Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч, хохирогч Г.М, Г.М/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.М, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811016870603 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Г.М, 1984 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 5-86 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.............. /,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Г.М, 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн мөрөн хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайт богинын 1-74 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............... /,

Шүүгдэгч Г.М, Г.М нар нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын 1-74 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч, хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эгч рүүгээ залгаад танайд очиж байна, эд зүйлээ авах гэж байна гэсэн. Тэгтэл аваад байх юм байхгүй би гадаа хөргөгчийг чинь тавьсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очиход араас эгч ирээд чамд авах юм байхгүй гэж хэлсэн. Би авах юмаа авмаар байна гэж хэлэхэд би чиний хүүхдийг хардаг байсан, надаа мөнгө өг гэхээр нь би гомдоод авч өгсөн хөргөгч зурагтаа авна гэж хэлсэн. Намайг төлбөр төл гээд гэрээсээ гаргахгүй байсан. Намайг гэрийнхээ хаалгаар түлхэж унагаасан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг ажил дээрээ байсан чинь надруу ярьсан.  Би очоод яах вэ дээ гэж хэлэхэд би юмаа авч явж байна гэж хэлсэн. Намайг эхэлж маажиж зодсон. Би араас нь гараад явахад чулуу аваад зурагт руу шидэх гэж байсан. Би өөрийнхөө эд зүйлийг хамгаалсан үйлдэл хийсэн” гэв.

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ажил дээрээ сууж байтал манай хүргэн Нямаацэрэн над руу залгаад Мөнх-Отгон эгч ирчихээд зурагт авах гээд байна гэхээр удалгүй гэртээ очиход Мөнх-Отгон зурагт гаргаад гадаа тавьчихсан гэр дотор хөргөгчнөөс эд зүйл гаргаад тавьчихсан байсан. Тэгээд би юу хийж байгаа юм бэ гээд асуусан чинь би эд зүйлээ авах гэж байна гэж хэлсэн. Чиний авах юм чинь гадаа байна гээд хэлсэн чинь хөргөгчин дээр байсан шилэн тавгийг авч шидээд миний хоолойг боосон юм. Миний хүзүүг маажсан, ноцолдож байхад миний гуя руу өшиглөсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-10-11х/,

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дагзны хуйх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтлийг манай эгч намайг хаалгаараа түлхэхэд хойшоо савж унахдаа авсан. Цээжний зөөлөн эдийн няцрал гэмтлийг манай эгч дээрээс заамдчихсан хэвээрээ тохойгоороо цээжин дээр дарснаас болсон юм. Зүүн тохойны шарх, баруун чигчийний гэмтэл мөн хойшоо савж унахдаа тулж гэмтээсэн юм. Би Мөнхтуяа эгчийн гэрт байхад эгч намайг гэрээсээ гаргахгүй гээд муудалцаад надтай зууралдах үед би тавиулах гээд цээж рүү түлхэх үед хүзүү цээжний зулгаралтыг үүсгэсэн байх” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Гэрч Х.Нямаацэрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр хоёр нилээн маргалдаад зууралдаад байсан бөгөөд гадаа гартал зууралдаж байсан. Тэр үед ээж Мөнх-Отгон эгчийг түлхээд байсан бөгөөд Мөнх-Отгон эгч зууралдаад ээжийг 1-2 удаа хөл рүү нь өшиглөж харагдсан. Мөнх-Отгон эгч хадам ээжтэй зууралдаад цээж рүү нь самардаад байсан. Гадаа гарч зууралдах үедээ 1-2 өшиглөж харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-19-20х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №7144 тоот дүгнэлтэд: 

          “1. Г.М-ийн биед хүзүү, цээж, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №7260 тоот дүгнэлтэд: 

           “1. Г.М-ы биед дагзны хуйх, ахар сүүл, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга шуу зүүн өвдөгт цус хуралт, баруун чигчий, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М, Г.М нар нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын 1-74 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.М, Г.М нарыг харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М, Г.М нар нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.М, Г.М нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г.М, Б овогт Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.М-ыг 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.М нар нь оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 9-ний дотор төлөхийг тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.М, Г.М нар  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Г.М нарт хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН