Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/643

 

 

 

 

 

 

    2025           05            27                                          2025/ДШМ/643

 

И.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/969 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Мид холбогдох эрүүгийн 2402005170474 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн И.М, 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физик, математикийн багш мэргэжилтэй, “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр” сургуулийн сургалтын менежер, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар харгалзсан, /РД: ............../;

Шүүгдэгч И.М нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “...ашиг сонирхлоос ангид байх...”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-т заасан “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх...” гэснийг,

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг “...Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, сурагчийг оролцуулахыг хориглоно...” гэснийг,

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.6 дахь хэсэгт заасан “Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах...” гэснийг,

Тус дүрмийн 4.2.4 дэх заалтад “...ажил үүргээ гүйцэтгэсний төлөө суралцагчаас шан харамж, бэлэг, авлига авах, бусдад зуучлах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, тоног төхөөрөмж, эд материал өгөхийг шаардах, ном сургалтын хэрэглэгдэхүүн бусад зүйлийг тулган борлуулахаас татгалзах...”, 4.3.6-т “албан байгууллагын нэр, албан тушаалын бүрэн эрхийг хувийн зорилгоор ашиглахаас татгалзах...”, 4.4.4-т ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас аливаа урамшуулал, бэлэг, шан харамж шууд болон шууд бусаар авах болон бусдад зуучлахаас татгалзах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлээс сэргийлэх..." 4.4.11-т "... албан тушаалын бүрэн эрх, давуу байдлаа ашиглан багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчид хууль бус шаардлага, үүрэг даалгавар өгөхгүй, шийдвэр гаргахгүй байх, хууль бус үүрэг, шийдвэрийг үл биелүүлээгүйн төлөө хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх...” гэснийг тус тус зөрчин:

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Ш.Нгийн 2022 оны 04 дүгээр сард ажилласан цаг дээр 16 цагийг ажиллаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Нгийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн 71.760 төгрөгийг “ilvv tsag” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Математик, мэдээлэл зүйн багш А.Лын 2022 оны 05 дугаар сард ажилласан цаг дээр 24 цагийг ажиллагаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А.Лын эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн нийт 180.000 төгрөгийг “az” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Химийн багш Б.Гын 2024 оны 04 дүгээр сард ажилласан цаг дээр 109 цагийг ажиллагаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Гын эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн нийт 143,000 төгрөгийг “g” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Тус сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7а ангид шилжин суралцсан А.Дийн сургалтын төлбөр болох 250,000 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2023 оны 03 дугаар сарын18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

7а ангид шилжин суралцсан Ө.Н, Ө.Ш нарын сургалтын төлбөр болох 337,360 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр математикийн багш С.Эаар дамжуулан авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

7а ангид шилжин суралцсан Б.Э, Г.С нарын сургалтын төлбөр болох 338,000 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн нярав Н.Мийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: И.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И.Мийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, ...өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Мид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирсэн бичлэг бүхий сиди 3 ширхгийг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, битүүмжилсэн эд хөрөнгө ирүүлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/969 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. И.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч прокурор 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй учир ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжсэн. Гэтэл шүүх хэргийг бүхэлд нь авч үзээд прокурорын саналаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. И.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан сургуулийн бага насны хүүхэдтэй, цаашид өөрийгөө зөв удирдаад нийгэмд болон гэр бүл, өөртөө ашигтайгаар хөдөлмөрлөөд явах бүрэн боломжтой боловсрол мэргэжилтэй иргэн юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 6 настай хүүгийн хамт амьдардаг. Ажил хийж, амьдрах шаардлагатай байгаа тул зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хязгаарлалтыг дахин хэлэлцэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч И.Мтай холбоотой хэрэг дээр хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаагүй. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү хэмээн мэтгэлцэж оролцсон. Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал дүгнэлтэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн шинж, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх асуудал нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт болон мөн хуулийн тусгай ангид заасан хэм хэмжээний хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуулийн зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч И.М нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 4.3.6, 4.2.4, 4.4.4, 4.4.11-т заасныг тус тус зөрчиж,

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Ш.Нгийн 2022 оны 04 дүгээр сард ажилласан цаг дээр 16 цагийг ажиллаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ш.Нгийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн 71.760 төгрөгийг “ilvv tsag” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Математик, мэдээлэл зүйн багш А.Лын 2022 оны 05 дугаар сард ажилласан цаг дээр 24 цагийг ажиллагаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А.Лын эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн нийт 180.000 төгрөгийг “az” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

Химийн багш Б.Гын 2024 оны 04 дүгээр сард ажилласан цаг дээр 109 цагийг ажиллагаагүй байхад нэмж бичин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Гын эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансанд орлого буюу цалин орсны дараа түүнээс илүү цагийн нийт 143,000 төгрөгийг “gandulam” гэх утгаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

7а ангид шилжин суралцсан А.Дийн сургалтын төлбөр болох 250,000 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2023 оны 03 дугаар сарын18-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

7а ангид шилжин суралцсан Ө.Н, Ө.Ш нарын сургалтын төлбөр болох 337,360 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр математикийн багш С.Эаар дамжуулан авч, өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон,

7а ангид шилжин суралцсан Б.Э, Г.С нарын сургалтын төлбөр болох 338,000 төгрөгийг Төрийн сангийн .... дугаартай дансанд хийлгэхгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн нярав Н.Мийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч өөртөө эдийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр ерөнхий боловсролын сургуулийн менежер, захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч И.М нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны эрх хэмжээг хэтрүүлж өөртөө давуу байдал үүсгэж хэрэгт холбогдсон байна. Ингэхдээ төрд 1,320,120 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хохирлыг төлчих юм бол манай байгууллагаас нэхэмжлэх, гомдол гаргах зүйл байхгүй...” /4хх 139-140/,

гэрч Э.Г-ийн “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн хэсэг албан хаагчдын зүгээс тус сургуулийн дундын менежер И.Мийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан. И.М нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүр 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүргийг хуулиар хүлээсэн нийтийн албан тушаалтан юм. Дээрх албан тушаалтан нь өөрийн хариуцсан секц болох Байгалийн ухааны секцийн багш нарт хичээл заагаагүй илүү цагийг бичиж цалинг олгуулж, багш нарын дансанд орсон мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авч бусдад болон өөртөө давуу байдлыг бий болгосон. Жишээ нь: Математикийн багш Ш.Н, Биологийн багш Ж.У, Химийн багш Г.Г , Биеийн тамирын багш Х.Х , Ц.М , М.Эр, Б.Дэ нарт хичээл заагаагүй байхад мэргэжпийн болон мэргэжлийн бус хичээлийг заасан мэтээр цалин олгосон болох нь санхүүгийн баримтаас харагдана. Өөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй багш Мөнхболд, багш Оын илүү заасан цагийг бичиж олгоогүй, шахаж боосны улмаас дээрх багш нар аргагүй эрхэнд ажпаасаа гарсан. Тус сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд 9, 12 дугаар анги төгссөн сурагчдаас хандив нэрээр мөнгө авсан. Жишээ нь: Тус сургуулийн Ж.Ун багштай 9а анги.Л.С багштай 9б анги, Д.Д багштай 9в анги, Т.О багштай 9г анги, А.Л багштай 9д анги, Л.Э багштай 9е анги, Д.Г багштай 12а анги, Б.Э  багштай 12б ангийн сурагч тус бүрээс 10,000 төгрөгийг хураан анги даасан багш нараас бэлнээр болон өөрийн дансаар шилжүүлэн авсан. Тус сургуулийн 9,12 дугаар ангийн багш нараас А, Б маягтыг батлуулах, хувийн хэрэг тулгахад зарцуулах хоолны мөнгө шилжүүлэн авсан. Тус сургуулийн 2023- 2024 оны хичээлийн жилд суралцсан 6 дугаар ангийн 7 бүлэг, 7 дугаар ангийн 6 бүлэг, 8 дугаар ангийн 6 бүлэг, 9 дүгээр ангийн 6 бүлэг нийт 25 бүлгээс “цэцэг авах мөнгө” гэж тус бүрээс 150,000 төгрөгийг бэлнээр болон өөрийн дансаар шилжүүлэн авсан. И.М нь тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд 9 дүгээр анги төгсөх шалгалтаас чөлөөлөгдсөн нэр бүхий сурагчдын ар гэртээ уулзаж /ирц, улирлын дүн, шалгалтын дүнг хуурамчаар бичих/ тодорхой нөхцөл тавьж хариуд нь мөнгө авсан. Жишээ нь: Турк, БНХАУ-ын Өвөр Монголд тухайн хичээлийн жилд суралцахаар явсан сурагчдын хичээлийн ирц, шалгалтын дүн, явцын дүн огт байхгүй байхад дүн, ирц, шалгалтын дүнг хуурамчаар үйлдэж, төгсгөх гэж байсныг сургуулийн зөвлөлийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэст мэдэгдэж, шалгалтаар илрүүлсэн. Анги удирдсан багш нарыг ажлын бус цагаар дуудан ирүүлж дээрх сурагчдыг шалгалтад оруулахыг зөвшөөрсөн мэтээр хурлын протоколыг хуурамчаар үйлдэн гарын үсэг зуруулахдаа хичээлээс чөлөөлөгдсөн дээрх сурагчдыг 80 хувиас дээш үнэлгээтэй төгсгөхийг тулгаж шаардсан байдаг. Жишээ нь: 9б ангийн сурагч Б.Тэ БНХАУ-ын Өвөр Монголд, 9г ангийн сурагч С Турк улсад, 9д ангийн сурагч  А Турк Улсад байсан тухайн хичээлийн жилд огт суралцаагүй сурагчдын эцэг, эхээс мөнгө авсан. Тус сургуулийн байгалийн ухааны секцэд хамаарагддаг математикийн сонгоны сургалттай 6а, 7а, 8а ангиудад 2023 оны 12 дугаар сараас хойш шилжин ирж суралцсан сурагчдын төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан. Мөн тус ангиудын 2021-2023 оны сурагчдын төлбөрийг өөртөө ашигласан. Тийм учраас гомдол гаргасан..." /1хх 18-19/,

гэрч Г.Э-ийн “...Манай сургуулийн менежерээр ажиллаж байгаад одоо захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа И.М нь сургуулийн 6-8 дугаар ангиудаас бэлнээр болон өөрийн дансаар коридорт тавих цэцгийн мөнгө гэж хэн нэгнээс зөвшөөрөл, санал авахгүйгээр шууд хурааж авсан байсан. Мөн манай сургуульд шинээр ажилд орсон химийн багш Гандуламын цалинг бодоход илүү цаг бичиж, илүү мөнгө бодуулж цалин орсны дараагаар Г  багшийг өрөөндөө дуудаж өөрийнхөө дансыг өгч шилжүүлж авсан гэж би Х гэдэг багшаас сонссон. ... Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сонгоны ангийн төлбөрийг менежер өөрийн хувийн дансаар авах ёсгүй, харин төрийн сангийн дансанд авах ёстой. ... И.М багш хандив гэх нэрийдлээр Ж.У багштай 9а анги, Л.С багштай 9б анги, Д.Да багштай 9в анги, Т.О багштай 9г анги, А.Л багштай 9д анги, Л.Эрдэнэцэцэг багштай 9е анги, Д.Г  багштай 12а анги, Б.Энхбаяр багштай 12б ангийн сурагч тус бүрээс 10,000 төгрөгийг буюу нийт 2,000,000-3,000,000 төгрөгийг бэлнээр болон өөрийн дансаар авч өөрийнхөө өрөөнд ханын самбар хийлгэсэн байсан. Тэр самбар нь хамгийн үнэтэй дээ 1,000,000-1,500,000 төгрөг байгаа. Үлдэгдэл мөнгийг нь өөртөө авсан гэж үзэж байна. Цагийг бүртгэлийн тооцоог менежерүүд өөрсдөө гаргаад нягтлан бодогчид өгдөг. Нягтлан бодогч менежерүүдийн гаргаж өгсөн цагийг бүртгэлийн дагуу цалинг бодож олгож байгаа. ...Турк, БНХАУ-ын Өвөр-Монголд тухайн хичээлийн жилд суралцахаар явсан сурагчдын хичээлийн ирц, шалгалтын дүн, явцын дүн огт байхгүй байхад дүн, ирц, шалгалтын дүнг хуурамчаар үйлдэж, төгсгөх гэж байсан асуудлыг Сонгинохайрхан дүүргийн боловсролтын хэлтэст мэдэгдсэн. Дүүрэг дээр шалгасан байх. Ямар нэгэн арга хэмжээ аваагүй...” /1хх 21-22/,

гэрч О.Ц-йн “...шинэ ажилд орсон Гандулам гээд багш ажиллаж байхад тэр багшийн ажилласан цагийг илүү бичээд цалин орсны дараа нь өөрөө илүү мөнгийг нь авч байсан гэсэн. Гэхдээ би энэ асуудлыг багш нараас сонссон. Математикийн багш На-аас бас 10 хувийн цалин илүү бичсэн байна, наад мөнгөө над руу шилжүүлээрэй гэсэн гээд Н багш нягтлан бодогч А-аас асуусан гэсэн. Би өөр зүйлийг сайн мэдэхгүй байна...” /1хх 23-24/,

гэрч Д.У-ын “...И.М менежер багш нарын ажилласан цаг дээр илүү цаг бичээд илүү бодогдсон цалинг нь өөрийнхөө дансаар авдаг гэж байсан. Бас ажлаас гарсан хоёр шинэ багшийн дансанд цалин орсны дараа нь илүү цаг бодсон байна гээд өөрийнхөө дансаар мөнгийг нь ав байсан гэсэн. Цэцгийн мөнгө гээд 6-8 дугаар бүх ангиас буюу нэг ангис 150,000 төгрөгийг ямар ч санал авалгүйгээр хурааж авсан гэсэн. Мөн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн хүүхдүүдийн мөнгийг хувь дансаараа авдаг гэж сонссон. Уул нь гүнзгийрүүлсэн ангид сурагч орохын тулд шалгалт өгч орох ёстой. Гэтэл ямар ч шалгуургүй авчихдаг юм шиг байна лээ...” /1хх 25-26/,

гэрч Б.Гын “...Би 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуульд химийн багшаар ажилд ороод ажиллаж байхад 2024 оны 04 дүгээр сарын сүүлийн цалин орохоос өмнө намайг өөрийнхөө өрөөндөө дуудаад цагийн тооцоон дээр гарын үсэг зуруулаад надад хандаж “энэ сарын цалин дээр цагийн багш Э-н 3 өдрийн чөлөөтэй байсан 18 цагийн цалинг чиний цалин дээр илүү цаг нэмж бодуулаад, цалин буусны дараа багш нь авчихъя, чи өөрөө нэг цагийн үнэлгээ хэдэн төгрөг байна тэрүүгээр нь тооцоод 18 цагийн мөнгө өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагийн багш Энхжаргалд өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл 04 дүгээр сарын 23-ны өдөр цалин орсны дараа И.М багш фейсбүүк мессенжер чатаар 18 цагийн орчимд өөрийнхөө Хаан банкны дансыг над руу явуулахаар нь би 18 цагийн мөнгийг тооцож үзээд 143,000 төгрөгийг И.М багшийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 14 хоногийн дараа манай дотоод хяналт хариуцсан Гантуяа багш өөрийнхөө өрөөнд намайг дуудаад надтай уулзаад чиний илүү цаг яагаад ийм өндөр байгаа юм бэ гэж асууж байсан. Тэгэхээр нь би болсон асуудлаа үнэнээр нь хэлээд И.М багш авсан гэдгийг хэлсэн. Энэ асуудлаас хойш дахиж тийм асуудал болоогүй. Би тухайн үед шинэ багш байсан урчаас нарийн учрыг нь сайн ойлгоогүй. Гантуяа багштай уулзсаны 7-10 хоногийн дараа 14-15 цагийн үед И.М багш, багш нарын арын өрөөнд байж байхад орж ирээд надад хандаж “чи багшийнхаа илүү цагийн мөнгө авсныг Гантуяа багшдаа хэлчихсэн юм уу хаацайлаад өнгөрөхгүй яасан юм бэ” гэхээр нь би “би болсон асуудлыг үнэнээр нь хэлсэн шүү дээ” гэж хэлсэн. Би Г багштай уулзсаны дараа И.М багшийг бас өөр багш нар дээр илүү цагийн мөнгө бичээд авдаг гэдгийг сонссон. Бас нэг тайлангийн хурал дээр гүнзгийрүүлсэн сургалттай ангийн зарим хүүхдүүдийнх нь төлбөрийг И.М багш авсан гэдгийг ярьж байсан...” /1хх 28-29/,

гэрч С.А-ийн “...М.И.М менежер багш нарын ажилласан цаг дээр илүү цаг бичиж өөрөө авч байсныг мэдээгүй. 2024 оны 07 дугаар сард энэ талаар сонсож байсан. Гэхдээ арай ч үгүй байлгүй дээ гэж бодоод өнгөрсөн. Менежер өөрөө хичээлийн хуваариа зохиогоод мөн багш нарын ажилласан цагийг бодож надад гаргаж өгдөг. Би түүний дагуу цалин хөлсийг бодож олгодог. Тухайн үед цэцэг авна нэг ангиас 150,000 төгрөг авна гэдэг талаар И.М багш нарт хэлсэн гэсэн. Төгсөх ангийн хүүхдүүд сургуульдаа бүтээлч ажлаар нэг юм үлдээдэг юм байна лээ. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн суралцагчаас төлбөрийг Төрийн сангийн дансаар авч байгаа. Нэг хүүхдийн төлбөр 168,680 төгрөг байдаг. Энэ жишиг төлбөрийг Нийслэлийн боловсролын газраас баталсан байдаг. Энэ мөнгөний зарцуулалт нь сургуульд шаардлагатай юм аа авдаг байгаа. Гүнзгий ангийн багш нар өөрсдөө юу хэрэгцээтэй байгаа талаар ярилцаж менежертэйгээ зөвлөлдөж байгаад шийддэг. Түүний дагуу би гүйлгээг нь хийдэг байгаа. Жил болгон аудитаар шалгуулдаг...” /1хх 31-32/,

гэрч Ш.Нгийн “...И.М менежер миний ажилласан цаг дээр илүү цаг бичиж өөрөө авч байсан тохиолдол байгаа. 2020 билүү 2021 оны хавар эсвэл намрын үед байхаа тэр үед цалин бодогдож байхад би И.М багштай ажилласан цагаа тулгаж гарын үсэг зурсан юм. Тэгэхэд И.М надад хандаж “багш нь чиний ажилласан цаг дээр илүү цаг бичсэн байгаа, чи цагаар нь тооцоод миний данс руу явуулаарай” гэж хэлээд дараа нь над руу мессеж билүү чатаар Хаан банкны дансаа явуулж байсан. Тэгээд би цалин орсны дараагаар өөрийнх нь илүү хэдэн цаг гэж мессеж бичсэний дагуу тэр мөнгийг нь шилжүүлж байсан. Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан юм. Би одоо нарийн сайн санахгүй байна. Өөр бас манай математикийн багш Л-с яг бас адилхан ажилласан цаг дээр нь илүү цаг бичээд өөрийнхөөрөө дансаар авсан байна лээ. Би тэр үед ингэдэг л юм байхдаа гэж бодоод өнгөрсөн. ... Тухайн үед цэцэг авна нэг ангиас 150,000 төгрөг авна гэдэг талаар И.М менежер багш нарт хэлж байсан. Тэгээд бид нар сурагчдын гэр бүлээс эцэг эхийг нь дуудаж уулзаад энэ талаар танилцуулж санаа бодлыг нь сонссон. Тэгэхэд эцэг эхчүүд цэцэг авах талаар зөвшөөрч 150,000 төгрөгийг хураалгахаар болсон юм. И.М багшаас цэцэг авна гэж шууд тулгаж, нэхсэн зүйл байхгүй. И.М багш цэцгийн мөнгийг өөрийнхөө дансаар авсан, ... Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн суралцагчаас төлбөрийг Төрийн сангийн дансаар авч байгаа. Нэг хүүхдийн төлбөр 168,680 төгрөг байдаг. Энэ жишиг төлбөрийг Нийслэлийн боловсролын газраас баталдаг юм. Миний мэдэж байгаагаар 2023 оны 7а ангийн сурагч Д нь 2023 оны 3-4 сард манай сургуулийн 7а ангид шилжин ирсэн. Миний хувьд анги удирдсан багш нь учраас гэр бүлээс нь хүн дуудаж уулзаад сургалтын төлбөр төлсөн эсэхийг тодруулахад Д-ийн төрсөн эгч А.Х нь надад хандаж “танай сургалтын менежер 200,000 төгрөг авсан, тэр нь сургалтын төлбөр байсан юм болов уу” гэж байсан тэгэхээр нь сургалтын төлбөрөө төлсөн гэж ойлгосон. ... Ямар ч гэсэн 2023-2024 онд төгсөх анги төгсгөсөн багш нарыг дүүргийн боловсролын хэлтсээс дуудаж шалгасан гэсэн. Таны асуусан “Турк, БНХАУ-ын Өвөр Монголд тухайн хичээлийн жилд суралцахаар явсан сурагчдын хичээлийн ирц, шалгалтын дүн, явцын дүн огт байхгүй байхад дүн, ирц, шалгалтын дүнг, хуурамчаар үйлдэж, төгсгөх гэж байсан” гэдэг асуудал байсан болов уу гэж бодож байна. Би тухайн үед төгсөх анги төгсгөөгүй учраас нарийн учрыг нь мэдэхгүй...” /1хх 34-35/,

гэрч Б.Б-ын “...Надад анх Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн хичээл зохицуулагч Гантуяа мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн дагуу тус сургуулийн нийт 9, 12 дугаар ангийн анги удирдсан багшийн цахим системд суралцагчдын хувийн хэргийг нэг бүрчлэн тулгалт хийхэд сурагч Б.Т, Д.С , Ч.А нарын 4 дүгээр улирлын ирцийн мэдээлэл байхгүй байсан. Тэгээд багш нар нь бас тухайн хүүхдүүдийг хичээлд суугаагүй гэж хэлж байсан. Тийм учраас Б.Тэ, Д.С, Ч.А нарыг 9 дүгээр анги төгсгөөгүй. Тухайн үед И.Мийг дуудаж уулзаж яагаад энэ сурагчдыг төгсгөх гэж байсан юм бэ гэж асуухад “эдгээр хүүхдүүд чөлөө хүсээд чөлөө олгосон юм тийм учраас 9 дүгээр анги төгсгөх гэж байсан юм” гэж хариулсан. Тэгэхээр нь би И.Мид хандаж сургуулийн улсын шалгалтын комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн байх ёстой гэтэл И.М өөрөө дур мэдээд амаар чөлөө өгсөн гэж ярьж байсан. Бас багш нартаа энэ 3 сурагчийг 9 дүгээр анги төгсгөх талаар тулгаж хэлсэн байсан. Би тухайн үед албаны шалгалтыг баримтжуулж хийгээгүй. Эдгээр сурагчдыг давтан сургаж 9 дүгээр ангийг төгсгөх талаар шаардлага тавьсан. ...Гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагааны зөвшөөрөл аваад тэгээд тухайн сургуулиас хөтөлбөр төлөвлөгөөг батлуулдаг. Тухайн сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар гүнзгийрүүлсэн ангийн сургалтын төлбөрийг хэлэлцэж шийдвэрлэж байгаа. Тухайн жилийн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулж, сурагчийн сургалтын төлбөрийг төрийн санд тушааж, дараа нь зарцуулалт нь санхүүгийн тайланд туссан байх ёстой. ... Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газраас сурагчид, тэдгээрийн эцэг эхээс төлбөр, мөнгө авах, санхүүгийн дарамт учруулж болохгүй гэдгийг байнга хэлж, анхааруулж, сануулж байгаа. Энэ талаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэмд тодорхой заасан байгаа...” /1хх 37-38/,

гэрч С.Эы “...2023 оны 12 дугаар сард шинэ жилийн өмнө манай анги буюу 7а ангид Номин-Эрдэнэ, Шүрэн-Эрдэнэ нар сургуулийнхаа 7г ангиас шилжиж орж ирсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж санагдаж байна, энэ өдөр И.М миний гар 88001761 дугаар руу өөрийнхөө 99161282 дугаараас залгаж ярихдаа “...Сүүлд шилжиж ирсэн 2 ихэр хүүхдийн сургалтын төлбөр болох нэг хүүхдийн 168,680 төгрөгийг аав нь буюу Өлзийбаяраас бэлнээр аваад өгөөрэй. 12 cap болоод төрийн сан хаагдсан байгаа учраас бэлнээр авч байгаа шүү” гэж хэлэхээр нь би Ө-ыг өөрийнхөөрөө гар утсаар холбогдож дуудаад 2 ихэр хүүхдийн 337,360 төгрөгийг бэлнээр аваад И.М багшийн албан өрөөнд буюу сургуулийн 2 давхарт байдаг өрөөнд байхад нь тухайн өдрийн 14 цагийн үед оруулж өгсөн. Тухайн үед И.М багшийн өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд 2 сурагчийн сургалтын төлбөрийг аваад юм хэлээгүй өө за гээд л авсан. Уг нь төлбөрийг төрийн сангийн дансанд байршуулах ёстой. Тухайн үед надад И.М багш тайлбарлахдаа жилийн эцэс буюу оны эцэс болж байгаа учраас төрийн сан хаасан байгаа тийм учраас бэлнээр авч байгаа гэж ойлгуулсан. Энэ явдлаас нэг, хоёр хоногийн дараа 2023 оны 12 сард С гэдэг охин манай ангид өөр сургуулиас шилжиж ирсэн. Тухайн үед сургалтын төлбөр мөнгийг нь би огт асуугаагүй. Харин би дараа нь 01 дүгээр сард С-ийн ааваас нь сургалтын төлбөр төлсөн баримтаа яасан бэ гэж асуусан чинь сургалтын менежер И.М руу шилжүүлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиж сургалтын төлбөрийн талаар хэнээс ч асуугаагүй. Миний мэдэж байгаагаар ийм 3 сурагчтай холбоотой асуудал байгаа...” /1хх 41-42/,

гэрч М.Э-ийн “...И.М багш миний ажилласан цаг дээр илүү цаг бичиж мөнгө авч байсан тохиолдол байхгүй. И.М нь өөрөө багш нарын ажилласан цагийг бодож гаргадаг юм. Манай сургуульд химийн багшаар ажиллаж байсан Г-ын цалин дээр илүү цаг бичиж мөнгийг нь өөрийнхөө хувь данс руу авсан гэдгийг сонсож байсан. Тэгээд би тухайн үед ингэж болдог л юм байхдаа, нягтлан бодогч энэ талаар мэдсэн болов уу гэж бодсон. Гэхдээ нягтлан бодогч хичээлийн хуваарьд заасны дагуу хэн хэдэн цаг орсон, хэдэн цаг илүү ажилласан гэдгийг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл маш олон багшийн хичээл заасан цагийг тулгах боломжгүй байх. Хариуцсан бага, дунд, ахлахын менежерүүд багш нарын цагийн тооцоо бодож гаргасны дагуу нягтлан бодогч цалин бодож олгож байгаа...” /1хх 47-48/,

гэрч Ц.Н-ийн “...миний хүү Т морин циркийн бүжигчин байгаа юм. Миний хүү 10 настай байхаасаа л бүжиглэж байгаа юм. Т Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 9б ангид суралцдаг. Уг нь Т 2023-2024 оны хичээлийн жилд 3 улирал хичээлдээ суугаад 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын Өвөр монголын соёлын яамнаас зохион байгуулж циркийн тоглолтод 1 жилийн хугацаанд оролцохоор явсан юм. Ингээд 9 дүгээр ангийн шалгалтаа өгөх боломжгүй болсон. Тэгээд би ангийн багш Ариунбилэгтэй уулзаад “манай хүү морин циркийн бүжигчний шалгалт өгсөн чинь тэнцчихлээ хүүгээ БНХАУ-ын Өвөр монголын соёлын яамнаас зохион байгуулж циркийн тоглолтод 1 жилийн хугацаанд явуулчихмаар байна боломж байдаг болов уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг менежертэй уулзчих гэсэн юм. Тгийн аав Баасанхүүг уулзчих гээд явуулсан. Баасанхүү менежертэй уулзаад Тг БНХАУ-ын Өвөр монгол руу явж болно, 9 дүгээр ангийг нь төгсгөж өгнө гэж ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би хүүгээ БНХАУ-ын Өвөр монгол руу явуулахаар шийдвэр гаргаад бэлдэж эхэлсэн. Тэгээд хүүгээ явуулчхаад гэртээ хүүхдээ хараад байж байсан чинь миний 91388822 дугаар руу хүүгийн сургуулийн менежер И.М гэдэг хүн 99161282 дугаараас над руу өдөр 12-14 цагийн үед залгаад “...Тгийн ээж мөн үү, танай хүү Өвөр монгол руу явсан уу, төгсөх анги төгсгөж байгаа багш нартаа медаль авч өгөх гэж байгаа юм аа та 200,000 төгрөг өгөх боломжтой юу” гэж асуухаар нь би тухайн үед зөвшөөрсөн. Би тухайн үед нялх хүүхдээ хараад гэртээ байсан учраас хэлсэн 200,000 төгрөгийг нь өгч чадаагүй. Тэгээд 2024 оны 06 дугаар cap гарсан байхад Тгийн ангийн багш Ариунбилэг над руу гар утсаараа залгаад “танай хүү Тг 9 дүгээр анги төгсгөх боломжгүй болчихлоо та ирээд менежертэй уулзчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сургууль дээр нь очоод менежертэй нь уулзсан чинь “би удахгүй захирал болох гэж байгаа Т-гийн асуудлыг удахгүй шийднэ, та санаа зоволтгүй” гэж хэлээд өөр надад олигтой тайлбар хэлээгүй. Би тэгээд дүүргийн боловсролын хэлтэс рүү очоод уулзсан чинь танай хүү 3 улирал хичээлд суусан байна тэгэхээр Монголд ирээд нэг улирал суугаад 9 дүгээр ангиа төгсөж болно гэдэг л тайлбар хэлсэн. Тэгээд би дахиж сургуулиар нь яваагүй. Одоо хүүгээ 2025 оны 06 дугаар сард ирэхээр нь 9 дүгээр анги төгсөх асуудлыг нь хөөцөлдөнө...” /1хх 50- 51/,

гэрч Б.Оын “...Мандал сумаас миний ажиллаж байсан 124 дүгээр сургуульд шилжиж ирээд гүнзгийрүүлсэн сургалттай 7а ангид орсон. Би хүүхдийн ээжийнх нь ах болох Э гэх хүнийг И.М багштай уулзуулж өгсөн юм. Тэгэхдээ би И.М багшаас Д-ийн сургуульдаа аваач гэж гуйгаагүй. Харин Энхбаатар болон И.М хоёр өөрсдөө уулзаад учраа олсон. Гэхдээ Д  нь өмнө нь 124 дүгээр сургуульд сурч байсан учраас харьяаллын дагуу гээд сургуульдаа авсан юм байна лээ. Тэгээд И.М багш сургуулийн 2 давхарт байдаг өөрийнхөө өрөөнд намайг дуудахаар яваад орсон чинь надад хандаж “Д-ийн сургалтын төлбөрийг миний данс руу шилжүүлчхээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд Энхбаатар, И.Мтай уулзсан өдрийн орой нь Э  миний дансны дугаарыг аваад Дийн ээжид нь өгсөн юм байна лээ. Тэгээд миний данс руу Дийн ээжээс 250.000 төгрөгийг Д-ийн сургалтын төлбөр гэж шилжүүлсэн. Би маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сургууль дээр байхдаа өөрийнх нь өрөөнд орж уулзаад И.М багшаас дансны дугаарыг аваад И.М багшийн .... дугаартай данс руу нь Хаан банкны 250.000 төгрөгийг Дийн сургалтын төлбөр гэж өөрийнхөө Хаан банкны 5029887662 дугаартай данснаас шилжүүлсэн. Гэхдээ Д нь И.М багшид 250.000 төгрөг өгөхийн өмнөх өдөр хичээлдээ суугаад эхэлсэн байсан. Би тухайн үед сургалтын төлбөрийг менежер аваад сургуулийн дансанд хийдэг юм байх гэж бодсон. ...” /1хх 72-73/,

гэрч З.Ө-ын “...Миний охид Ө.Н, Ө.Ш нар анх Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 7г ангид суралцаж байгаад 2023 оны 12 дугаар сард тус сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай 7а ангид шилжин суралцсан юм. Тухайн үед хуучин багш Отай сургууль дээр нь очиж уулзахад “манай анги тарж байгаа хүүхдүүдээ ангиудад хувааж өгч байгаа, танай 2 охин Ө.Н, Ө.Ш нар нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 7а ангид орох уу гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2, 3 хоногийн дараа О багш над руу утсаар залгаад гүнзгийрүүлсэн сургалттай ангийн багш Э гэж багштай ирээд уулзаадхаач гэхээр нь би сургууль дээр нь очоод Э уулзсан. Тэгсэн чинь Э багш танай охид Ө.Н, Ө.Ш нарыг гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа авч болж байна, гэхдээ төлбөртэй байдаг шүү гэж хэлэхээр нь зөвшөөрөөд тухайн үед шууд төлбөрийг нь бэлнээр Энх-Оюун багшид өгсөн. Манай компани тавилга хийдэг болохоор би тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан таараад шууд бэлнээр 340,000 төгрөг өгсөн. Энх-Оюун багшид ямар ч гэсэн хоёр 2 охиныхоо төлбөрийг бэлнээр өгсөн. Тухайн үед надаас Энх-Оюун багш төлбөрөө ямар нэг дансны дугаар луу хийгээрэй гэж хэлээгүй санагдаж байна. Би тэгэхээр нь сургалтын бэлнээр өгдөг юм байна гэж ойлгосон...” /1хх 75/,

гэрч Г.Г-йн “...Би И.Мтай уулзаад охин С, хүү Э нарыг гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулах талаар асуухад “манай сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байдаг, анги ангийнх нь багш нар танай хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалт авна шүү, нэг хүүхдийн төлбөр 160,000 төгрөг, нягтлангийн данс руу хийгээрэй” гэж хэлээд дансаа цаасан дээр бичиж өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа И.Мийн өгсөн данс руу манай эхнэр Энхцэнгэл гар утаснаасаа интернэт банк ашиглаж, миний Хаан банкны 5005635917 дугаарын данснаас хоёр хүүхдийн төлбөрийг шилжүүлсэн. Тухайн үед миний хүүхдүүд гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа орсон байсан. Би гүнзгийрүүлсэн сургалттай төлбөрийг хаана хэрхэн төлдөг талаар мэдэхгүй. И.М гэдэг хүн сургуулийн нягтлан бодогч руу сургалтын төлбөрөө хийгээрэй гэхээр нь сургуулийн нягтлан бодогчид тушаадаг юм байна гэж бодсон. Хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн талаар дараа нь Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулиас ямар нэг дансыг хуулга аваагүй, бас гарын үсэг зуруулаагүй...” /1хх 81/,

гэрч Д.Н-гын “...2024 оны 05-06 сарын үед сургуулийн менежер И.М багш, Содтуяагийн ангийн багш Лхагважав нар намайг дуудаж уулзаад С-г төгсгөж чадахгүй болчихлоо гэдэг зүйл ярьж байсан. Тухайн үед аав, ээж хоёр хөдөө Төв аймгийн Батсүмбэр Ногоон толгой гэх нэртэй газарт байсан учраас ирж чадаагүй. Манай аав ээж сургууль руу огт очоогүй. Уул нь Содтуяа албан ёсоор чөлөө хүссэн боловч сургуулийн менежер И.М өөрөө дур мэдээд Содтуяа шууд чөлөө өгсөн юм байна лээ. Уг нь сургуулиар дамжуулж Боловсролын яамнаас чөлөө авах ёстой байсан юм байна лээ. И.М багшийн мэдлэггүй, хайнга байдлаас болоод манай дүү Содтуяа бүтэн нэг жил хохироод үлдсэн. И.М багш надаас уучлалт гуйгаад байсан...” /1хх 83-84/,

гэрч А.Лын “...2022 оны 05 дугаар сарын цалин бодох гээд цагийн тооцоо хийсний дараа сургуулийн 1 давхарт хоолны газрын үүдэнд И.М багштай тааралдсан чинь “чиний ажилласан цаг дээр илүү цаг бичсэн байгаа шүү цалин орохоор багш руугаа илүү цагийн мөнгийг шилжүүлээд өгөөрэй” гэж хэлсэн. Би тухайн үед за гэж хэлчхээд ямар учиртай юм болоо гэж бодоод өнгөрсөн. 2022 оны 05 дугаар сарын 24-ний орой ажил тарах үед цалин ороод байж байхад И.М багш илүү цагийн мөнгийг явуулчих гэхээр нь би И.М багшийн явуулсан өөрийнх нь Хаан банкны -- дугаартай данс руу Хаан банкны ..... дугаартай данснаасаа 180.000 төгрөгийг az гэх утгаар шилжүүлсэн. Энэнээс өөр илүү цагийн мөнгө гэж дахиж аваагүй...” /1хх 86-87/,

гэрч Г.Э-ын “...Манай дүү Г.Б Сэлэнгэ аймгийн Мандал сум руу шилжээд 2 жил тэнд амьдарч байгаад 2023 онд Улаанбаатар хот руу буцаж шилжиж ирсэн. Улаанбаатар хотод шилжиж ирээд хүү Дийгоо Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуульд оруулахаар болсон. Анх яаж тэр сургуульд орсон бэ гэхээр угаасаа өөрийнх нь харьяалал нь тэндээ хэвээрээ байсан. Гэхдээ Дийг 124 дүгээр сургуульд оруулахаар манай хашаанд амьдардаг байсан Огээд багшаас анх асууж байгаад оруулахаар болсон. Обагш сургуулийнхаа менежерээс асуусан чинь гүнзгийрүүлсэн сургалттай ангид нэг хүүхдийн орон тоо байгаа гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд би Оаас энэ талаар сонсоод дүү Булгандаа хэлсэн. Гэхдээ менежер нь гүнзгийрүүлсэн сургалттай ангийн төлбөр 250.000 төгрөг байдаг, тэр мөнгийг төлөх ёстой шүү гэж хэлсэн байсан. Манай дүү Б-д хэлсэн 200.000 төгрөг дараа нь 50.000 төгрөгийг Оын данс руу хийгээд Осургуулийнхаа менежерт өгсөн. Миний хувьд сургууль дээр очиж менежер, захиралтай нь уулзаагүй. Бас манай дүү Булганаа тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандалд байж байгаад ирсэн...” /1хх 89/,

гэрч Г.Бгийн “...миний хүүг Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуульд буцаж оруулах гэсэн чинь бүх ангийн хүүхдүүд дүүргэлт бүрэн гээд авахгүй байсан. Тэгэхээр нь би төрсөн ах Энхбаатараар Огээд багшаар асуулгасан чинь гүнзгийрүүлсэн сургалттай ангид 1 хүүхдийн орон тоо сул байна, харин төлбөр нь 250.000 төгрөг гэхээр нь би эхлээд 200.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 50.000 төгрөг гээд нийт 250.000 төгрөгийг Огээд багшийн данс руу явуулсан...” /1хх 91/,

гэрч Х.Ч-рын “...намайг Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад хичээлийн хуваарь шинээр болон өөрчлөлт орох тухай бүрд И.М өөрөө миний өрөөнд хичээлийн хувиараа барьж орж ирээд танилцуулж батлуулдаг байсан. Батлагдсан хичээлийн хуваарийг жилээр нь архивлаж хадгалдаг. Архивд миний гарын үсэггүй, тамга тэмдэггүй хичээлийн хуваарь байх ёсгүй. Тамга тэмдэгтэй хичээлийн хуваарь архивд хадгалагдаж байгаа. Устгаагүй бол сургуулийн архивд байх ёстой. Тамга тэмдэггүй, миний гарын үсэггүй хичээлийн хуваарь танай байгууллагад ирүүлсэн бол 100 хувь худлаа баримт гаргаж өгсөн байна. ...гүнзгийрүүлсэн сургалттай ангийг И.М багш хариуцаж явдаг. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн төлбөрийг 168.680 төгрөг тогтоосон зөвлөлийн хурал бол хийгдээгүй. Бусад сургуулийн жишгийг харж байгаад тогтоосон гэж санаж байна. И.М багш гүнзгийрүүлсэн сургалттай ангийн бүх ажлыг хариуцаж явдаг байсан...” /4хх 97-98/ тус тус мэдүүлгүүд,

гэрч А.Лын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 93-94/, И.Мийн эзэмшлийн хаан банкны ....., .... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 103-104/, гэрч Б.Гын эзэмшлийн хаан банкны ..... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 111/, гэрч Б.Оын эзэмшлийн хаан банкны 5029887662 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132/, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 2020-2024 онуудын хичээлийн хуваарь болон цагийн тооцоо, цалингийн хүснэгтэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 161-162/, 2020 оны цалингийн хүснэгт, цагийн тооцоо /1хх 189-199/, 2021 оны цалингийн хүснэгт, цагийн тооцоо /1хх 200-229/, 2022 оны цалингийн хүснэгт, цагийн тооцоо /1хх 250, 2хх 1-98/, гүнзгийрүүлсэн сургалттай ангитай холбоотой баримтууд /2хх 98-134/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /2хх 136-164/, Нийслэлийн ерөнхий боловсролын 6а ангийн төлбөр төлсөн гарын үсэг /2хх 166/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /2хх 167-242/, 2020-2023 оны аудитын тайлан /2хх 243-248/, илүү цагийн тооцоо /2хх 250/, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 244/, И.Мийн Хаан банкны ..... тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 4-31/, И.Мийн Хаан банкны .... тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 32-92/, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 2020-2024 оны хичээлийн хуваарь болон цагийн тооцоо, цалингийн хүснэгт, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 102/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч И.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч И.Мийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, ...өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Ч.Энхбаяраас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж, 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд хуулиар олгогдсон эрх юм. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. 

Мөн “тэнсэх” тухай ойлголт нь эрүүгийн ял, хариуцлагын төрлөөс зөвхөн хорих ялтай холбогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх агуулгаар илрэх бөгөөд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн зохицуулалтыг хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх боломжгүй юм.

Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Мид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бөгөөд уг оногдуулсан ялыг тэнсэх хууль зүйн боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийг тэнсэж өгнө үү гэсэн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/969 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/969 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

 “... нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “... шүүгдэгчид оногдуулсан 02 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.” гэснийг,

“... шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.” гэж,

5 дахь заалтад “...И.Мид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэснийг,

“...И.Мид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                               ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ