| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0510/э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Б.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батбаатарын Батдоржид холбогдох эрүүгийн 1811006480573 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 28 дугаар гудамж, 17 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-352 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд иргэн С.Чулуундоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 2 сарын 18-ны өдөр би эхнэр Чулуунцэцэгийн хамт эхнэрийн найз Уртнасангийн гэрт очсон. Тухайн үед би эхнэр бид хоёрыг Уртнасан, Янжиндолгор нар дуудаад байхаар нь очсон. Тэгээд тэдний гэрт очоод баяр тэмдэглээд идэж ууцгаасан. Орой 22 цагийн орчимд Янжиндолгорын найз залуу гэх Чулуундорж гээд залуу ирсэн бөгөөд гэрийн эзэн Мягмарсүрэн тэр хоёрын яриа таарахгүй хоорондоо маргалдаад байсан. Ингээд тэр хоёрын яриа нийлэхгүй маргаад Янжиндолгор ингээд байвал явлаа гээд байсан. Тэгээд манай эхнэр Чулуунцэцэг, Уртнасан хоёр Янжиндолгорыг явуулахгүй гэсэн. Тэгээд маргаан болоод Чулуундорж Янжиндолгор хоёр хүүхдүүдээ дагуулаад гараад явсан. Чулуунцэцэгийн хамт доошоо гудамж уруудаад Чулуундорж Янжиндолгор нарын хажууд зогссон. Тэгтэл Янжиндолгор машинд сууснаа буцаад буусан бөгөөд Чулуунцэцэг машинд суучих гээд гуйтал Чулуундорж манай эхнэрийн өшиглөөд авах шиг болсон. Тэгэхээр нь би машинаас буугаад Чулуундоржтой барьцалдаж аваад газар өнхөрсөн. Тэгээд бид хоёр нэг нэгнийгээ ганц нэг цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-40х/,
Шүүгдэгч Б.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мягмарсүрэнгийнд очоод эхнэртэйгээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Чулуундорж удахгүй ирсэн. Тэгээд маргаан үүсээд гарахаар нь би хүргэж өгөх санаатай гараад машиндаа суулгах гэтэл миний машины хаалгыг саваад яваад өгсөн. Тэгсэн чинь манай эхнэр хүн хүргэж өгөх гэж байхад гэж хэлсэн чинь нөхөр нь манай эхнэрийг өшиглөсөн учир би нөхөртэй нь зодолдсон” гэв.
Хохирогч С.Чулуундоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Төв аймгаас өнөөдөр өглөө аавтай, найзуудтайгаа золгох гэж мөн эхнэртэйгээ уулзах гэж орж ирсэн юм. Би эхнэртэйгээ нийлээд удаагүй байгаа бөгөөд тусдаа амьдардаг. Тухайн үед манай эхнэр Янжиндолгор, Уртнасан гээд найзындаа байсан бөгөөд би найзынх нь гэрт 19 цагийн орчим яваад очиход Уртнасан болон түүний нөхөр, нөхрийнх нь найз нь эхнэртэйгээ байсан. Тэгээд бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд Урнасангийн нөхөр нь намайг өдөөд яриа таарахгүй болохоор нь би эхнэрийгээ 2 хүүхэдтэй нь дагуулж явлаа гэтэл Уртнасангийн нөхрийнх нь найз эмэгтэй манай эхнэрийг нь ч энэ залууг дагуулж явах гэлээ гээд алгадаад авсан. Тэгээд нилээд маргаан болж байгаад би эхнэрийгээ хүүхэдтэй нь дагуулаад гараад гудамж уруудаад явж байтал тэд нар араас машинтай ирээд манай алгадсан эмэгтэйгийн нөхөр нь миний нүүр лүү цохиод унагаасан. Миний баруун мөр гэмтэлтэй бөгөөд хадаастай байдаг. Хүнийг зүгээр явж байхад зодсон гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-14х/,
Гэрч Д.Янжиндолгороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 2 сарын 18-ны өдөр 13 цагийн үед багийн найз Уртнасан гэх айлд золгуут хийж очсон юм. Тэгээд байж байсан чинь манай багийн найз Чулуунцэцэг нөхөр Монхоо гэх хүний хамт ирсэн. Тэгээд бид хэд хөзөр тоглож сууж байсан чинь манай нөхөр Чулуундорж 18 цагийн үед ирсэн. Тэгээд тэднийд гэрт манай нөхөр Чулуундорж, Уртнасан, Уртнасангийн нөхөр Мягмарсүрэн, Чулуунцэцэг түүний нөхөр Монхоо бид нар 1 шил архи уусан. Би бол архи уудаггүй юм. Тэгээд сууж байгаад Уртнасангийн нөхөр Мягмарсүрэн манай нөхөр Чулуундорж хоёр морь, бөх ярьж байгаад хоорондоо бага зэрэг маргалдаад байсан. Тэгээд сүүлдээ хэрүүл болоод байхаар нь би нөхрөө аваад гарах гэж байсан чинь Чулуунцэцэг над дээр ирж миний баруун хацарт нэг удаа алгадсан. Тэрнээс болж би уйлж гэрээс нь би нөхөр 2 хүүхдийн хамт гараад гудамж уруудан явж байсан чинь Мягмарсүрэн, Чулуунцэцэг, Монхоо хоёр араас ирж хүргээд өгөх үү гэж асуусан. Тэгээд суухгүй гэж хэлээд би цаашаа алхаж байсан чинь машины хажууд хүмүүс зодолдож Монхоо манай нөхрийг газарт унаган дээр нь гарсан зодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-15х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2657 тоот дүгнэлтэнд:
“1. С.Чулуундоржийн биед тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29х/,
Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-46х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Бнь 2018 оны 2 дугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд иргэн С.Чулуундоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Чулуундоржид мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирол 1.600.000 төгрөг /хх-62х/-ийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 сарын 9-ний өдөр төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН