Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар  2025/ДШМ/642

 

 

 

 

 

 

   2025           05              27                                       2025/ДШМ/642

 

Б.О, У.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч У.Х, түүний өмгөөлөгч М.Одбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1087 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О, У.Х нарт холбогдох эрүүгийн 2305020772204 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн  Б.О, 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/,

2. У  овгийн  У.Х, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Амар хөшигний салбарт менежер хийдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Шүүгдэгч Б.О нь “К” гэх газарт зочин угтагч, ресейпшнээр ажилладаг У.Хтай үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд фейсбүүк цахим орчимд “саун массажны үйлчилгээ үзүүлнэ” гэсэн зараар халхавчлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байранд байрлах “К” гэх газарт “алжаал тайлах, гулгаа массаж, бариа засал хийх нэрийдлээр иргэн Т.Б, Д.А, Г.Т, Б.С нарын биеийг үнэлүүлж, биеэ үнэлэлт зохион байгуулсан,

шүүгдэгч У.Х нь шүүгдэгч Б.Отэй үйлдлээрээ санаатай нэгдэн, фейсбүүк цахим орчинд “саун массажны үйлчилгээ үзүүлнэ" гэсэн зараар халхавчлан 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байранд байрлах “К” гэх газарт “алжаал тайлах, гулгаа массаж, бариа засал хийх” нэрийдлээр иргэн Д.А, Г.Т, Б.С нарын биеийг үнэлүүлж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О, У.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.О, У.Х нарыг “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч У.Хд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.От оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар, шүүгдэгч У.Хд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарыг Баянзүрх дүүргийн бүс нутгаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.О, У.Х нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, У.Х нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 59,549,000 төгрөг, шүүгдэгч У.Хаас 3,801,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч Б.О, У.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1087 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа ба харин гэм буруугийн болон хэргийн зүйлчлэл дээр огт маргаагүй болно. Шийтгэх тогтоолын 8-д “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж биеэ үнэлэхийг зохион байгуулсны улмаас хууль бус орлого олсон, шүүгдэгч нар нь тусгай үйлчилгээ буюу биеэ үнэлэх үйлчилгээний нэг удаагийн үнийг 250,000 төгрөгөөр тогтоож байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч нар нь дээрх хууль бус үйлчилгээнээс гадна бариа заслын үйлчилгээ явуулдаг байсан болох нь шүүгдэгч У.Х, Б.О нарын дансны орлого, зарлагын гүйлгээгээр харагдах хэдий ч аль орлого нь биеэ үнэлэх үйлчилгээний орлого, аль орлого нь бариа заслын үйлчилгээний орлого гэдгийг ялган дүгнэх боломжгүй байх тул шүүгдэгч У.Хын ..... тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн хооронд нийт 213 удаагийн гүйлгээгээр шилжин орсон 250,000, 300,000, 450,000, 500,000, 750,000 төгрөгийн орлогын гүйлгээний нийлбэр дүн болох 63,350,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ 1 дүгээр хавтаст хэргийн 102-107 талд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлсэн нь эргэлзээтэй болно. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн хуульчилсан. Шүүхийн үнэлсэн дээрх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан “...Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх заалтыг зөрчжээ. Иймд дээрх нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О, Т.А, Б.З, З.Т, Ш.Б, М.Б, Р.С, Н.Т, Д.А, Г.Т, М.Э нарын мэдүүлэгт дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ болох хууль бус орлогыг 4,430,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгч Б.О нь 2025 оны 06 дугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлж байгаа тул хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Хын өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч У.Хын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг үйл явдалд маргадаггүй. Шүүгдэгч У.Х нь ресейпшнээр ажилладаг байсан. Дансны хуулганд бариа, массажны үйлчилгээнээс гадна биеэ үнэлж олсон орлогуудыг тухайн өдрөө шүүгдэгч Б.Оийн данс руу шилжүүлдэг байсан. Нийт олсон орлогоос аль нь биеэ үнэлж олсон орлого, аль нь массажны орлого гэдгийг ялгах боломжгүй байсан. Шүүгдэгч У.Х нь ресейпшнээр ажиллаж, олсон орлогынхоо 6 хувийг цалин гэж авдаг байсан. Үүнтэй холбоотойгоор шүүхээс 59,549,000 төгрөгийн 6 хувь болох 3,801,000 төгрөгийг шүүгдэгч У.Хаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж анхан шатны шүүхээс үзсэн. Миний зүгээс шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргаж буй гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, залуу хүүхэд тул түүнд оногдуулсан ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Х тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого гэдгийг нотолсон баримт хавтаст хэргийн 102-107 хуудсанд авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх заалтыг зөрчиж дансанд үзлэг хийсэн нь үнэн. Хэрэгт авагдсан дансны хуулгаар орсон, гарсан зарлага нь тогтоогддог. Шүүхээс шүүгдэгч Б.Оээс 59,549,000 төгрөг, шүүгдэгч У.Хаас 3,801,000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв гэж прокурорын зүгээс үзэж байна. Дансанд үзлэг хийхдээ хуульд заасан журмыг зөрчиж хийсэн боловч үзлэг хийсэн нотлох баримт нь хуурамч биш тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Аль нь бариа заслын орлого, аль нь биеэ үнэлж олсон орлого болохыг тогтоох боломжгүй байсан. Анхан шатны шүүхээс нэг удаагийн үнийг 250,000 төгрөгийн үнийн дүнтэй байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн. Анхнаасаа бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол өөр асуудал. 1 жил 3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж, нийт 213 удаагийн гүйлгээ хийгдсэн ба гүйлгээ бүрийг хууль бусаар олсон орлого гэж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргаж өгсөн баримттай танилцсан. Үүнд тусгайлан гаргах санал байхгүй. Зорчих эрх хязгаарлах ялтай тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргаад, прокуророос бүсчлэлийг өөрчлүүлэх боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.О нь “К” гэх газарт зочин угтагч, ресейпшнээр ажилладаг У.Хтай үйлдлээрээ санаатай нэгдэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд фейсбүүк цахим орчимд “саун массажны үйлчилгээ үзүүлнэ” гэсэн зараар халхавчлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байранд байрлах “К” гэх газарт “алжаал тайлах, гулгаа массаж, бариа засал хийх нэрийдлээр иргэн Т.Б, Д.А, Г.Т, Б.С нарын биеийг үнэлүүлж, биеэ үнэлэлт зохион байгуулсан,

шүүгдэгч У.Х нь шүүгдэгч Б.Отэй үйлдлээрээ санаатай нэгдэн, фейсбүүк цахим орчинд “саун массажны үйлчилгээ үзүүлнэ" гэсэн зараар халхавчлан 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байранд байрлах “К” гэх газарт “алжаал тайлах, гулгаа массаж, бариа засал хийх” нэрийдлээр иргэн Д.А, Г.Т, Б.С нарын биеийг үнэлүүлж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Оын "... Би тухайн өдөр “Хөөрхөн өө” гэх цахим хаягаар бариа засал, алжаал тайлах төвд хүн сургаж авна гэх зарын дагуу 90018011 дугаарын утас руу холбогдож ямар үйлчилгээтэй вэ гэж асуухад “100,000 багц байна бүтэн биеийн бариа, душ, халуун кофе, цай байна” гэхээр нь өөр багц асуух үед “180,000 багц байна, бүтэн биеийн бариа, цэгэн бариа, халуун чулуу, чихний лаа, душ, халуун кофе, цай” гэхээр нь би өөр юу байгаа вэ гэхэд “нэг удаагийн бэлгийн харьцаа байгаа” гэж хэлсэн. Би хаягийг нь заалгаад 21 цаг 46 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын өөдөөс харсан шар хуучны 5 давхар байранд К гэх нэртэй газар ирээд гар утсаар яриад дотогш орсон. Дотогш ороод тухайн үйлчилгээг дахин асуух үед түрүүн утсаар ярьсан үйлчилгээг бүгдийг нь хэлсэн. Би зөвшөөрөөд тооцоо болох 180,000 төгрөгийг бэлнээр хийгээд цаашаа өрөөнд ороод хувцсаа тайлаад душинд ороод гарч ирээд өрөөнд ороод сууж байх үед хар левчик, богино банзал, хар майктай намхан, 20-25 орчим насны, мараалаг эмэгтэй орж ирээд доошоо хараад хэвт гээд бариа хийж байгаад, бэлгийн харьцаанд орсон...” /1хх 11/,

гэрч П.А-ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Фейсбүүк дээрээс “бариа засалч сургаж ажилд авна” гэсэн утгатай зарын дагуу холбогдоход Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах К нэртэй массажны газар байгаа өөрийн биеэр хүрч ирээд уулзаарай гэхээр нь би явж очтол У.Х, С гэх 2 эмэгтэй байсан ба С нь надад бариа хийх арга зааж өгсөн. Тэгээд би тэр өдрөөсөө шууд ажиллаад эхэлсэн. Эхний өдөр би дан бариа хийж байсан. Харин дараагийн өдөр нь би ямар ч үйлчилгээ хэн нэгэнд үзүүлээгүй. Яагаад гэвэл үйлчлүүлж байгаа эрэгтэй хүмүүс нь бариа массаж хийлгэх охиноо сонгож авдаг учраас би 21-ний өдөр нэг ч удаа сонгогдоогүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой гаднаас 35-40 орчим насны нэг эрэгтэй орж ирсэн. Тэр үед С  надад хандан “наад хүн чинь нэг гулгаа, нэг секс авсан шүү” гэхээр нь би 2 номерын өрөөнд оруулаад бүх хувцсыг нь тайлуулаад нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Ямар ч байсан үйлчилгээ авсан хүнийхээ орлогын 30 хувийг би өөрөө авч 70 хувийг нь байгууллага авна. Гулгаа хийнэ гэдэг нь өөрөө бүх хувцсаа тайлж нүцгэлээд үйлчилгээ авч байгаа эрэгтэй хүний дээр тос асгаад дээр нь цээж бөгс хэсгээрээ гулгаж сэрлийг нь хөдөлгөхийг хэлдэг... Т нэг удаа бэлгийн харилцаанд орж байхыг нь сонссон. 3 номерын өрөөнд секс хийж байсан нь илт мэдэгдсэн. Бас С нэг удаа бэлгийн харилцаанд орж байхыг сонссон. Намайг 2 хоног ажиллахад У.Х бариа, гулгаа, секс үйлчилгээ гэж хэлэхэд нь тухайн үйлчилгээ авсан эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Үйлчлүүлэгч нар У.Хтай төлбөр тооцоогоо хийдэг. Би 1 хоног ажиллаад гарахдаа Б.О эгчээс бэлнээр 150,000 төгрөгийн цалин авсан” /1хх 31-32, 51, 205-206/,

гэрч Г.Тын "... Би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зар дээрээс массажист ажилд авна гэсэн утгатай зарын дагуу тухайн үед ямар дугаараар зар тавьсан байсныг санахгүй байна. Ямар ч байсан би тэр өдрөө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах К нэртэй массажны газарт очиход Б.О гэх нэртэй эгч захирал нь гэж өөрийгөө танилцуулаад О гэх нэртэй эгч тэрхүү газарт ажилладаг байсан. Өөр ажилтан байгаагүй. Надад анх О эгч хэрхэн массаж бариа хийх талаар зааж өгсөн. Б.О нь заримдаа өөрөө бариа зэрэг зүйлсээ хийдэг байсан. Одоогийн байдлаар манай массажны газар нь надтай нийлээд 4 ажилтантай бөгөөд У.Х С  А нартай хамт ажилладаг. А 24 цаг гараад, 24 цаг амардаг байсан. С , У.Х бид гурав тухайн газарт байрлаж ажилладаг байсан. Үйлчлүүлэгч нар орж ирэхэд У.Х эхлээд Б.О эгчийн дансаар үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог авдаг байж байгаад сүүлдээ өөрийнхөө дансаар аваад тухайн мөнгөө Б.О эгч рүү шилжүүлдэг байсан. Үйлчлүүлэгч нарт бид нар 90,000 төгрөг болох бүтэн биеийн массажны үйлчилгээ, 160,000 төгрөг болох массаж болон бие дээр нь халуун тос асгаад гулгадаг үйлчилгээ, 250,000 төгрөг болох массаж болон бие дээр нь халуун тос асгаад гулгах, тусгай үйлчилгээ гэсэн 3 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Хүмүүс ихэнхдээ 160,000 болон 250,000 төгрөгийн үйлчилгээ авдаг байсан. Үйлчлүүлэгчид У.Хд мөнгөө төлөөд У.Х бид нарыг арын амралтын өрөөнөөс дуудаад бид нар үйлчлүүлэгч нарын өмнө нэг нэгээрээ очиж мэндэлдэг. Үйлчлүүлэгч нь таалагдсан эмэгтэйгээ сонгоод тусгай өрөөнд ороод үйлчилгээгээ авдаг байсан. Би тухайн газарт 2024 оны 05 дугаар cap хүртэл хугацаанд ажиллаад ажлаасаа гараад хөдөө явсан... Тусгай үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгч нартай нэг удаа бэлгийн харьцаанд орох үйлчилгээг хэлж байгаа юм. Би болон У.Х, С, А нар нь бүгд тусгай үйлчилгээ үзүүлж байсан. Үйлчлүүлэгч нар нь ихэвчлэн Баасан гарагт орж ирдэг байсан ба 18 цагаас өглөөний 7 цаг хүртэл бид нар хүмүүст тусгай үйлчилгээ үзүүлдэг байсан... Анх Б.О эгч өөрөө ресейпшн хийдэг байсан. Сүүлдээ У.Х ресейпшнээ хийдэг болсон... Тухайн орлогыг У.Х нь Б.О эгчийн данс руу шилжүүлдэг байсан... тусгай үйлчилгээ гэдэг нэг удаа бэлгийн харилцаанд орох үйлчилгээг хэлж байгаа юм” /1хх 44-46, 210-211/,

гэрч Т.Агийн “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр... би уг гүйлгээг сая интернэт банкаараа орж харахад шөнийн 04 цаг 03 минутад хийсэн гүйлгээ байна. Энэ гүйлгээг би Төмөр замын эмнэлгийн хажуу талын байранд байх “К" нэртэй саун, массажны газрын фейсбүүк дээр байх зарын дагуу холбогдож тусгай буюу секс үйлчилгээ байгаа талаар асуухад байгаа гэж хэлэхээр нь тухайн үед хамт явж байсан найз Заманбекийн хамт очоод гадна хаалган дээр очоод залгахад орцоороо ороод ир гээд орцоор нь ороод найз бид хоёр тус тусдаа хоёр өрөөнд орсон. Өрөөнд ороод би эхлээд массаж хийлгэж дараа нь 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн газар руу ороод үйлчилгээ эхлэхээс өмнө мөнгөө шилжүүлсэн...” /1хх 124-125/,

гэрч Б.Зийн “...2024 оны 04 сард би Япон улсад байж байгаад ирсэн. Тэгээд найз А-ай уулзаад гадуур явж байгаад шөнө 03 цагийн орчимд бид хоёр фейсбүүкээс зар харж байгаад Төмөр замын эмнэлгийн хажуу талын байранд байх саун, массажны газартай холбогдож гадаа нь очиход баруун тийш төмөр замын эмнэлэг рүү харсан, төмөр шатаар гараад ордог хаалгатай байсан. Тэгээд залгахад тойроод орцоор нь ороод ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр орцоор ороод 1 давхарт гарахад 3 хаалга байсан. Тэрний баруун талын хаалга нь онгойгоод бид хоёрыг оруулсан санагдаж байна. Тэгээд ороод манай найз Амгаа ресейпшн эмэгтэйтэй уулзаад цаг нь 250.000 төгрөг юм байна хоёулаа нэг нэг цаг оръё гээд орсон. Тэгээд найз бид хоёр нэг нэг өрөөнд ороод үйлчилгээ аваад гарч ирсэн...” /1хх 128-129/,

гэрч З.Тийн “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр..., Би хөдөө ээлжээр ажилладаг бөгөөд ажлаасаа буугаад Улаанбаатар хотод ирээд амарч байхдаа тухайн орой гадуур гарч жаахан уугаад явж байгаад Цогоо гэх нэг залуутай танилцаад, уг залуу бид хоёр зар харж байгаад Төмөр замын эмнэлгийн өөдөөс харсан байранд байрлах саун массажны газарт очсон. Уг газар руу баруун талаас нь төмөр шатаар гараад орж байсан. Тэгээд бид хоёр нэг удаагийн секс үйлчилгээг нэг хүний 250,000 төгрөгөөр авахаар тохирч би тухайн газрын ресейпшн хийж байсан эмэгтэйн өгсөн данс руу 500,000 төгрөгийг 04-05 цагийн үед шилжүүлээд уг Цогоо гэх залуу бид хоёрыг хоёр эрэгтэй цаад өрөөнөөс гарч ирээд дагуулаад нэг нэг өрөөнд орж би уг эмэгтэйтэй 1 удаагийн бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Цогоо гэх залуу бид хоёр тэр газраас гарч ирээд ахин уугаад цааш явсан...” /1хх 132-133/,

гэрч Ш.Бын “...2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр..., Төмөр замын эмнэлгийн хажуу талын байранд байх саун, массажны газраар найз Ш-ын хамт орж үйлчлүүлж байсан. Тусгай үйлчилгээ буюу 1 удаагийн секс үйлчилгээ авсан. Тухайн өдөр найз Шинэбаяртайгаа гадуур явж байгаад фейсбүүкээс тухайн газрын зарыг олж хараад очиж үйлчлүүлсэн ямар хаягаас зар оруулсан байсныг нь одоо санахгүй байна" /1хх 136-137/,

гэрч М.Бн "... 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр..., Би уг гүйлгээг интернэт банкнаасаа харахад 04 цагт шилжүүлсэн байна. Тухайн шөнө би найзуудтайгаа гадуур төрсөн өдөр тэмдэглээд явж байгаад салаад гэр рүү явж байгаад фейсбүүк дээрээс саун, массаж 24 цаг ажиллаж байна гэсэн утга агуулгатай зар олж хараад уг зарын дагуу холбогдоод ямар ямар үйлчилгээтэй вэ гэхэд бүх төрлийн үйлчилгээ байгаа гээд уг газрын хаягийг нь заалгахад Баянгол дүүргийн Төмөр замын эмнэлгийн эсрэг талд гэхээр нь гадаа нь явж очоод төмөр шатаар өгсөж орж бүх төрлийн бариа, гулгаа, 1 удаагийн секс үйлчилгээ авсан. Секс үйлчилгээ нь 1 удаа бэлгийн харьцаанд орох нь 250.000 төгрөг бусад массаж, гулгаа 250.000 төгрөг гэж байсан...” /1хх 140-141/,

гэрч Р.Сийн “... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр..., Би тухайн өдөр гадуур жаахан уугаад явж байгаад фейсбүүк дээрээс саун, массаж гэсэн зар олж хараад тухайн зарын дагуу холбогдож ямар үйлчилгээтэйг нь асуухад бүх төрлийн үйлчилгээ байгаа гэсэн. Тэгэхээр нь би байршлыг нь заалгуулахад Төмөр замын эмнэлгийн өөдөөс харсан гээд газрынхаа нэрийг хэлж байсан одоо санахгүй байна. Тэгээд гадаа нь очоод залгахад хаалгаа онгойлгохоор нь би төмөр шатаар дээш өгсөөд орсон. Тэгээд ямар үйлчилгээ авах уу гэхээр нь тусгай буюу секс үйлчилгээ гэж хэлсэн чинь 250,000 төгрөг гээд данс өгөхөөр нь тухайн данс руу нь шилжүүлсэн чинь цаад талын өрөөнөөс нь нэг эмэгтэй гарч ирээд намайг аваад өрөөнд оруулж массаж хийгээд тэгээд дараа нь нэг удаа бэлгийн харьцаанд ороод тэгээд гарсан...” /1хх 144-145/,

гэрч Н.Тий "... 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр..., Тухайн шөнө би гадуур төрсөн өдрөө тэмдэглээд явж байгаад цахим орчноос зар хайж байгаад нэг газар олоод утсаар нь холбогдож хаана байдаг талаар асуухад Төмөр замын эмнэлгийн эсрэг талд гээд хаягаа зааж өгсөн. Уг өгсөн хаягийн дагуу би очоод утас руу нь залгахад хаалгаа онгойлгож өгсөн Тэгээд ороод секс үйлчилгээ авах гэсэн юм гэдгээ хэлээд, тэгсэн 250.000 төгрөг гэхээр нь ресейпшний өгсөн данс руу 250.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлээд тэгсэн нэг эмэгтэй гарч ирээд намайг дагуулж ороод надтай нэг удаа бэлгийн харьцаанд ороод гараад явсан" /1хх 148-149/,

гэрч Д.Аийн “...2024 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө би найз Бямбасүрэнгийн хамт гадуур шоудаж яваад 05 цагийн үед бид хоёр талбайн урд талын баарнаас гараад явж байгаад зам дээрээс такси бариад жолоочийг нь тусгай үйлчилгээтэй газар мэдэх үү хүргээд өгөөч гэсэн чинь таксины ах утаснаасаа зар харж байгаад бид хоёрыг 25 дугаар эмийн сангийн Төмөр замын эмнэлгийн эсрэг тал авч ирж буулгасан. Бид хоёр саун, массаж гэсэн бичигтэй газар руу орсон. Уг газарт ороод тусгай буюу секс үйлчилгээ нь хэд вэ гэсэн чинь нэг хүний нэг цаг нь 250.000 төгрөг гэсэн. Тэгээд би 500.000 төгрөг шилжүүлсэн чинь хоёр эмэгтэй гарч ирээд бид хоёрыг нэг нэгээр маань өрөөнд авч орсон. Надтай орсон эмэгтэй массаж хийгээд би бэлгийн харьцаанд орох гэсэн чинь та хэтэрхий согтолттой байна гэсэн. Би жаахан унтчихсан чинь уг газрын хүмүүс нь найз бид хоёрыг гараарай гэсэн тэгэхээр нь би жаахан байж байгаад гаръя гэсэн чинь тэгвэл мөнгөө нэмж өгөөд өдөр хүртэл байж болно гэсэн. Тэгээд би ахиад 500.000 төгрөг нэмж өгсөн. Тэгсэн чинь эхнээс нь бүх үйлчилгээг хийнэ гэж хэлээд нэг эмэгтэй өрөөнд орж массаж хийгээд нэг удаа бэлгийн харьцаанд ороод тухайн газарт өдөр хүртэл унтаж байгаад найзтайгаа хамт гарч явсан..." /1хх 152-153/,

гэрч Г.Тын "... 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр..., Би тухайн шөнө утсан дээрээсээ телеграммын хайлт хэсэгт нь санхүү гэж бичихэд “санхүү өгөө аваа” гэсэн өрөөнүүд гарч ирсэн. Уг өрөөнүүдээс нэг рүү нь ороод утасныхаа дугаараар залгаж байршлыг нь аваад Төмөр замын эмнэлгийн эсрэг талын К гэсэн нэртэй саун массажны газарт очиж 250.000 төгрөгийн секс үйлчилгээ авсан. Би энэ газраар урд нь нэг удаа ирж үйлчлүүлж байсан. Тэрнээс хойш мэддэг болсон...” /1хх 156-157/,

гэрч М.Эын “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр..., би тухайн өдөр гадуур ууж яваад фейсбүүкээс зар харж байгаад гоё охидтой гэсэн нэг зарын дагуу холбогдоод байршлыг нь асуусан чинь 25 дугаар эмийн сан Төмөр замын эмнэлгийн эсрэг талын байр гэж хэлэхээр нь явж очоод залгахад хаалгаа онгойлгож өгөөд тухайн газар руу ороод үйлчилгээнийх нь хөлсийг асуухад бүх төрлийн бариа 1 удаагийн секс үйлчилгээтэйгээ 500,000 төгрөг гэсэн. Тэгээд тухайн ресейпшний өгсөн данс руу өөрийнхөө 5069337280 данснаас 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн 2 эмэгтэй гаргаж ирээд сонгуулаад би нэгийг нь сонгоод уг эмэгтэй намайг дагуулж өрөөнд ороод надад массаж хийгээд, дараа нь надтай нэг удаа бэлгийн харьцаанд ороод тэгээд гарсан. Би араас нь хувцсаа өмсөөд тэр газраас гарахад 5 цаг болж байсан...” /1хх 160-161/,

гэрч Д.Б-ийн “...Би өөрийн эзэмшил өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 41 тоот 42 м.кв байрыг 2023 оны 03 дугаар сард “түрээсэлнэ” гэж цахим орчинд зар байршуулсан. Тэгтэл 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдөр М гэдэг эрэгтэй 99299109 дугаараас залгаад манай байрыг ирж үзсэн. Ингэхдээ М нь эхнэр сүүлд нь нэрийг нь Баатаржавын Б.О гэдэг эмэгтэйтэй хамт ирж үзсэн. Тухайн үед Б.О нь бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирж уулзаад манай байрыг сарын 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр болоод би Б.Оийн нөхөр Мтэй үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ хийсэн. Тухайн үед М нь манай эхнэр Б.О бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байсан. М надтай түрээсийн гэрээ хийсэн боловч эхнэр Б-вын Б.Оийн хаан банкны ...... дугаарын дансаар манай эхнэр Б-гийн ...... дугаарын данс руу cap бүрийн 05-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлдэг байсан” /1хх 188-190/ тус тус мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар өгсөн "... 2023 оны 04 дүгээр сарын сүүл гэж санаж байна. Интернэтээр байр түрээслэх зар хайгаад байж байтал үнэгүй.мн сайт дээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байранд байр түрээсэлнэ гэсэн зар байсан. Ингээд зарын дагуу холбогдоод би нэг эрэгтэй хүнтэй очиж уулзсан, түрээслэхээр болоод салцгаасан. Дараа өдөр нь би нөхөр Мийн хамт очоод тухайн байрны эзэнтэй уулзаад түрээсийн гэрээгээ байгуулсан. Тухайн үед би бичиг баримтгүй явж байсан учир нөхөр Мийн бичиг баримтаар түрээсийн гэрээ байгуулсан. Ингэхдээ сарын 2,500,000 төгрөгөөр түрээслэхээр болсон, түрээсийн мөнгийг би өөрийн хаан банкны ...... дугаарын данснаас шилжүүлдэг. Би тухайн газрыг түрээслээд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн саун массажны үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан. Тухайн үед манай ажилтнаар А, Т, С, У.Х нар ажиллаж байсан. Манай саун массаж нь гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг байсан. 90,000 төгрөгийн үйлчилгээ буюу цэгэн бариа хийх үйлчилгээ, 160,000 төгрөгийн үйлчилгээ буюу цэгэн бариа, массаж хийх үйлчилгээ, 250,000 төгрөгийн үйлчилгээ буюу цэгэн бариа, массаж хийх үйлчилгээ, халуун чулуу бумба тавих үйлчилгээ ордог байсан. Эхлээд энэ үйлчилгээгээ явуулж байгаад сүүлдээ тусгай үйлчилгээ буюу нэг удаа бэлгийн харьцаанд орох үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Би эхлээд ресейпшний ажлаа хийдэг байсан ба сүүлд У.Х ажилд ороод У.Х ресейпшнээр ажилладаг болсон. Би тухайн үеэс эхлэн массажны газартаа орлогоо авах, ажилчдынхаа цалин мөнгийг өгөх, бараа материал өгөх гэж очдог байсан. Би ажилчдынхаа олсон орлогын 35-40 хувиар цалинг нь олгодог байсан. Би эхлээд тухайн газар бариа засал массажны үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингээд дунд хэсэг сүүл хэсэгт байнга биш хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын биеийг үнэлүүлсэн” гэсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг /1хх 229/,

шүүгдэгч У.Хын яллагдагчаар өгсөн “... Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр массажист сургаж ажилд авна гэсэн зарын дагуу Б.О гэх хүнтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 41 тоотод үйл ажиллагаа явуулдаг К гэх нэртэй газарт очиж уулзсан. Ингээд бариа засал, массажист хийхээр ажилд орсон. Бид нар 24 цагаар тухайн газраа байрлаж ажилладаг. Харин А хааяа гэртээ харина гээд явчихдаг байсан. Тухайн газрыг намайг анх ажилд авсан Б.О хариуцан ажиллуулдаг байсан. Би тухайн газарт ресейпшний ажил хийдэг байсан. Хаан банкны ..... дугаарын дансыг анх 2019 онд нээлгэсэн. Одоог хүртэл ашиглаж байгаа. ..... данснаас ...... дугаарын данс руу шилжүүлсэн 76,104,710 төгрөг нь “К”-ийн орлого байгаа юм. Тухайн орлогыг Б.О эгчийн данс руу шилжүүлдэг байсан. Би тухайн газарт ажиллаж байхад Д.Б.О эгч бусад охид чинь барьцаад байна гээд миний биеийн үнэлүүлдэг байсан. Намайг үйлчлүүлэгч сонгох юм бол би орж тусгай үйлчилгээ үзүүлдэг байсан. Манай байсан "К" нэртэй газраар үйлчлүүлэгч орж ирэхэд нь үйлчилгээг нь тайлбарлаж өгөөд охидтой нэг нэгээр нь харуулаад сонгуулаад өрөөнд нь оруулаад үйлчилгээ хийдэг байсан. Тухайн хүмүүс үйлчилгээ авахаасаа өмнө миний Хаан банкны ..... дугаарын данс руу төлбөрөө шилжүүлдэг байсан. Тэр төлбөрийг өдөр өдөрт нь 11 цагаас өмнө Б.О эгчийн ...... дугаарын данс руу шилжүүлдэг байсан” гэсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг /1хх 246-247/,

У.Хын Хаан банкны ..... дугаартай данснаас Б.Оийн Хаан банкны ...... дугаарын дансанд 49 удаагийн гүйлгээгээр 76,104,710 төгрөгийн зарлага хийгдэж 17 удаагийн гүйлгээгээр 10.164.825 төгрөгийн орлого орж ирсэн байна, У.Хын Хаан банкны ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “300.000, 400.000, 450.000, 500.000, 750.000 төгрөг гэх зэргээр 44 удаагийн гүйлгээгээр 21.100.000 төгрөгийн орлого орсон...” /1хх 97-107/, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.О, У.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.О, У.Х нарыг “биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч У.Хд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ болох хууль бус орлогыг 4,430,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар Б.Оийг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тусгагдсан “тэнсэх” ойлголт нь эрүүгийн ял, хариуцлагын төрлөөс зөвхөн хорих ялтай холбогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх агуулгаар илрэх бөгөөд, шүүхийн практикт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О, У.Х нарын холбогдсон эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгон оногдуулж, хугацааг Б.От 2 жил, У.Хд 1 жилээр тогтоосон нь тохирсон, хүнд биш ял байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 59,549,000 төгрөг, шүүгдэгч У.Хаас 3,801,000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг шүүгдэгч нарын үйл ажиллагаа явуулсан цаг хугацаанд ашиглаж байсан банкны дансны хуулга, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нөхцөл байдлуудыг үнэлж дүгнэн хохирлыг тогтоосон нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авах хууль зүйн боломжгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1087 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1087 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ