Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00695

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00695

 

 

 

Т.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00313 дугаар шийдвэртэй Т.Оын хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгосүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тэрээр Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 байр, 10 тоот, 107,8 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно. Эн ти эм ХХК-тай байгуулсан гэрээгээр орон сууцны 1м.кв-ын үнийг 2 300 000 төгрөгөөр тооцож, нийт үнэ 250 401 000 төгрөгийн хэмжээнд тохирсон обой нийлүүлэхээр тохиролцож байрыг өмчлөлдөө авсан. Эн ти эм ХХК нь Очирнаранхүү ХХК-тай өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төлбөрт нь тус орон сууцыг өгөхөөр тохирсон байсан бөгөөд тус компани ажлын гүйцэтгэл нь гэрээний үнийн дүндээ хүрээгүй байхад Очирнаранхүү ХХК-ийн захирал М.Бямбацогтын удаа дараагийн хүсэлтээр орон сууцны түлхүүрийг хүлээн авч дур мэдэн өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр Д.Бг оруулсан. Өмчлөлийн байраа суллуулахаар удаа дараа Эн ти эм ХХК-д хандаж, Д.Бд мэдэгдэл өгсөн ч амьдарсаар байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: 2018 оны 11 сарын 07-ны өдөр Очирнаранхүү ХХК-ийн захирал М.Бямбацогттой орон сууц захиалгын гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 55 дугаар байр 10 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 620 000 төгрөг, нийт 175 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд бэлнээр 40 000 000 төгрөг, автомашиныг 22 000 000 төгрөгт тооцон нийт 62 000 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг сар бүр 3 000 000 төгрөг төлөхөөр худалдан авсан. Тухайн үед М.Бямбацогт нь Эн ти эм ХХК-тай байгуулсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ болон уг байрыг Очирнаранхүү ХХК-ийн захирал М.Бямбацогтод шилжүүлсэн тухай Эн ти эм ХХК-ийн албан бичиг зэргийг танилцуулан байрыг хүлээлгэн өгсөн учраас байранд нүүн орж, 10 000 000 төгрөгийн засвар хийсэн. Гэтэл Эн ти эм ХХК нь дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж уг байрны эрхийг Т.От шилжүүлсэн нь хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жалайр овогтой Түмбаатарын Т.Оын өмчлөлийн улсын эрхийн Ү-2206053889 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр Туул гудамж /17041/, 55 байр, 10 тоот орон сууцыг Боржигон овогтой Данаагийн Байгалмаагийн /РД:АГ88040707/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар орлогоос 1 339 755 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Д.Б нь Очирнаран хүү ХХК-тай 2018 оны 11-р сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалан авсан. Очирнаран хүү ХХК-ийн захирал М.Бямбацогт нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлсний улмаас хариуцагч Д.Б нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн нэхэмжлэгч Т.О маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2018 оны 03 сарын 19-ний өдрийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу Эн ти эм ХХК-аас бартерт тус орон сууцыг авсан талаар тайлбарлаж, нотлох баримтыг гарган өгсөн боловч 2017 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Т.Оын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Мөн гэрч З.Төгөлдөрийн ...Т.О нь ажил үйлчилгээ явуулаад манай компанийн борлуулалтын албаар дамжуулж тус орон сууцыг худалдан борлуулах хүсэлт гаргасан.., гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Т.О нь өөрөө тухайн орон сууцыг худалдан борлуулах эрхийг Эн ти эм ХХК-д олгосноор Очирнаран хүү ХХК 2018 оны 11 сарын 07-ны өдөр Эн ти эм ХХК-тай өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 115 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэж, уг төлбөрт тус орон сууцыг шилжүүлэн авсан. Үүнээс үзэхэд хариуцагч Д.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар тус орон сууцанд амьдраагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Д.Бд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.О нь иргэн М.Төмөрцоожтой 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 дугаар байр, 10 тоот 3 өрөө орон сууцыг /цаашид орон сууц гэх/ өмчлөлдөө авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 35, 42/

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч Т.Оыг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хууль ёсны өмчлөгч мөн болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Очирнаран хүү ХХК-ийн захирал М.Бямбацогттой байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр орон сууцыг урьдчилгаа 40 000 000 төгрөг төлж, 22 000 000 төгрөгт тооцон автомашин өгч, сар бүр 3 000 000 төгрөг, нийт 175 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, өөрийн эзэмшилдээ авч, засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч З.Төгөлдөрийн ...Очир наран хүү ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээгээр уг компанийг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлбэл гэрээний үнийн дүнд орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, ... Очир наран хүү ХХК-ийн захирал М.Бямбацогтын хүсэлтийн дагуу орон сууцны түлхүүрийг өгсөн болохоос захиран зарцуулах эрхийг олгоогүй гэх /хх 80-84/, гэрч М.Бямбацогтын ... Эн Ти Эм ХХК-тай байгуулсан өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээгээр 115 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлсөнд орон сууцыг өгч, зардлаа гаргаж аваарай гэсэн, зарж борлуулах зөвшөөрлийн үндсэн дээр Д.Бд худалдан борлуулсан гэх /70-73/ мэдүүлэг, талуудын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа гэсэн баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч Д.Бг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгч Т.Оын өмчлөлд бүртгэгдсэн. Өмчлөгч нь мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт зааснаар эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Д.Бд эрхээ шилжүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Бгийн хувьд уг орон сууцыг өмчлөгчөөс олгосон эрхийн хүрээнд бус өөр этгээдтэй байгуулсан гэрээний дагуу эзэмшилдээ авсан байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхгүй шударга эзэмшигч нь эрх бүхий этгээдэд буюу өмчлөгчид уг хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Тодруулбал, хэрэгт Т.Оын зүгээс орон сууцыг бусдаар дамжуулан хариуцагч Д.Бтай худалдах, худалдан авах гэрээг хийсэн гэж үзэх баримт авагдаагүй, түүнчлэн хариуцагч Д.Бтай гэрээ байгуулсан гэх гэрчүүд нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээдүүд биш болно.

Хариуцагч нь татгалзалдаа тухайн орон сууцны засвар үйлчилгээнд 10 000 000 төгрөг зарцуулсан гэх тайлбар гаргадаг боловч гарсан зардлыг холбогдох этгээдээс шаардан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэргийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцжээ. Хариуцагч нь эд хөрөнгийг эзэмшилдээ байх хугацаанд гаргасан засан сайжруулалттай холбоотой зардал, хохирлын талаар зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ