| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2408035570113 |
| Дугаар | 2025/ДШМ/606 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/606
2025 05 21 2025/ДШМ/606
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Эрхэмбаяр,
хохирогч Г.Д,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2408035570113 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б.Б, 1979 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,
Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний орой Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 29 дүгээр гудамж, 34 тоот хашаанд хохирогч Г.Дтэй үл ялих зүйлээр маргалдаж, нүүр лүү нь цохиж, гуя руу нь хутгаар хатгасны улмаас түүний эрүүл мэндэд зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, тархи доргилт, уруулд няцарсан шарх, язрал, зулгаралт, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Г.Дийн эмчилгээний зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө “эхнэрийн хамт амьдарч байсан” нагац эгчийнхээ гэрт хонохоор ирээд үл таних эрэгтэйд зүүн гуяндаа хутгалуулж гэмтсэн. Нагац эгч М.С тухайн үед хөдөө байсан. Эгчийнд хонохоор ирэхэд нагац ах М.Болдбаатар найз бүсгүйн хамт, мөн үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй 4-үүлээ архи уусан байдалтай унтаж амрах гээд байж байсан. Тэр өдөр би найзтайгаа уулзаж ганц, хоёр пиво уугаад халамцуу ирсэн. Орон дээрээ унтах гэтэл нөгөө үл таних эрэгтэй, эмэгтэй 2 эхнэр бид хоёрын хөнжлийг нөмөрчихсөн, хэвтээд босохгүй болохоор нь миний уур хүрч бос гэж дахин дахин хэлсэн боловч үл тоогоод байсан тул нөгөө эрэгтэйтэй жаахан маргаж эхэлсэн. Би унтах гээд гутлаа тайлаад гарч бие засаад зогсож байтал араас хүн гарч ирээд над руу юм шидсэн нь сүх байсан. Шөнө хоёр гарт нь юм гялалзаад байхаар нь гайхсан. Гэтэл нөгөө Б.Б гэх эрэгтэй чамайг ална даа гээд дайрахаар нь би биеэ хамгаалахын тулд ноцолдож байх зуур нэг том хутгаараа зүүн гуянд хатгаад авсан. Хутгаа сугалаад авах хоорондоо нүүр лүү балбаж, хамар уруул хоёрын хоорондох хонхорхойд нөгөө хутганыхаа ар талаар цохиж язралт, няцралт үүсгэсэн. Эдгээр үйлдлээс нь айж сандран нагац эгчийн хойно байдаг сагсны талбай руу гүйсэн. Тэр эрэгтэй “чамайг өнөө шөнө заавал ална” гэж сүрдүүлсэн. Машинаа асааж дайрч ална гэхэд нь зугтаж амь гарсан. Шөнө нь эгчийнхээсээ хойш хөл нүцгэн, цусаа гоожуулан хөлөө чирээд оймсоороо намаг ус туучин аавындаа очиж амьсгаа авах шиг болсон. Маргааш өглөө нь түргэн тусламж дуудаж үзүүлэхэд яаралтай ГССҮТ-д үзүүлж, оёдол тавиул гэсэн. Би толгойгоо дааж чадахгүй, толгой эргэж, дотор муухайрсан, гуя хорсож лугшсан, зүүн нүүр хавдсан, хамар хөндүүрлэсэн, нүд эрээлжилсэн, зүүн суганы дотор талд хутганы үзүүрээр хатгуулсан хүнд байдалтай эмнэлэг орж оёдол тавиулсан. Улмаар машины түлхүүр булааж аваад машин дотор байсан “Samsung A72” маркийн гар утас, хар хэтэвчинд байсан 360,000 төгрөг алга болсон байсан. Би эмнэлийн байгууллагад хандаж шархаа цэвэрлүүлэх, оёдлоо авхуулах, эмчилгээ зөвлөгөө авахдаа машинаа барьж чадахгүй байсан тул такси барьж явдаг байсан. Мөн тухайн үед би эхнэрийн хамт хонь, хонины мах зарж амьдралаа залгуулдаг байсан. Эхнэр маань хүнд өвчтэй тул би эмчилгээний мөнгө олох нэн шаардлагатай, үүрэг хариуцлага хүлээсэн хүн. Би Б.Б гэх үл таних эрэгтэйд зодуулж эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш том хохирол амссан. Гэтэл намайг санаатайгаар гэмтээсэн тэр хүн надаас уучлалт гуйх ч сэтгэл зүрхгүй, эрүүл мэндийг минь хохироочхоод өдийг хүртэл тоохгүй, ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад би маш их гомдолтой байна. Миний зүүн гуянд 0.9 см гүнтэй хутгалж, 8 оёдол тавиулсан. Толгойд бэртэл үүсэж, хамар болон зүүн нүдний ухархайн хөндий дотогш 0.4 см цөмөрч хугарсан, зүүн хацар хавдаж хөхөрсөн, уруул хамрын хонхорхойд язралт, зулгаралт, бяцралт үүссэн хүнд байдалтай байсныг ГССҮТ, “Мед травма” эмнэлэг, шүүх эмнэлэг, “Натул” эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, дүгнэлтээс харж болно. Тус гэмтлээс хойш надад бие махбод, эдийн засаг, сэтгэл санаагаараа маш их хохирсон тул хохирол гомдлыг маань барагдуулж өгөхийг шаардах нь зүй ёсны хэрэг билээ. Үүнд: эмчилгээ, сувилгаа, томограф, унаа тэрэгний урсах зардлын 2,600,000 төгрөг, эдийн засгийн хохирол болох өдрийн орлогын 50 хувь буюу 1 өдөрт 3 хонины махны үнэ дунджаар 600,000-900,000 төгрөг болдог байсан. Би бүтэн сарын турш тус бэртлээс болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Өдрийн орлого 50 хувь нь 250,000-500,000 төгрөгийг 30 хоногт тооцвол 5,000,000-7,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн машинаас алдагдсан утасны 1,000,000 төгрөг, хэтэвчтэй мөнгө 360,000 төгрөг зэрэг багтана. Б.Бд холбогдох хэрэг шийдвэрлэгдэхгүй явсаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч би шүүх хуралд өөрийн биеэр оролцох гээд 15 цаг 30 минутад товлогдсон хуралд 14 цаг 40 минут гэж ирээд үүдний ажилтнаас шүүх хурлын тухай асуухад “удахгүй танхим сулрахаар дуудна, наанаа суугаад хүлээж байгаарай” гэсээр цаг 16 цаг 40 минут болсон. Ингээд гайхаад шүүгч О.Жанчивнямбуугийн туслах дээр орж лавлахад шүүх хуралдаан 14 цагт болоод дууссан гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Миний гомдлыг барагдуулж өгнө үү. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний зүгээс хохирогчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөн. Харин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хохирогч зохиож бичсэн байна. Хэрэг болсон өдөр бид бөөнөөрөө архи ууж сууж байтал Б.Б эмэгтэй хүний өгзгийг алгадахаар нь болиоч гэж хэлтэл намайг үсдэж, дотоожтой чирч гарган, зодож толгойг минь хагалсан. Би эхлээд хутга барин буцаад гэр лүү ортол байгаагүй. Дараа нь дахин сүх барин ортол мөн байгаагүй. Тэгэхээр нь явах гээд өөрийн автомашинаа асаагаад хөдлөх гэтэл хохирогчийн автомашин гарах боломжгүйгээр зам хөндлөн тавьчихсан байсан. Б.Б-г өөрийн ахыг нь дуудаж байгаад машиныг нь асаалгаад замаас холдуулсан. Явахдаа би Б.Б-г машиных нь түлхүүрийг аваад явсан. Надаас ирж аваг гэж бодсон. Давж заалдах гомдолдоо сүх, хутга шидсэн гэж худал бичсэн байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрнө. ...” гэв.
Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, тэдгээрийг үнэлсэн байдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.6 дугаар зүйл болон холбогдох хуульд заасан журмын дагуу цуглуулж, бүрдүүлсэн баримтад тулгуурлан гарсан. Нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн бүрдүүлсэн бөгөөд процессын зөрчил гарсан зүйлгүй болно. Шүүх нотлох баримтуудад хуульд заасан шаардлагын дагуу дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг дурдсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоохдоо эрх, үүргийг нь тайлбарлан мэдүүлэг авч, тухайн мэдүүлэгтээ хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй болно. Мөн анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо ч хохирол төлбөртэй холбоотой баримт хавсаргаагүй, өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Ийм нөхцөлд шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад огт дурдагдаагүй “гар утас, бэлэн мөнгө алга болсон” гэх шинээр тайлбар гаргаж өгч байгаа нь шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн үү, эсвэл худал мэдүүлэг өгсөн үү гэдэг талаас нь прокуророос шалгах шаардлагатай нөхцөл байдал бий болгож байна. Анхан шатны шүүх хуралдаанд яллагдагч Б.Б нь өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь Б.Б-г гэм буруутай болохыг хангалттай нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эдлэх эрхийг хуульчилсан бөгөөд шүүхийн шатанд хохирогчийг хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гарсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэсэн хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан нь түүний шүүх хуралдаанд оролцож, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна.” гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...би одоогоор хохирлын тооцоогоо гаргаагүй байна. Шүүх хуралдаанд өөрөө оролцоно, тэгэхдээ хохирлын тооцоогоо гаргаж өгнө.” /хх 53/ гэж мэдүүлсэн нь түүнийг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд прокуророос хохирогчийг оролцуулах эсэх талаар санал гаргаагүй, хохирогч шүүх хуралдааны товыг зурвасаар мэдэгдсэний дагуу шүүхийн байранд оролцохоор ирсээр байхад тодруулахгүйгээр хохирогч Г.Дийг оролцуулалгүй хийсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг эрхийг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ