Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00279

 

Я.Норовцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож,  Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 140/ШШ2016/01362 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалтай,

Я.Норовцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Г.Энхсаранд холбогдох,

Түрээсийн төлбөр, алдангид 1.261.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Энхсарангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Энхсаран, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энхсаран нь 2-23-р байрны 02 тоот орон сууцны 40м2 талбай бүхий сууцыг оёдлын үйлдвэр, үйлчилгээ явуулахаар анх 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 08 сарын 01 хүртэл түрээсийн гэрээг хийсэн. Анх гэрээ хийхэд уг маягтыг бөглөөд нотариатаар батлуулахдаа цаашид түрээслэгч гэсэн хэсэгт нэрээ бичээгүйгээс нотариатч буруу бөглөсөн байна гээд шаардлага тавихад Энхсаран гараад явсан. Энхсаран сүүлийн үед олон сараар түрээсээ төлөхгүй янз бүрээр худлаа ярьж хойшлуулаад хөгшин настай намайг элэг бариад залилан үйлдээд байгаа учир хуульд хандахаас өөрцгүй болсон. Иймд надад учирсан хохирлыг үйлчилгээний зориулалттай орон сууц түрээсэлсэн гэрээний дагуу 1.261.260 төгрөгийг Энхсарангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Энхсаран нь 2-23-23 02 тоотын 40 м2 талбай бүхий өрөөг сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж оёдлын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэхэмжлэлд дурдсанаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэж байгаа боловч түрээслүүлэгч Я.Норовцэрэн нь өрөөнд байсан эд хогшлоо өөр газар хураах гэж удсан. Түрээсийн гэрээ хийе гэж 2-13 дугаар байранд байрлах нотариатч бүсгүй Я.Норовцэрэн гуайн өөрийн авчирсан түрээслүүлэх гэрээний маягтыг зөвшөөрөөгүй ба тэр 2 их маргалдсан, үдийн цайны цаг болоод би ажил руугаа явсан. Түүнээс хойш Я.Норовцэрэн гуай нэг ч удаа гэрээ хийе гэж хандаж байгаагүй ба намайг гэрээгээ хийе гэхэд чи яваад өгдөг гээд байсан.

Мөн манайхтай хамт нөгөө том өрөөнд Байгалмаа эмч /сэргээн засах эмнэлэг ажиллаж байсан ба хамтарч түрээслэхэд төвөгтэй байсан/ тэрээр мөн гэрээ хийгээгүй байсан. Бид гэрэл, цахилгаан, ус, дулааныхаа хөлсийг 30/70 хувиар тохирч хувааж төлж байсан ба одоо ч ийм маягаар сар бүрийн төлбөр төлж байгаа. Бидэнд СӨХ-ны төлбөр төл гэж хэлээгүй. Харин 2016 оны 05 дугаар сард СӨХ-ны байцаагч нар ирж асуугаад байрны эзэн болох Я.Норовцэрэн гуайг лавлаж асууж байсан. Би Норовцэрэн гуайтай уулзаж түрээсийн төлбөр өндөр байна, жаахан буулга гэсэн үндсэн дээр 250.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. Энэ үед мөн нөгөө гэрээний асуудал яригдаагүй. Одоогоор манай талаас төлөгдөөгүй байгаа 2016 оны 2 сар үлдэгдэл 70.000 төгрөг, 4сар үлдэгдэл 10.000 төгрөг, 5, 6 сарын үлдэгдэл 250.000х2=500.000 төгрөг, 8 сарын үлдэгдэл 60.000 төгрөг, нийт 640.000 төгрөг хийгдээгүй байгаа. Энэхүү төлбөрийг 9 сард барагдуулна гэж тохиролцсон. СӨХ-ны төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй. СӨХ-ны төлбөрийг Норовцэрэн гуай өөрөө 2-р микрийн СӨХ-той ярьж тохиролцсоны дараа хүлээж авна. Норовцэрэн гуайн хэлж буй гэрээний маягтанд би гарын үсэг зураагүй ба надад тэр гэрээний хувь ч байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 140/ШШ2016/01362 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас 1.008.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252.860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхсарангаас 28.752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.Энхсарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.760 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Энхсаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 186 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг түрээсийн гэрээний түрээслэгч гэсэн хэсэгт нэрээ бичээгүйгээс нотариатч буруу бөглөсөн байна гээд буцаасан гэж бичсэн гэтэл хэрэгт авагдсан миний гарын үсэг зурсан болон гарын үсэггүй хоёр гэрээнд түрээслүүлэгч гэсэн хэсэгт миний нэрийг бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шалтгаанаар гэрээг нотариатч гэрчлээгүй гэж бичсэн нь дээрх хоёр гэрээнээс харахад эргэлзээтэй. Мөн 2-23-02 тоот байрыг хариуцдаг Эрдэнэт-99 СӨХ нь нэхэмжлэгчтэй гэрээ хийгээгүй болох нь хэрэгт авагдсан 2016.06.24-ний өдрийн 142/ШШ2016/00892 дугаартай шийдвэрээс харагдана.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч 2-23-02 тоот байрыг өөрийнхөө өмчлөлийн байр гэж тайлбарладаг ч хэрэгт байрны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болохыг нотолсон нэг ч баримт авагдаагүй. Шаардах эрхийн үндэслэл ийнхүү тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчиж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн нь хариуцагч Г.Энхсаранд холбогдуулан 1.261.200 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд түрээсийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээгээр хариуцагч нь оёдлын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар нэхэмжлэгчийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар хороолол, 23 дугаар байрны 02 тоот орон сууцыг сарын 300.000 төгрөгөөр, 6 сарын хугацаагаар түрээслэхээр тохирч, гэрээний зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад авч үйл ажиллагаа явуулж байгаа ба талууд түрээсийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас эхлэн сарын 250.000 төгрөг болгон багасгасан нь тогтоогджээ.

Түрээсийн гэрээнд гарын үсэг зурснаа хариуцагч үгүйсгээгүй, гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Түрээсийн төлбөр нь хуанлийн сар бүрийн 1-ний дотор төлөгдсөн байх, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, Иргэний хуулийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу түрээслүүлэгчид алданги төлөхөөр талууд тохиролцсон нь гэрээний Ерөнхий зүйлийн 3-тусгагджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчаас түрээсийн төлбөр, алдангид 1.008.400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан Орхон аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 892 дугаар шийдвэрээр Я.Норовцэрэнгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар хороолол, 23 дугаар байрны 02 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 300.920 төгрөг гаргуулан “Эрдэнэт-99” СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд гэрээний зүйл болох орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлийнх болох нь тогтоогджээ.

Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 140/ШШ2016/01362 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхсарангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр төлсөн 28.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ