| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00041/И |
| Дугаар | 157/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2026/00050
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч .................. тоотод хаягтай, “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ................... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,688,775,61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ-R210006282 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан нөхцлийн дагуу 30 сарын хугацаатай, жилийн 21% хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, нийт 10,000,000 (арван сая) төгрөгийн дижитал харилцагчийн зээлийг олгосон.
Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу зээл зээлийн хүүгээ төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, зээлээ хугацаанд нь төлөх үүргээ мэдэгдсэн боловч төлөөгүй, хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгааг үндэслэн түүнтэй байгуулсан ЗГ-R210006282 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,688,775,61 (зургаан сая гурван зуун жаран есөн мянга нэг зуун есөн төгрөг арван таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү. Жич хүү тооцооллын хүснэгтээр зээл, олголт, төлөлтийн тооцоолол, огноог хүснэгтээр харуулан хавсаргав” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “******* банкнаас нэхэмжилж байгаа 6,688,775,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,688,775,61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,688,775,61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,688,775,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,688,775,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,970 төгрөгийн тал хувь болох 60,985 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,985 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 60,985 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,688,775,61 (зургаан сая зургаан зуун наян найман мянга долоон зуун далан төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,970 төгрөгийн тал хувь болох 60,985 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,985 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 60,985 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ