Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

 

   2018          8            20                                     667

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч: И.Чимэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их Урианхан овогт Ишдоржийн Чимэдд холбогдох эрүүгийн 1803 0052 00296 дугаар, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чимэд.

 

           Шүүгдэгч И.Чимэд нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Бичил хорооллын 40 дүгээр сургуулийн хойд талын замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн, 99-20 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Буянгийн жолоодож явсан “Хонда” маркийн, улсын дугааргүй, мопедтой мөргөлдөж, Б.Буянгийн эрүүл мэндэд хүндэвтэр, мопедийн эвдрэлд 262 600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-И.Чимэд мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Би хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө дохиогоо өгсөн боловч толиндоо хараагүй эргэснээс осол гаргасан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид машинаа зараад 4 500 000 төгрөг өгсөн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогч цаашид эмчилгээ хийлгэх бол эмчилгээтэй холбоотой зардлыг төлнө. Прокурорын санал болгосон торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Буян мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мопедоо жолоодоод Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Бичил хорооллын 40 дүгээр сургуулийн хойд замд замын нэгдүгээр эгнээгээр баруунаас зүүн чиглэлтэй 30 орчим км цагийн хурдтай явж байтал 2 дугаар эгнээнд зэрэгцэж явсан “Тоёота приус” маркийн автомашин гэнэт баруун гар тийш жолоогоо дараад миний унаж явсан мопед руу мөргөтөл би баруун тийшээ болоод замын хашлага мөргөөд буцах үед дахин мөргөөд унагаасан. Тэгээд би хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэртэл эмэгтэй жолооч гарч ирсэн намайг татаж байсан. Намайг мөргөсөн жолооч эмнэлэг, цагдаа дуудсан юм. Тухайн машины жолооч намайг баруун гар талд нь нэгдүгээр эгнээгээр явж байсныг хараагүй, шууд жолоогоо дарсан гэж бодож байна. Энэ ослоос болж миний цээж болон гар гэмтсэн. Гэхдээ би эмнэлэгт хэвтээгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Одоогоор эмчилгээ болон бусад зардалд баримттайгаар 169 300 төгрөг гарсан. Баримтгүй унааны зардалд 74 500 төгрөг, мопедоо үнэлүүлэхэд 262 600 төгрөг, ажлын хөлс нь 18 000 төгрөг, нийт 524 400 төгрөг гараад байна. Миний унаж явсан мопед моторын багтаамж нь 50СС болохоор бичиг баримт олгогдохгүй болохоор улсын дугаар аваагүй. Гэхдээ би өөрөө А ангилалын үнэмлэхтэй. Миний унаж явсан мопедын гарал үүслийн бичиг нь байгаа. Тухайн үед бичил хороолол орж найз Батзоригтой уулзаад, салаад явж байгаад осолд орсон юм. Тухайн осол болох үед Батзориг миний ард өөрийнхөө машинтай явж байгаад яг намайг мөргүүлээд унах үед хараад ирсэн байсан. Чимэдаас 4 500 000 төгрөг авсан. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 23-24, 82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Бат мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 26-ны 16 цагийн орчим манай ажлын залуу Буянтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, бичил хорооллын аркны тэнд юм өгөөд салсан. Тэгэхэд Буян мопед уначихсан явсан. Тэгээд аркны тэндээс хөдлөөд явахаар нь би араас нь өөрийнхөө эзэмшлийн 32-46 УНТ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн машинтай дагаад хөдөлсөн. Тэгээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Бичил хорооллын 40 дүгээр сургуулийн хойд замын 3 дугаар эгнээгээр явж байгаад зүүн гар тийш эргэх гээд зогсох үед миний урд 1 дүгээр эгнээнд явж байсан Буян “Тоёота приус” маркийн автомашинд мөргөгдөөд унахыг хараад шууд чигээрээ хойноос нь очсон. Ослыг би 30-40 орчим метрийн зайнаас харсан. 2 дугаар эгнээнд явж байсан “Тоёота приус” маркийн автомашины жолооч эмэгтэй гэнэт л нэгдүгээр эгнээ рүү буюу баруун гар тийш дараад нэгдүгээр эгнээнд явж байсан мопедтой Буянг мөргөөд унагаасан юм. Тэгээд намайг очиход “Тоёота приус”-ын жолооч гэх нэг настай эмэгтэй гараад ирсэн зогсож байсан. Тэр эгч ганцаараа явж байсан. Тэгээд л тэр эгчтэй хамт цагдаа, түргэн дуудсан. Тэр жолооч эгчид би ажлынх нь хүн байгаа юм гэж хэлээд цүнх, каска зэргийг нь авсан. Удалгүй түргэн ирээд Буянг аваад явсан. Би тэр мөргөсөн жолоочтой хамт байж байгаад цагдаа ирээд хэмжилт хийж дууссаны дараа явсан. Тухайн үед мөргөсөн жолооч эмэгтэй надад хэлэхдээ зам дээр нүх байхаар нь тойрч гарах гэж дараад л мөргөчихлөө гэж хэлж байсан гэжээ.  (хэргийн 30 дугаар хуудас)

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6845 тоот дүгнэлтэд:

1. Б.Буянгийн биед өвчүү ясны хугарал, цээжинд цус хуралт, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, шуу, бугуй, сарвуу, баруун сарвуу, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Замын цагдаагийн албаны мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 98 тоот магадлагаанд:

1. Т.Приус маркийн 9920 УНХ улсын дугаартай автомашины жолооч И.Чимэд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Улсын дугааргүй мопедны жолооч Б.Буян нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

И.Чимэд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 73 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч И.Чимэд нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Бичил хорооллын 40 дүгээр сургуулийн хойд талын замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн, 99-20 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Буянгийн жолоодож явсан “Хонда” маркийн улсын дугааргүй, мопедтой мөргөлдөж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал, цээжинд цус хуралт, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, шуу, бугуй, сарвуу, баруун сарвуу, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Буян, гэрч Н.Батзоригт нарын мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6845 тоот дүгнэлт, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн 98 дугаартай магадалгаа зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас И.Чимэдын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой 524 400 төгрөгийн нотлох  баримт хэрэгт гаргаж өгснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 4 500 000 төгрөгийг төлжээ. Б.Буян нь “Чимэдаас 4 500 000 төгрөг авсан, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хохирогч Б.Буян нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Чимэдыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Чимэдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар И.Чимэд нь торгох ялыг 1 /нэг/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар И.Чимэд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, И.Чимэд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Буян нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Чимэдд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН