Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02067

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02067

 

 

Г.Хишигжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/01564 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Хишигжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Уранчимэгт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Хишигжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөг: Д.Очирваань

Хариуцагч: Б.Уранчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зарын дагуу миний бие Б.Уранчимэгтэй холбогдож 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэгт байршилтай 20 м.кв талбайтай зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг 7 500 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бэлнээр төлсөн. Тухайн үедээ би Б.Уранчимэгээс энэ ТҮЦ ямар нэгэн байдлаар нүүж, хөдлөх эсэх талаар нэлээд сайн асуусан, тэрээр нүүхгүй гэдгийг хэлсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулах гээд материалаа өгсөн байгаа гэж хэлсэн. Иймд би ТҮЦ болон түүний доторх тавилгыг хамтад нь худалдан авсан. Ингээд үйл ажиллагаа явуулж эхлээд 10-аад хонож байхад Баянгол дүүргийн Тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан хууль бусаар байршиж байгаа ТҮЦ буулгаж, газар чөлөөлөх аяны хүрээнд манай ТҮЦ-нд шалгалт ирсэн. Тухайн үед бид учир байдлаа хэлээд өнгөрсөн бөгөөд үүний дараа би Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт очиж тусгай зөвшөөрлийн талаар асуухад 2016 оноос олгогдохгүй болсон талаар мэдсэн. Энэ талаар Б.Уранчимэгт хэлж, мөнгөө буцааж авах гэсэн боловч тэрээр утсаа авахгүй, холбогдохгүй болсон. ТҮЦ нь тусгай зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгохгүй байхад би ТҮЦ ажиллуулах боломжгүй, цаашлаад надад ямар ч үр ашиггүй, эрхийн доголдолтой хөрөнгө болсон. Иймд худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, Б.Уранчимэгт өгсөн 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ТҮЦ худалдах талаар зар тавьсан байсан. Зарын дагуу Б.Хишигжаргалтай холбогдсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Г.Хишигжаргалд Баянгол дүүрэгт байршилтай зөөврийн ТҮЦ, хөргөгч, лангуу, тоног төхөөрөмжийн хамт нийт 10 000 000 төгрөгний үнэ бүхий хөрөнгийг яаралтай мөнгөний хэрэг гарсан тул 7 500 000 төгрөгөөр худалдсан. ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй нь хамт худалдаагүй. Дүүргээс олгогддог худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн хугацаа 2017 оны 8 дугаар сард дууссан. Өөрийнхөө нэр дээр шинээр аваарай гэж би Хишигжаргалд хэлж байсан. Түүнээс биш сунгуулах гээд өгсөн байгаа гэж хэлээгүй. Худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг үйл ажиллагаа явуулах хүн өөрийн нэр дээр дүүргээс авах ёстой юм. Гэрээ байгуулснаас 10-аад хоногийн дараанаас наймаагаа буцаая гэж над руу залгасан. Надад мөнгөний нэн шаардлагатай байсан тул буцаах ямар ч боломжгүй, мөнгө нь байхгүй болсон. Би биет байдлын доголдолгүй, бусад этгээдэд барьцаалагдаагүй өөрийн эд хөрөнгийг Б.Хишигжаргалд худалдсан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Уранчимэгээс 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хишигжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хишигжаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  Б.Уранчимэгээс 135 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хишигжаргалд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Уранчимэг давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд зөвшөөрөлтэй нь хамт худалдах талаар тохиролцоогүй байхад Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн зөрчилтэй эд хөрөнгө гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад бэлэглэх, худалдах, барьцаалах зэргээр шилжүүлэхийг хориглодог бөгөөд тусгай зөвшөөрлийг Г.Хишигжаргалд шилжүүлэх боломжгүй юм. Зөөврийн 20 м.кв талбай бүхий сууц, лангуу, тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн нь хуулийн дагуу эрхийн зөрчилгүй, эд хөрөнгийн доголдолгүй гэж үзэхээр байна. талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний асуудалд шүүхийн зүгээс дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.1.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээ байгуулах үедээ зөвшөөрлийн тухай мэдэж байсан ба мэдэх боломжтой байсан энэ тухайгаа нэхэмжлэгч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч тал шаардлага гаргах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Г.Хишигжаргал нь хариуцагч Б.Уранчимэгт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгийг худалдсан нь эрхийн зөрчилтэй байна гэж тайлбарлаж, хариуцагч ... түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрлийн хамт худалдахаар тохиролцоогүй, зөвхөн 20 м.кв талбай бүхий зөөврийн сэндвичэн эд хөрөнгийг худалдсан гэж маргажээ.

 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 7 500 000 төгрөгийн үнэ бүхий 20 м.кв талбай бүхий зөөврийн сэндвичэн эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцжээ. Хариуцагч Б.Уранцэцэг эд хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч Г.Хишигжаргал гэрээний төлбөрт 7 500 000 төгрөгийг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 5 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Б.Уранчимэг нь худалдсан эд хөрөнгийг эрхийн доголдолгүй байдлаар шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн байдаг.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд худалдагч тал эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч тал нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.1-т ... худалдагч нь өөрийн өмчлөлийн 20 м.кв талбай бүхий зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх-ээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий түргэн үйлчилгээний цэгийг худалдан авсан гэж үзэхээр байна.

 

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06/1391 тоот албан бичгээс үзэхэд хариуцагч Б.Уранчимэгт 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгогдож байгаагүй байна. Хариуцагч Б.Уранчимэг нь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй атлаа ТҮЦ-ийг худалдсан байгааг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө худалдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хх-ийн 36-37, 84 тал/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шүүх хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/01564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО