| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0509/э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Ш.Э/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ш.Э-д холбогдох эрүүгийн 1811014450543 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д овогт Ш.Э, Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг, Ногоон 5 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-850 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................ /.
Шүүгдэгч Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1095 тоот дахь Т.Сүхбаатарын гэрт Г.Ган-Эрдэнийг “Т.Сүхбаатарын эд зүйлийг хулгайллаа” гэдгээр шалтаглан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр би Сүхээ ахынд очиход Ган-Эрдэнэ тэдний гэрт байсан бөгөөд бид 3 миний авчирсан архийг хувааж уугаад сууж байхад Сүхээ ахын утас түрийвч алга болсон. Тэгсэн Сүхээ ахын утас түрийвч нь Ган-Эрдэнийн халааснаас гараад ирсэн болохоор би уурандаа Ган-Эрдэнийг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-24х/,
Шүүгдэгч Ш.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Ган-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би тэр өдөр Сүхээ ахын гэрт 0.75 граммын архийг Сүхээ ахтай хамт хувааж уусан. Юу болсоныг сайн санахгүй байна. Дараа нь Энхтулга, Сүхээ ахынд ирэхдээ 0.5 граммын архи авчираад бид 3 хувааж уусан гэж Сүхээ ах хэлсэн. Манай найз Ганпүрэв намайг Энхтулга гэдэг хүн тэлээгээр миний хүзүүг боочихсон гэрээс чирээд гаргаж байсан гэж надад хэлсэн. Эмч намайг ухархайн яс нь цөмрөөд орсон болохоор хагалгаанд ор гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-9х/,
Гэрч Т.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 5 сарын 9-ний өдөр гэртээ Ган-Эрдэнийн хамт өглөөнөөс авахуулаад хамт архи уусан. Тэгээд байж байхад Энхтулга ирээд үлдсэн архинаас хувааж уугаад өөрөө гарч нэг шил архи авчраад тэр архинаас нь би уугаагүй. Нилээн муудсан байсан. Энхтулга, Ган-Эрдэнэ 2 хамтдаа архи уусан. Удалгүй миний гар утас, түрийвч 2 алга болоод утас руу залгаад үзсэн чинь Ган-Эрдэнээс гарч ирсэн. Энхтулга Ган-Эрдэнэ рүү чи яахаараа Сүхээ ахаас хулгай хийдэг юм бэ гээд муудалцаад хоорондоо зодолдсон. Энхтулга Ган-Эрдэнийн нүүр лүү цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-16-17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6015 тоот дүгнэлтэнд: “1. Г.Ган-Эрдэнийн биед зүүн нүдний дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт чамархай, дух, зүүн нүдний алимны салст, баруун, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зүүн хөмсөг хамрын угалз, нуруу, зүүн хацар, хүзүү, өвчүү, баруун, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй “ гэжээ /хх-19х/,
Шүүгдэгч Ш.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-27х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Шүүгдэгч Ш.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1095 тоот дахь Т.Сүхбаатарын гэрт Г.Ган-Эрдэнийг “Т.Сүхбаатарын эд зүйлийг хулгайллаа” гэдгээр шалтаглан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ган-Эрдэнэд учирсан гэм хорын хохирол болох 170.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Энхтулгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүх торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцсон ба шүүгдэгч Ш.Э-ын торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 сарын 9-ний өдөр төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Э-аас хохирлын 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ган-Эрдэнэд олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН