Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 552

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Мөнхзул /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811010310597 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Үнэгчин овогт Балдансамбуугийн Мөнхзул, 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 16 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 10.752.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, одоо 32-36 долоо хоногтой жирэмсэн гэх, РД:/УД89083106/,

Шүүгдэгч Б.Мөнхзул нь 2018 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream” зочид буудалд маргалдсаны улмаас иргэн Э.Дүнчинсүрэнг шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Дахин ийм зүйл хийхгүй” гэв.

Хохирогч Э.Дүнчинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө …”Dream” зочид буудлын гадаа буугаад 21 номерын өрөөнд орсон …Намайг хэвтэх гээд унтаж байхад Төмрөөд намайг элдэв янзаар янхан, банзал хүүхэн гээд яриад байхаар нь чи одоо болиоч гээд ширээн дээр байсан архи түүн рүү цацсан чинь над руу пиво цацсан. Тэгээд хэсэг бужигнаж байгаад болиод унтах гээд хэвтэж байтал гэнэт идэж байсан огурцыны шил нүүрэн дээр унаад нүүр маань халуу дүүгэж уруул амнаас цус гарсан. Миний нүүр лүү шил л шидсэн өөр юмаар цохиж зодоогүй …Мөнхмарал гэж нэрээ худлаа ч хэлсэн байж магадгүй, гэрээ Налайхт байдаг гэж хэлсэн …Миний дээд 11,12 шүд хугарсан, би эмчилгээний баримтаа гаргаж өгсөн, хохирлын 900.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг. /хх-14-16х/,

             Гэрч А.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхмарал гэгч нь Дүнчинсүрэнгийн болон миний утас руу залгаад байсан. Тэгж байгаад шөнийн 04 цагийн үед надаар буудал заалгаж байгаад ирсэн. Орж ирээд удаагүй уурлаж агсам тавьж эхэлсэн …тэр сандал дээр сууж байгаад шилтэй огурцы аваад Дүнчинсүрэнгийн нүүр лүү нь шидэж оносон …” гэсэн мэдүүлэг. /хх-22-25х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №3640 тоот дүгнэлтэд: 

              “1. Э.Дүнчинсүрэнгийн биед 2 шүдний хугарал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхзул нь 2018 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream” зочид буудалд маргалдсаны улмаас иргэн Э.Дүнчинсүрэнг шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Дүнчинсүрэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэгчин овогт Балдансамбуугийн Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхзул нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Мөнхзул нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхзулд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН