Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Н.С/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811016170609 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Т овогт Н.С, 1986 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-1054а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/............... /,

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 37 дугаар гудамжинд хамтран амьдрагч Ж.Мөнхзаяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ж.Мөнхзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Сүрэндоржтой хамт амьдраад 1 жил гаран л болж байна. Албан ёсны гэр бүл биш. 2018 оны 5 дугаар сарын 26-нд манай хүүхдийн цэцэрлэгийн төгсөлт болоод манай хүүхэд медаль авсан юм. Тэгээд би цэцэрлэгийн эцэг, эхчүүдтэй орой нь уулзаад жаахан юм ууж сууж байгаад орой 00 цаг дөхүүлээд ээжийн гэр лүүгээ орж хоносон. Маргааш хүүхдийнхээ юмыг угаагаад гэртээ өнжсөн. Орой 21 цагийн орчим Сүрэндоржтой уулзсан. Сүрэндорж жаахан халамцуу байсан. Тэгээд хэрүүл маргаан болсон. Тэгээд машиндаа дуудахаар нь яваад очсон. Тэгсэн чинь чи муу хаагуур янхандаж яваад ирж байгаа юм гээд толгой руу цохиод авсан. Тэгээд машинаас буугаад намайг цохиж зодсон. Хардалтаас л болж маргалдсан” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

Гэрч Ш.Цэрмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сүрэндорж Мөнхзаяад хандан хань нь нэг үнсье гэж хэлэхэд Мөнхзаяа яваад очиход Сүрэндорж өөдөөс шууд нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-18х,

            Яллагдагч Н.С мэдүүлэхдээ: “...тэгээд орж ирэхэд нь чи хаагуур яваад байгаа юм бэ гээд уурлаад толгой руу нь 2-3 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-26-27х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6900 тоот дүгнэлтэнд: 

          “1. Ж.Мөнхзаяагийн биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугалга, нуруу, зүүн гуяны цус хуралт, баруун бөөрний доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23х/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 37 дугаар гудамжинд хамтран амьдрагч Ж.Мөнхзаяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ж.Мөнхзаяа нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ийг 480 (дөрвөн зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН