Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02068

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02068

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01390 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Я.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 37 тоот 600 м.кв өмчийн газар 48 м.кв талбайтай өвлийн сууцыг 17 691 800 төгрөгөөр үнэлсэн байна. Уг өмчийг кээлийн барьцаагаар барьцаалах үед талууд 48 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 17 691 800 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авч төлбөр авагч, төлбөр төлөгчийн үнийн санал зөрүүтэй байх тохиолдолд шинжээч томилох байтал үнийн санал аваагүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгосон нь хууль бус байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамж, 37 тоот 600 м.кв өмчийн газар 48 м.кв талбайтай өвлийн сууцыг 17 691 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 00425 дугаар захирамжаар Я.Батбаяраас 17 908 450 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор, төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Я.Батбаярын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамжны 37 тоотод байрлах 48 м.кв талбайтай 1 давхар байшин, 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч 80 000 000 төгрөгөөр, үүрэг гүйцэтгүүлэгч С.Эрдэнэбаатар уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ба хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15 дугаар гудамжны 37 тоотод байрлах 48 м.кв талбайтай өвлийн сууц, 600 м.кв талбайтай өмчийн газрыг 17 691 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Я.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн боловч үүнтэй холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын эдлэх эрхийг хязгаарлан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн. Уг заалт зөрчигдсөнөөр Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан санал гаргах зөрчигдсөн байна. Мөн үнэлгээ тогтоолгохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг баримтлаагүй зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.Батбаяр нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудаас үнийн санал авалгүй шинжээч томилсон, томилогдсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/00425 дугаар шийдвэрээр хариуцагч Я.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 17 750 000 төгрөгийг график гарган төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг  шийдвэрийн дагуу 2017  оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  101/ШЗ2017/07105 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 101/ГХ2017/00707 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-ийн 21-25 тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч Я.Батбаярын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-уул, 15 дугаар гудамжны 37 тоотод 48 м.кв талбай бүхий өвлийн сууц, 600 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17261246/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17261246/02 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 26, 29, 31 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

 

Төлбөр төлөгч Я.Батбаяр нь барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-уул, 15 дугаар гудамжны 37 тоотод 48 м.кв талбай бүхий өвлийн сууц, 600 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч С.Эрдэнэбаатар төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 34, 36 тал/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй байх тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг эд хөрөнгийн үнэлгээг 17 691 800 төгрөг гэж тогтоосон байна. /хх-ийн 41-51 тал/

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллагын нэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гэж хуучин нэрээр бичсэн байх бөгөөд хариуцагч байгууллагын нэр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж өөрчлөгдсөн болохыг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гэснийг ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Я.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО