Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01661

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01661

 

 

 

 

Б.И.Д ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК-ийн хариуцагч М.Г-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 404 675 төгрөг гаргуулах, үүргээ барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , хариуцагч М.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Г нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ010000600189 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 37 дугаар байр, 07 тоот, 90.84 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалж, 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. М.Г нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл 29 963 256 төгрөг, зээлийн хүү 9 832 192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 609 226 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 41 404 675 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал 4 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Г нь орон сууцаа барьцаалж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.И.Д ББСБ ХХК-аас 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээний дагуу 12 156 256 төгрөгийн хүүгээ тогтмол цаг тухай бүрт нь төлсөн. Гэвч зээлийн эдийн засагчийн үгэнд орж зээлийн хүүг 3.8 хувь гэж бичсэн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн эдийн засагч хэлэхдээ ...зүгээрээ ингээд өргөдөл бич, зээлийн хүүгээ төлөхдөө 2.80 хувиар төлөөд явна гэсэн. Тухай үед тогтмол хүүгээ төлдөг байсан бөгөөд санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж хүүгээ төлж чадахгүйд хүрээд байна. Байраа барьцаанаас чөлөөлөх хөрөнгийн ганц эх үүсвэр нь хувьдаа унаж байсан автомашин байсан ба хүнд залилуулсан хэрэг явдал гарсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч М.Г ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 045 645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 359 030 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч М.Г үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Г.Б , Г.Э , Б.О , М.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 37 дугаар байр, 7 тоотод байршилтай, 90.84 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 385 473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 338 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Би яг цагтаа хуралдаанд очсон боловч шүүх хуралдаан эхэлчихсэн байсан. Шүүгчээс хуралдаанд орох хүсэлт гаргасан боловч оролцохыг зөвшөөрөхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Б.И.Д ББСБ ХХК нь хариуцагч М.Г эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 404 675 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал хэрэгт авагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийн бичгээр байгуулах шаардлагыг хангасан хэдий ч мөн зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх талуудаас тодруулалгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. /хх11/

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин хэргийн баримтаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүний шүүх хуралдаан эхлэх цагт очсон боловч намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 178 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД