Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/583

 

 

 

 

 

 

     2025          05            15                                         2025/ДШМ/583

 

А.Т, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Р.Машлай,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2309026741152 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн  А.Т, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, .... банканд ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ......... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/998 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: .............../,

М овгийн  Б.Б, 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... төвд мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............../

Шүүгдэгч А.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х" нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай маргалдаж улмаар түүнтэй барьцалдан түлхэж зулай хэсгээр нь хана мөргүүлэн зулайн хуйханд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй найз нарыг тэвэрлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж газар унаж ноцолдох явцдаа баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т, Б.Б нар нь агдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг буруутган, надад ял оногдуулж шийдвэрлэхдээ намайг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгтэн Б.Бг ялаас чөлөөлж, түүний найз нарыг хэрэгт татаж шалгаагүй байхад ял завшуулж би хэргийн үнэн бодит байдлыг тайлбарласаар байхад харгалзахгүй буруу шийдсэнд гомдолтой байна. Учир нь, Монгол Улсын иргэн миний Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, мөрөөрөө явж байхад Б.Б болон түүний найз нарын зохисгүй зүй бус үйлдлийн улмаас хэрхэн бүдүүлэг, танхай балмадаар миний эрх чөлөө, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан асуудлыг хуулийн байгууллага, цагдаа, прокурор үнэн зөв шийдвэрлэхгүйгээр ажиллагаагаа зөрчсөн талаар би хэлж мэдүүлсэн ч илтэд нэг талыг баримтлан хэн алины эрүүл мэндэд хохирол учирсан асуудлыг авч хэлэлцэхгүй нэг хүний буруутай үйлдэл мэтээр дүгнэж ялгаварлан ангилж, гол буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, үндсэн хууль зөрчсөн, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Б.Б нь тухайн үед ганцаараа биш бусадтай бүлэглэн А.Т миний баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух хамар, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл гэх нийт 7 төрлийн гэмтэл учруулсан үйл баримт, үйлдэл байхад шүүхээс түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх шударга бус бөгөөд яллагдагч үнэхээр гэм буруугаа ухамсарлан ойлгосон бол түүний үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон надаас уучлал гуйх, учруулсан хохирол эмнэлгийн төлбөр зардлыг төлөх, төлөхөө илэрхийлсэн нэг үйлдэл гаргаагүйг шүүх анхаарч үзээгүй байна. Миний гэм буруугийн асуудалд шүүх дүгнэлт хийхдээ Б.Бтай хамт явж байсан гэх гэрчүүд миний эсрэг мэдүүлэг өгөхөөр үгсэн тохиролцож хэргийн бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан байж болзошгүй ноцтой зүйл ажиглагдаж байгааг анзаараагүй. Үүнд: /1хх 25-26 дугаар талд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрч Батжаргалаас анх мэдүүлэг авахад манай хамт явж байсан 2 эмэгтэй буюу Т, Ц хоёр луу өндөр дуугаар харьцаад байсан. Тэгэхэд Тг том биетэй залуу нь цохиж байсан мөн Б.Б Тг өмөөрөөд өндөр биетэй залуутай барьцалдаж авсан гэж мэдүүлсэн бөгөөд А.Тыг Тг цохисон гэж худал мэдүүлсэн нь /1хх 31-32/, гэрч Тгийн өөрийнх анх удаа гэрчээр өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна. Тус мэдүүлэгт “...гадаа гараад тамхи татацгаагаад байж байхад дотроос буюу “Х” ресторанаас 2 эрэгтэй согтуу хүн гарч ирсэн. Тэгээд гарч ирээд байж байхдаа нэлээн том биетэй эрэгтэй нь миний найз Цыг "явъя" гээд мөрөөр нь тэвэрсэн. Тэгэхэд нь би уг эрэгтэй хүнд хандаж "Хөөе чи болиоч" гэж хэлэхэд тэр хүн надад хандаж "чи хамт явах юм уу" гэж хэлсэн. Тэгэхэд нь би цаашаа бай, зүгээр бай гэж хэлсэн. Тэгэхэд нь миний хамт явж байсан Б нь Ц бид хоёрыг арагш татаад "Боль боль ийшээ явъя" гээд татсан. Тэгээд Б нь бид хоёрыг татаад намайг аваад бүр холдуулаад зогссон. Тэгсэн чинь тэнд байсан согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад үлдсэн.” гэсэн байх бөгөөд миний бие түүний биед халдаж цохисон зүйл байхгүй гэдэг нь энэхүү мэдүүлгээс харагдах ба эдгээр этгээдүүд санаа зорилго нэгдэн А.Т намайг буруутай мэтээр мэдүүлсэн мэдүүлгийг баримтлан яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчмын хүрээнд, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч А.Тад холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Бд шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч “тухайн үедээ хэлж, илэрхийлээгүй зүйл байсан” гэж гомдол гаргасан. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг буруу хэрэглэж, яллагдагчаар татсан. 2 дугаар хавтаст хэргийн 112-115 дугаар талд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө А.Тыг яллагдагчаар татсан тогтоол авагдсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болсон асуудалд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж, яллагдагчид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан болохоо миний үйлчлүүлэгч мэдээгүй байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байхад яллагдагчаар татсан асуудал байгаа. Мөрдөгч удаа дараа хэрэг үүсгэхээс татгалзсан санал гаргаж, жилийн дараа Б.Бгийн гэмтэлд шинжээчийн дүгнэлт гарсны дараа яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэх процесс дээр алдаа гаргасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцэж гарсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг тогтвортой, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хэн нэгэнд нөлөөлсөн баримт хэрэгт авагдаагүй, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж байсан. Ял завших, хэн нэгэнд ял халдаая гэдэг санаа, зорилго, гэмт хэргийн сэдэл байгаагүй нь харагдана. Уучлалыг хэн аль нь бүх шатанд гаргаж байсан. А.Тын хохирол төлбөрийг төлсөн. Миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр гаргасан боловч нэхэмжлээгүй. Хавтаст хэргийн 186 дугаар хуудаст А.Тын сэтгэцэд хор уршиг учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль аль тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэрч, хохирогч нарт хууль сануулж, мэдүүлэг авсан. Олон хүнтэй газар, олуулаа үйлчлүүлж байсан гэдгээр “Б.Бг хамт явсан найзуудтайгаа үгсэн, тохиролцсон” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хүн бүрт хардах эрх байгаа хэдий ч үйл баримтаар тогтоох ёстой. Эсрэгээрээ хамт явсан н.Тулга нь зүй бус харилцааны талаар мэдээлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол хүсэлт гаргаж, А.Тын зүгээс дээд шатны прокурорын байгууллагад гаргасан хүсэлтээ болсон процессын талаар дурдаж байсан. Үүнд хариуг нь өгсөн. Гэрч нарын мэдүүлэг, цаг хугацаа зэргээс мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэх үйл баримт байхгүй. Харин А.Тын мэдүүлэг тогтворгүй байдаг. Хэдийгээр хэрэгт холбогдогч өөрийгөө нотлохгүй боловч, анхан шатны шүүх энэ талаар шийтгэх тогтоолдоо дурдаж, гэмт хэрэг ямар учир шалтгааны улмаас гарсан, хэн буруутайг тогтоосон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах нөхцөл болсон. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Т баримтаар хохирол нэхэмжлээгүй, Б.Б шүүх хуралдааны явцад эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж ирэх юм бол хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан. Эдгээр зүйлийг харгалзаж шүүх Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Т давж заалдах гомдолдоо “Б.Бг бусадтай бүлэглэсэн” гэж дурдсан. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Б.Б бусадтай бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Гэрч н.Тулга “олон хүмүүс байсан” гэж мэдүүлсэн. Б.Бтай хамт байсан гэх Б , Т, Ц нар энэ 2 хүнийг зодолдох үед салгаж байсан. Үүнийг “олон хүн байсан, бүлэглэж зодсон” гэж мэдүүлсэн. Б.Бгийн мэдүүлгээр ганцаараа хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа. Б.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Батжаргал, Т, Ц нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, болсон үйл явдлыг өөрийн харсан өнцөг, байдлаас тодорхой дүрсэлж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар А.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар барьцалдаж, зулай хэсгээр хана мөргүүлж, зулай хуйханд няцарсан шарх бүхий гэмтлийг учруулсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Тын түлхсэн үйлдлийн улмаас Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иймд шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Гэмт хэрэг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болох байсан боловч прокурорын зүгээс хэргийг хянаж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өмгөөлөгч сая “миний үйлчлүүлэгчид хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолыг гардуулж, мэдүүлэг авсан” гэж тайлбарлаж байна. Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Үүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл болохгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч А.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х" нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай маргалдаж улмаар түүнтэй барьцалдан түлхэж зулай хэсгээр нь хана мөргүүлэн зулайн хуйханд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй найз нарыг тэвэрлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж газар унаж ноцолдох явцдаа баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...намайг өндөр махлагдуу залуу нь ирж түлхэх үед нь тэр залуутай би барьцалдаж байгаад тэр залуу намайг түлхэхэд би рестораны ханыг нь зулай хэсгээрээ мөргөөд толгойноос цус гарсан өөр хэд хэдэн удаа нүүр, цээж хэсэг рүү цохисон тухайн үед нөгөө залуугийн найз гээд залуу нь хараад зогсож байсан ба манай найзууд ирж бид хоёрыг салгасан. Тухайн үеэс хойш толгой өвдөөд толгой хавдчихсан байсан бусдаар бол гайгүй байсан. Надад гэмтэл учруулсан гэх залуу барагцаагаар 180 см өндөртэй махлагдуу залуу байсан. Тэр залуу намайг түлхсэн түүнээс болоод би толгойны зулай хэсгээ гэмтээсэн хавдар нь 3 хоног буухгүй байсан. Өөр хамар болон цээж хэсэгт хөхрөл үүссэн байсан. Гараараа хэдэн удаа цохисныг яг тодорхой санахгүй байна...” /хх 17-18/,

хохирогч А.Тын “...би гадагшаа гарсан. Нэг мэдэхэд тэр залуучуудад газарт уначихсан зодуулж байсан. Тухайн залуучууд намайг зодож байгаад босоод цаашаа болсон. Би нэлээд согтуу байсан учраас сайн санахгүй байна. Миний яг одоо санаж байгаа хүн бол халзан залуу болон намхан бор залуу нь надтай зодолдоод байсан...” /хх 22-23/,

гэрч Б.Б-ын “...Б.Б Тг өмөөрөөд өндөр биетэй залуутай барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёр буюу Б.Б дотроос гарч ирсэн үл таних биерхүү залуутай барьцалдаад газарт унасан. Тэгэхэд нь би очоод салгах гэхэд салахгүй байсан. Тэр залуу нь Б.Бг барьчхаад дээр нь хэвтчихээд салахгүй байсан. Тэгэхэд Б.Бгийн толгой нь хагараад цус гарч байсан. Дотроос сүүлд гарч ирсэн биерхүү том биетэй залуу нь бидэнтэй хамт явсан Тг хэл амаар доромжилсон учраас л Б.Б нь өмөөрөөд барьцалдаж аваад унасан. Б.Бгийн биед учирсан гэмтлийг өөртэй нь хэрэлдэж маргалдсан том биетэй залуу л учруулсан...” /хх 25-26/,

гэрч М.Т-ын “...А.Т нь нэг үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад байсан. Би тэр залууг ямар залуу байсан талаар санахгүй байна. Тэгээд А.Т бид хоёр гараад байж байхад гадаа буланд үл таних хэдэн залуучууд буюу уг ресторанаар үйлчлүүлж байсан залуучууд байсан бөгөөд тэр залуучуудтай муудалцаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд муудалцаж барьцалдаж авахад нь би А.Тыг тэр хүмүүсээс салгах гээд дийлээгүй бөгөөд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь бол олуулаа байсан. Яг хэн нь хэнийгээ цохисон гэдгийг сайн хараагүй...” /хх 28-29/,

гэрч Б.Тгийн “...нэлээн том биетэй эрэгтэй нь миний найз Цыг “явъя" гээд мөрөөр нь тэвэрсэн. Тэгэхэд нь би уг эрэгтэй хүнд хандаж “Хөөе чи болиоч" гэж хэлэхэд тэр хүн надад хандаж “чи хамт явах юм уу” гэж хэлсэн. Дотроос гарч ирсэн согтуу эрэгтэй хүн нь маш их согтолттой, хүн бүхэн рүү үсчээд байсан. Тэгээд намайг холдоод хараад байж байхад тэнд зодоон болоод шуугилдаад эхлэхэд нь Б бид хоёрыг очсон тэр үед Б.Б болон үл таних биерхүү залуу хоёр тэврэлдээд газарт уначихсан байдалтай бөөн цус нөж болчихсон байсан. Тэгэхэд нь Б.Бгийн духнаас цус нөж болчихсон байсан. Тэгээд бид нар Б.Бгийн цусыг цэвэрлэж байхад уг үл таних том биетэй согтуу эрэгтэй хүн нь ирээд Б.Бг цохиод байсан...” /хх 31-32/,

гэрч Б.Цын “...Араас 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Тэдний нэг нь миний гараас татаад шууд тэвэрч авах гээд байсан би болиоч ээ чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Б.Б ах намайг өмөөрч тухайн үл таних эрэгтэйтэй маргалдсан, тэр үл таних залуу түрүүлээд Б.Б ахыг шууд цохиод тэр хоёр хоорондоо зодолдож газарт унасан. Баттулга, Батжаргал хоёр тэр хоёрын зодооныг салгахад тэр үл таних эрэгтэй хүний нүүр хэсэг цус болсон байсан. Мөн Б.Б ахын толгойн хэсэг цус болсон байсан...” /хх 121/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10798 дугаар “...А.Тын биед баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 45-46/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10744 дугаар “...Б.Бгийн биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 45-46/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны I 09 дүгээр сарын 13-ны өдрийн 931 дугаар “...Иргэн А.Тын биед баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух хамар, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” /хх 127-129/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1363 дугаар “...Гэмт хэргийн улмаас хохирогч Амартүвшиний А.Т /РД:ДЮ95011913/ сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүдийн илрэлгүй байгаа тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй...” /хх 136/ гэсэн дүгнэлтүүд,

хохирогч А.Тын эрүүл мэндийн даатгалаар 160,000 төгрөгийн хөнгөлөлтэй авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 Прокуророос А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч А.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ба гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч А.Т, Б.Б нар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, харилцан зодолдож, А.Т нь Б.Бгийн биед хөнгөн, Б.Б нь А.Тын биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулж, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр ялаас чөлөөлсөн нь учир дутагдалтай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Тын гаргасан давж заалдах гомдол, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээс тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааны дотор явагдах ёстой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгодог” хуулийн  зохицуулалттай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, А.Тыг хуульд заасан хөөн  хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, агуулгыг алдагдуулж байх тул цаашид энэ талаар мөрдөгч, прокурор анхаарвал зохино.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Тын гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ   

                                               ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ