Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/584

 

 

 

 

 

 

    2025           05             15                                        2025/ДШМ/584

 

Ц.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/458 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ст холбогдох эрүүгийн 2403003860575 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн   Ц.С, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “.....” цогцолбор сургуульд дизайн технологийн багш, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../,

Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, “Everyday” худалдааны төвийн хойд замд “Hyundai Sonata NF” маркийн ....УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”; мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуй унаж гарч явсан Д.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Сийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Ц.Сээс нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цоггэрэлийн Доржид олгох, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/2564 дүгээр шүүгчийн захирамжаар “...Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” хэмээн залруулга хийж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэсэн залруулга хийжээ.

Шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнд болсон зам тээврийн ослын тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдээс үзэхэд Ц.Сийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд тээврийн хэрэгсэл, дугуй унаж хөдөлгөөнд оролцсон хохирогч нарын хөдөлгөөний чиглэл, огтлолцлын цэгт хохирогч, явган зорчигч биш Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13-д зааснаар жолооч. Иймд Ц.Сийг Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь хууль ёсны биш, үндэслэлгүй. Харин хохирогч дугуйгаа хөтөлж явган хүний гарцаар явж байсан бол бодит байдалд нийцсэн гэж үзэж байна.  Ослын дараа хохирогчтой огт уулзаагүй, хэргийн газрыг санаатай орхиж явсан үйл баримт үгүй. Хохирогчтой очиж уулзахад хэрэлдээд явсан буюу явж байгаа баримт хэрэгт байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял халдаасан нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч  Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өдөр гарц руу дөхөж очиход дугуйтай хүүхдүүд гарсан. Хүнгүй байна гээд явж байхад гэнэт хажуугаас хурдтай орж ирсэн. Би тоормос гишгэж, ослын гэрлээ асааж, миний дүү яасан бэ гэхэд, нөгөө хүүхэд бууж ирээд, хувцсаа гөвчхөөд явсан. “Чи байж бай, эмнэлэг оръё, ийш тийшээ явахгүй шүү” гэж хэлсэн. Түрүүлж явсан хүүхэд буцаж ирэхэд нөгөө урсгалын голд очиж, эргэж харан намайг үгээр хараагаад явсан. Би машиныхаа ослын гэрлийг асааж, нөгөө урсгал хүртэл явсан. 1, 2 дугаар эгнээ битүү машинтай байсан. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан. Жолооч нь унадаг дугуйгаар зорчиж байсан зорчигчийг мөргөсөн учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Шүүгдэгч өөрөө багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Өсвөр насны хүүхдийг мөргөж, хэргийн газраас зугтаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт техникийн шинжтэй алдаа гарсан. Үүнийг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө, “Everyday” худалдааны төвийн хойд замд “Hyundai Sonata NF” загварын ....УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”; мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар унадаг дугуй унаж гарч явсан Д.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Д.Дын “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед хичээлээ тараад ангийнхаа их цэвэрлэгээг хийж дуусаад сургуулиасаа 4 найзын хамт гараад доошоо төв зам руу алхсан. Тэгээд “Жуков”-ын автобусны буудал өнгөрөөд би нэг дугуй унаад "Everyday" худалдааны төвийн хойд гарцаар урагшаа дугуйтай гарах үед манай нэг найз дугуйтай түрүүлээд гарсан байсан. Тэгэхэд 2 болон 3 дугаар эгнээний машинууд зам тавиад өгсөн байсан. Тэгээд би урагшаа зам гарч байхад нэг машин гэнэт нэгдүгээр эгнээнээс гарч ирээд намайг мөргөсөн. Тэгээд би юу болсон тухай мэдэхгүй ухаан алдсан байсан. Нөгөө машины ах 3 метрийн зайд зогсоод машинаасаа буугаад тэр жолооч ах “Гарцаар аятайхан гараач" гэж хэлээд явсан байсан...” /хх 14/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-ийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед миний хүү Д.Д нь сургуулиасаа тараад гэр рүүгээ найзынхаа дугуйг унаад найзуудтайгаа хамт явж байсан. "Everyday" худалдааны төвийн хойд замын явган хүний гарц дээр унадаг дугуйтайгаа гарцаар нэвтэрч байх үед хоёр болон гуравдугаар эгнээний машинууд явган зорчигч нарт зам тавьж өгөөд зогссон байсан юм байна. Тэгээд нэгдүгээр эгнээнд автобус байна уу гэж харсан чинь автобус байхгүй болохоор нь шууд гарцаар урагшаагаа гарсан байсан. Тэгээд нэгдүгээр эгнээнд явж байсан нэг машин манай хүүг ирээд мөргөсөн байсан. Тэгээд миний хүүгийн өмнө нэг найз нь түрүүлээд зам хөндлөн урагшаа гарсан байсан. Тэгээд манай хүү араас нь дагаад зам гарч байсан. Нэгдүгээр эгнээгээр явж байх үедээ хүүхэд мөргөж унагаачхаад машинаасаа бууж ирж машинаа тойрч харчхаад, манай хүүхдийг загначхаад хэргийн газрыг орхиод явсан байсан. Цаашдаа эмчилгээний зардал болон эвдэрсэн унадаг дугуйны зардлын баримтуудын дагуу нэхэмжлэл гаргана...” /хх 17/,

насанд хүрээгүй гэрч О.Д-ын “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед сургууль дээрээ очиж их цэвэрлэгээ хийчхээд 20 цагийн үед сургуулиасаа гараад сургуулийнхаа урд жаахан тоглож байгаад бүгдээрээ гэр лүүгээ харих гээд явж байсан. Бид нар нэг зүгт байдаг болохоор хамтдаа төв зам руу уруудаад явсан. Би тухайн үед өөрийнхөө дугуйтайгаа явж байхад Д.Д “Би жаахан дугуйг чинь унаад явчихъя” гээд гуйсан. Тэгээд би Д.Дд дугуйгаа өгөөд Д.Д, М 2 дугуй унаад урд гараад явсан. Тэгээд яг төв замын хажууд ирээд байж байхад Мөнх-Эрдэнэ дугуйгаа унаад зам хөндлөн явган хүний гарцаар урагшаа чиглэлдээ гараад явчихсан. Тэгсэн Д.Д дугуйгаа унаад Мөнх-Эрдэнийн хойноос зам хөндлөн гарч байх үед зүүн талаас нь нэг машин гэнэт гарч ирээд Д.Дыг мөргөсөн. Тэгээд мөргөсөн машины жолооч зогсоод машинаасаа бууж ирэхгүй суугаад байсан. Тэгсэн ойр орчмын хүмүүс хаалга цонхыг нь тогшиход жолооч бууж ирсэн. Тэгээд бууж ирээд бид нарыг “Та нар яасан гэнэт гарч ирдэг юм бэ” гээд бас хараалын үг хэлчхээд явчихсан. Тэгээд бид нар Д.Дын аав ээжид нь хэлсэн. Миний дугуйны 2 дугуй нь сэнсэрчихсэн, араа нь солигдохгүй байгаа. Д.Дын аав нь миний дугуйг янзлуулж өгөхгүйгээр надад шинээр Хятадаас захиалж өгнө гэсэн. ...” /хх 48/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, Ш.Цэцэгмаагийн 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7934 дугаартай “...Д.Дын биед бүсэлхийн 5-р нугалмын хугарал, бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 58-59/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1308 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх 80-81/, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Д.Дын нас тоолсон мөрдөгчийн магадалгаа /хх 11/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 104/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.С нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Сийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хэргийн газрын зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Сийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “...Миний үйлчлүүлэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учраас хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ц.С нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осол гаргаж, гарцаар дугуйтай зорчиж явсан насанд хүрээгүй Д.Дыг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан, мөн энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэнийхээ дараа хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Д.Дын хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн хэдий ч тэрээр явган хүний гарцаар унадаг дугуйгаа хөтлөн гараагүй нь тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл биш юм.  

Харин Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлд жолоочийн үүргийг дэлгэрэнгүй заасан бөгөөд Ц.Сийн хувьд явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөнөөр Д.Дыг мөргөсөн, улмаар хүүхэд мөргөж, зам тээврийн осол гаргасан, осол гаргаснаа мэдсээр байж, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, цагдаагийн албан хаагч ирээгүй байхад тус газраас явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Д.Д нь явган зорчигч биш, ослын газрыг орхиж яваагүй тул тэрээр гэм буруугүй...” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь тохирсон байна.

Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой эрх хэмжээнийхээ хүрээнд, шүүгдэгч Ц.Сийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалын дагуу батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу гуравдугаар зэрэгт хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Учир нь, насанд хүрээгүй хохирогч хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг заавал шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүйгээр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хохирлыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг буруутган дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Сээс 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Доржид олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоол гарсны дараа өөрийн санаачилгаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудлыг техникийн шинжтэй алдаанд хамааруулан “залруулга” хэлбэрээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан техникийн шинжтэй алдаанд хамаарахгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/2564 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/458 дугаар шийтгэх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/458 дугаар шийтгэх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг,

 “шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,...” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн биелүүлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ...” гэж,

5 дахь заалтад “Шүүгдэгч Ц.Сээс нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цоггэрэлийн Дорж...-д олгосугай.” гэснийг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Сээс нийт 14,189,796 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Доржид олгосугай.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, “Залруулга хийх тухай” Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/2564 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Сийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ   

                                               ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ