Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 557

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Хохирогч Б.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт О.Э-д холбогдох эрүүгийн 1811012350490 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Э овогт О.Э, Монгол Улсын иргэн, 1988 оны 11 сарын 3-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 11 дүгээр гудамж 142 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /.

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамж 1094г тоотоос хохирогч Б.Золбаярын цүнхтэй Самсунг гар утас, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.267.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд баарнаас 03 цагт гараад 3 эрэгтэй танил найзынхаа гэрт нөгөө эмэгтэйгийн хамт 5-уулаа очсон юм. Тэр үедээ 2 том пиво авсан бөгөөд үүр цайтал уг пивийг ууж байгаад өглөө 7 цаг болоход би хохирогч эмэгтэйгийн цүнхийг аваад гарсан …” гэх мэдүүлэг /хх-39-40х/,

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр клуб орчихоод дараа нь найзындаа очсон. Орой найзындаа архи уучихаад өглөө нь хохирогчийн эд зүйлүүдийг авч гарсан” гэв.

Хохирогч Б.Золбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 57 дугаар сургуулийн хажуу талд 32 клуб гэсэн бааранд найз Наранчимэгтэй хамт орсон юм. Тэгээд бааранд байж байсан чинь нэг эмэгтэй ирээ нэрээ Ээгий гээд байсан бүтэн нэрийг нь Энхжаргал гэсэн хүрч ирээд танай найз чинь нилээн согтсон байна, би бас найзтайгаа хамт явж байгаа хэдүүлээ хамт манай ширээнд сууя гээд байсан. Тэгээд баарнаас шөнө 03 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд баарнаас гараад бааранд танилцсан Ээгий гэдэг эмэгтэй хамт найз нартай нь хамт такси бариад найзынд нь хамт очсон. Найзынх нь гэр нь Булгийн 20-1094г тоотод байсан. Тэр айлд очиход гэрийн эзэн гэх Ганпүрэв эхнэрийн хамт байсан би тэдний Ээгий буюу Энхжаргалын найз болох хүмүүстэй 6-уулаа очсон. Тэр айлд очих замдаа дэлгүүрээс 2.5 литрийн 3 пиво аваад очсон. Авсан пивоо бид нар хувааж уусан. Тэгээд би нэг мэдсэн тэр айлд унтсан байсан маргааш өглөө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед босоход миний цүнх байхгүй байсан. Намайг босоход бааранд танилцсан Энхжаргалаас бусад бүгд байсан. Би тэд нараас миний цүнхийг харсан уу гэж асуусан чинь гэрийн эзний эхнэр Зулаа гэх эмэгтэй бор дөрвөлжин цүнх мөн үү гэхээр нь би мөн гэсэн чинь тэгүүл Энхжаргал 07 цагийн үед орон дээр байхад аваад үүрээд гараад явсан гэж надад хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-14х/,

Хохирогч Б.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ээжийнхээ 3 хос ээмэг кулон мөн өөрийн монетон гинж гар утас, түрүүвчинд байсан 60.000 төгрөг зэрэг зүйлүүдийг алдсан. Өөрт учирсан хохирол төлбөрийг гаргуулан авах саналтай байна” гэв.

Гэрч Т.Яндагдаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...уг эмэгтэйг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн эзэмшлийн 15-58 УНЭ улсын дугаартай автомашинтай такси үйлчилгээнд явж байхад Энхжаргал гэх эмэгтэй гар өргөн сууж 16 дугаар хороолол орж миний бичиг баримтаар монетон ээмэг ломбарданд тавьсан юм ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9х/,

Эд зүйлсийн үнэлгээ /хх-15х/,

Дугаар 388040654 болон 098041221 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-16-17х/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18х/,

Шүүгдэгч О.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамж 1094г тоотоос хохирогч Б.Золбаярын цүнхтэй Самсунг гар утас, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж 1.267.500 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.7 грамм 585 сорьцтой монетон ээмэг, монетон кулон, гинж 4.6 грамм 585 сорьцтой зэргийг хохирогч Б.Золбаярт буцаан олгож, шүүгдэгч О.Э-аас хохирлын 692.990 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт, 810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Золбаярт тус тус олгож шийдвэрлэв.   

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 41 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ын цагдан хоригдсон нийт 41 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 692.990 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрт, 810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Золбаярт тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8.7 грамм 585 сорьцтой монетон ээмэг, монетон кулон, гинж 4.6 грамм 585 сорьцтой эд зүйлсийг хохирогч Б.Золбаярт буцаан олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН