Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

 

   2018           8           29                                     680

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Д.Сүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүхт холбогдох эрүүгийн 1805 0323 00619 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, KFC түргэн хоолны газарт харуул ажилтай, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4,

Бүх Цэргийн шүүхийн 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118а, 73а-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, Сүх.

 

Шүүгдэгч Д.Сүх нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын гадаа насанд хүрээгүй Б.Оргилбаярыг толгой, гар, хөл, эрүү хэсэг рүү нь хөлөөрөө цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Сүх мэдүүлэхдээ:

Би тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан ба 2 өдөр дараалан ажилласан байсан. Хүүхдүүд хүний хоол булааж, байнга хэл ам гаргадаг юм. Тэдэнд гар, ингэж болохгүй гэсэн шаардлага тавихаар нэг хаалгар гарч яваад, өөр хаалгаар ороод ирдэг. Оргилбаяр гэдэг хүүхдийг зодож, хөнгөн гэмтэл учруулсандаа би гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Миний буруу.  Хохирогчид 600 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би эмнэлэгт хэвтэж байгаад саяхан ажилдаа орсон. Торгуулын ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Б.Оргилбаяр мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 17.30 цагт гэрээсээ тоглох гэж гараад аавтайгаа уулзах гээд явж байгаад замдаа найзуудтайгаа таараад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFC түргэн хоолны газарт 21 цагийн үед ороод нэг ширээн дээр сууж байхад надтай хамт 4 найз маань төмсний нухаш, нэг хазсан тахиа авчраад идсэн. Тэгээд гарах гээд явж байхад нэг ах ирээд миний шилэн хүзүүнээс барьж аваад газарт унагаасан. Намайг эргээд харах гэхэд миний баруун талын хацар руу маань өшиглөсөн. Тэгээд намайг уйлсан чинь “хүний утас өгөөрэй хүүрнүүдээ” гэж хэлсэн. Тэгэхээр би энэ тухай нэг сонсогч ахад “ахаа та намайг цагдаагийн хэлтэс хүргээд өгөөч” гэхэд намайг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр хүргэж өгсөн. Миний баруун талын хацар хавдсан, мөн эрүүний доогуур маш их өвдөж байна. Амаа ангайж болохгүй шүд өвдөөд байна гэжээ. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Эрдэнэ мэдүүлэхдээ:

Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлын байран дээрээ үүргээ гүйцэтгээд байж байтал орой 19 цагийн орчим хэсэг хүүхдүүд КFC дотор хөөцөлдөөд үйлчлүүлэгчдийн өмнүүр хойгуур гүйгээд, хүмүүсийн хоолноос гуйж идээд эсвэл үлдэгдэлийг нь түүж идээд байхаар нь тэр хүүхдүүдийг гаргах гээд хөөсөн бөгөөд дотор байсан жижигхэн биетэй, майга хөлтэй хүүхдийг шилэн хүзүүн дээрээс нь бариад хөөж гаргасан. Тэгээд байж байтал сонсогч бололтой нэг залуу хүрч ирээд тус цагдаагийн хэлтэс дээр таныг дуудаж байна гэхээр нь ирсэн. Би  хэнийг ч зодож, газар унагаж өшиглөөгүй гэжээ. (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6709 тоот дүгнэлтэд:

1. Б.Оргилбаярын биед эрүүний баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Сүх нь Бүх Цэргийн шүүхийн 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118а, 73а-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Сүх нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газрын гадаа насанд хүрээгүй Б.Оргилбаярын толгой, гар, хөл, эрүү хэсэг рүү нь хөлөөрөө цохин зодож, эрүүл мэндэд нь эрүүний баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Оргилбаяр, гэрч О.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6709 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Сүхт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Оргилбаярын хууль ёсны төлөөлөгч В.Хонгорзул нь Д.Сүхаас хохирлын мөнгө болох 600 000 төгрөгийг хүлээн авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүү гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Сүх цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сүхыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Сүхыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Сүх нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Сүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 600 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сүхт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сүхт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН