Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2026/00043

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

******* дүүрэг,  дугаар хороо, ******* *******ын гудамж, өөрийн байр, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь тус банктай 2024 оны 9 дугаар сарын 20-ны өдөр 1150090836 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.0 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2025 оны 08 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Завхан аймаг дахь сум дындын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 311/ШЗ2025/02147 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих ******* овогтой ******* /РД:*******/-ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, дансны хуулга,иргэний үнэмлэхний лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2147 дугаартай захирамж, Барьцаат зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.******* нь Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг Жинст багш нарын байр 2-7 тоотод оршин суудаггүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2147 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.  

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУН-ЭРДЭНЭ