төлөлтийн талаарх хүснэгт /7хх 70-71/,

прокурорын 2022.11.14-ний өдрийн 22 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /6хх 220-221, 224-232/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч “Ш” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

 шүүгдэгч СГ /./-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 1

шүүгдэгч Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэвч шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамлаж буюу хууль буцаан хэрэглэх заалтыг баримталж буй нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг зөвтгөх нь зүйтэй байна.

Гэм буруугийн талаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч “Ш” ХХК-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, шүүгдэгч СГ /./-ийг татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэмт хэрэг үйлдсэн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Эыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Улмаар шүүх шүүгдэгч “Ш” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Барилгын засвар, засал чимэглэл”-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн шүүхээс шүүгдэгч СГ /./-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр байх тул шүүгдэгч СГий өмгөөлөгч нарын “... хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 Харин шүүгдэгч СГд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өршөөн хэлтрүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Учир нь, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан ...тус хуулийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдлээрээ хангасан байдаг онцлогтой, тодруулбал, хуулийн этгээдээс төлөх татвараас зайлсхийхийн тулд тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн нь тогтоогдсон, улмаар хуулийн этгээдийг 200.000.000 төгрөгөөр торгосон, шүүгдэгч хүний гэмт үйлдэл нь нэгэн зэрэг түүний төлөөлөх хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн шинжийг хангасан буюу “гэмт хэрэг үйлдсэн хүн ба хуулийн этгээдийн гэмт хэргийн шинжүүд давхацсан” нөхцөлийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 1.2 дугаар зүйлийн 12.12-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээдийг биш харин шүүгдэгч хүнд оногдуулсан ялыг өршөөлд хамааруулах үндэслэл бүхий бөгөөд энэ талаарх тухай өмгөөлөгчийн саналыг бусад оролцогч, талууд үгүйсгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Эын эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэв.

Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурдсан “...шүүгдэгч СГ нь “Ш" ХХК-ийн 3,930,317,798.28 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээрх байдлаар тогтоогджээ” гэж дүгнэсэн атлаа тогтоолд хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийсэн хэсэгт “энэ тогтоолоор татвараас зайлсхийх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3,810,779,138.28 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ж.Э 119,538,660 төгрөг төлснийг тэмдэглэж, шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж татвар төлөхөөс зайлсхийсэн дүнг тогтоолд 2 өөрөөр зөрүүтэй бичсэн байх тул татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3,930,317,798.28 төгрөгөөр тогтоож гэж зөвтгөх,

шийтгэх тогтоолын 1, 4 дэх хуудаст хэргийн дугаарыг 2408000001551 гэж буруу бичсэнийг “...эрүүгийн 2102005450284 дугаартай ...” гэж зөвтгөх,

мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамтай холбоотой заалтыг баримталсан нь үндэслэлгүй байх тул мөн зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч СГийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаас зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч СГийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь, шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч СГийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаас үлдсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Э, СГ нарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/574 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 1, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг ...” гэж,

2 дахь заалтын “... шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хорих ял ...” гэснийг

“... шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял ...” гэж,

13 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч СГ /./-ийг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч СГийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаас зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч СГийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь, шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч СГийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаас үлдсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, СГ нарын цагдан хоригдсон 76 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

                       ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ