Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/582

 

 

 

 

 

 

    2025           05            15                                        2025/ДШМ/582

 

Г.Лид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/2304 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Энэрэлийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.Лид холбогдох эрүүгийн 2405004500005 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дэ овгийн  Г.Л, 2003 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн их сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../,

Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Локо караокед А.Птэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний баруун хөлөн дээр дэвсэх, чихнээс зулгаах зэргээр халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шанаанд зулгаралт, зүүн чихэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.П “...2023 оны 12 дугаар сарын 26-ны 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Локо нэртэй караокед Г.Л, Алтанчимэг, Алтанчимэгийн найз залуугийн хамт очсон. ...А нөхрийн хамт гараад явсан. Г.Л бид хамт хоёулхнаа суугаад ойр зуурын юм ярьж байх үед намайг сандал дээр сууж байхад Г.Л босож ирснээ гэнэт над руу уурлаад миний баруун талын хөлийг нэг удаа дэвсчихсэн, энэ үед надад хөл хугарч байгаа нь мэдрэгдсэн. Хөл хугалчихлаа гэхэд Г.Л битгий баашлаад бай гэж хэлснээ баруун талын хөлөөс барьж сэгсэрч байснаа цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. ...зүүн талын чихнээс зулгаасан. Би ажлынхаа м, А нарыг дуудсан.” /хх20-24/, дахин “...Би Г.Лид хандаж ах нь худлаа хэлж чадахгүй гэж хэлсэн чинь Г.Л миний баруун хөл дээр нэг удаа дэвсээд хугалсан. Г.Л миний биед халдсан.” /хх27/,

гэрч О.Да “...Пабаас Г.Л хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн хамт ирсэн. ...03 цагийн үед Г.Л надад хандаж ахаа нөгөөдөх чинь хөл хугарчихлаа гээд орилоод байна гэж хэлсэн. . .Г.Л надад хандаж маргалдсан хүнийг нь гаргаад явуулсан чинь А.П ах намайг хөл хугалчихлаа гэж хэлээд байна гэж хэлж байсан.” /хх 33-34/,

гэрч Э.А “... А.П ах надад хандаж танай найз чинь миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн, Г.Л би хугалаагүй гэж хэлсэн.” /хх 37-38/,

гэрч Б.М “...Би юу болсон бэ гэж асуухад зөөгч залуу нь худлаа ярьж байна, хөл нь хугараагүй байгаа гэж хэлсэн. ...Тэр пабын залууд зодуулаад хөлөө хугалчихлаа гэж хэлсэн. Миний хөлийг дэвссэн гэж надад хэлж байсан. Нөгөө зөөгч залуу нь намайг эхэлж очиход А.П ахын хөл нь хугараагүй, худлаа ярьж байгаа юм гэж надад хандаж хэлсэн, тэгснээ дараа нь би хөлийг нь хугалаагүй ээ гэж хэлээд байсан.” /хх 45-46/,

Г.Лийн сэжигтнээр өгсөн “...А.П ахтай хамт явж байсан хүмүүс хоорондоо маргалдаад байсан, Ганбаяр гэх залуу А.П ахтай цуг байсан, ...Ганбаяр утсаа авна гэж уурлаад байсан. Би жижиг өрөөг шалгаад орж ирэхэд Ганбаяр гэх залуу А.П ах хоёр байсан. Ороод харахад А.П ах газар унасан байсан, А.П ах Ганбаярыг битгий явуул гэж хэлсэн, ...би Ганбаярыг гаргаж өгөөд буцаад А.П ах руу очиход А.П ах чи миний хөлийг хугалчихлаа гэж орилоод унасан. Би тухайн үед битгий худлаа яриад бай гээд босгох гэтэл орилоод байсан. ...Миний бодлоор Ганбаяр гэх залуутай маргалдаж байсан болохоор Ганбаяр цохисон байх, эсвэл өөрөө унаж гэмтсэн байх гэж бодож байгаа.” /хх 53-54/,

яллагдагчаар “...уг нь би согтуудаа ч, эрүүлдээ ч хүнд гар хүрээд байдаггүй.” /хх 167/  гэх мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ.

Дээрх мэдүүлгийн баримтуудаас үзэхэд хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1,2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”-г нотлон тогтоох үүргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект мөрдөгч, прокурор хүлээсэн бөгөөд эдгээр заалтыг хангалттай биелүүлээгүй гэж үзэв. Тодруулбал, тус хэрэгт авагдсан баримтаар хэргийн газар Ганбаяр гэх хүн байсан талаар хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг авагдсан бөгөөд хохирогчоос ...Г.Лтэй хоёулхнаа байсан, Г.Л гэмтэл учруулсан талаар мэдүүлэх ба харин яллагдагч Г.Лээс хохирогчийн биед халдаагүй, орж ирэхэд Ганбаяртай хоёулаа байсан, ...А.П ах газар унасан байсан, А.П ах Ганбаярыг битгий явуул гэж хэлсэн, Ганбаяр цохисон байх, согтуу байсан сайн санахгүй байна.” гэж мэдүүлсэн байх бөгөөд гэрч нараас ...Г.Л би хөлийг нь хугалаагүй гээд байсан гэх зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан, эдгээр зөрүүг арилгаагүй байна. Хэдийгээр сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй эрх зүйн байдалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боловч хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Локо караокед хохирогч А.П, гэрч Алтанчимэг, түүний найз залуу гэх Ганбаяр болон яллагдагч Г.Л нар очсон үйл баримт байна. Тиймээс хэргийн газар байсан гэх Ганбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэмт хэрэг хэн үйлдсэн эсэхийг эргэлзээгүйгээр нотлон тогтоох нь чухал ач холбогдолтой байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр А.Пгийн биед тогтоогдсон гэмтэл нь хохирогч өөрөө унахад үүсэх боломжтой эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс тодруулан шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй.

Иймд зөрчлийг арилгах, дээрх асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж эргэлзээгүйгээр хэргийг нотолж тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, ярианы бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон, нотлох баримтын хангалттай, хүрэлцээтэй байдал хангагдсан байна. Учир нь, А.Пг хохирогчоор тогтоон мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлд тус тус заасан хохирогчийн эрх үүрэг, санаатай худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлан, түүний гарын үсгээр баталгаажуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын зөрүүгүй, тухайн нөхцөл байдалд яллагдагч Г.Лийн хамтаар байсан, маргаан үүссэн шалтгаан, Г.Л түүний биед хэрхэн халдсан талаар тодорхой мэдүүлсэн байна. Хохирогчийн энэ мэдүүлэг нь бусад гэрч болох О.Д, Э.А, Б.М, О.А нарын мэдүүлгээр давхар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хэдийгээр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Локо караокед А.П, О.А, түүний найз залуу Ганбаяр, Г.Л нар байсан үйл баримт тогтоогдсон боловч гэрч нар нь хамгийн сүүлд А.П, Г.Лийн хамтаар караокед үлдсэн, ийнхүү хоёулхнаа үлдэхэд хохирогчийн хөл хэвийн байсан талаар, хохирогч хөл хугарчихлаа гэж орилох үед орсон гэрч мөн Г.Л, А.П нарыг л караокены өрөөнд байсан талаар тус тус мэдүүлсэн бөгөөд Ганбаяр гэгчээс мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй буюу тэрээр Г.Лийн А.Пгийн биед халдсан үйлдлийг хараагүй, харах боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд караокеноос явсан үйл баримт тогтоогдсон байна. Нөгөө талаас, шүүгчийн захирамжид дурдсанчлан сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй хуулийн зохицуулалттай ба Г.Лийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үнэлэн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоож, дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа бөгөөд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан хохирогч өөрөө унахад тухайн гэмтэл үүсэх боломжтой эсэхийг тодруулах боломжтой. Иймд шүүгчийн 2025/ШЗ/2304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Лид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.” гэж заасан.

Анхан шатны шүүхээс хэргийн газар байсан гэх Ганбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэмт хэрэг хэн үйлдсэн эсэхийг эргэлзээгүйгээр нотлон тогтоох,

шинжээчийн дүгнэлтээр А.Пгийн биед тогтоогдсон гэмтэл нь хохирогч өөрөө унахад үүсэх боломжтой эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс тодруулан шалгах ажиллагааг явуулах зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийснээр шүүх шийдвэр гаргахад зайлшгүй ач холбогдолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний дүнд шаардлагатай гэж үзсэн зарим зүйлийг нотлох боломжтой байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт буцаах хуульд заасан шаардлага үүсээгүй байна.

Яллагдагч Г.Лид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоох замаар анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/2304 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Энэрэлийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээж авахаар шийдвэрлэв.

Яллагдагч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/2304 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

                                             ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ