Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/607

 

 

 

 

 

,

   2025            05             21                                       2025/ДШМ/607

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/783 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405037970072 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Г.Б, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт ........... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 110 дугаартай тогтоолоор ялыг бүрэн биелүүлсэн, /РД: ............./,

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Fire" шөнийн цэнгээний газрын гадаа согтуугаар машинаа жолоодож байх үед нь шаардлага тавьж, цагдаад дуудлага өгсөн М.Жд миний асуудал чамд хамаагүй гэж маргаан үүсгэж, газраас чулуу авч шидэн толгойг нь хагалж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би бусдад хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс надад 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ах Хосбаяр гэдэг хүнд элэгний донор болох хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш 2 жил ажил хийж болохгүй  гэж Улсын нэгдүгээр эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн ерөнхий эмч Б.Бат-Ирээдүй хэлсэн. Би эмчийн хяналтад байдаг тул эрүүл мэндийн шалтгааны улмаас давж заалдах гомдол гаргасан болно. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон гэж дүгнэж байна. Шүүгдэгч урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан. Тэрээр гомдолдоо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ахдаа донор болсон гэдгээ хэлж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн шүүгдэгч өөрөө донор болсон бол 2 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд анхаарах ёстой байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний толгойг чулуугаар цохиод зугтаасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Fire" шөнийн цэнгээний газрын гадаа согтуугаар машинаа жолоодож байх үед нь шаардлага тавьж, цагдаад дуудлага өгсөн М.Жд миний асуудал чамд хамаагүй гэж маргаан үүсгэж, газраас чулуу авч шидэн толгойг нь хагалж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч М.Жгийн “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 03 ний орой найз Сумъяа намайг хань болоод халтуур хийхэд хамт яваад өгөөч гэхээр нь хамт явж байсан юм. Бид Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Fire" шөнийн цэнгээний газрын харалдаа замаар явж байхад замын нэгдүгээр эгнээнд үл таних ...УЕВ дугаартай авто машин зам дээр ухарч хашлага даваад буцаж гарч дахин ухрах үйлдэл хийсэн энэ үед манай найзын машиныг бараг хойш ухрахдаа мөргөх шахахаар нь би буугаад жолооч талаар нь яваад очиход 20 гаран насны эрэгтэй хүн согтуу руль дээрээ сууж байхаар нь би яаж яваад байгаа юм гээд хэлсэн чинь... миний өөдөөс чамд ямар хамаа байна... гэж хариулсан. Би тэгэхээр нь нөгөө эрэгтэйн цамцны захнаас нь зуурч заамдаад хаалгыг онгойлгож татаад гаргаж ирсэн. Нөгөөд эрэгтэй шууд надад хандаад чамд ямар хамаа байна гээд өөдөөс дайраад байсан бөгөөд хамт явсан гэх хоёр найз нь бууж ирээд бид хоёрыг салгасан. Энэ үед манай найз машин дотроо бид нарыг хараад зогсож байсан. Энэ үед нөгөө машин жолоодож байсан эрэгтэй надад хандаад... яах юм булан эргэх юм уу гээд байсан. Би тэр хүнд хандаад та нар согтуу байж машин бариад явж байдаг ямар омголон юм бэ гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй... надад хандаад дуудаач энэ тэр гээд хашхираад байсан тэгээд байж байхад тэр залуугийн хоёр найз нь цагдаа дуудаад яах юм бэ, бид нар гайгүй асуудал гаргахгүй явчихна гэж хэлж байсан. Би тухайн үед өөрийн гар утсаараа 102 дугаарт залгаад “намайг согтуу хоёр жолооч дээрэлхээд байна” гэж дуудлага өгсөн. Гэтэл анх салгаад байсан хоёр хүний нэг нь болох бөөрөнхий барзгар нүүртэй шар царайтай 180 см орчим өндөр биедээ таарсан махтай 20-23 орчим насны эрэгтэй нь манай найз машинаас гарч ирсэн чинь түүнийг заамдаж түрээд цохиод зодоод байхаар нь би хараад нөгөө залуу дээр очиж түлхээд холдуулах гэтэл хойш саваад унаж байсан. Гэтэл анх надтай маргаан хийж машин согтуу бариад байсан эрэгтэй газраас чулуу түүгээд над руу шидсэн бөгөөд энэ нь миний толгой ар дагз хэсэгт оносон бөгөөд би энэ үед газар унасан. ...Цагдаа нар ирэх хооронд нөгөө залуу надад хандаад би чамайг намайг зүгээр үлдээх юм бол 500,000 төгрөг өгнө харин цагдаад өгөх юм бол чамайг хутгална гэх зүйл хэлээд байсан, харин хамт байсан хоёр нь нөгөө залууг үлдээгээд машиныг нь унаад хөдлөөд явсан байсан. Ингээд дуудлагаар ирсэн цагдаа нартай Баянгол дүүргийн замын цагдаа дээр очсон бөгөөд тэнд очоод тандагч багаж үлээхэд 1,98% гарч байсан. Харин намайг тэнд байхад эрүүл байна гээд намайг oгт үлээлгээгүй. Удалгүй дүүргийн цагдаагаас ирээд намайг гэмтэл орж үзүүлээд ир гэхээр нь би ГССҮТ-д очиж зураг авхуулаад толгой ар хэсэгт 4 оёдол хийсэн бөгөөд мөн боолт хийгээд нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж эмч хэлээд мөн хүзүүний мах тасарсан байж магад гээд үзүүлээрэй гэж хэлсэн. Би машин барьж ирээд надтай анх муудалцсан залуу миний хөл гар дээр гишгээд байхаар нь машины араас гутал гаргаж өмссөн бөгөөд энэ үед машины багажийн хаалга тогтоодог нарийн мод байхаар нь тэрийг бариад айлгах санаатай авч очоод түүний цээж хэсэгт нэг удаа үзүүрээр нь түлхсэн чинь гараас булаагаад газар шидсэн. Тухайн залуу ахин намайг заамдаад авахаар нь түүнийг өөрөөсөө түлхэж холдуулсан. Тэгсэн чинь намайг чулуугаар цохиод эхэлсэн бөгөөд нэг нь миний толгой ар хэсэгт онож би нэг хэсэг ухаан балартаж газар унасан. Би тэрнээс өөрөөр тэр хүнд гар хүрсэн гэмтэл бэртэл учруулсан зүйл байхгүй. Би бусад хүнд oгт rap хүрээгүй. Миний толгой ар дагз хэсэгтээ хагарсан ойр орчим хөндүүр болж шилэн хүзүү хөшиж өвдөөд байна. Би гомдолтой байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би өмнө нь харж байгаагүй хүн байсан одоо харвал танина...” /хх 26-28/,

гэрч М.С-ын “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны орой хорооллын эцэс рүү гэмтлээс уруудаад явж байхад улаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр ухарч байхаар нь зогсоол руу орох гэж байгаа юм байх гээд хүлээгээд байж байтал чигээрээ ухраад миний машиныг мөргөх шахам зогссон тэгээд удалгүй тухайн машины жолооч согтуу бууж ирсэн манай найз Жамъянсүрэн миний хажууд сууж байгаад түрүүлээд буусан удалгүй тэр хоёр маргалдаад түлхэлцээд байхаар нь би машинаасаа буугаад юу болсон бэ гээд тэд нараас асуухад хоорондоо цохилцоод зодоон эхэлсэн тэр согтуу залуу хажуудаа байсан овоолсон шороон дээрээс 3 ширхэг том чулуу аваад замын голоос манай найз руу шидэхэд эхнийх нь чулуу нуруу хэсэгт нь оносон бас нэг чулуу толгойг нь онож хагалсан согтуу байсан эрэгтэй чулуугаа шидээд зугтаагаад явчихсан. Газраас чулуу аваад шидсэн тэр нь манай найзын толгойны ар хэсэгт оносон...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11814 дугаартай шинжээчийн “...М.Жгийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 34-35/ гэсэн дүгнэлт,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Бн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн ялаас чөлөөлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаартай “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.2.2-т “Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг харьяалах эмнэлгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлнэ.” гэж заасан.

Тодруулбал, эрхтэн шилжүүлсний дараа эрхтний донор 6 сараас доошгүй хугацаанд эмчилгээ хийгдэж байгаа талаар тухайн этгээдийн харьяалах эмнэлгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг харгалзан шүүх ялаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхээр дээрх журмаар зохицуулсан байна.

Шүүгдэгч Г.Бн хувьд тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвд элэгний донор болсон талаар Эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд тодорхойлсон байх хэдий ч эрхтэн шилжүүлснээс хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, донор болсноос хойш эмчилгээ сувилгаа хийгдэж байгаа талаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/783 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/783 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                              ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ